Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0552

 

С.Чинбатын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэйгээр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 427 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, С.Чинбатын нэхэмжлэлтэй, Монгол Улсын ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.15, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн С.Чинбатын “Монгол Улсын ерөнхий аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Дундговь аймгийн Аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Чинбат болох түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нар давж заалдах гомдолдоо: “С.Чинбат нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаартай тушаалыг хууль бус гэж зөрчигдсэн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан. Гэтэл дээрх шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт

  1. ... “С.Чинбат нь тухайн үед архи хэрэглэсэн нь гэрч Б.Долгорсүрэн, Б.Гантуяа, Т.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул архийг өөрөө авч авсан, эсхүл хүн таараад өгсөн нь ач холбогдолгүй юм” ... гэж дүгнэсэн. Гэтэл дээрхи гэрчүүд нь надтай хамт нэг машинд яваагүй, албаны машинд хамт явсан хүмүүс юм. /Би пурган машинд явсан/. Харин надтай хамт явсан хүмүүс авч явсан архийг уусан гэдгийг гэрчилдэггүй. Манай хамт олон айраг ууснаа хэн ч үгүйсгэхгүй ба айраг нь согтууруулах ундаа шиг үнэртсэн байж болох. Мөн намайг согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг ямар нэг багажаар шалгаж тогтоолгүй, хамт нэг машинд сууж явсан гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээгүй атал өөр машинд явсан, архи ууж байхыг хараагүй хүмүүсийн мэдүүлгийг үндэслэн архи уусан байжээ гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
  2. ... “2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн оройн 23 цагт ирсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн нэгдсэн арга хэмжээ дуусаагүй байжээ” ... гэж шүүх дүгнэлээ гэсэн нь ойлгомжгүй байна. Тодорхой цаг хугацаатай, нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах төлөвөлөө, график, удирдамжтай үйл ажиллагааг аливаа байгууллага, хувь хүн өөрийн үзэмжээр тайлбарлах утгагүй биз. Дундговь аймгийн Аудитын газрын нийт хамт олон бүгд албан томилолтгүй байсан бөгөөд нэгдсэн арга хэмжээнээс хойш үргэлжилсэн аялал, зугаалгыг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлээгүй болно.
  3. ... “Миний биеийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ удирдах ажилтны биед гэмтэл учруулсан болох нь шүүхийн тогтоолоор тогтоогдож байна” ... гэж дүгнэлт хийсэн байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд миний бие нэхэмжлэл гаргахдаа Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тушаалыг эс зөвшөөрсөнөөс үүдэлтэй юм. Уг тушаалд захирах, захирагдах ёсны талаар болон гэмт хэрэгт холбогдсон талаар нэг ч үг, үсэг дурдагдаагүй бөгөөд намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэж ёс зүйн дүрмийг удирдлага болгосон байдаг. Мөн миний бие нь Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад Б.Долгорсүрэнгийн гомдлоор Дундговь аймгийн Цагдаагийн газраас надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн “ ...эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэгдтэл миний нэхэмжлэлтэй захиргааны хэргийг түдгэлзүүлж өгнө үү ...” гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Захиргааны хэргийн шүүхээс миний хүсэлтийг хангахаас татгалзсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа: уг тушаал нь гэмт хэрэгт холбогдсон гэж гараагүй учраас энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй гэсэн.
  4. ... “Ээлжийн амралтын хуваарь Үндэсний Аудитын газрын харъя Дундговь аймгийн Аудитын газрын тэргүүлэх аудиторын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ээлжийн амралтын хувиар батлах тухай Б/17 дугаартай тушаалаар С.Чинбат нь 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл амрахаар ээлжийн амралтын хувиар батлагдсан байна. Гэсэн хэдий ч С.Чинбатын 2015 оны цалингийн картаас үзвэл 2015 оны 08 дугаар сарын С.Чинбатад 4 хоногийн цалин бодож олгосон, МУ-ын Ерөнхий Аудитын тушаалыг танилцуулсан тухай 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанд С.Чинбат оролцож маргаан бүхий актыг танилцуулсан байх тул С.Чинбатыг ээлжийн амралт эдлээд эзгүй байсан гэж үзсэхгүй” ... гэжээ.

Ээлжийн амралтыг хуваарийн дагуу эдэлж байсан ба ганц миний бие ч биш Дундговь аймгийн Аудитын газрын хамт олон бүгд шахуу /2-оос бусад/ амралттай байсан. Маргаан бүхий 195 дугаартай тушаалыг танилцуулахаар менежер Б.Гантуяа утсаар дуудсан учир ирсэн.

2015 оны 08 дугаар сард 4 хоног цалин бодож олгосон нь МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан ажил хүлээлцэх хугацааны олговор болно. Учир нь миний бие 2015 оны 08 дугаар сард огт ажиллаагүй, харин маргаан бүхий акттай танилцах, ажил хүлээлцэх шалтгаанаар 4 хоног ажилласан. Иймд 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ээлжийн амралтаа эдэлж байсан нь тодорхой байхад шүүх үндэслэлгүй дүгнэсэн байна.

  1. ... “2.3.11-д Төрийн аудитын байгууллагын ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэж зааснгы тус тус зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ ... гэсэн нь ямар ч үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй нь Б.Долгорсүрэнгээс гаргасан гомдолд болсон нөхцөл байдлыг дөвийлгөн, үндэслэлгүй, худал мэдээллийг удирдах дээд байгууллагад хүргүүлсэн байхад зохих дүрэм, журмын дагуу шалгалгүй нэг талыг барьснаас болж манай хамт олон дарга Б.Долгорсүрэнгээс бусад нь ёс зүйн дүрмийн 2.3.11 дэх хэсгийг баримтлан сахилгын арга хэмжээ авсан. Тухайлбал: Машин бариад даргатай хамт явсан жолооч, мөн даргатай хамт нэг машинд явж байсан жирэмсний амралтаа авсан 2 эмэгтэй дээрхи ёс зүйн дүрмийн заалтаар буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн үндэслэлээр арга хэмжээ авсан зэргээс харахад ерөнхий аудиторын тушаал үнэнд нийцэхгүй байгаа нь нотлогдсоор байхад буруу дүгнэсэн гэж үзэж байна.

2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 427 дугаар шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьж намайг Б.Долгорсүрэнг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан зөрчил гаргасан хэмээн дүгнэж шийдвэр гаргасанд гомдолтой байгаа тул хэргийг давах шатны журмаар хянан хэлэлцэж 427 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон миний зөрчигдсөн эрхийг сэргээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэг цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

            Монгол Улсын Ерөнхий аудитор нь Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.4, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн 26.1.3, 26.3-д заасныг баримтлан С.Чинбатыг “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгч С.Чинбатаас “Монгол Улсын ерөнхий аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тушаалыг хүчингүй болгуулан, Дундговь аймгийн Аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “ажлын бус цагаар, амралт зугаалгаар явж байгаад Дундговь аймагт ирээд шөнийн 23 цагийн үед энэ үйл явдал болсон бөгөөд энэ үед дарга хуульд нийцсэн шаардлага тавиагүй, миний бие төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргаагүй, харин аргагүй хамгаалалтын арга хэмжээ авсан” гэж тайлбарлан маргажээ.

Анхан шатны шүүх Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тушаалыг хуульд нийцсэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь:

Үндэсний Аудитын газрын удирдлагын зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шуурхай хуралдаанаар Монгол Улсын ерөнхий аудитор “Төрийн аудитын байгууллагын нэгдсэн арга хэмжээнд аудитын байгууллагын нийт ажилчид архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, авч явахгүй, архигүй цугларалт болох ёстой, мөн ёс зүйн сахилга баттай байх талаар онцгой анхаарах” үүрэг даалгавар өгснийг Дундговь аймгийн аудитын газрын бүх ажилтнуудад танилцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Гэтэл С.Чинбат нь дээрх удирдлагын өгсөн үүрэг даалгаварыг зөрчиж, архи хэрэглэсэн нь гэрч Б.Долгорсүрэн, Б.Гантуяа, Т.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлгээр тогтоогдсон ба тэдэнд хууль сануулан, хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан байх тул үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэж үзнэ.

Тэрчлэн С.Чинбат нь согтуугаар бусдын эрх, эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь С.Чинбатыг “Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 2.3.11-д “төрийн аудитын байгууллагын ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ архи, согтууруулах ундаа хэрэглэх, шалгагдагч байгууллагын ажилтнуудаар зочлуулж, дайлуулах, зугаа цэнгээний арга хэмжээнд оролцохыг хориглоно”  гэж заасныг зөрчсөн болохыг нотлон харуулж байна.

Булган аймагт зохион байгуулагдсан төрийн хяналтын байгууллагын 20 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр[1], арга хэмжээнд оролцогсдын нэрс[2], талуудын тайлбар зэргээс үзэхэд 2015 оны 07 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд албан ёсны арга хэмжээ зохион байгуулагдаж, Дундговь аймгийн аудитын газрын ажилтнууд 2015 оны 07 дугаар сарын 22-ны орой буцаж ирсэн бөгөөд энэ хугацаа нь бүхэлдээ албан үүргээ гүйцэтгэснээр тооцогдож, зохих цалинг ажилтнуудад олгосон болох нь Ажлын цагийн тооцоо[3] болон цалингийн тооцооны хүснэгт[4] зэргээр нотлогджээ. Тодруулбал, албан ёсны арга хэмжээ дуусаад Дундговь аймагт буцаж ирэх үед С.Чинбат дээрх зөрчлийг гаргасан байх тул түүнийг албан үүргээ гүйцэтгэж байсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Б.МӨНХТУЯА

            ШҮҮГЧ                                                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                                                   Г.БИЛГҮҮН