| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2019/0132/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 52
Д.Г-, С.Э- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 166/2019/0132/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Сүрмандах
Шүүгдэгч С.Э-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 141 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Г-, С.Э- нарт холбогдох, 1918000000160 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь :
- 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3., 131 дүгээр зүйлийн 131.1.т зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
- 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2.т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 29 хоногийн хорих ялыг өршөөсөн,
-2002 онд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 1., 239 дүгээр зүйлийн 239.3.т зааснаар 2 жил 3 сар 29 хоног хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 11 дүгээр сарын 20-д эдлээгүй үлдсэн 8 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
-2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.т зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 6 дугаар сарын 02-нд ялын хугацаа дуусаж суллагдсан,
-2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1., 261 дүгээр зүйлийн 261.1.т зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 8 дугаар сарын 31-д эдлээгүй үлдсэн 3 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
-2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.д зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2007 оны дугаар сарын 26-нд ялын хугацаа дуусаж суллагдсан,
-2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2007 оны 0 дугаар сарын 31-нд ялын хугацаа дуусаж суллагдсан,
-2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2.т зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар,
- 2013 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3.т зааснаар 15 жил сар 4 хоног хорих ялаар шийтгүүлж, 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлэх ялыг 13 жил 6 сар 7 хоног болгосон, 2016 онд Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлэх ялаас 2 жилийг хассан, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, ********** регистрийн дугаартай, Х- овогт Д-ын Г-.,
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах хадвартай, урьд:
- 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.д зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар,
- 2010 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар,
- 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,
-2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 2 сар 16 хоногийн хорих ялыг өршөөсөн, ********** регистрийн дугаартай, Б- овогт С-ын Э-.
Шүүгдэгч Д.Г-, С.Э- нар нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Ихэр могой” худалдааны төвийн орчимд явж байхдаа шүүгдэгч С.Э- нь иргэн Л.О-ыг араас нь дагаж цүнхнээс нь бэлэн 360.000 төгрөг болон бусад бичиг баримт бүхий түрийвчийг хулгайлж, Л.О-д нийт 503.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 141 дугаар шийтгэх тогтоолоор:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г-, С.Э- нарт холбогдох эрүүгийн 1918000000160 дугаартай хэргээс шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Х- овогт Д-ын Г-ыг цагаатгаж,
Шүүгдэгч Б- овогт С-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар С.Э-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар С.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч С.Э-аас 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 6 дугаар байр, 36 тоотод оршин суух Б- овогт Л-ын О- /РД:**********, утас: ********/-д олгох,
Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй,, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч С.Э-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон камерийн бичлэгийг шинжпэн судалж үзэхэд шүүгдэгч Б.Г- нь хохирогч Л.О-ын анхаарлыг сарниулах, хөдөлгөөнийг нь саатуулах зэргээр идэвхтэй үйлдэл хийж, шүүгдэгч С.Э-т хохирогчийн цүнхнээс түрийвчийг нь авах нөхцлийг бүрдүүлэн өгч хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч С.Э-тай үйлдэхээр санаатай нэгдсэн гэх үйлдэл хангалттай нотлогдсон гэж үзэхэд эргэлзээтэй байна. “Бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй байна” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.
Учир нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хяналтын камерийн бичлэгээс гадна хэрэгт авагдсан хохирогч Д.О-ын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Бет” төвийн камерийн бичлэгийг үзэхэд “Ихэр-Могой”, “Хаан” банк хоёрын хооронд миний араас 2 хүн явж байгаад нэг нь миний урдуур хөндөлсөж байх үед хооронд миний араас 2 хүн явж байгаад нэг нь миний урдуур хөндөлсөж байх үед араас нэг нь миний цүнхнээс түрийвч хулгайлж байгаа нь бичигдсэн байсан. Нүд муутай залуу нь миний урдуур хөндөлсөх үед би хажуу талаар нь зайлсхийх үед хойд талаас нь нөгөө залуу хулгайлж авсан. Тэр хоёр хамт хийсэн зүйл” гэх мэдүүлгийг шүүх үнэлээгүй байна.
Хяналтын камерийн бичлэгт шүүгдэгч С.Э-, Д.Г- нар нь хохирогчийн эд зүйлийг авахаас хэдхэн хоромын өмнө зэрэгцээд юм яриад хамт явж байсан ба, хохирогчийн түрийвчийг С.Э- авснаас мөн хэдхэн хоромын дараа эргэж уулзан, “авсан” түрийвчээ нээж үзэн хамт зэрэгцээд алхаж байгаа үйлдэл нь тодорхой харагддаг.
Дээрх үйл баримтанд дүгнэлт хийхэд гэмт хэрэг үйлдэгдэж байгаа орон зай, цаг хугацаа, сэдэлт, санаа зорилго үйлдлээрээ шүүгдэгч нар нь нэгдэн энэ гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Г- нь хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт “намайг хохирогчийн урд алхаж байхад С.Э- хохирогчийн цүнхнээс түрийвчийг авсныг би мэдээгүй” гэж мэдүүлж байгаа боловч энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2.т заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн яллагдагчийн үндсэн бүрэн эрхэд хамаарах асуудал болохыг анхаарч үзэлгүй, шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг үнэлж, шүүгдэгч Д.Г-ыг энэ гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэн оролцсон шинжийг үгүйсгэсэн байдлыг нотлох баримтаар тодорхой дурдаж няцаагаагүй, яллах талын нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, камерийн бичлэг зэрэг нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхой дурдаж өгөөгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2., 1.3.т зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2., 1.3.т зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Иймд шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Э- тайлбартаа:
Саналгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Э-ын өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:
Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр дээд шатны прокурорын ….Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн мэдүүлэг болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөн хэрэг гарахын өмнө болон дараа нь шүүгдэгч нар хамт байж архи уусан нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах... тухай эсэргүүцлийг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, нөхцөл байдал, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Г-, С.Э- нарыг бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Ихэр могой” худалдааны төвийн орчимд явж байхдаа шүүгдэгч С.Э- нь иргэн Л.О-ыг араас нь дагаж цүнхнээс нь бэлэн 360.000 төгрөг болон бусад бичиг баримт бүхий түрийвчийг хулгайлж, Л.О-д нийт 503.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар С.Э-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж., шүүгдэгч шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийг ...шүүгдэгч нь хохирогч Л.О-ын анхаарлыг сарниулах, хөдөлгөөнийг саатуулах зэрэг идэвхтэй үйлдэл хийж С.Э- хохирогчийн цүнхнээс түрүүвчийг нь авах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй, эргэлзээтэй байна... гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2.т зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байгаа хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох шүүгдэгч С.Э-, Д.Г-, хохирогч Б.О- нарын мэдүүлэг мөн хэрэг учрал болсон газрын камерын бичлэгээр шүүгдэгч Д.Г-ыг гэмт хэрэгт оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа ба камерийн бичлэгт шүүгдэгч нар хамт явж байгаад Д.Г- түрүүлээд явсан., харин шүүгдэгч С.Э- ганцаараа хохирогчийн араас дагаж явсаар байгаад түүний цүнхнээс эд зүйлийг авч байгаа үйл баримт бичигдсэн байна.
Мөн шүүгдэгч С.Э-ын өгсөн ... Д.Г- бид 2 архи уух санаатай “Ихэр могой” худалдааны төвийн урд явж байсан.., Тухайн үед Д.Г- намайг хохирогчийн түрийвч хулгай хийхийг мэдээгүй миний урьд явж байсан.., Бид хоёр хулгай хийх талаар ярилцаагүй… гэсэн мэдүүлэг., мөн шүүгдэгч Д.Г-ын өгсөн ...С.Э- бид 2 “Хараа” нэртэй 100 граммын 2 шил архи уусан.., Тэгээд 18 цагийн орчим “Ихэр могой” худалдааны төв орчим тандаг хүнээс мөнгө гуйх санаатай явж байхад С.Э- араас дуудаад дүү нь ганц юм авч өгье гэж надад хэлэхээр нь би түүнд ...чи саяхан мөнгөгүй гэсэн биз дээ.., надаар битгий тоглоод байгаараа гэсэн чинь түрийвчнээс мөнгө гаргаж үзүүлсэн... гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд хэрэгт тэдний дээрх мэдүүлгийг үгүйсгэсэн мэдүүлэг, үйл баримт, нөхцөл байдал байхгүй бөгөөд эдгээр нотлох баримтаар Д.Г-ыг буруутгаж шүүгдэгч нар хулгай хийхээр урьдчилан үгсэн тохиролцсон гэж хийсвэр дүгнэлт хийж, түүнийг хулгай хийх боломжийг нэгэндээ олгосон гэж үзэх боломжгүй.
Мөн хохирогч Б.О- эд зүйлээ алдсаны дараа Цагдаагийн газар анх ...2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагт ажлаасаа тараад “Сувдан сондор” дэлгүүр ороод захын эсрэг талын “Хаан” банкнаас мөнгө шилжүүлэх гээд цүнхээ үзтэл цүнхэнд байсан хэтэвч байхгүй болсон байсан.., одоогоор тэр, энэ гэж сэжиглэж байгаа хүн алга... гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд үүний дараа буюу камерийн бичлэгт үзлэг хийсний дараа мэдүүлэг өгөхдөө ... Нүд муутай залуу нь миний урдуур хөндөлсөх үед би хажуу талаар нь зайлсхийх үед хойд талаас нь нөгөө залуу миний цүнхээс түрийвч хулгайлсан... гэж илтэд мэдүүлгийн агуулгыг өөрчилж, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн дагуу мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дугаар зүйлд заасан “ ...Мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж мэдүүлэг авахыг хориглоно...” гэсэн хуулийн шаардлагын зөрчиж мэдүүлэг авчээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл Прокурорын эсэргүүцлийн үндэслэл болгож буй баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгана... гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон болсон үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүдэгч С.Э-ыг гэм буруутайд тооцож ял оногдуулан, шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.д заасныг журамлан …Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гаргавал түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ… гэсэн зарчимд нийцүүлэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин анхан шатны шүүх Д.Г-д холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д заасныг баримтлаагүй байгааг зөвтгөж энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 141 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг:
1. Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2., 34.19 дүгээр зүйлийн 1.1.д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай... гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР