Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0013

 

Д.Ж нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Д.Ж,

Нэхэмжлэгч: Д.Ж

Хариуцагч: Н

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн А овогт Д Ж-д С дүүргийн 20 дугаар хороо, С хаягт байрлах нэгж талбарын 1**** дугаар бүхий 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг өмчлүүлэхгүй байгаа Н эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг Д.Жд өмчлүүлэхийг Нд даалгуулах,

Н 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/1077 дугаар захирамжийн Д.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0772 дугаар шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Д.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0772 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Жас Нд холбогдуулан гаргасан Иргэн А овогт Д Ж /РД:******/-д С дүүргийн 20 дугаар хороо, С хаягт байрлах нэгж талбарын 1**** дугаар бүхий 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг өмчлүүлэхгүй байгаа Н эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг Д.Жд өмчлүүлэхийг Нд даалгуулах, Н 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/1077 дугаар захирамжийн Д.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Д.Ж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу, дутуу дүгнэж, буруу дүгнэлт хийж, хэт нэг талын байр суурийг хамгаалж, нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

2.2.Учир нь миний бие С дүүргийн 20 дугаар хороо С байрлалтай нэгж талбарын 1**** дугаар бүхий 699 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг хууль ёсны дагуу 1996 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа билээ.) Миний бие өөрийн эзэмшиж, ашиглаж буй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраа Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлийн 3 дэх эсэгт заасан "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.", Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасан "Газар өмчлөгч нь газар өмчлөх эрхээ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ., мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан "Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орог сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.", Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан гэр бүлийн хэрэгцээний", мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-д заасан энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах" гэсэн хуулийн тодорхой заалтын дагуу өмчлөх эрхээ эдлэхээр С дүүргийн газар зохион байгуулалтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Н бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт хуульд заасан хууль зүйн үндэслэл бүхий хүсэлтийг гаргасан боловч хүлээн авахгүй, миний өмчлөх эрхэнд бүдүүлгээр халдаж, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тул өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шударга шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

2.3.Гэтэл анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу, дутуу үнэлж, буруу дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэлгүй хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2.4.Миний бие 2013 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оролцож, Нийслэлийн Ч дүүргийн 11 дүгээр хороо Нуур 16 гудамж 349 тоот хаягт байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 317 м.кв талбайтай /*******/ газар, мөн хаягт байрлах 209.9 м.кв талбайтай ******/ автомашины гарашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 20,200,000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл анхан шатны шүүх нь МУ-ын Үндсэн хууль, Газрын тухай хууль, МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон бусад хууль, журам, дүрэмд заасан заалтуудыг ноцтой зөрчиж, иргэн миний газар өмчлөх эрхэнд ноцтой халдаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0772 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, С дүүргийн 20 дугаар хороо С байрлалтай нэгж талбарын 1**** дугаар бүхий 699 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчлүүлэхийг Н бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү.

Жич: Нэхэмжлэгч Д.Ж миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасны дагуу Н 2013 оны 12 дугаар сарны 05-ны өдрийн А/1077 дугаартай захирамжийн Д.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Д.Жамъндагваас Иргэн А овогт Д Ж-дС дүүргийн 20 дугаар хороо, С хаягт байрлах нэгж талбарын 1**** дугаар бүхий 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг өмчлүүлэхгүй байгаа Н эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг Д.Жд өмчлүүлэхийг Нд даалгуулах,

Н 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/1077 дугаар захирамжийн Д.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нд холбогдуулан тус тус гаргажээ.

2.Н 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/1077 дугаар захирамжийн Д.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах Нд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:, 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, ....

Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан.

2.2.Энэхүү хуульд заасны дагуу нэхэмжлэгч Д.Жас захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо болон давж заалдах шүүх хуралдааны явцад Н 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/1077 дугаар захирамжийн Д.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа илэрхийлжээ.

2.3.Иймээс давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана. гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Ж Н 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/1077 дугаар захирамжийн Д.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, үлдэх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гомдлыг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

2.4.Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй. гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Ж нь нэхэмжлэлийн татгалзсан шаардлагатайгаа холбоотойгоор дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

3.Иргэн А овогт Д Ж-дС дүүргийн 20 дугаар хороо, С хаягт байрлах нэгж талбарын 1**** дугаар бүхий 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг өмчлүүлэхгүй байгаа Н эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг Д.Жд өмчлүүлэхийг Нд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1.Нэхэмжлэгч Д.Ж нь С дүүргийн Засаг даргын 2020 оны А/146 дугаар захирамжийг үндэслэн олгосон 000087035 дугаар Иргэний газар эзэмших эрх-ийн гэрчилгээтэй[1], С дүүргийн 30 дугаар хороо, Сэлхэд байрлалтай 699 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалт бүхий газрыг өмчилж авах хүсэлтийг хариуцагч Нд гаргасан.

3.2.Нийслэлийн газар зохион байгуулалтын алба 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01-11/5546 албан бичгээр[2] ...Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хуулийн 19 дүгээр 19.1.2-т зааснаар нэг удаа үнэгүй өмчлөх эрхээ эдэлсэн байх тул С дүүргийн 20 дугаар хорооны Сэлхийн 699 м.кв газрыг өмчлөх боломжгүй гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

3.3.Нэхэмжлэгч Д.Ж нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаа-нд оролцож, Ч дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16-3в тоот 4 өрөө блокоор барьсан сууц, 50 м.кв хашаатай /шахмал түлшний цех/ 24Х14,5 м.кв газар бүхий объектыг 20,200,000 төгрөгөөр худалдан авсан, улмаар уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр эзэмшиж байгаад уг газраа өмчлөх хүсэлтийг гаргасны дагуу Н 2013 оны А/1077 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгчид өмчлүүлсэн, уг өмчлүүлсэн газраа Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээний дагуу гуравдагч этгээд А.Рэнчиндоржид шилжүүлсэн нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтуудаар[3] тогтоогдож байна. 

3.4.Нэхэмжлэгч нь Н 2013 оны А/1077 дугаар захирамжийн дагуу өмчилж авсан газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтална: 5.1.4-т Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ. 19.1-д Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй: 19.1.2-т энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах гэж тус тус заасны дагуу үнэгүй өмчилж аваагүй, харин худалдаж авсан гэж үзэхээр байна.

3.5.Гэтэл хариуцагчаас Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хуулийн 19 дүгээр 19.1.2-т зааснаар нэг удаа үнэгүй өмчлөх эрхээ эдэлсэн байх тул С дүүргийн 20 дугаар хорооны Сэлхийн 699 м.кв газрыг өмчлөх боломжгүй гэж түүний газар өмчлөх хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь дээр дурдсан хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн Монгол Улсын иргэний хувьд /зуслангийн/ эзэмшлийн газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчлөн авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагын давж заалдах шатны шүүхээс ханган шийдвэрлэв.

3.6.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Ж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах газар өмчлөн авах иргэний эрхээ хэрэгжүүлсэн гэж маргаан үйл баримтад буруу дүгнэлт өгч, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн ханган шийдвэрлэсэн өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн агуулгаа ...Н эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг Д.Жд өмчлүүлэхийг Нд даалгуулах гэж тодорхойлсон боловч шүүхээс хариуцагч захиргааны байгууллагад нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг өмчлүүлэхийг шууд даалган шийдвэрлэх үндэслэлгүй тул газар өмчлүүлэх хүсэлтийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан байдлаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0772 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт 1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Жас Иргэн А овогт Д Ж-дС дүүргийн 20 дугаар хороо, С хаягт байрлах нэгж талбарын 1**** дугаар бүхий 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг өмчлүүлэхгүй байгаа Н эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг Д.Жд өмчлүүлэхийг Нд даалгуулах Нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн зуслангийн газрыг өмчлүүлэхгүй байгаа Н эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч Д.Ж газар өмчлөх хүсэлтийг шийдвэрлэхийг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жас Н 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/1077 дугаар захирамжийн Д.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах Нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Тогтоох нь хэсгийн 2 гэсэн дугаарыг 3 гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдэж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Т.ЭНХМАА

ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ