Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/154

 

   

 

 

2022.07.04                                         2022/ШЦТ/154 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0178/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Г.Урантуяа,

Улсын яллагч                                             Б.Нарангэрэл,

Шүүгдэгч                                                    О.Х нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  О.Х-д холбогдох 2239000000188 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Х нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Цогт- Өндөрийн 10-03 тоотод 2022 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд буюу төрсөн аав болох Д.Э-г архинд согтсон, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар гараараа 2-3 удаа цохих, хөлөөрөө 4-5 удаа өшиглөх зэргээр зодож, түүний биед тархи доргилт, 2 нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, чих, нүүрэнд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед гэртээ 0.75-н архи ганцаараа уучихаад хэвтэж байтал манай охин гаднаас орж ирж л байх шиг байсан. Тэгээд би ерөнхийдөө тасарчихсан байсан. Манай охин 2 хүүхэдтэй, том хүү нь аав дээрээ байдаг, бага нь манай гэрт бид нартай хамт амьдардаг... Би л уусан юмандаа согтоод агсарсан байх... Миний тархи доргисон, нүүр хэсэгт шалбарч урагдсан байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Би гомдолгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 8 тал/

 

2. Гэрч О.Эрболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 27-ны 01 цагийн орчимд Х  миний 96050609 дугаарын утас руу залгаад “ирээд найзыгаа авчих” гэхээр нь би Хэнтий аймгаас такси бариад Хэнтий аймгийн Хэрлэн сум 6-р баг малчдын хороо руу аавынх нь гэр рүү очсон... Тэгээд гэр рүү нь ороход Х  сууж байсан, аав нь хэвтэж байх шил л байсан. Тэгээд би Х ыг аваад гэрээс нь гарах гэж байтал Х ын аав босож ирэхээр нь хартал толгой хамраас нь цус гарчихсан байхаар нь би шууд цагдаа болон эмнэлэг дуудсан. Тэгээд би Х аас юу болсон талаар тодруулахад аав хараагаад элдвээр хэлээд байхаар нь би зодчихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 12-13 тал/

 

3. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №289 дугаартай: “...Д.Э-ын биед тархи доргилт, 2 нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, чих, нүүрэнд шарх, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4. Дээрх тархи доргилт, 2 нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, чих, нүүрэнд шарх, зулгаралт нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 34-36 тал/

 

4. О.Х ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Надад оногдуулсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би найзын хамт гадуур явж байгаад 23 цагийн үед гэртээ буюу Хэнтий аймгийн Хэрлэн сум 6-р баг малчдын хороонд аавындаа очсон. Тэгээд гэртээ ороод унтах гэж байтал манай аав Э  согтуу намайг доромжлоод элдвээр хэлээд мөн тэр өдрийнхөө 15 цагийн орчимд манай хүү Хувьтөгөлдөр /1 ой 4 сартай/-г хөл толгойноос нь бариад ор руу шидсэн. Тэгээд орой унтуулахгүй хараагаад элдвээр хэлээд байхаар нь би аавын нуруу хэсэг рүү 2 гараараа 2, 3 удаа цохисон. Тэгээд дараа нь аавыг орон дээр сууж байхад нь би өөрийнхөө өмсөж явсан өсгийтэй гутлаараа аавын толгой, нүүр рүү 4, 5 удаа өшиглөсөн. Тэгээд харахад аавын толгой хамраас цус гараад нүүр нь шалбарчихсан байсан. Тэгээд удалгүй би эмнэлэг дуудах гээд байж байтал гаднаас манай эрэгтэй найз Эрболд орж ирээд цагдаа дуудсан... Манай аав Э  ер нь бол өдөр болгон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хэрэг болох өдөр мөн архи уучихсан байсан... Би найзтайгаа хамт 2 лааз пиво л уусан байсан... Би талийгаач ээж Отгон*******гүйгээр овоглодог юм...” гэх мэдүүлэг /хх-н 82-83 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг. 

Шүүгдэгч  О.Х нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Цогт- Өндөрийн 10-03 тоотод 2022 оны 03 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд буюу төрсөн аав болох Д.Э-г архинд согтсон, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар зодож, түүний биед тархи доргилт, 2 нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, чих, нүүрэнд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед гэртээ 0.75-н архи ганцаараа уучихаад хэвтэж байтал манай охин гаднаас орж ирж л байх шиг байсан. Тэгээд би ерөнхийдөө тасарчихсан байсан. Манай охин 2 хүүхэдтэй, том хүү нь аав дээрээ байдаг, бага нь манай гэрт бид нартай хамт амьдардаг... Би л уусан юмандаа согтоод агсарсан байх... Миний тархи доргисон, нүүр хэсэгт шалбарч урагдсан байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Би гомдолгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 8 тал/

Гэрч О.Эрболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 27-ны 01 цагийн орчимд Х  миний 96050609 дугаарын утас руу залгаад “ирээд найзыгаа авчих” гэхээр нь би Хэнтий аймгаас такси бариад Хэнтий аймгийн Хэрлэн сум 6-р баг малчдын хороо руу аавынх нь гэр рүү очсон... Тэгээд гэр рүү нь ороход Х  сууж байсан, аав нь хэвтэж байх шил л байсан. Тэгээд би Х ыг аваад гэрээс нь гарах гэж байтал Х ын аав босож ирэхээр нь хартал толгой хамраас нь цус гарчихсан байхаар нь би шууд цагдаа болон эмнэлэг дуудсан. Тэгээд би Х аас юу болсон талаар тодруулахад аав хараагаад элдвээр хэлээд байхаар нь би зодчихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 12-13 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №289 дугаартай: “...Д.Э-ын биед тархи доргилт, 2 нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, чих, нүүрэнд шарх, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4. Дээрх тархи доргилт, 2 нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, чих, нүүрэнд шарх, зулгаралт нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 34-36 тал/

О.Х ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Надад оногдуулсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би найзын хамт гадуур явж байгаад 23 цагийн үед гэртээ буюу Хэнтий аймгийн Хэрлэн сум 6-р баг малчдын хороонд аавындаа очсон. Тэгээд гэртээ ороод унтах гэж байтал манай аав Э  согтуу намайг доромжлоод элдвээр хэлээд мөн тэр өдрийнхөө 15 цагийн орчимд манай хүү Хувьтөгөлдөр /1 ой 4 сартай/-г хөл толгойноос нь бариад ор руу шидсэн. Тэгээд орой унтуулахгүй хараагаад элдвээр хэлээд байхаар нь би аавын нуруу хэсэг рүү 2 гараараа 2, 3 удаа цохисон. Тэгээд дараа нь аавыг орон дээр сууж байхад нь би өөрийнхөө өмсөж явсан өсгийтэй гутлаараа аавын толгой, нүүр рүү 4, 5 удаа өшиглөсөн. Тэгээд харахад аавын толгой хамраас цус гараад нүүр нь шалбарчихсан байсан. Тэгээд удалгүй би эмнэлэг дуудах гээд байж байтал гаднаас манай эрэгтэй найз Эрболд орж ирээд цагдаа дуудсан... Манай аав Э  ер нь бол өдөр болгон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хэрэг болох өдөр мөн архи уучихсан байсан... Би найзтайгаа хамт 2 лааз пиво л уусан байсан... Би талийгаач ээж Отгон*******гүйгээр овоглодог юм...” гэх мэдүүлэг /хх-н 82-83 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч О.Х ыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” тус тус  гэж заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Э  нь “...өөрийн охиндоо гомдол санал байхгүй...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг гаргаж хэрэгт /хх-н 74 тал/ хавсаргасан, хохирогчийг шүүх хуралдаанд дуудахад “...санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэсэн  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч О.Х д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Х ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 100.000 төгрөг төлөхөөр буюу 9 / ес / сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6.   Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Х д   авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ГАНЗОРИГ