Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хасбаатарын Ганболд |
Хэргийн индекс | 108/202022/0143/Э |
Дугаар | 2022/ШЦТ/153 |
Огноо | 2022-07-21 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Шүүгдэгч Ч.И******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* И*******т холбогдох эрүүгийн 2207 00000 0147 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, эрэгтэй, ******* настай, халх, ******* боловсролтой, мэргэжилгүй, *******-ны ******* ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт тоотод оршин суух бүртгэлтэй,
Урьд Архангай аймгийн хэсгийн ардын 1 дүгээр шүүхийн 1989 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн 241 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хорих ялуудыг тус тус оногдуулж дээрх ялуудыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийг журамлан нэмж нэгтгэн 4 жил хорих ялаар,
Архангай аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 174 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 3 жил хорих ялаар,
Архангай аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 103 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, /РД:/,
******* овогт ******* И*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.И******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ны тоосгоны
үйлдвэрийн амралтын өрөөнд Б.Гтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:
Шүүгдэгч Ч.И******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2022 оны 06 дугаар сарын 01-ний орой ажилчидтайгаа архи ууж, Гыг ажлын маргааны улмаас зодож гэмтээсэндээ маш их харамсаж байна. Түүнээс хойш би архи уугаагүй. Эмчилгээ хийлгэсэн. Архинаас болж ийм хэрэг хийлээ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах
байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 01-ний орой 19 билүү 20 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *******-ны тоосгоны үйлдвэр дотор И******* гэдэг хамт ажилладаг залуутай цуг 1 шил архи хувааж уучхаад орондоо ороод унтаад өгсөн. Тэгсэн И******* намайг өрөөндөө унтаж байхад гаднаас орж ирж сэрээгээд хөгшин амьсгаа чинь ажлаа хийж чадахгүй унтаад байх юм гэхээр нь би түүнд ахын дүү ах нь өглөө ажилтай эртхэн унтаж амармаар байна гэсэн чинь надад чиний ажил гэж юу байдаг юм гээд намайг орондоо хэвтэж байхад толгой тархи, нүүр лүү гараараа маш олон удаа цохиж зодож байгаад өрөөнөөс гараад явсан. Тэгээд би хүүгээ залгаж дуудсан...” /хх-5-6/ гэх мэдүүлэг,
Гэрч Д.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 01 цаг 30 минутын үед манай аав Г над руу залгасан байсан. Тэгэхээр нь би буцаж залгаад юу болсон талаар асуухад аав нь тоосгоны үйлдвэрт хүнд зодуулчихлаа ирж аваач ээ гэхээр нь би Ула хот гэрээсээ гараад аавынхаа ажилладаг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тоосгоны үйлдвэрт яваад очсон. Намайг очиход аав өөрийнхөө өрөөнд бусдад зодуулсан байдалтай толгойноос цус гарчихсан сууж байсан. Тэгээд ааваасаа өөрийг тань хэн зодсон талаар асуухад Ч.И******* аавыг зодсон гэж хэлсэн. Тэгээд би аавыг шууд дагуулаад эмнэлэг явсан...” /хх-9/ гэх мэдүүлэг,
Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 01-ний шөнө 21 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороо *******-ны тоосгоны үйлдвэрт ажлаа тараад нийлдэг хэдээрээ бөөндөө архи ууцгаасан. Бид хэд хэн нэгэнтэй хэрүүл маргаангүй зүгээр сууцгааж байсан, 22 цагийн үед архи уугаад сууж байсан Б.Г ах өрөөндөө орж амарлаа гээд түрүүлээд явсан. Тэрнээс хойш удаагүй бүгдээрээ унтаж амрах гээд тарсан. Үүний дараа Г ахын амардаг өрөөнд ортол манай нөхөр Ч.И*******, Б.Г ахад агсам тавьж түүнийг цохиж зодсон байдалтай толгой тархийг нь битүү цус нөж болгочихсон байсан. Тэгэхээр нь би Ч.И*******ыг ахаас холдуулаад цааш аваад явсан...” /хх-11/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороо *******-ны тоосгоны үйлдвэрийн өөрийнхөө байрладаг өрөөндөө унтаж байтал намайг ажилчид маань сэрээгээд Ч.И******* согтуу агсам тавиад байна гэхээр нь гайхаад Ч.И*******ын өрөө рүү явж очтол Ч.И******* нэлээн согтчихсон хамт нэг өрөөнд байдаг Б.Гыг зодож цохисон байдалтай байхаар нь Ч.И*******ыг Б.Гаас салгаж холдуулсан удаагүй Б.Г хүүхдээ дуудсан...” /хх-13/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №08ШЭ/8096 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Ч.И*******ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгс эрхэс ХХК-ны тоосгоны үйлдвэр дээрээ ажлаа тараад байж байгаад хамт ажилладаг хүмүүстэйгээ цуг ажпын бус цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд шөнө 00 билүү 01 цагийн үед би согтож тасарчхаад хамт нэг өрөөнд байрлаж ажилладаг хүргэн Б.Гыг өрөөндөө унтаж байхад нь босгож сэрээгээд агсам согтуу тавьж Б.Г ахын биед халдаж толгой болон нүүр лүү гараараа олон удаа цохиж зодсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” /хх-29/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ч.И*******т холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг санаатайгаар хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай талаарх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...И******* намайг өрөөндөө унтаж байхад гаднаас орж ирж сэрээгээд хөгшин амьсгаа чинь ажлаа хийж чадахгүй унтаад байх юм гэхээр нь би түүнд ахын дүү ах нь өглөө ажилтай эртхэн унтаж амармаар байна гэсэн чинь надад чиний ажил гэж юу байдаг юм гээд намайг орондоо хэвтэж байхад толгой тархи, нүүр лүү гараараа маш олон удаа цохиж зодож байгаад өрөөнөөс гараад явсан...” гэх мэдүүлэг, Гэрч Д.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай аав Г над руу залгасан байсан. Тэгэхээр нь би буцаж залгаад юу болсон талаар асуухад аав нь тоосгоны үйлдвэрт хүнд зодуулчихлаа ирж аваач ээ гэхээр нь би Ула хот гэрээсээ гараад аавынхаа ажилладаг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тоосгоны үйлдвэрт яваад очсон. Намайг очиход аав өөрийнхөө өрөөнд бусдад зодуулсан байдалтай толгойноос цус гарчихсан сууж байсан. Тэгээд ааваасаа өөрийг тань хэн зодсон талаар асуухад Ч.И******* аавыг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г ахын амардаг өрөөнд ортол манай нөхөр Ч.И*******, Б.Г ахад агсам тавьж түүнийг цохиж зодсон байдалтай толгой тархийг нь битүү цус нөж болгочихсон байсан...” гэх мэдүүлэг, Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг ажилчид маань сэрээгээд Ч.И******* согтуу агсам тавиад байна гэхээр нь гайхаад Ч.И*******ын өрөө рүү явж очтол Ч.И******* нэлээн согтчихсон хамт нэг өрөөнд байдаг Б.Гыг зодож цохисон байдалтай байхаар нь Ч.И*******ыг Б.Гаас салгаж холдуулсан удаагүй Б.Г хүүхдээ дуудсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №08ШЭ/8096 дугаартай дүгнэлт: “Б.Гын биед зүүн ухархайн ясны дотор ханын хугарал, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулай, баруун чамархайн хуйх баруун доод шанаанд шарх гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт, Шүүгдэгч Ч.И*******ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд шөнө 00 билүү 01 цагийн үед би согтож тасарчхаад хамт нэг өрөөнд байрлаж ажилладаг хүргэн Б.Гыг өрөөндөө унтаж байхад нь босгож сэрээгээд агсам согтуу тавьж Б.Г ахын биед халдаж толгой болон нүүр лүү гараараа олон удаа цохиж зодсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Шүүгдэгч Ч.И******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ны тоосгоны үйлдвэрийн амралтын өрөөнд Б.Гтай ажил хийсэнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.И*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Ч.И******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.И*******т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчтэй мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар тохиролцсныг шүүх хянаад хэрэгт авагдсан хэргийн оролцогч нарын хүсэлт, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон яллагдагчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Прокурорын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №65 дугаартай ялын санал зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул түүнд тохиролцсон торгох ялыг оногдуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг
дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн
22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* И*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.И*******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.И*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.И******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.И*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД