Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 146

 

“С” ЗБ нөхөрлөлийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “С” ЗБ нөхөрлөлийг төлөөлж Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1022 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 169 дүгээр магадлалтай, “С” ЗБ нөхөрлөлийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1022 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ЗБ нөхөрлөлийн “нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, “С” эмнэлэг нь 16 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа барилгаа хувьчилж авах давуу эрхтэй гэдгийг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 169 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1022 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан “С” ЗБ нөхөрлөлийн нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч “С” ЗБ нөхөрлөлийг төлөөлж Д.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхээс “хариуцагч болох нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд заасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийнхээ дагуу “Б Б И” ХХК-ийн газар эзэмших эрхийг гуравдагч этгээд П.Э-д шилжүүлснийг хуульд нийцээгүй нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна” гэж дүгнэжээ. Гэвч “Б Б И” ХХК-ийн эзэмшлийн дээрх объект нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 465 тоот тогтоолоор тус компанийн хөрөнгийг 100 хувь битүүмжилж, битүүмжилсэн хөрөнгөөр төлбөрийг гаргуулж, үлдсэн хэсгийг улсын орлогод олгохоор шийдвэрлэсэн улсын өмч байх ёстой газар юм.

Нийслэлийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийнхээ дагуу “Б Б И” ХХК-ийн газар эзэмших эрхийг болон газар дээрх үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээд П.Э-д шилжүүлсэн гэх боловч П.Э-д шилжүүлэх тухай анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тул тус нийслэлийн Засаг даргын захирамж хүчингүй болох ёстой тул Засаг даргын захирамж хуульд нийцээгүй байна. Мөн давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий актаар барилгын хувьчлалын асуудлыг шийдвэрлэсэн бус газар эзэмших эрхийг шилжүүлсэн, тухайн газар хэн нэгний өмчлөлд бус төрийн өмч хэвээр байх тул өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн юм.

Гэвч уг газрын газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай захирамж нь 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2322 тоот “Зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг үндэслэдэг бөгөөд энэхүү захирамжийн үндэслэх хэсэгт “Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж-5 оршин байрлах 0061... дугаар гэрчилгээтэй, 8004/0036 тоот нэгж талбарын дугаартай, 985 м.кв талбайтай газар, түүн дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013... дугаарт бүртгэгдсэн барилга 350 000 000 төгрөгийн үнээр тооцож нэхэмжлэгч П.Э-д шилжүүлэх” гэж зааснаар тухайн газар дээрх объект мөн давхар шилжээд байна. Уг газар улсын өмчид шилжсэнээр өмч хувьчлах асуудал дээр нэхэмжлэгч оролцох боломж үүсч байгаа тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхад давж заалдах шатны шүүхээс ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Маргаан бүхий Засаг даргын захирамж гарах үед тухайн захирамж хүчин төгөлдөр байсан бөгөөд “Б Б И” ХХК, П.Э нарын гаргасан хүсэлт болон бусад холбогдох баримтыг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн байна. Хэдийгээр шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байсан боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШТ2015/00843 дугаар тогтоолоор П.Э-д газар түүн дээрх барилга буюу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үндэслэл болсон шүүхийн шийдвэр хүчингүй болсон, биелэгдсэн шийдвэрийг цуцлахаар шүүх шийдвэрлэсэн юм.

Иймд газар түүн дээрх барилга буюу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үндэслэл болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШТ2015/00843 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа нь Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж байна.

Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 38 дугаар зүйлийн 3.4 зэрэг заалтууд нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх заалтыг нарийвчлан зохицуулсан тул түрээсэлж байгаа объектын доорх төрийн өмчийн газрын газар эзэмших эрхийг олж авахын тулд дээр дурдсан Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх олгох эрх бүхий этгээдэд хүсэлт гаргасан, уг хүсэлтийг шийдвэрлэсэн, түүнчлэн бусад этгээдээс маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдохгүй нөхцөлд нэхэмжлэгч нь түрээсэлж байгаа объектын доорх төрийн өмчийн газрыг эзэмших эрхтэй, хууль ёсны ашиг сонирхолтой этгээд гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Хэдийгээр “С” ЗБ нөхөрлөл нь түрээсэлж байгаа объектын доорх төрийн өмчийн газрыг эзэмших эрхгүй боловч 14 жилийн турш тасралтгүй төлбөрөө төлөн түрээсэлж, хууль ёсны дагуу ашиглаж байсан тул хууль ёсны ашиг сонирхолгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “С” ЗБ нөхөрлөлийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож бичсэн тайлбарыг нэхэмжлэлийн “шаардлага” мэтээр шийдвэрлэж алдаа гаргасан, давж заалдах шатны шүүх үүнийг дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болсон байна.

Нэхэмжлэгч “С” ЗБ нөхөрлөлөөс “нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус нөхөрлөл “...энэ объектод 16 жил байрлан үйл ажиллагаагаа явуулсан учир энэхүү объектын өмчлөл, эзэмшил өөрчлөгдөхтэй холбоотой асуудалд давуу эрхтэйгээр оролцох эрхтэй, гэтэл газар эзэмших эрх өөр хүнд шилжсэн нь үндэслэлгүй” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, “С” нөхөрлөл нь нийслэлийн 2 дугаар амаржих газрын амбулаторийн барилгад 1998 оноос эхлэн тус амаржих газрын удирдлага, нийслэлийн Өмчийн харилцааны газар болон эрх олгосны дагуу Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгтэй тус тус тухай бүр “түрээсийн гэрээ” байгуулж өрөө түрээсэлж байсан, уг барилгын өмчлөгч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2005 оны 9 дүгээр сараас эхлэн “Б Б И” ХХК-тай “түрээсийн гэрээ” байгуулж 74 м.кв талбай бүхий 5 өрөөг түрээсэлж, түрээсийн төлбөр төлж байсан, 2011 оноос “түрээсийн гэрээ”-гүйгээр уг өрөөнүүдийг ашиглаж байгаа, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор 2 дугаар амаржих газрын зөвлөх амбулатори /нийслэлийн өмч/-ын 305 м.кв талбай бүхий уг барилгыг “өглөг”-т тооцон “Б Б И” ХХК-д шилжүүлсэн, үүнийг үндэслэн “Б Б И” ХХК нь уг барилгын өмчлөх эрхээ, эрхийн улсын бүртгэлд 2005 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгүүлж, 000156... дугаар гэрчилгээгээр баталгаажуулсан, барилгын доорх болон орчны нийт 985 м.кв газрыг “Б Б И” компанид нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0061... дугаар гэрчилгээ олгосон зэрэг нь тус тус тогтоогдсон байна.

Түүнчлэн, “Б Б И” ХХК-иас зээлийн төлбөрт 681,876,578 төгрөг гаргуулах тухай иргэн П.Э-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр  сарын 07-ны өдрийн “зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2322 дугаар захирамжаар шийдвэрлэж, уг шийдвэрийг шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7175 дугаар захирамжаар албан гүйцэтгүүлэхээр болсны дагуу нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба нь 2 дугаар амаржих газрын амбулаторийн барилга болон нэгж талбар бүхий 985 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 350 сая төгрөгт тооцон П.Э-д шилжүүлжээ.

Үүний зэрэгцээ, Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийн талаар гарсан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 465 дугаар тогтоолоор “мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн Б.Э-гийн нэр дээрх хөрөнгө болох “Б Б И” ХХК-ийн хөрөнгөөс түүнд ногдох төлбөрийг төлүүлэх, үлдэх хэсгийг нь улсын орлого болгох”-оор шийдвэрлэсэн нь илэрч мэдэгдсэнийг шүүхийн дээрх 2013 оны 2322 дугаар шүүгчийн захирамжийг “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэл” гэж, нэхэмжлэгч “С” нөхөрлөлийн захирал Д.А хүсэлт гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШТ1015/00843 дугаар тогтоолоор хангаж, уг захирамжийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хэлэлцүүлэхээр буцаахдаа шүүгчийн гаргасан “шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай” 2013 оны 7175 дугаар захирамжийн дагуу биелэгдсэн шийдвэрийг цуцалсан ба  хэргийг дахин шийдвэрлэх үед нэхэмжлэгч П.Э нь “Б Б И” ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШЗ2016/05111 дүгээр захирамжаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “биелэгдсэн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянан шийдвэрлэсэн шүүх хүчингүй болгож байгаа бол биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай асуудлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлэх үүрэгтэй”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон бүх зүйлийг гаргуулж төлбөр төлөгчид буцаан олгох буюу тийм боломжгүй бол буцаан олгох үеийн ханшаар үнийг төлнө” гэж зааснаар, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг шүүх хангасан тохиолдолд хүчингүй болсон шүүхийн шийдвэрээр гүйцэтгэгдсэн “гүйцэтгэл” буцаагдах юм.

Энэ тохиолдолд, төлбөр авагч П.Э-д шилжүүлсэн төлбөр төлөгч “Б Б И” ХХК-ийн 2 дугаар амаржих газрын амбулаторийн барилга, тус компанийн эзэмших эрхтэй газар зэрэг нь буцаагдан “Б Б И” ХХК-д “олгогдох” байтал, шүүхийн уг тогтоолыг гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй, зөрчилтэй байна.

Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь “биелэгдсэн шийдвэрийг цуцалсан” шүүхийн шийдвэрийг гүйцэтгээгүй байх тул хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн гаргасан нийслэлийн Засаг даргын 2014 оны А/113 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу П.Э-д 985 м.кв газар шилжүүлэн эзэмшүүлсэнийг буруутгах эрх зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар маргаан бүхий захиргааны акт хууль зөрчсөн байхын зэрэгцээ тухайн актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан этгээдийн нэхэмжлэлийг шүүх хангах зохицуулалттай.

Дээр дурдсанаар, хуулийн хүчин төгөлдөр /тухайн үед/ байсан шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан нийслэлийн Засаг даргын 2014 оны А/113 дугаар захирамжийн П.Э-д холбогдох 985 м.кв газартай холбоотой хэсгийг эрх зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжгүй, “биелэгдсэн шийдвэрийг цуцалсан” шүүхийн шийдвэрийг гүйцэтгэснээр маргаан бүхий газрын эзэмших эрх “Б Б И” ХХК-д үлдэх, мөн Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “Б Б И” ХХК-ийн нэр дээрх мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн хөрөнгөөс Б.Э-гийн төлбөрийг төлүүлэх, үлдэх хэсгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн болон анх гуравдагч этгээд “Б Б И” ХХК-д 985 м.кв газар эзэмшүүлэх нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжийн талаар нэхэмжлэгч маргаагүй зэргээс үзвэл, “С” ЗБ нөхөрлөлийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар гарсан хяналтын шатны шүүх хуралдааны шийдвэрийг гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь энэ маргаанд хамааралгүй юм.

Иймд, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...шүүхийн тогтоолоор улсын өмч болох ёстой газар гуравдагч этгээд П.Э-гийн эзэмшилд шилжээд байна,... “биелэгдсэн шийдвэрийг цуцалсан” шүүхийн тогтоолыг биелүүлэхгүй байгаа нь Шүүхийн тухай хуулийн 32.1-д заасныг зөрчсөн, ...түрээсэлж байгаа объектын доорх төрийн өмчийн газрыг эзэмших эрхгүй боловч 14 жилийн турш тасралтгүй түрээсийн төлбөр төлөн хууль ёсны дагуу ашиглаж байхад хууль ёсны ашиг сонирхолгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй” гэсэн агуулгатай гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 169 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ