Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0037

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Л.Б, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК, 

Хариуцагч: Боажя,

Нэхэмжлэлийн шаардлага: “Боажяны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Б.Б, түүний өмгөөлөгч Б.Б, Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, А.Ц, гуравдагч этгээд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга Б.Б, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн нийтийн Хурлын дарга Х.Н, гэрч Х.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Б.Б шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай Х XXК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогтын 2 дугаар багийн Цагаан гозгор гэдэг нэртэй газар ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаагаа 1996 оноос хойш тогтвортойгоор явуулж байна. Гэтэл 2013 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга нь манай компанийг элдэв аргаар дарамтлан, хууль бус шаардлага тавьж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад саад учруулах болсон ба компанийн эзэмшлийн хайгуулын 14487Х, 14488Х, ашиглалтын 201А, 7978А тоот лицензүүдийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй, тодорхойлолт гаргаж өгөхгүй, хугацааг сунгаж өгөхгүй зэргээр удаа дараа хууль бус шийдвэр гаргасаар өнөөдрийг хүрсэн.

Ийнхүү Боажя руу лицензүүдийг цуцлуулахаар удаа дараа Санал хүргүүлэх тухай тогтоолыг явуулж, Байгаль орчны яамаар 2015/01 болон маргаан бүхий 2018/01 дүгээр дүгнэлтүүдийг гаргуулсан.

Боажяны 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2015/01 дүгээр дүгнэлтийг Х ХХК-ийн зүгээс илт хууль бус болохыг тогтоолгох-оор нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 579 дүгээр шийдвэр гарч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, Ийнхүү Х ХХК-ийг дээрх лицензүүдтэй холбоотой асуудлаар шүүхэд маргаж, шүүхийн шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй, албадан биелүүлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд дахин орон нутгаас лицензийг цуцлуулах тухай тогтоол хүргүүлж, Боажяны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 дүгээр Х ХХК-ийн лицензүүдийг цуцлах тухай дүгнэлтийг гаргуулжээ.

Х ХХК нь 2014 оноос хойш хайгуулын болон ашиглалтын лицензүүдтэй холбоотойгоор 6 нэхэмжлэлийг холбогдох шүүхүүдэд гаргаж, 6 захиргааны хэрэг үүсгүүлсэн бол захиргааны хэргийн шүүхүүдээс дээрх 6 нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Энэ нь Х ХХК нь 2014 оноос хойш тухайн талбай дээрээ хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулалгүй өнөөдрийг хүрсэн болохыг гэрчлэх бөгөөд Боажя нь лицензүүдийн талаар шүүх дээр маргаантай, шүүхийн шийдвэрүүдийг албадан биелүүлэх ажиллагаа явагдаж байхад мөн Х ХХК-ийн зүгээс эзэмшлийн талбай дээрээ 2014 оноос үйл ажиллагаа явуулаагүй байхад дахин үндэслэлгүйгээр "лицензүүдийг цуцлах тухай дүгнэлтийг гаргасанд гомдолтой байна. Анх 2014 оноос манай компаний үйл ажиллагааг үндэслэлгүйгээр саатуулж, хууль ёсны эрх ашигт халдсан үйлдлээ 2018 оноос дахин явуулж эхэллээ. Учир нь 2014 оноос 2018 оныг хүртэлх хугацаанд лиценз цуцлуулах дүгнэлт, эс үйлдэхүй, хууль бус акт зэргийг төрийн захиргааны байгууллагаас удаа дараа гаргаж, энэ бүх шийдвэрийг нь шүүх шийдвэрлэж дуусч байх энэхүү хугацаанд дахин хууль бус үйлдлээ эхлүүлж 2 дахь удаагийн Лицензийг цуцлуулах тухай дүгнэлтийг гаргажээ.

Манай компани нь 100 гаруй ажилтантай, найдвартай татвар төлөгч аж ахуй нэгж байсан бол орон нутгийн Засаг даргын үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхсэн, ямар ч аюулгүй ажиллагааны бэлтгэлгүй гар аргаар ашигт малтмал олборлогч нарыг талбайдаа оруулахыг шаардсан шаардлагыг хүлээн аваагүйгээс өнөөдөр 5 жил шахуу хугацаанд үйл ажиллагаа маань зогсож, Улсад ямар ч татвар төлөхгүй болсны сацуу эдийн засгийн эргэлтэд орж, улс орны эдийн засагт нэмэр болох уул уурхайн лицензүүдээ ашиглаж чадахгүй өнөөдрийг хүрлээ. “Х” ХХК нь тус лицензүүдийг 1996 оноос хойш судалгаа явуулж, Эрдэс баялагын зөвлөлөөр нөөцийг нь батлуулах зэргээр маш их хөрөнгө оруулалт хийсэн болно. Шүүхэд хандаж байсан хэргүүдийн тухай:

1. Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт холбогдох Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын Х ХХК-ийн Байгаль орчныг хамгаалах менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг даалгуулах тухай шаардлагад Захиргааны хэргийн 6 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж гарч, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Энэхүү хэргийг хянан шийдвэрлээд:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0258 дугаар магадлал,

Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 240 дүгээр тогтоол зэрэг гарсан.

Одоогоор тус шүүхийн шийдвэрүүдэд албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

2. Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад холбогдох Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамаар Ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахад шаардлагатай материалын жагсаалт дахь Засаг даргын тодорхойлолтыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тодорхойлолт гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэлэлцээд:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны; шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 02 дугаар шүүхийн шийдвэр,

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 228 дугаар магадлал зэрэг гарсан.

Одоогоор тус шүүхийн шийдвэрүүдэд албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

3. Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Боажяанд холбогдох Тус яамны 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2015/01 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 579 дүгээр шүүхийн шийдвэр гарсан.

4. Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/56 дугаартай Цооног битүүмжлэх тухай захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцээд:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан.

5. Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох Х ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 14487Х, 14488Х тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцээд:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0216 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0322 дугаар магадлал тус тус гарсан.

6. Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаартай захирамжийн Р ХХК-д холбогдох хэсгээс Х ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын 14487Х, 14488Х тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж буй хэсгээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15 дугаар Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж гарган, хэргийг хянан хэлэлцээд:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаар шийдвэр гарсан.

Ийнхүү 2014 оноос байнгын шүүхийн маргаантай, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга нь эс үйлдэхүйгээр холбогдох баримт бичгийг батлаагүй, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Х ХХК-д тус дүгнэлтийг Боажя нь гаргахдаа газар дээр нь үзлэг хийх ажиллагаанд ч оролцуулалгүйгээр хууль бус 2018/01 дүгээр дүгнэлтийг дахин гаргасан байна.

Мөн энэхүү дүгнэлт гарсан байх магадлалтай тухайг Х ХХК-ийн зүгээс Ашигт малтмал, Газрын тосны газрын 2018 оны 07 дугаар 26-ны өдрийн 7/5219 дүгээр албан бичгээр мэдсэн бөгөөд Х ХХК-ийн зүгээс дараах албан бичгүүдээр хэдэн сарын хэдний өдрийн, ямар дугаартай, ямар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гарсан болохыг танилцуулна уу гэх албан тоотуудыг хариуцагчид илгээсэн. Үүнд:

1. 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 18/57 дугаар Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг,

2. 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 18/66 дугаар Хариу хүсэх тухай албан бичгийг илгээхэд Боажянаас 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 06/7107 дугаар албан бичгийг илгээсэн боловч уг албан бичигт дүгнэлт гарсан гэх утгатай агуулга байх боловч хэдэн сарын хэдний өдрийн, ямар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гарсныг дурдаагүйн сацуу албан бичигтэйгээ хавсарган бидэнд танилцуулаагүй болно. Ийнхүү дахин маргаан бүхий актаа мэдэх зорилгоор:

3. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18/75 дугаар Дүгнэлт шаардах тухай албан бичгийг илгээсэн боловч хариу өгч, маргаан бүхий дүгнэлтийг танилцуулахгүй байсан тул аргагүйн эрхэнд Ашигт малтмал, газрын тосны газар руу албан бичиг илгээсэн.

4. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18/77 дугаар албан бичгээр ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст Хүсэлт гаргах тухай албан бичгээр хандахад Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 7/7846 дугаар албан бичгээр хариу өгч, тухайн албан бичгийн хавсралтаар маргаан бүхий 2018/01 дүгээр дүгнэлтийг Х ХХК-д хүргүүлсэн байдаг. Ийнхүү Х ХХК-ийн зүгээс маргаан бүхий акттай танилцаж, нэхэмжлэлээ шүүхэд гаргаж буй болно. Иймд Боажяны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Үндэслэлээ дараах 3 байдлаар гаргаж байна. Хариуцагч талаас Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасны дагуу дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг гаргахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг дүгнэлт гаргасан гэж ярьж байгаа. Гэтэл материаллаг эрх зүйн хүрээнд энэ хуулийг хэрэглэх үндэслэл бүрдээгүй юм. Энэ хэрэг өөрөө анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр хоёр удаа орсон. Анхан шатны шүүх 2 дах удаа ажиллагаа хийх явцад төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн баримт нь тодорхой бус байна. Хуульд заасны дагуу санал өнөөдрийг хүртэл хавтаст хэрэгт авагдаагүй.

Нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэж байнга маргадаг. Гэтэл үүнийг давж  заалдах болон хяналтын шатны шүүхээс 2015-2016 оны хоорондох нөхөн сэргээлтийн ажиллагааг гүйцэтгээгүй гэдэг дээр талууд байр суурь нэгдмэл болоод энэ хүрээнд бид нар үйл ажиллагаа явуулаад нөхөн сэргээлт хийгдээгүй гэдэг асуудал хөндөгдөх болж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхээс Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн даалгавар бичээд үзлэг хийлгүүлэх тухай захирамж гарсан. Энэ захирамжийн дагуу ямар ажиллагаа хийгдсэн бэ? гэхээр 2012 онд үйл ажиллагааг зогсоосон улсын байцаагчийн акт гараад тухайн олборлолт бүхий талбайг лацдаад явсан. Энэ лац өнөөдрийг болтол хөндөгдөөгүй байна. Мөн техник тоног төхөөрөмжийн тухайд үйл ажиллагаа явуулаагүй, хогийн ургамал ургасан нөхцөл байна гэдэг шүүхийн даалгаврын дагуу үзлэгийн тэмдэглэлд бичигдсэн. 2012 онд улсын байцаагчийн тавьсан актаас хойш нийт шүүхээр 8 удаа маргаж байна.  Ингээд 2012 онд тавигдсан лац хөндөгдөөгүй гэдэг нөхцөл байдал тавигдсан.

Биднийг энэ хооронд үйл ажиллагаа явуулаад алт олборлосон байж магадгүй гээд шүүхээс Монгол банкаас лавлагаа авсан байдаг.  Лавлагаанд 2013 оноос хойш нэг ч удаа алт тушаасан лавлагаа байхгүй гэсэн. Энэ үндэслэлээр бид нар үйл ажиллагаа явуулаагүй гэж харагдаж байна. Үйл ажиллагаа явуулаагүй талбай дээр бид нарыг яагаад нөхөн сэргээлт хийсэн гэж үзэж байгаа вэ? гэдэг зүйл байна. Хариуцагч талын гаргасан актад 7879201А тусгай зөвшөөрлийг дамнасан хэсэг дээр нөхөн сэргээлт хийгдээгүй гэж гаргасан мөртлөө яг 201А дээр энэ дүгнэлт гараагүй байдаг. Сүүлд анхан шатны шүүхэд хэрэг ирэхэд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хавтаст хэрэгт баримтаар өгсөн байдаг. Нөхөн сэргээлтийн тухайд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь ТЭЗҮ-гээр тогтоогдсон байдаг. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний 27 дугаар хуудсанд заалт бүхий хэсэгт тодорхой тусгаж өгсөн. 31, 32 дугаар зураг дээр баяжуулах үйлдвэрийн улмаас эхний 1, 2 жил овоолгын үйл ажиллагаа үүссэн гэж ТЭЗҮ болон үнэлгээгээр батлагдсан. Өнөөдөр нөхөн сэргээлт хийгдээгүй гэж өнөөдрийг хүртэл маргаж байгаа. 201501 дугаартай дүгнэлт гарахад энэ нөхцөл байдал байж байсан. 2015/01 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр байгаа.

Актыг гаргахдаа газар дээр нь эзнийг байцуулахгүйгээр энэ ажиллагааг явуулсан байдаг. 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тухайн газар дээр очоод үзлэг хийсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд 28-ны өдөр сонсох ажиллагаа хийнэ гэж мэдэгдсэн байдаг. Гэтэл үзлэг хийхдээ эзэмшигчийг байцуулахгүйгээр ажиллагаа хийгээд энэ дүгнэлтийг гаргасан байдал тогтоогдсон. Энэ үйл баримт анхан шатны шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн байдаг. Сонсох ажиллагааны дагуу эзэмшигчийг байцуулсан тохиолдолд овоолго нь лицензийн талбай дээр байна уу? эсвэл 201А талбай дээр байна уу? гэдгийг тодорхойлоод оролцоод явах боломж байсан. Энэ эрхийг бол эдлүүлээгүй байгаа. Маргаан бүхий дүгнэлтийг харахад хавсаргасан 2 зураг байдаг. Зураг дээр нэхэмжлэгчийн компанийн овоолго хэсэг гэж тодорхой бус байдаг. Овоолго батлагдсан үйл баримт байхгүй. Овоолго өөрөө Х ХХК-ийн 4 эзэмшлийн тусгай зөвшөөрөл байдаг. Овоолго өөрөө 201А дээр үүсгэсэн овоолго юм гэж тогтоосон үйл баримтгүй гаргасан байдаг.

... 201А дээр олборлолт хийсэн гэж хариуцагч талаас нотолж чадаагүй гэж үзэж байна. Хэзээ хаана ямар хэмжээтэй олборлолт хийсэн үйл баримт дээр нөхөн сэргээлт хийгдээгүй гэж буруутгаж байгаа нь тодорхой бус байна. Гэрчийн өгсөн мэдүүлэг дээр 2019 онд нууцаар олборлолт хийсэн дээр нэмж акт гарсан юм шиг тайлбарлаад харин гуравдагч этгээдийн зүгээс 2015, 2016 онуудад олборлолт хийсэн үйл баримт дээр маргаж байгаа юм уу? хариуцагч нарын зүгээс 2014 оноос өмнөх 2012 оны нөхцөл байдал дээр маргаж байгаа юм уу? Хэзээ яаж 201А дээр олборлолт ямар хэмжээтэй хийснээс болоод нөхөн сэргээлт хийгдээгүй гэдэг буруутгалыг тодорхой болгож үндэслэл бүхий тавиагүй.  Гуравдагч этгээд хариуцагч нар санал зөрүүтэй байгаа.

Буруутгаад байгаа овоолго нь өөрөө 201А дээр байгаа юу? эсвэл 7879А дээр үндэслэж байгаа овоолго юм уу гэдгийг нотолж чадаагүй байгаа. Энэ бол үйлдвэрээс үүсэлтэй 201А дээр хилийн заагын эфирийн овоолго юм. 1 дүгээр хавтаст хэрэгт дроноор авсан хавсралт зургийн тайлбарын тодорхойлох заагыг хараар бөөрөнхийлсөн байгаа. 2012 онд батлагдсан байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр баяжмалын үйлдвэр болоод эфирийн овоолго үүсэх газар юм гэж нарийвчилсан үнэлгээгээр баталсан. Энэ овоолго өөрөө ямар овоолго гэдгийг шалгаж тогтоогоогүй. Олборлолтоос үүссэн юм уу? Эсвэл баяжмалын үйлдвэрлэлийн явцад үүссэн овоолго юм уу гэдгийг хариуцагч тал нотолж чадаагүй. Гэтэл дроны зураг тодорхой цэг тусгадаг, маргаан бүхий нөхцөл байдлыг тодруулдаг зураглал мөн үү гэхэд эргэлзээтэй байна. Ийм нөхцөл байдлыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн үзлэгийн цагийг 6 дугаар сарын 26-нд мэдэгдсэн байдлыг харгалзаж үзнэ үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ маргаан давж заалдах болон хяналтын шатны шүүхээр өмнө нь нэг, нэг удаа орсон. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс тодорхой үндэслэлүүдийг зааж өгсөн. Энэ үндэслэлийг шүүх бүрэлдэхүүн тодорхой анхаарч харна уу. Давж заалдах шатны шүүхийн гол үндэслэл нь дүгнэлт гаргасан талаарх баримтыг бүрэн цугларсны үндсэн дээр хэргийг шийднэ үү гэсэн. 2014 оноос өмнөх овоолго юм уу? эсвэл хойш овоолго юм уу? гэдэг зүйл байна. Энэ асуудлаар анхан шатны шүүх хангалттай баримт цуглуулсан. Хяналтын шатны магадлалд мөн нотлох баримт цуглуулах талаар тодорхой заасан байдаг.

201А талбай дээр олборлолтын ажил явагдаагүй. ТЭЗҮ хийгдсэнээс хойш энэ асуудал маргаантай болсон. Цагдаа асууж лавласан зүйл байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар тийм зүйл байхгүй.

Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол гэж заасан. Хариуцлагагүй байдлаар дүгнэлт гаргасан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15.1.1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5 дахь заалт нь Байгаль орчны яам дүгнэлт гаргахдаа барьдаг заалт биш. Ашигт малтмал, газрын тосны газрын лиценз цуцлахтай барьдаг заалт байгаа. Энэ акт эрх зүйн хувьд хууль зөрчигдсөн гэж нотлогдож байгаа. Дүгнэлтийн 2 дах хавсралтад овоолго хийгээгүй гэж тогтоогдсон. Мэргэжлийн хүмүүс очсон бол хариуцлагатай ажиллах ёстой. Ямар зорилгоор яаж ажил хийх талаар тодорхой бус байна. Овоолго төлөвлөгөөний дагуу ямар ч тодорхой зүйл байхгүй. Үүнийг бид нар юу гэж үзэх вэ? гэдэг зүйл байна. Дроноор авсан зураг нотлох баримтын шаардлага хангаж хийгдсэн байх ёстой. Гэтэл ямар ч тэмдэглэл байхгүй. Зааг ялгаа гаргасан зүйл байхгүй учраас энэ дүгнэлт өөрөө захиргааны актын шаардлагын сөрөг хүч бүхий шаардлагыг хангаагүй байгаа. Ойлгомжгүй байдлаар хариу өгч байгаа нөхцөл байдал байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Х ХХК-тай холбоотой 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр газар дээр ажилласан байдаг. Тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүд ажиллаж байгаад цуг байсан. Дроноор авсан зургийг баталгаажуулаагүй гэдэг зүйл хэлж байна. Технологи маш өндөр хөгжиж байгаа. Манай салбарт дроныг ашиглаж байгаа. Хамгийн гол нь уул уурхайтай холбоотой асуудал дээр талбайн хэмжээ ашиглаад явж байгаа. 6 дугаар сарын 25-ны өдөр нийтдээ 56,55 м.кв талбайд бүртгүүлсэн. Нийтдээ 227,815 км шороо үүсгэсэн байдалтай байсан. Үүнийг бид нар тоо баримттай баталгаажуулсан ... Газар дээр 201А тусгай зөвшөөрөл эзэмшигч Х ХХК нь хамгийн хариуцлагагүй ажиллаж байсан. Ингээд тухайн газар дээр үйл ажиллагаа явуулаад байгаа талаар тайлбарлаж чадахгүй байна. Бидний дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Боажя тухайн ажлын хэсгийн дүгнэлтийг хуульд заасны дагуу гаргасан байгаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.1.5 болон 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу тухайн ашигт малтмалыг цуцлуулах дүгнэлтийг үйлдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж заасан.  Байгаль орчны хэрэгжүүлэгч яам байгаль орчныг хамгаалах өдөр тутмын үйл ажиллагааг шалгадаг байгууллага биш учраас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу сумын Засаг дарга бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Манайх хуульд заасны дагуу шалгаж үзсэн. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргаас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/80 тоот албан бичгээр дүгнэлт гаргуулах тухай бичиг ирүүлээд бүртгэгдсэн. Тухайн албан бичигт газар ашиглах гэрээгүй үйл ажиллагаа явуулаад 0,2 га газарт олборлолт явуулсан ба уг газарт өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж хохирол учруулж байна гэсэн эрх бүхий этгээдээс санал ирүүлсэн. Үүнийг үндэслэлээд Боажя эрх бүхий хуульд заасан эрх хэмжээний хүрээнд уг дүгнэлтийг гаргасан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуульд иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хуулиар баталгаажуулах асуудал байгаа. Энэ үүргийг төр хүлээнэ.  Төр хүлээхээс гадна Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө байгаль орчныг хамгаалах тухай зохих үүргийг хүлээх үүрэгтэй байдаг. Энэ талаар Ашигт малтмалын тухай хуулийн 39, 37 дугаар зүйлд зохицуулж өгсөн байгаа. Шүүхийн маргаантай байсан учраас маргаад яваад байгаа гэж тайлбарлаж байгаа. Гэтэл тусгай зөвшөөрлийг цуцалж эзэмшигч биш болсон тохиолдолд байхгүй. Ерөөсөө дүгнэлт гаргаад дүгнэлттэй маргаад байгаа. 2015 оны дүгнэлттэй маргасан маргаан бол нөхөн сэргээлтийн талаарх маргааны үйл ажиллагаа явагдаагүй харин тамга, тэмдэг баталгаажуулаагүй байна гээд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй талаар Байгаль орчны яам дүгнэлт гаргах эрхгүй юм гэж үзсэн байгаа. Гэхдээ нөхөн сэргээлт хийсэн, хийгээгүй талаар шүүх хэргийг хянаагүй.

Тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын газраас цуцлаагүй тул Х ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эзэмшигч болж байгаа. Тэгэхээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах үүрэг хүлээхийг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулаад өгсөн. Энэ үүргийг хэрэгжүүлээгүй гэдэг нь ажлын хэсгийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтээр тогтоогдоод тухайн ажлын хэсгийг баталгаажуулж хавсаргасан байдаг. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар сумын Засаг даргад хүргүүлээд энэ хяналт шалгалт явуулах талаар бичиг хүргүүлсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 39.1.8-д  мэдээллийн үнэн зөв, мэдээллийн сангийн шуурхай байдал, хэвийн ажиллагаа, хамгаалалт, хадгалалт, нууцлалт, хуулбарлалтыг хариуцах гэж заасан. Иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзвэл нэн даруй хяналт шалгалт хийх эрхийг төрийн байгууллагад олгосон. Энэ хүрээнд манайх хяналт шалгалтаа хийсэн. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Танай шүүхийн 2020.09.11-ний өдрийн 1/6905 тоот албан бичигтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэлийн утга хэсгийн 2 дугаар хуудасны 1-д заасан “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт холбогдох “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “Х” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг даалгах тухай” шаардлагад захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж гарч, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Энэхүү хэргийг шүүх хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 240 дүгээр тогтоолд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлээс татгалзаж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “Х” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдлийг хууль бүс болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн болно.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын Боажяанд хандсан албан бичгийн дагуу Боажянаас ажлын хэсэг гарч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогтын 2-р багийн “Цагаан гозгор” гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Х” ХХК-ийн үйл ажиллагааг газар дээр нь ирж хяналт шалгалт, хэмжилт хийсэн. Хяналт шалгалтын дүнд тус яамнаас 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2015/01 тоот дүгнэлт гарсан. Тус дүгнэлтийг “Х” ХХК Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган Боажянаас батлагдан ажилласан ажлын хэсгийн гишүүдийн гарын үсгээр баталгаажуулаагүй, албан бичгийн бүрдэл дутуу гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлүүлсэн. Үүнээс хойш сумын Засаг даргын албан бичгийг дахин Байгапь орчин, Аялал жуулчлалын яаманд хандан хүргүүлсний дагуу ажлын хэсэг гаран газар дээр нь ирж ажилласан. Яамны ажлын хэсгийг “Х” ХХК-ний уурхайн талбай дээр ажиллах явцад Орхонтуул сумын ИТХ-ын төлөөлөгчид байлцан хөндлөнгөөс ажигласан. Газар дээр нь ажиллах явцад “Х” ХХК-ийн захирал Б.Б өөрийн биеэр байхгүй байсан тул түүнийг хамгаалалтын албаны утсаар нь холбогдон уурхай дээрээ ирэхийг шаардсан боловч төрийн захиргааны төв байгууллагын ажлын хэсгийг үл хүндэтгэн ирээгүй тул тус яамны ажлын хэсгийнхэн газар дээр нь хэмжилт хийн, агаарын зураг авалт хийж ажилласан. Тус ажлын хэсгээс 2018/01 тоот дүгнэлт гарч одоо шүүхийн шатанд явж байна.

Иймд “Х” ХХК-ийн 2018.12.11-ний өдрийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн нийтийн Хурлын дарга Х.Ноос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.

Гуравдагч этгээд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга Б.Баас шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“2019 оны 3 дугаар сарын 08-наас 10-ны өдрүүдийн ажлын бүх баримт хэрэгт байгаа. Удаа дараа сумын цагдаатай очиж баримтжуулсан. Тийм байж ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэх юм байна. Тухайн орон нутагт уул уурхайн компани болон бусад аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах бичиг бусад компани өгдөг. Гэтэл Х ХХК нь орон нутгийг ажлын байраар дэмжих болоод өөр бусад зүйлээр хийсэн ажил байхгүй. Хамтарч ажиллах уу? гэхэд дандаа үгүй гэж хэлдэг. Ингээд орон нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэдэг. 1996 оноос хойш Х ХХК ажилласан байгаа. Маш олон асуудлыг Х ХХК авч байсан. Сүүлийн хэдэн жил шүүхээр яваад өөрсдийгөө хохироогоод явж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Х” ХХК-иас Боажяанд холбогдуулан гаргасан “Боажяны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/174 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс мөн оны 06 дугаар сарын 28-ний өдөр “...байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй байсан нь “Х” ХХК-ийн MV-000201 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно” гэсэн 2018/01 тоот дүгнэлтийг гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлжээ[1].

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас дээрх 2018/01 тоот дүгнэлтийг эс зөвшөөрч,

- Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар орон нутгийн саналыг үндэслэн дүгнэлт гаргах зохицуулалттай байхад санал авалгүйгээр дүгнэлт гаргасан,

- 201А тусгай зөвшөөрлийн талбай дээр 2012 оноос огт үйл ажиллагаа явуулаагүй байхан нөхөн сэргээлт хийгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,

- Актыг гаргахдаа манай байгууллагыг оролцуулаагүй, дүгнэлтийн хавсралт зураг дээрх овоолго нь 201А талбай дээр үүссэн гэдгийг нотлох баримт байхгүй гэж тайлбарлан маргасан.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Х ХХК нь 201А тусгай зөвшөөрлийн талбай дээрээ уулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй, уурхайгаа байгуулах зөвшөөрлөө аваагүй, байгаль орчныг хамгаалах ямар ч төлөвлөгөө гаргаж батлуулаагүй атлаа тус талбайг хөндсөн, улмаар нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тул дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад цуглрсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар дааах үйл бариммтууд тогтоогдов. Үүнд:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт Цагаан гозгор нэртэй 10гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 201А тусгай зөвшөөрлийн эзэмшиж[2] байх ба энэхүү зөвшөөрлийн талбай нь мөн хуулийн этгээдийн эзэмшлийн 7948А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн 232гектар талбай/мөн Цагаангозгор нэртэй/-гаар 3 талаараа хүрээлэгдэн оршиж байгаа болох Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн зургаас харагдаж байна[3].

а. 7978А тоот тусгай зөвшөөрөл бүхий Цагаангозгорын алтны үндсэн ордын нөөцийг Ашигт малтмалын газар/тухайн үеийн нэршилээр/-ын даргын 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 323 тоот тушаалаар, ордыг ил уурхайн аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг мөн газрын даргын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 300 дугаар тушаалаар хүлээн авсан[4],

б. 201А тоот тусгай зөвшөөрөл бүхий мөн Цагаангозгор нэртэй алтны үндсэн ордын нөөцийг Ашигт малтмалын газар/тухайн үеийн нэршилээр/-ын даргын 2012 оны 06 дугаар сарын 08-нй өдрийн 321 тоот, ордыг ил уурхайн аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг мөн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн т-44 тоот тушаалаар хүлээн авсан[5],  

2. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргаас 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Ааас 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “MV-00201 тоот тусгай зөвшөөрөл бүхий Х ХХК нь 2013 онд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй, ...эрх зүйн зөрчилгүй” тухай тодорхойлолтуудыг[6], мөн албан тушаалтнуудаас “Х” ХХК нь 201А тусгай зөвшөөрлийн талбайд 2014-2018 он хүртэл үйл ажиллагаа явуулаагүй тухайд тодорхойлолтуудыг гаргасан,

3. 2007-2014 оны хугацаанд нэхэмжлэгчээс 7978А тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн нөхөн сэргээлтийн ажлыг мэргэжлийн хяналтын улсын байцаагч хүлээн авч актууд үйлдсэн[7],

4. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн,

- 2013 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 18-4-332/02 тоот актаар “Х” ХХК нь “...“Цагаан гозгор” нэртэй газарт 7978А тоот тусгай зөвшөөрөлтэй ч 201А тоот тусгай зөвшөөрлийн талбайдаа уулын ажлын төлөвлөгөөгүй, байгаль хамгаалах төлөвлөгөөгүй, зохих зөвшөөрөлгүйгээр 05 дугаар сарын 07-оос 16-ны өдрийн хооронд олборлолтын үйл ажиллагаа явуулсан зөрчил”-ийн хохиролд нийт 22,372,860 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон,

- 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18-04-332/05 дугаар актаар “...7978А тусгай зөвшөөрөлтэй ч уулын ажлын төлөвлөгөөгүй, байгаль хамгаалах төлөвлөгөөгүй, газар ус ашиглах гэрээгүй үйл ажиллагаа явуулсан” зөрчил үйлдсэн гэж үзэж угаах төхөөрөмж скруберийг МХЕГ-146849, МХЕГ-146853 тоот лацаар лацдаж олборлолтын үйл ажиллагааг түр зогсоосон[8],

            Энэхүү МХЕГ-146849, МХЕГ-146853 тоот лацнууд өнөөдрийг хүртэл хөндөгдөөгүй хэвээр байгаа болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдов.

            5. Орхонтуул сумын Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/322, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт гаргуулах тухай 1/30 дугаар албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад хандан Х ХХК-ийн MV-000201, MV-007978 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах дүгнэлт гаргуулахаар хүргүүлснийг үндэслэн хариуцагчаас 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн MV-000201 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тухай 2015/01 дугаар дүгнэлт гаргасан,

Уг дүгнэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 579 дүгээр шийдвэрээр 2015/01 тоот дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн[9],

7. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас томилогдсон ажлын хэсэг нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 201А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дээр үзлэг хийхдээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй, оролцуулаагүй /хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг/ үйл баримтууд тогтоогдов.

Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон дээрх  үйл баримтуудыг үгүйсгэж маргаагүй.

 

Тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшлийн 201А ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг хэлбэржүүлж ухсан, овоолго хийсэн, овоолгын хэмжээ нь 2 хэсэг газарт 140000мкв орчим талбайтай болсон нь тогтоогдож байна[10].

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх үйл баримтуудаас нэгтгэн үзвэл, нэхэмжлэгч “Х” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ хэрэгжүүлэлгүйгээр байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан буюу олборлолт хийх эрх үүсээгүй 201А тусгай зөвшөөрлийн талбай дахь газарт эвдрэл бий болгосон, улмаар эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийгээгүй атлаа “...байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй...” гэсэн үндэслэлээр гарсан 2018/01 тоот дүгнэлтийг эс зөвшөөрч “манай байгууллага 201А тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. Тодруулбал,

- Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т “... комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхлэх” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т “ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, ...байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах” 39.1.2-т “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тухайн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлох”, 39.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд уурхайн ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал болон усны бохирдолт, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг тусгах” гэж тус тус зааснаас үзвэл, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежементийн төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг боловсруулж батлуулсны үндсэн дээр хэрэгжүүлэх, улмаар  уурхайг ашиглалтанд оруулах, ашигт малтмалыг олборлох боломжтой болохоор байна.

Гэтэл нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж хэрэгжүүлсэн болно байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж хохирол багатай аргаар ашигт малтмалыг олборлох үүргээ хэрэгжүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй атлаа “манай 2012 онд батлагдсан 7978А тоот тусгай зөвшөөрлийн талбай дахь Цагаангозгорын алтны ордыг ашиглах байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд овоолго хийх болон баяжуулах үйлдвэрийн төхөөрөмжийг 201А тоот тусгай зөвшөөрлийн талбайд байрлуулахаар баталсан” гэж тайлбарлаж 201А тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах газрыг эвдсэн, овоолго үүсгэснийг залруулаагүй, өнөөдрийг хүртлэх хугацаанд нөхөн сэргээгээгүй байх тул маргаан бүхий 2018/01 дугаартай дүгнэлт нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан захиргааны байгууллагын эрх хэмжээнд нийцсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмалын ашиглалтын 201А тусгай зөвшөөрлийн хүрээнд орд ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг Ашигт малтмалын газрын даргын 2014 оны т-44 тоот тушаалаар хүлээн авсан, нэхэмжлэгчээс 201А тусгай зөвшөөрлийн талбайд Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж байгаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж байгаагүй, уурхай байгуулж ашиглалтанд оруулаагүй гэж тайлбарласан зэргээс үзвэл, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын “201А тоот тусгай зөвшөөрлийн талбайд огт үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн тайлбарыг үгүйсгэхээргүй боловч энэ нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хүрээнд олгогдсон бөгөөд эвдрэлд орсон, овоолго үүссэн, нөхөн сэргээлт хийгдээгүй уурхайн талбайн хувьд өөрийн талбайг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх үүргээс нэхэмжлэгч хуулийн этгээдийг чөлөөлөхгүй юм.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д зааснаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дахь Цагаангозгор нэртэй 10га талбайг “Х” ХХК-д олгосон ашиглалтын 201А тоот тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байгаа тохиолдолд тухайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг талбайд хохирол үүсгэхгүй байх, хохирол үүсэхээс сэргийлэх, үүссэн хохирлыг хариуцах тул уурхайн талбай дахь ухаш, үүссэн овоолго нь хэний үйл ажиллагаанаас, хэзээ үүссэнээс үл хамааран ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчинд хохирол учруулж болох аливаа үйлдлээс татгалзах, нөхөн сэргээх үүрэгт хамаарна.

Иймд нэхэмжлэгч талын “олборлолт хийгээгүй тул нөхөн сэргээх үүрэг үүсэхгүй” гэсэн агуулга бүхий тайлбар үндэслэлгүй байна.

 

Үүнээс гадна, Боажяны ажлын хэсгийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрын “Томилолтоор ажилласан тухай тайлан”-д “...Олборолтын ажил хийгдсэн цэгүүдэд хэмжилт хийхэд хэмжилтээр тогтоосон цэгүүд нь 201А тусгай зөвшөөрлийн талбай дотор байна”[11] гэж тэмдэглэгдсэн байх ба хавсралтаар авагдсан 201А тоот тусгай зөвшөөрлийн талбайд үүссэн эвдрэлийг харуулсан Зураг 2-т зогсож байгаа хүнээс өндөр босоо хана үүссэн байгаагаас үзвэл, эвдрэл нь техникийн үйлчлэлээр, олборлолтын үйл ажиллагааны явцад үүссэн гэж үзэхээр байна.

Хэдийгээр дээрх ажлын хэсгийг 2015/01 тоот дүгнэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 579 дүгээр шийдвэрээр  илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрт 2015/01 тоот дүгнэлтийг эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдгээр албажаагүй, Цээлийн нуур, Шар-Усны гол ширгэсэн гэх нөхцөл тогтоогдоогүй” гэж дүгнэсэн, өмнө дурьдсан ажын хэсгийн тайланд тусгагдсан “201А тоот тусгай зөвшөөрлийн талбайд олборлолт хийгдсэн” үйл баримтыг дүгнээгүй байх тул нэхэмжлэгчийн “манай компани ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй, өмнө илт хууль бус гэж тогтоогдсон дүгнэлтэд дурьдсан үйл баримтыг дахин дүгнэлт болгож гаргасан” гэх тайлбар үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгчээс “техник хэрэгсэл бүхий зөвшөөрөлгүй иргэд манай талбайд орж олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан” гэсэн агуулгаар маргасан, холбогдох цагдаа болон прокурорын байгууллага, түүнчлэн нутгийн захиргааны байгууллагад хандаж, гомдол гаргаж байсан байх боловч 201А тусгай зөвшөөрлийн талбайд өөр бусад этгээд зөвшөөрөлгүйгээр олборлолтын үйл ажиллагаа явуулах замаар байгаль орчинд хохирол учруулсан эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн аливаа шийдвэрийг шүүхэд ирүүлээгүйн дээр өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайг өөр бусад этгээдэд ашиглуулах эсэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх бөгөөд уг талбайд үүссэн хохирлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцах  тул маргаан бүхий акт нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас хамаарахгүй гэж үзэх боломжгүй.

Хэрэв дээрх үйл баримтыг шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гарвал шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах нэхэмжлэгчийн эрх нь хадгалагдана.

 

Түүнчлэн маргаан бүхий 2018/01 тоот дүгнэлтийн хавсралтаар ирүүлсэн “дроноор авсан зураг”-ийн 4 талд газрын солбилцлыг тэмдэглэсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тусгай зориулалтын GPS бүхий дрон ашиглаж, хүний оролцоогүйгээр зураг авсан зургийг программын тусламжтайгаар хөрвүүлж цаасанд буулгасан” гэж тайлбарласан, тус зурагт ашигт малтмалын ашиглалтын 7978А болон 201А тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайг ялган зурсан байна.

Мөн эвдрэлд өртсөн талбай нь 201А тоот тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч байгаа болох нь дроноор авсан зураг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Ш.Ааас “2014 онд олборлолт хийх эрх үүсээгүй 201А талбайдаа олборлолтын ажил хийсэн, улсын байцаагчийн акт гарч, хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч төлөөгүй” зэргээр тогтоогдож байгаа зэргээс үзвэл,  нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “ухаш болон овоолго нь 201А тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч байгаа эсэх нь эргэлзээтэй” гэсэн тайлбарыг мөн хүлээн авах үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заажээ.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргаас 2017 оны 12 дугаар сарны 13-ны өдрийн 1/323 албан бичгээр Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатад “дүгнэлт гаргуулах тухай” хүсэлт гаргасныг гишүүний 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6434 тоот албан бичгээр Боажяанд хүргүүлсэн[12] байна.

Мөн Засаг даргаас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/80 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад “...тусгай зөвшөөрлийг цуцлах талаарх дүгнэлт гаргаж өгнө үү”[13] гэсэн хүсэлтийг хүргүүлсэн, маргаж буй актад энэхүү албан бичгийг нутгийн захиргааны байгууллагын санал гэж үзсэн талаар тэмдэглэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс “хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа хуульд заасан журмыг хангаагүй буюу нутгийн захиргааны байгууллагын хуульд нийцсэн саналыг үндэслээгүй” гэсэн тайлбарыг мөн хүлээн авах үндэслэлгүй байна.

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас томилогдсон ажлын хэсэг нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 201А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дээр үзлэг хийхдээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй, оролцуулаагүй болох нь тогтоогдож байх хэдий ч Боажяны 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 06/4526 дугаартай албан бичгээр сонсох ажиллагааны талаар мэдэгдсэн, “Х” ХХК-ийн захирал Б.Б нь мөн сарын 28-ны өдрийн ажлын хэсгийн хуралдаанд оролцсон[14], 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 18/44 дугаартай албан бичгээр тайлбар гаргасан[15] байх тул хариуцагч захиргааны байгууллагыг нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчээс “удаа дараагийн шүүхийн шийдвэрүүд байгаа” хэмээн тайлбарлах боловч эдгээр шийдвэрүүд нь 201А тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийгээгүй зөрчилтэй хамааралгүй, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байдалтай хамааралтай байх тул шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Дээрхээс нэгтгэн үзвэл, маргаан бүхий 2018/01 тоот дүгнэлт нь захиргааны байгууллагад хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан бөгөөд уг дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдал нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээс биелүүлээгүйгээс үүдэлтэй байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэгч “Х” ХХК-иас Боажяанд холбогдуулан гаргасан “Боажяны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ                                    Л.Б

ШҮҮГЧ                        Д.ХАЛИУНА

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 180-187 дахь талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 15-17, 3 дугаар хавтас хэргийн 181-187 дахь талд

[3] 4 дүгээр хавтаст хэргийн 212 дахь талд

[4] 3 дугаар хавтаст хэргийн 220-240 дэх талд

[5] 1 дүгэр хавтаст хэргийн 18-19, 3 дугаар хавтаст хэргийн 210-219 дэх талуудад

[6] 3 дугаар хавтаст хэргийн 84-85 дахь талд

[7] 2 дугар хавтаст хэргийн 156-169 дэх талуудад

[8] 2 дугаар хавтаст хэргийн 97 дахь талд

[9] 3 дугаар хавтаст хэргийн 4-16 дахь талд

[10] 2 дугаар хавтаст хэргийн 49-69 дэх талд

[11] 4 дүгээр хавтаст хэргийн 174-177 дахь талд

[12] 1 дүгээр хавтас хэргийн 177-178 дахь талд

[13] 4 дүгээр хавтаст хэргийн 232 дахь талд

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 185-187 дахь талд

[15] 2 дугаар хавтаст хэргийн 131-134 дэх талд