Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2015/0729/з |
Дугаар | 221/МА2016/0552 |
Огноо | 2016-08-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2016/0552
С.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэйгээр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 427 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, С.*******ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: “Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.15, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн С.*******ын “Монгол Улсын ерөнхий аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Дундговь аймгийн Аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.******* болох түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нар давж заалдах гомдолдоо: “С.******* нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаартай тушаалыг хууль бус гэж зөрчигдсэн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан. Гэтэл дээрх шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт
Ээлжийн амралтыг хуваарийн дагуу эдэлж байсан ба ганц миний бие ч биш Дундговь аймгийн Аудитын газрын хамт олон бүгд шахуу /2-оос бусад/ амралттай байсан. Маргаан бүхий 195 дугаартай тушаалыг танилцуулахаар менежер Б.******* утсаар дуудсан учир ирсэн.
2015 оны 08 дугаар сард 4 хоног цалин бодож олгосон нь МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан ажил хүлээлцэх хугацааны олговор болно. Учир нь миний бие 2015 оны 08 дугаар сард огт ажиллаагүй, харин маргаан бүхий акттай танилцах, ажил хүлээлцэх шалтгаанаар 4 хоног ажилласан. Иймд 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ээлжийн амралтаа эдэлж байсан нь тодорхой байхад шүүх үндэслэлгүй дүгнэсэн байна.
2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 427 дугаар шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьж намайг Б.*******г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан зөрчил гаргасан хэмээн дүгнэж шийдвэр гаргасанд гомдолтой байгаа тул хэргийг давах шатны журмаар хянан хэлэлцэж 427 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон миний зөрчигдсөн эрхийг сэргээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэг цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Ерөнхий аудитор нь Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.4, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн 26.1.3, 26.3-д заасныг баримтлан С.*******ыг “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Нэхэмжлэгч С.*******аас “Монгол Улсын ерөнхий аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тушаалыг хүчингүй болгуулан, Дундговь аймгийн Аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “ажлын бус цагаар, амралт зугаалгаар явж байгаад Дундговь аймагт ирээд шөнийн 23 цагийн үед энэ үйл явдал болсон бөгөөд энэ үед дарга хуульд нийцсэн шаардлага тавиагүй, миний бие төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргаагүй, харин аргагүй хамгаалалтын арга хэмжээ авсан” гэж тайлбарлан маргажээ.
Анхан шатны шүүх Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тушаалыг хуульд нийцсэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь:
Үндэсний Аудитын газрын удирдлагын зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шуурхай хуралдаанаар Монгол Улсын ерөнхий аудитор “Төрийн аудитын байгууллагын нэгдсэн арга хэмжээнд аудитын байгууллагын нийт ажилчид архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, авч явахгүй, архигүй цугларалт болох ёстой, мөн ёс зүйн сахилга баттай байх талаар онцгой анхаарах” үүрэг даалгавар өгснийг Дундговь аймгийн аудитын газрын бүх ажилтнуудад танилцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Гэтэл С.******* нь дээрх удирдлагын өгсөн үүрэг даалгаварыг зөрчиж, архи хэрэглэсэн нь гэрч Б.*******, Б.*******, Т.*******э нарын мэдүүлгээр тогтоогдсон ба тэдэнд хууль сануулан, хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан байх тул үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэж үзнэ.
Тэрчлэн С.******* нь согтуугаар бусдын эрх, эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь С.*******ыг “Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 2.3.11-д “төрийн аудитын байгууллагын ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ архи, согтууруулах ундаа хэрэглэх, шалгагдагч байгууллагын ажилтнуудаар зочлуулж, дайлуулах, зугаа цэнгээний арга хэмжээнд оролцохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн болохыг нотлон харуулж байна.
Булган аймагт зохион байгуулагдсан төрийн хяналтын байгууллагын 20 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр[1], арга хэмжээнд оролцогсдын нэрс[2], талуудын тайлбар зэргээс үзэхэд 2015 оны 07 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд албан ёсны арга хэмжээ зохион байгуулагдаж, Дундговь аймгийн аудитын газрын ажилтнууд 2015 оны 07 дугаар сарын 22-ны орой буцаж ирсэн бөгөөд энэ хугацаа нь бүхэлдээ албан үүргээ гүйцэтгэснээр тооцогдож, зохих цалинг ажилтнуудад олгосон болох нь Ажлын цагийн тооцоо[3] болон цалингийн тооцооны хүснэгт[4] зэргээр нотлогджээ. Тодруулбал, албан ёсны арга хэмжээ дуусаад Дундговь аймагт буцаж ирэх үед С.******* дээрх зөрчлийг гаргасан байх тул түүнийг албан үүргээ гүйцэтгэж байсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН