Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0025

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны “2” танхимд хийсэн хуралдаанаар Б.Т болон “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нздд холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв. 

Нэхэмжлэгч: Б овгийн Б-н Т,

            Нэхэмжлэгч: “И” ХХК, 

Хариуцагч: Нзд,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нздын 2018 оны А/1004 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, захирамжийн улмаас Б.Тт учирсан хохиролд 302,100,000 төгрөг, “И” ХХК-д учирсан хохиролд 217,300,000 төгрөг гаргуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хуулийн мэргэжилтэн Э.Ө,Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулагч Ю.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нарыг оролцуулан хийв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч “И” ХХК-ийн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Б.Т нь Сонгинохайрхан *******,******* /*******/ З*******ын гудамж ******* тоот хаягт байрлалтай 360 м.кв, Ү-22******* тоот бүртгэлийн ба 000******* тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн, миний 100 хувийн эзэмшлийн “И” ХХК нь Сонгинохайрхан *******,******* /*******/ З*******ын гудамж 14/5 байр, 0 хаягт байрлах 664 м.кв, Ү-22010 тоот бүртгэлийн ба 00046 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаартай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан билээ. Тус 2-3 үл хөдлөх эд хөрөнгө нь зэргэлдээ баригдсан, нийт 1324 м.кв талбай бүхий 70-75 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байсан захирамжид 3 давхар гэж нэрлэгдсэн нэгтгэсэн барилга.

Уг барилгын асуудлаар Монгол улсын Засгийн газрын 2018 оны 10 сарын 19-ний өдрийн ЗГ-2/552 тоотоор Засгийн газрын шадар сайдаас өгсөн тодорхой чиглэлийг зөрчин, ажлын хэсэг гаргалгүйгээр Нзд захирамж гарган “Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, З*******ын гудамжинд байрлах, 3 давхар барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлсүгэй” гэж захирамжлан, надад болон “И” ХХК-д ямар ч мэдэгдэл өгөлгүйгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан буулгаж, газрыг чөлөөлж хуулийг илт зөрчсөн. Тэрхүү Нздын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/1004 тоот захирамжид заасан “үндэслэн” гэх холбогдох хуулийн 7 заалтын 2 нь Засаг даргын бүрэн эрхтэй холбоотой ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэсэн бол түүнийг зөрчсөн. Гол 5 заалт нь иргэн, хуулийн этгээдтэй холбоотой байгаа ба тавууланг нь онц ноцтой зөрчсөн байдаг. Тэдгээрийг авч үзвэл:

-Газрын тухай хуулийн 4.1.5 хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх, -Харшлах ямар ч үйл ажиллагаа бид явуулаагүй байсан. 57.4 Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна-Бидэнд ямар ч мэдэгдэл өгөөгүй, 59.1.1 хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах, -Бидний газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоогүй, албан ёсны зөвшөөрөлтэй байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 27.4.3 биечлэн уулзах гэсэн бол тухайн асуудлаар уулзаагүй, энэ дөрвөн заалтаас гадна 5 дахь болох захирамжийн үндэслэлд дурдагдсан ба үндсэн арга хэмжээ болгон хэрэглэсэн заалт нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 бөгөөд түүнд “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх” гэж заасныг үндэслэсэн боловч ерөнхий байцаагчийн дүгнэлтгүйгээр, шүүхийн ямар ч шийдвэргүйгээр ...3 давхар барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлсүгэй” гэж захирамжилсан нь уг заалтыг өөрөө илт зөрчсөн, илт хууль бус байсан болохын нотолгоо болно. Бидний өмчид халдах хуульд заасан ямар ч үндэслэл, баримт алга байна. Захиргааны байгууллагын үүрэгт ч алга.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд- Захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах хийгээд 9.2-т Захиргааны актын аль нэг заалт илт хууль бус бөгөөд тухайн заалтгүйгээр захиргааны актын агуулга ойлгомжгүй болоход хүрвэл захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж тооцно гэж заажээ.

            Иймд Нздын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/1004 тоот захирамжийн 1 ба Сонгинохайрхан дүүргийн *******ны нутаг дэвсгэр, З*******ын гудамжинд байрлах, 3 давхар барилгыг албадан буулгаж газрыг чөлөөлсүгэй гэсэн заалт нь дээрхи хуулийн заалтаар илт хууль байсан байна гэж үзэж байна. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн бол илт хууль бус гэж тооцно гэж тус тус хуульчилжээ. Тэгвэл дээрхи хуулиудаас гадна Иргэний хуулийн хэд хэдэн заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Зарим хурал ба уулзалтаар барилга буулгах хувилбар асуудлын зарим хэсгийг хэн нэгэн дурдсан байж болох ч тэдгээр нь яриа төдий зүйл тул хуулийн үндэслэл болохгүй. Албадан буулгах асуудал нэг ч яригдаагүй. Энэ талаар шийдвэр гараагүй, тэмдэглэгдээгүй. Илт хууль зөрчөөгүй бол энэ 2 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ эх хувиараа ингээд надад байж байх уу, шүүхээс түдгэлзүүлэх тэмдэглэл хөтлүүлээд хүчин төгөлдөр хэвээрээ байж байхуу, лавлагаа машинаар өнөөдөр ч гарч ирж байгаа зэрэг факт баримт нь уг актын илт хууль бусын илэрхийлэл.

Иймээс иргэний хуулийн 242 дугаар зүйл. Хамтран үүрэг гүйцэтгэгчид болон 487 дугаар зүйл. Дундаа хэсгээр өмчлөхтэй холбогдсон олон зөрчлүүд гарсан. ... ажлын хэсэг гаргаж үйл явц ба бодит байдлыг албажуулаагүйгээр албадан буулгаснаас хөрөнгө оруулагч ба өмчлөгчдөөс чухал нандин зүйлсээ ч авч чадаагүй, ихэнх нь мэдээгүй сүүлд мэдсэн ба одоо ч мэдээгүй хүн гадаадад түр ажиллаж байгаа. Иргэний хуулийн 48.4-д Болзол нь тодорхой хугацаанд бий болоход уг этгээд энэ хуулийн 48.1-д заасан үйлдлийг нэгэнт хийчихсэн байсан бол түүнээс болж эсрэг талдаа учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй гээд заасны дагуу би тэдэндээ ихээхэн хэмжээний өр зээлтэй үлдэж , хүүхдүүдээ өр зээлэнд автуулж байх жишээтэй.

Мөн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дэх хэсэг “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж заасныг зөрчсөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” тус хэсгийн 4.1.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасны дагуу захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгч нарыг оролцуулах, мэдэх эрхийг хангалгүйгээр хүч түрж захиргааны акт гаргасан байдаг.

Надад Нздын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/1004 тоот “Газар чөлөөлж, барилга албадан буулгах тухай” захирамжийг албан ёсоор мэдэгдэж, танилцуулаагүй, бидэнд хэн ч гардуулан өгдөггүй. Би доорх байдлаар захирамжийг олж мэдсэн ба өөрөө хөөцөлдөж авсан. Шүүхээс хэзээ мэдсэн гэж тодотгосон агуулгын хувьд бол Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2019 оны 09 сарын 28-ны өдөр 1-3/3931 тоот албан бичгийг Б.Т надад шуудангаар явуулж, тэр нь 2019 оны 10 сарын 15-ны надад ирснээр би бүх зүйл заалтыг мэдсэн.

Өөрөөр хэлбэл буулгалт эхэлмэгц төрийн буруутай ажиллагаа, үйлдлийнх нь талаар дээд шатны байгууллага болох Засгийн газарт гаргасан миний өргөдлийн мөрөөр тэд холбогдох захирамжийг Нийслэлээс гаргуулан авсан байдаг бөгөөд дээрхи албан бичгээр “ ... та шүүхэд хандах нь зүйтэй гэх үед анх мэдсэн. Гарт авсан өдрийн тухайд би 2019 оны 11 сарын 13-ны өдөр тэр захирамжийн дугаарыг хайж байж, Нздын Тамгын газрын архиваас хуулбар үнэн тэмдэг даруулан хувийг хөөцөлдөж авсан ба тэр өдрөө тус шүүхэд хандсан бөгөөд уг нэхэмжлэл шүүгч Ц.Мөнхзул дээр хуваарлагдаж, буцаж, давж явсаар өнөө болтол жил гаруй хугацаанд үргэлжилж, мөн л нийслэлийн удирдлага хариу тайлбар болон бусад нотлох баримт гаргаж өгөхгүй саатуулж, шүүхийн үйл ажиллагааг удаа дараалан чирэгдүүлсээр өдий хүрэв.

Миний хувьд дээрх үл хөдлөх эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулахыг шаардаж, Нздд гомдол гаргасан боловч олон сарын турш одоо шийдвэрлэж өгнө, шийдвэрлэгдэж байгаа, дэс дараатай шийдвэрлэж өгнө гэх хариуг уулзалтын үеэр хэлдэг байсан.

Энэ хугацаанд Нзд нь 622 м.кв үйлчилгээний зориулалттай газрын нөхөн төлбөрт Б.Т надад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 16000 м.кв бүхий газар. Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8000 м.кв бүхий газрыг дүйцүүлэн эзэмшүүлсэн боловч албадан буулгасан 3 давхар нийт 1024 мкв бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгө /барилга/-ийн хохирлыг барагдуулаагүй. Газар авсан нь бүрэн сөнөхгүйн тулд хийсэн үйлдэл. Өмчлөл зэрэг олон зүйлс дутуу байгаа. Гэм буруутай эсэхийг ганцхан шүүх тогтоох, магадлах шаардлагатай олон асуудал байтал машинтай хүний асуудлыг шийдэхдээ машиных нь асуудлын дутуу хагас шийдээд хүнийг нь алчихсантай адил үйлдэл хийчхээд түүнээ зөвтгөдөг төрийн албан тушаалтны хэргээ нуух гэж олон хууль зөрчиж буруутай байдлаа нотолсон олон баримт үйлдэн биднийг өдий болтол чирэгдүүлж, нэмж хохироосон асуудлыг хэлэлцэх бололцоо олгоогүйн улмаас үүсч байгаа, өдөр бүр нэмэгдэж байгаа алданги хохирлыг хэн хариуцах вэ? Тус хохирлыг барагдуулахаар амласан зүйлээ тэд огт биелүүлээгүй бултаж, мэлзэж өдий хүрсэн ба бид нар өр зээлэнд баригдаж дууссан. Орох оронгүй болсон 10 хүн байна.

Албадан буулгасан нийт 1024 м.кв бүхий 3 давхар барилгын нөхөн төлбөр болон хохирлыг төлж барагдуулахыг шаардсан. Энэ тухай Хууль зүй, Дотоод хэргийн яам, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын даргад газарт тус тус гомдол гаргаж байснаа дээр дурдсан ба тус байгууллагуудын “хуулбар үнэн” тэмдэг бүхий албан бичгүүдийг болон дараахь байгууллага иргэдийг гаргасан албан бичиг, тодорхойлолтуудыг хавсаргаж өгсөн.

            Энд барилгын тусгай зөвшөөрөл бүхий “Г“ ХХК 2014.12.25 № 01\250 тоот албан бичигтээ...122 220 000 \Нэг зуун хорин хоёр сая хоёр зуун хорин мянган төгрөгийн засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэснийг, “Тт” ХХК 2020.10.06 № 01\78 тоот бүхий тодорхойлолтдоо ... Уг барилга ба 622 м2 газарт 1,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өртөг яригдаж, хамтрагч гадны хөрөнгө оруулагч зөвшөөрч, гагцхүү 3 давхар барих зөвшөөрөл гарснаас зогссон болон талуудын хооронд 2016 оны 1-р сарын 11-нд хийж байсан хэлцлийг хавсаргаж ирүүлсэн “М” ХХК № 410\2020 тоот тодорхойлолтдоо ... 60 000 000 төгрөгийн худалдаа хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байснаа дурдсан ба олон аж ахуй нэгж оруулсан хөрөнгө ба худалдаа нийлүүлэлт хийж байснаа гуравдагч этгээдэд нотолсон бичиг өгч байсны 3-4 бичгийг нотлох баримт болгосон. Гэрч М.Д мөн .... 110 000 000 төгрөгийн худалдан авалт хийж байснаа нотолж, ... одоогийн ханшаар 800-900 сая төгрөгтэй тэнцэх хөрөнгө биднийг барилга барихад зарцуулсан гэдгийг нотолж төрийн өмчийн хорооны тогтоолоор миний авсан өмчүүдээс худалдан авч байснаа тэдний дунд энэ барилгын нэг хэсэг надад ирснийг мэдэх болохоо тэд тодорхой баримт иш татан нотолж, дурдсан байгаа тул нэг бүрчлэн танилцахыг хүч байна.

Мөн төрийн өмчийн хорооны 1998 оны № 63\а тогтоолын хуулбар болон 30 жилийн хөдөлмөр зүтгэлийн үрээр харилцагч олон байгууллагаас тусалсан мөнгө санхүү болон материалын дэмжлэг өгч барилга барихад нийлүүлсэн эд зүйлсийн тодорхойлолтууд, “хариу тайлбарт хөдлөшгүй баримтуудаар няцаалт өгч, хүсэлт гаргах нь” гэсэн бичгийг тус тус өгсөн болно.

Бид 1991 оны үнэлгээ ба ханшаар 10 сая төгрөг төрд төлж авсан хөрөнгөнүүдийнхээ дийлэнхийг одоогоос 13-17 жилийн өмнө 300 гаруй сая төгрөгийн мөнгө болон эд зүйлсээр арилжаалж энэ барилгыг босгосон. Гол нь манай аж ахуй нэгжүүд нийслэлээс авах 272 сая төгрөгийн авлага бүтэн 10-20 жил үргэлжилж одоо ч эцэслээгүйгээс энэ барилгууд дутуу баригдсан. Хүнд сурталтнуудаас болсон хэрэг л дээ. Бичгийн сүүл хэсэгт тодорхой гарах ба нотлох баримтуудаар оруулж байгаа.

Дээрх бидний зарж үрсэн хөрөнгө нь өнөөгийн ханшаар бол 2 тэрбум төгрөгийн хөрөнгө гэхдээ арчилгааны болон татварын өдий төдий зардал гарах ба дийлэнх нь хөдөө байсныг тэмдэглэх нь зүйтэй. Тэгэхдээ 3-р хороолол дахь 2 зоорио зарсандаа нэн харамсалтай байдаг.

Ийм их үнэ цэнэ, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг устгасан учраас Улсын Их Хурал, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн яам, газарт хандсан бөгөөд бид авилгал сул хөдөлмөрөөр хөрөнгөжөөгүйн дээр би 2 том хүүгээ дээд сургууль төгсгөөгүй, энэ барилгад хүч хөдөлмөрийг нь сорсноороо буруутгагдаж, үл ялих маргаанаас нэг хүү зарга мэдүүлж шүүх надад буюу эцэг Б.Тт ял өгчөөд байгаа ба мөн би орон байраа саяхан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт алдсан баримтаа шүүхэд сая өгсөн. Алдсан гэдэг нь тэд 50% хямдруулж байгаад дуудлагаар худалдсан.

Дээрх 3 давхар барилга нь анх дуудлага худалдаагаар авсан зээлийн хөрөнгөөр өргөтгөсөн зээлийн барьцаанд байсан тул уг барилгын асуудлаар Монгол улсын Засгийн газрын 2018 оны 10 сарын 19-ний өдрийн ЗГ-2/552 тоотоор “Нзд бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Бод ... ажлын хэсэг гаргаж яаралтай арга хэмжээ авч надад хариу мэдэгдэнэ үү” гэсэн чиглэлийг Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өгсөн байтал засгийн газрын чиглэлийг зөрчиж ажлын хэсэг гаргалгүйгээр 6 хоногийн дараа буулгалт хийсэн, илт хууль зөрчсөн эдгээр үйлдлүүдэд буруутгагдан С.Бод- Ерөнхий сайд У.Х******* хариуцлага тооцсон ба тэр өргөдлөө өгч гарсан. Буруу үйлдэлд нь хариуцлага тооцсон гэм бурууг шүүх шийдэх ёстой. Одоо нэхэмжлэгч Б.Т миний үл хөдлөх хөрөнгийн нөхөн төлбөр төлөх үүрэгтэй болохоо үлдэгдэл дүн нь 0 ба хасах үнэтэй хөрөнгийг миний хамаарал бүхий тусдаа аж ахуй нэгжид өөр өр төлөх ба хөрөнгө шилжүүлэхдээ Засаг дарга өөрөө хэрхэн баталж нотолсныг авч үзье.

Нздын 2019 оны 03 сарын 13-ны өдрийн Н/184-р захирамж гаргаж, уг захирамждаа “Үохны 272000000 төгрөгийн үнэлгээтэй 3 орон сууц, Сонгинохайрхан дүүргийн ******* З*******ын гудамжинд байрлах 3 давхар албадан буулгасан барилгын төлбөрт дүйцэх Сүхбаатар дүүргийн 10, 11-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн одоогоор ашиглахгүй байгаа 2 барилгыг Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, “Үох, Б дүүргийн 15-р ороо, 13 хороолол, ны 48 тоотод оршин суух иргэн Баасанжавын Тын өмчлөлд шилжүүлсүгэй гэж тус тус захирамжилснаар үл хөдлөх хөрөнгөд нөхөн олговор олгох талаар амласан хийгээд төлбөр төлөх үүрэгтэй болохоо Засаг дарга өөрөө албажуулж, тогтоон нотолсон хөдөлшгүй баримт бол энэ, үүнээс илүү албажсан баримт гэж юу байхав.

Өмнө нь Өмчийн харилцааны газраас уг 2 барилгыг “ Дд” ХХК үнэлүүлж 249,4 сая төгрөгөөр үнэлсэн байсан ба тэр үнэ нь 22.6 сая төгрөгөөр дутуу байхад зөрүүг өг гэж өчнөөн бичиг өгөөд 3 жип болсон, тэд мөн л арга саам хэрэглэж ирсэн бид арга ядахдаа “Үохны 272.0 сая төгрөгийн үнэлгээтэй 3 орон сууцтай дүйцүүлэхээр талууд тохирч арга 6 юу нэмж сүйдэхээс сэргийлэн нэг тулгалтад гарын үсэг зурж авсан боловч далд дулааны шугам бүхэлдээ хөлдсөн нь илэрч засах шаардлагатай болсон бөгөөд мөн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу дахин хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд дээрхи 2 барилгын үнэлгээний дүн 218,6 сая төгрөг гарч 53.4 сая төгрөгийн зөрүү гарсныг бид мэдэгдсэн ба тус шүүх дээр байгаа өөр хэрэг ба тэр газрын маргаан дуусмагц шүүхдэлцэх гээд хүлээж байгаа асуудал энэ нь үүрэг хүлээсэн болохыг нотлох баримт болохоос бусад асуудал нь одоо гарах шүүхийн шийдвэрийн дараагаар л ярья гээд нийслэлийн удирдлагаас удаа дараа хойшлуулсан асуудал юм. Үүнтэй холбогдох 4 нотлох баримтыг шүүхэд гаргасан хавтас хэрэгт бий тул нурших хэрэггүй юм.

Сонгинохайрхан *******,******* /*******/ З*******ын гудамж ******* тоот хаягт байрлалтай 360 м.кв, Ү-22******* тоот бүртгэлийн ба 000******* тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн, миний 100 хувийн эзэмшлийн “И” ХХК нь Сонгинохайрхан ************** /*******/ З*******ын гудамж 14/5 байр, 0 хаягт байрлах 664 м.кв, Ү-22010 тоот бүртгэлийн ба 00046 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаартай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 2 өөр гэрчлэгдсэн хөрөнгийг Засаг даргын төлөөлөгч 1 барилгыг 2 дахин үнэлсэн гэж эргүү солиотой гэмээр юм яриад улсын бүртгэлийн байгууллагыг гүжирдээд ёс зүйгүй аашлаж байгаа нь ташаарал.

Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол захиргааны акт илт хууль бус болно гэж зааж өгсөн.

Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх” гэж заасныг үндэслэсэн боловч ерөнхий байцаагчийн дүгнэлтгүйгээр, шүүхийн ямар ч шийдвэргүйгээр ...3 давхар барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлсүгэй” гэж захирамжилсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т зааснаар захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргаа акт гаргасан тул илт хууль бус болох хангалттай хуулийн үндэслэл юм.

            Иймд Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа тул Нздын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/1004 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, тус захирамжийн улмаас учирсан хохиролд О.Тт 302,100.000.0 (гурван зуун хоёр сая нэг зуун мянга) төгрөгийг, “И” ХХК-д 217,300,000.0 (хоёр зуун арван долоон сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж өгнө үү.

... Хариуцагч талаас тусдаа байсан өмчийг нэг өмч байна гэдэг тайлбар хэлж байгаа. Үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 111812002 тоотоор улсын бүртгэлийн тодорхойлолт гаргаж өгсөн. Үүн дээр анхны өмчлөгчөөр иргэн Б.Т бүртгэгдсэн байна гэсэн. Төрийн сангийн лавлагаа хүчинтэй байна гэсэн. 2 дах хуудсанд төрийн лавлагаа 360 м.кв хэмжээтэй гарсан. Ингээд 2 лавлагааг хүргүүлсэн. Мөн галын дүгнэлтийг шүүхэд хүргүүлсэн. Нүүр хэсгийн газрыг би гантигаар хийсэн. Нийт 33 хуудас баримтыг шүүхэд өгсөн. Архивын дугаараар гүйцэтгэлийн 2 зураг хийсэн. Нийт 4 хэсэг барилга байгаа.

Илт хууль бус гэж үзэж байгаа хэд хэдэн үндэслэл байж байгаа. Засаг дарга өөрийн эрх мэдэлд хамааралгүй зүйл дээр шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр болон ерөнхий байцаагчийн дүгнэлт байхгүй байхад барилга буулгасан тул илт хууль бус байгаа.  Мөн Засаг даргын захирамжид үндэслэсэн 6 заалт байдаг. Тэр 6 заалт нь бүгдээрээ хууль зөрчсөн. Газар эзэмших эрх бидний хувьд дуусаагүй байгаа. Мөн  тухайн асуудлаар надтай биечлэн уулзаагүй ... Гэтэл ийм шүүхийн шийдвэргүй гарсан. Үүнтэй холбогдуулсан Хууль зүй, дотоод хэргийн яам шалгаж үзсэн. Ингээд шалгаад энэ асуудал шүүхээр шийдвэрлэх асуудал байна, тийм учир шүүхэд хандана уу гэж Хууль зүйн дотоод хэргийн яамнаас хариу өгсөн” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Нздын 1998 оны А/181 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр орон сууцны 14 дүгээр байрны урд талд 0.024 га газрыг гэрээгээр түр хугацаатай ашиглуулахаар олгож, 2010 оны 781 дүгээр захирамжаар газрын хэмжээг 382 м.кв, 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/179 дүгээр захирамжаар 622 м.кв болгон үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх олгожээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар (тухайн эзэмшлийн газарт гал гарсны улмаас) Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны “Ө*******” Сууц өмчлөгчдийн холбоо, 14 дүгээр байрны оршин суугчдын гомдлын дагуу иргэн Б.Тын үйлчилгээний зориулалттай барилгын газрын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр Ажлын хэсэг байгуулагдсан байна.

Нэгдүгээрт, Нздын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/1004 тоот захирамжийн улмаас учирсан хөрөнгийн хохиролдоо иргэн Б.Тт 302,100,000 (гурван зуун хоёр сая нэг зуун мянга), “И” ХХК-д 217.300,000 (хоёр зуун арван долоон сая гурван зуун мянга) төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн үнийн тухайд дээрх үнэлгээг “М” ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай албан бичгээр “И” ХХК-д 217,300,000 (хоёр зуун арван долоон сая гурван зуун мянга) төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 45-02 дугаартай албан бичгээр иргэн Б.Тт 302,100,000 (гурван зуун хоёр сая нэг зуун мянга) төгрөгийн хохирол гарсан гэж үнэлсэн байна.

Гэтэл дээрх үнэлгээ гаргасан гэх газар нь нэг байгууллага бөгөөд 2016 онд “И” ХХК (өөрийнх нь)-иас иргэн Б.Тт шилжсэн байна. Өөрөөр хэлбэл, учирсан хохирол гэдгээ нэр шилжүүлээд нийлбэр дүнгээр тооцож байгаа нь ямар ч үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт, Дээрх хохирол учирсан гэх газарт Нздын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/1004 тоот захирамж гарахаас өмнө гал гарч ашиглах боломжгүй болсон байдаг.

Гуравдугаарт, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлд маргаан бүхий газар дээр зөвшөөрөлгүйгээр 2-3 давхар болгож өргөтгөл хийсэн, үзэгдэх орчин хязгаарласан, БНбД-ийн 31.01.10-т заасан орон сууцны барилга төлөвлөлтийн нормд заасан зай, хэмжээ зөрчигдсөн, нарны ээлт хангахгүй, зураг төсөл байдаггүй тул Улсын байцаагчийн дүгнэлт гарсан” дурдсан байна.

Дөрөвдүгээрт, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Газрын албаны холбогдох албан хаагчид иргэн Б.Ттой хийсэн уулзалт хэлцлийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэл зэргээс үзэхэд иргэн Б.Т маргаан бүхий газрыг солих талаар хүсэлтээ илэрхийлж зөвшилцөлд хүрсэн нь нотлогддог.

Өөрөөр хэлбэл ажлын хэсэг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хуралдан иргэн Б.Тыг байлцуулан биечлэн уулзаж, саналыг нь аваад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах ашиглах боломжгүй, шатсан хөрөнгийг буулгаж, газар чөлөөлөн нийтийн эзэмшлийн талбайгаар тохижуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Газрын албаны дарга, мэргэжилтнүүдтэй хийсэн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн уулзалт, хэлцлийн тэмдэглэлд тусгагдсанаар иргэн Б.Т нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах эзэмшлийн 622 м.кв газрыг эргүүлэн өгч, нөхөн олговорт мөн дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмээлтэд байрлах 1,6 га газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар, Хан Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Жаргалантын ам явах зам дагуу 0,3 га газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар тус тус эзэмшүүлэхээр харилцан тохиролцсон.

Үүний дагуу Нздын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 8000 м.кв, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15000 м.кв газрыг иргэн Б.Тт тус тус эзэмшүүлсэн байна.

Иймд Нздын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/1004 дүгээр захирамжаар ашиглах боломжгүй, шатсан барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн нь иргэн Б.Т, “И” ХХК-ийн эрх, хууль ёсны ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээнэ зөвшөөрөх боломжгүй байгаа. Нэхэмжлэгчийн барилга дээр удаа дараа иргэд оршин суугчдаас гомдол ирээд энэ талаар ажлын хэсэг байгуулагдаад асуудал яригдсан байдаг. Нэхэмжлэгчийн саналыг үндэслэж хоёр барилгын газрыг өгсөн байгаа. Өнөөдөр албан ёсны эзэмших эрх өөр дээр нь үүссэн явж байгаа. Тухайн үед өөрөө хүлээн зөвшөөрөөд дараа нь ямар нэгэн гомдол гаргахгүй гээд гарын үсэг зурсан. Үүн дээр үндэслэж буулгалтын ажил хийгдсэн. Буулгалтын ажлыг өөрөөс нь мөнгө аваагүй хийсэн. Өөрийн хүсэл зорилго дээр үндэслэж байгаа тул хүлээнэ зөвшөөрөх боломжгүй юм.  Хоёр компаниар үнэлгээний дүгнэлт гаргасан байдаг. Энэ нь ямар ч боломжгүй зүйл байдаг. Сүүлд хэрэг үүссэний дараа газрыг өмчилж өгнө үү гэж байгаа. Хэтэрхий шунасан байдалтай байна. 8000 м.кв газраа өмчилж авмаар гэдэг хүсэлт гаргасан байдаг. Тэгсэн мөртлөө хууль бус гээд хоёр зөрүүтэй зүйл яриад байдаг. Үүнийг хүлээнэ зөвшөөрөх ямар ч боломжгүй байгаа. Хуралдаанаар зөндөө олон зүйлийг хэлэлцсэн. Мөн өөрийнх нь саналыг үндэслэж гарсан байдаг. Тэгэхэд би гантиг чулуугаар хийсэн гэж янз бүрийн юм ярьж байгаа нь үндэслэлгүй юм.

... Нэхэмжлэгчийн саналыг үндэслэж газрын асуудлыг шийдвэрлэсэн. Ямар нэгэн байдлаар худлаа зохиож яриагүй. Энэ талаар хуралдааны тэмдэглэлд авагдсан байгаа. Энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар ажиллаж байсан. Ингээд Нздын 2018 оны 1004 тоот захирамж гарсан. Энэ захирамжийн дагуу Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д заасны дагуу би тухайн газар дээр газар чөлөөлөх асуудлыг зохион байгуулж ажилласан. Газар чөлөөлөх ажлыг мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэсэн. Барилга чөлөөлөх ажил 7 хоног орчим үргэлжилсэн. Барилгыг буулгаж байхад гарсан хаягдал төмөр гэх зүйлийг нэхэмжлэгч тухайн үед аваад явж байсан. Бусад хог хаягдлыг хогийн цех рүү зөөвөрлөсөн. Ингээд ажил дуусаад газрыг орон нутгийн захиргаанд хүлээлгэж өгсөн” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т, “И” ХХК нь шүүхэд анх “Нздын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/1004 тоот захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, тус захирамжийн улмаас учирсан хохиролд 519,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг Нздд холбогдуулан гаргасан ба 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “... а/1004 тоот захирамжийг илт хууль бус байсан болохыг тогтоолгох, учирсан хөрөнгийн хохирлыг гаргуулах” гэж өөрчилжээ[1].

Улмаар нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тоос 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нздын 2018 оны А/1004 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, захирамжийн улмаас Б.Тт учирсан хохиролд 302,100,000 төгрөг, “И” ХХК-д учирсан хохиролд 217,300,000 төгрөг гаргуулах”[2] гэж тодруулж, Б.Т нь энэхүү тодруулсан шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлсэн тул шүүх энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нздын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/1004 тоот захирамжаар Монгол улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасныг тус тус баримтлан “Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, З*******ын гудамжинд байрлах 3 давхар барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлж” шийдвэрлэсэн байна[3].

 

Нэхэмжлэгчээс дээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэлээ “Хуулиар тогтоосон шаардлага хангагдаагүй буюу улсын ерөнхий байцаагчийн дүгнэлтгүй, барилгыг албадан буулгах талаарх шүүхийн шийдвэр гараагүй байхад гарснаараа А/1004 тоот захирамж нь илт хууль бус акт юм” гэж тайлбарлан маргасан бол хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Б.Т нь 622мкв газар болон барилгын нөхөн төлбөрт 2,4га талбайтай 2 газрыг дуудлага худалдааны анхны үнэ төлөхгүйгээр авч барилгыг буулгахыг зөвшөөрсөн атлаа хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Нздын 2018 оны А/1004 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.5-д “хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх” 57 дугаар зүйлийн 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх” гэж тус тус заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар,

- Иргэн Б.Т нь Нздын 2015 оны А/179 дүгээр захирамжаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 622мкв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан[4],

- Б.Тт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол/*******/, З*******ын гудамж ******* тоот хаягт байрлалтай, 360мкв талбайтай, 75 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэл үл хөдлөх эд хөрөнгийн, “И” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол/*******/, З*******ын гудамж 14/5 байр, 0 тоот хаягт байрлалтай, 664мкв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээ, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22010 дугаарт бүртгэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон[5],

- нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй А/1004 тоот захирамжийг үндэслэн дээрх барилгыг албадан буулгах ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 25-аас 11 дүгээр сарын 05-ны хооронд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хариуцан гүйцэтгэсэн[6],

- Нздын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар Б.Тт Сонгинохайрхан дүүрэгт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 16000мкв газрыг, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 8000мкв газрыг тус бүр 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2 дахь заалтаар Нздын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/179 дүгээр захирамжийн Б.Тт холбогдох хэсгийг хүчингүй болгож[7],

- нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03-09/1479 тоот албан бичгээр “...Нздын 2018 оны А/1111 захирамжаар олгогдсон газрыг байршил шилжүүлэн нөхөн олговорт олгосон байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөхгүй болно”[8] гэж мэдэгдсэн үйл баримтууд тогтоогдсон ба эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.

Энэ тохиолдолд хариуцагч Нздд барилгыг албадан буулгах захирамж гаргах бүрэн эрх хууль тогтоомжоор олгогдсон бөгөөд Б.Т нь тухайн барилгыг буулгахыг бодит байдал дээр зөвшөөрсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байх тул Нздын А/1004 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан нь захиргааны байгууллага тухайн актыг гаргах эрх хэмжээгүй атлаа тухайн захиргааны актыг гаргасныг тохиолдолд актын илт хууль бус буюу гарах ёсгүй байсан гэж үзнэ.

Харин маргааны тохиолдолд Газрын тухай хууль болон Барилгын хуулийн дээр дурьдсан заалтуудаар газрын харилцаан дахь төрийн хяналтыг хэрэгжүүлэх, нийтийн эрх ашиг сонирхлыг хангах шаардлагаар шаардлага хангахгүй барилгыг албадан буулгах захирамж гаргах эрхийг Нздд олгосон байх тул хариуцагчийг тухайн актыг гаргах эрх хэмжээгүй гэж үзэхгүй.

 

Хуульд заасан урьдач нөхцөл бүрдээгүй байхад албадан буулгах шийдвэр гаргасан нь хууль бус гэж маргааны тухайд:

Газрын тухай болон Барилгын тухай хуулийн дээр дурьдсан зохицуулалтуудын дагуу Нздас аливаа барилгыг албадан буулгах шийдвэр гаргахад “...ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэр гарсан байх”, “урьдчилан мэдэгдсэн байх” гэсэн нөхцөлүүд заавал хангагдсан байх шаардлагатай бөгөөд захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд үндэслэгдэх учиртай тул нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Б.Тын ”Барилгын тухай хуульд заасан барилгыг албадан буулгах захирамж гаргах урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад Нзд нь А/1004 тоот захирамжийг гаргасан нь илт хууль бус болсон” хэмээн тайлбарлаж байгааг хүлээж авахуйц байна.

Гэвч,

- Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны “Ө” СӨХ, оршин суугчдын гомдлууд, иргэн Б.Тын үйлчилгээний барилгын газрын асуудлаар гарсан маргааныг хэлэлцэх, санал боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/99 дүгээр захирамжаар байгуулсан[9],

Тус байгуулагдсан ажлын хэсгийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд Б.Т нь 1давхар барилгыг зохих зөвшөөрөлгүйгээр 3 давхар болгож нэмж барьсан болохоо хүлээн зөвшөөрөөд “Би 1 давхрын хэмжээнд ярьж байна, ... газар шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж өгсөн тохиолдолд буулгалтын зардал нэхэхгүй”[10] гэж мэдэгдсэн байна.

- Мөн Б.Тоос Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нздд удаа дараа хандаж “...хохирол барагдуулах” агуулга бүхий хүсэлт, шаардлагуудыг гаргажээ[11].

Улмаар 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Газрын алба/хуучин нэрээр/-ны холбогдох албан хаагчдаас Б.Ттай уулзалт хийсэн байх ба нэхэмжлэгч нь тус уулзалтанд оролцож “...газрын асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол иргэдийн амь нас аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүй байгаа... гээд газрын асуудлыг ингээд эцэслэж байгаа болохыг баталгаажуулж байна”[12] гэж тус тус мэдэгдсэн байна.

Дээрхээс үзвэл, А/1004 тоот захирамжаар албадан буулгагдсан барилгуудын эцсийн өмчлөгч болох Б.Т нь ашиглах боломжгүй болсон барилгыг буулгахыг мэдэж байсан төдийгүй, буулгалтын зардлыг төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн атлаа “албадан буулгах” үйл ажиллагааг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад буулгасан нь илт хууль бус гэж тайлбарлан хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, хуульд заасан “...ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэр гарсан байх”, “урьдчилан мэдэгдсэн байх” гэсэн урьдач нөхцөлүүд нь ашиглалтын шаардлага хангахгүй, баримт бичгийн зөрчилтэй, зохих зөвшөөрөлгүй баригдсан барилгыг өмчлөгч сайн дураараа буулгаж, газрыг чөлөөлөөгүй тохиолдолд эрх бүхий байгууллагаас нийтийн эрх ашигт нийцүүлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг хэрэгжүүлж албадан буулгах тохиолдолд заавал хангагдсан байх хуулийн шаардлага гэж үзэх тул маргааны тохиолдолд барилгын өмчлөгч барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсныг мэдэж хүлээн зөвшөөрсөн, зохих зөвшөөрөл байхгүй, түүнчлэн газар чөлөөлөхийг хүлээн хүлээн зөвшөөрч нөхөх олговор авсан нөхцөлд заавал улсын байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэр гарсан байх шаардлагагүй байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр тайлбарлан маргах боловч уг хууль нь Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон тул Нздын 2018 оны А/1004 тоот захирамжийн үндэслэлд хамаарахгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс хөрөнгийн хохирол учирсан гэх шалтгаанаа нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нь Үндэсний оюу хоршоо болон иргэн Б.Тт олгох ёстой 272 сая төгрөгийг одоо болтол бүрэн барагдуулаагүйгээс барилгаа гүйцэд барьж чадаагүй, гадны нөлөөтэй 2 удаагийн гал түймрийн улмаас барилгад их хэмжээний хохирол учирсан зэргээр тайлбарлах боловч энэ нь “А/1004 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь “Нзд нь 622мкв газрын нөхөх олговорт Хан-Уул болон Сонгинохайрхан дүүрэг 2 байршилд нөхөн олговор олгосноос бус уг газар дээрх барилгын нөхөн олговрын асуудлыг ерөөсөө яриагүй” хэмээн тайлбарлан маргах боловч Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасантай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, Б.Т нь Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/99 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн болон Нийслэлийн газрын албаны албан хаагчидтай хийсэн газрын маргааныг шийдвэрлэх талаарх уулзалтуудад барилгын үнэлгээний хохиролыг хэрхэн талаар санал гаргаагүй, хэлэлцүүлээгүй, харин газрыг чөлөөлөх асуудлыг хүлээн зөвшөөрч, маргаан гаргахгүйгээ илэрхийлсэн, түүнчлэн барилгыг буулгах үед байлцаж, ашиглаж болох барилгын материалуудыг авсан авсан буюу “барилгыг буулгах” ажиллагааг хүлээн зөвшөөрч байсан атлаа барилгын үнийг нэхэмжилсэн байх тул түүнд учирсан гэх хохирол нь захиргааны хууль бус үйлдлийн улмаас учирсан гэх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж байгаа Нздын 2018 оны А/1004 тоот захирамжийг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, түүнчлэн учирсан гэх хохирол нь захиргааны хууль бус үйлдлийн улмаас учирсан гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Т болон “И” ХХК-иас Нздд холбогдуулан гаргасан “Нздын 2018 оны А/1004 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, захирамжийн улмаас Б.Тт учирсан хохиролд 302,100,000 төгрөг, “И” ХХК-д учирсан хохиролд 217,300,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 57 дугаар зүйлийн 57.4, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т болон “И” ХХК-иас Нздд холбогдуулан гаргасан “Нздын 2018 оны А/1004 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, захирамжийн улмаас Б.Тт учирсан хохиролд 302,100,000 төгрөг, “И” ХХК-д учирсан хохиролд 217,300,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХЗУЛ

 

 

 

[1] 2 дугаар сарын 13-17 дахь талд

[2] 2 дугаар хавтаст хэргийн 67 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 17 дахь талд

[4] 2 дугаар хавтаст хэргийн 9 дэх талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь талд

[6] 2 дугаар хавтаст хэргийн 122-167 дахь талд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 102-107 дахь талд

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь талд

[9] 2 дугаар хавтаст хэргийн 21-22 дахь талд

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дэх талд

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 169-172 дахь талд

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 93 дахь талд