Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0844/З |
Дугаар | 221/МА2023/0323 |
Огноо | 2023-05-17 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2023/0323
“Б*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Б*******” ХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Н.Х*******, Ц.А******* нар
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2120801995 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 38 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, Т.А*******, Ж.Э*******, Т.Х*******, Э.З
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, Х.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2022/0844/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Б*******” ХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Н.Х*******, Ц.А******* нарт холбогду******* “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2120801995 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 38 дугаар шийдвэрээр:
“Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.5, Зөрчлийн тухай хууль /2017 оны/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1,Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2120801995 дугаар нөхөн ногдуулалтын актын Б******* ХК-иар төлүүлэхээр тогтоосон нийт төлбөрөөс хий бичилттэй падаан ашиглаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд ногдуулсан 10.312.909,09 төгрөгийн нөхөн татвар, 3.093.872,73 төгрөгийн торгууль, 2.062.581,82 төгрөгийн алданги, нийт 15.469.363,64 төгрөгийн төлбөрийг хасч багасган, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага агуулгын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, дүгнээгүй, хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаагүй шийдвэр болсон байна.
Нэхэмжлэгчийн Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2120801995 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 1.721.014.563,63 төгрөгийн нүүрсний орлогыг аж ахуй нэгжийн орлогын албан татварт тайлагнасан боловч нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан гэж үзэж нөхөн ногдуулалтын акт гаргасан нь үндэслэлтэй хэмээсэн.
3.1.Нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан гэж үзэж нөхөн ногдуулалтын акт гаргасан агуулгын хүрээнд:
“Б*******” ХК нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр "Э" ХХК-иас 1.029.361.363,60 төгрөгийн үнэ бүхий шилжүүлэн авсан эд хөрөнгөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар тогтоолыг үндэслэн 2013-2014 оны хооронд үүссэн нүүрсний үнийн дүнгийн зөрүү буюу төрд учирсан хохирлыг шүүгдэгч Л.Г, Н.Д нараас 1.132.297.500,0 /нэг тэрбум нэг зуун гучин хоёр сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж "Б*******" ХК-д олгох" гэж шийдвэрлэсний үндсэн дээр нэхэмжлэгч "Б*******" ХК-д "Э" ХХК-aac 1.029.361.363,60 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжүүлсэн.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирол нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлээс 11 дүгээр зүйлд заасан албан татвар ногдуулах орлогод хамаарахгүй байтал шүүхээс 2013 онд олох байсан орлогыг танайд буцаан олгосон хэмээн тайлбарлаж ханган шийдвэрлэж буй нь үндэслэлгүй юм. 2013-2014 оны хооронд нэхэмжлэгч "Б*******" ХК нь НӨАТ-ын 7.1.1-т заасан бараа борлуулсны орлогоо бүрэн тайлагнаж төлсөн байтал 2016 онд 2013 оны борлуулалтын орлогыг нэмж олж буй мэтээр тайлбарлаж нөхөн татварт 172.101.456,36 төгрөг, 36.636.384,14 төгрөгийн алданги, 51.630.436,91 төгрөгийн торгууль, нийт 255.368.280,14 төгрөгийн актыг үндэслэлгүйгээр тогтоосон Татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2120801995 дугаар нөхөн ногдуулалтын актыг үндэслэлтэй хэмээн тайлбарлаж буй нь алдаатай. 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр "Б*******" ХК-д "Э" ХХК-иас 1.029.361.363,60 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө нь борлуулалтын орлого бус гэмт хэргийн улмаас учирсан байсан хохирол юм.
Татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2120801995 дугаар нөхөн ногдуулалтын актаар Аж ахуй нэгжийн орлогын албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан албан татвар ногдуулах орлогод хамаарахгүй хохирлын төлбөрт татвар ногдуулж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх хууль, ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” байхад хуулийн этгээдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргасан илт хууль бус захиргааны акт болно.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”, 4.1.1-д "борлуулалт" гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг" гэж заасны дагуу "Э" ХХК нь "Б*******" ХК-д хөрөнгө, бараа материалыг шилжүүлсэн тул тус компанийн борлуулалтын орлого юм.
Мөн түүнчлэн нүүрсний үнийн зөрүү гэх хохирлын үнийг татварын улсын байцаагчийн тодорхойлсноор 2013-2014 онд хийсэн нүүрс борлуулсны орлогод нөхөн олгож байгаа орлого гэж үзвэл Татварын ерөнхий хуулийн /2008 оны 11 дүгээр зүйлийн 11.1-д "11.1.Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй" гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхаас гадна 2013 онд гаргасан аж ахуй нэгжийн орлогын албан татварын зөрчлөө 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд уг зөрчлийг үйлдсэнийхээ төлөө нэг удаа хариуцлагаас чөлөөлөгдөх хуулиар олгогдсон нэг удаагийн боломжийг эдлэх хууль зүйн бүрэн боломжтой болсон байна.
"У" хувь нийлүүлсэн нийгэмлэгт худалдан борлуулсан нүүрсний үнэ болох 691.653.200,0 төгрөгийн нүүрсний орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан гэх зөрчилд ногдуулсан 69.165.320,0 төгрөгийн нөхөн татвар, 20.749.596,0 төгрөгийн торгууль, 10.340.215,34 төгрөгийн алданги нийт 100.255.131,34 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь алдаатай байна.
3.2.“Б*******” ХК нь “У” ХНН-д 2019 онд 31.553,0 тн нүүрс 1.135.779.500,0 төгрөгийн НӨАТ-гүй борлуулалт, 113.577.950,0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 1.249.357.450,0 төгрөгийн борлуулалт хийж, борлуулалтын орлого Кт 1.135.779.500,0 төгрөг, НӨАТ өр Кт 113.577.950,0 төгрөг, авлага Дт 1.249.357.450,0 төгрөг гэж нягтлан бодох бүртгэлд бүртгэсэн нь Даймонд программын журналын бичилт өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангаар нотлогдож байна. Гэтэл татварын улсын байцаагчид 2019 оны 10, 11, 12 дугаар сард нийт 19.042,4 тн нүүрсийг 691.653.200,0 төгрөгийн НӨАТ-гүй борлуулалт, 69.165.320,0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 760.818.520,0 төгрөгийн борлуулалт буюу авлага үүсгэж бичсэн нь программын журналын бичилтээс батлагдаж байхад татварын нөхөн ногдуулалтын акт тогтоохдоо падаан бичигдээгүй байна гэсэн үндэслэлээр акт тогтоосон нь нягтлан бодох бүртгэл болон татварын хуульд нийцэхгүй байна.
Учир нь “У” ХНН нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлгүй бөгөөд 2019 онд борлуулалтын падаан шивэхэд НӨАТ төлөгч биш газар нь эцсийн хэрэглэгчээр бүртгэгддэг байсан болно. 2020 онд татварын багц хууль шинэчлэгдэн хэрэгжиж эхэлснээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно”, 13.1.4-д “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх" гэсэн заалтын дагуу татвар төлөгчөөр бүртгэлтэй иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлтэй, бүртгэлгүйгээс үл хамаарч борлуулалт шивэхэд шууд шивэгддэг болсон.
Борлуулалтыг нягтлан бодох бүртгэлийн бичилтээр тулгаж шалгаагүй падаан бичээгүй гэж зөвхөн 2019 оны 10, 11, 12 дугаар сарын борлуулалтад акт тогтоосон нь үндэслэлгүй байх бөгөөд 2020 онд Уд падаан бичигдсэн нь е-баримт сайтаас нотлогдож байна.
Улсын байцаагч татварын нөхөн ногдуулалтын акт тогтоохдоо падаан бичигдээгүй байна гэсэн үндэслэлээр акт тогтоосон бөгөөд бодит байдал дээр падаан бичигдсэн эсэхийг тал бүрээс нь бодитой хянан тогтоогоогүй байтлаа зөрчилгүй үйлдлийг зөрчилтэй мэтээр тайлбарлаж нөхөн ногдуулалтын акт гаргасан нь хууль бус байна.
3.3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хуульд заасан хугацаанд албадан татвар төлөөгүй гэх зөрчлийн хүрээнд авагдсан актыг бүхэлд нь үндэслэлтэй хэмээсэн нь алдаатай шийдвэр болсон.
Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй гэх 2017-2019 оны 1.527.812.368,02 төгрөгийг зөрчилд 152.781.236,80 төгрөгийн торгууль, 247.579.132,91 төгрөгийн алданги, нийт 400.360.369.71 төгрөгийн төлбөр, Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй гэх 47.092.205.235.11 төгрөгийн зөрчилд 10.367.429.713.53 төгрөгийн торгууль, 5.043.052.585.95 төгрөгийн алданги, нийт 15.410.482.299.48 төгрөгийн төлбөр, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй гэх 11.094.883.330.49 төгрөгийн зөрчилд 1.109.488.633.09 төгрөгийн торгууль, 982.849.784,10 төгрөгийн алданги, нийт 2.092.338.417,19 төгрөгийг тус тус ногдуулсныг нэхэмжлэгчээс зөрчлийн дүн, тооцооллын талаар маргаагүй гэж тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай.
Улсын байцаагчийн хуульд заасан хугацаанд албадан татвар төлөөгүй гэх зөрчилд тогтоосон акт нь хууль зүйн үндэслэлгүй алдаатай талаар нэхэмжлэгч тал 2016-2019 оны хооронд үйлдэгдсэн зөрчилд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баримтлан алданги, торгууль ногдуулж шийдвэрлэж буй нь алдаатай байна гэж маргаж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль болох 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн агуулгын хүрээнд торгууль, алданги ногдуулах ёстой байтал татварын байцаагч нар эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж зөрчилд оногдуулах шийтгэлийг хэтрүүлэн илүү алданги тооцон төлүүлж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж гомдсон байтал анхан шатны шүүхээс нэхэмжлэгч зөрчлийн дүн тооцооллын талаар маргаагүй гэж тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай байна.
Захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд тусгагдсан зарчмуудыг баримтлах үүрэгтэй.
Тодруулбал тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэсэн байх, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх”, ...аливаа шийдвэр нь тухайн шийдвэрлэж буй асуудалд ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг илэрхийлсэн, бодит нөхцөл байдлаас урган гарсан байх, иргэний эрхэд шаардлагатайгаас илүү хэмжээгээр халдахыг хориглодог "proportionality" зарчим зэргийг зөрчиж гаргасан акт байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 38 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 15.469.363.64 төгрөгийг төлбөрийн хасч, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1.“...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчиж хууль тогтоомжид нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 38 дугаар шийдвэрээр "Э" ХХК-ийн хий бичилттэй падаан үйлдсэн байж болзошгүй нь шүүхийн журмаар тогтоогдоогүй байхад татварын улсын байцаагч нар нь татварын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн татварын улсын байцаагчийн 2120801995 тоот нөхөн ногдуулалтын актын 103.129.090,91 төгрөгийн зөрчилд ногдуулсан 10.312.909,09 төгрөгийн нөхөн татвар, 3.093.872,73 төгрөгийн торгууль, 2.062.581,82 төгрөгийн алданги, нийт 15.469.363,64 төгрөгийн төлбөрийг хасч багасган шийдвэрлэсэн нь актаар ногдуулсан төлбөрийн нөхөн татвар 10.312.909,09 төгрөгийг маргаан таслах зөвлөлөөс хүчингүй болгосон байхад дахин хасч шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.
Татвар төлөгч “Б*******” ХК нь 103.129.090,91 төгрөгийн дүн бүхий "хий бичилт"-тэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж, татвар ногдуулах орлогыг бууруулах зөрчил үйлдсэн нь Цагдаагийн ерөнхий газрын ЭЗГХТГ-ын МТХ-ийн даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6734 тоот албан бичгийн хавсралтад дурдагдсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад “Б*******” ХК-нд борлуулалт хийсэн гэх "Эм Ти Эй интернэшнл" ХХК байсан бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын хий бичилттэй падаан үйлдсэн байж болзошгүй талаар хэрэг бүртгэлийн 200200545 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгасан.
“Б*******” ХК нь “Эм Ти Эй интернэшнл” ХХК”-иас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дээрх компаниас 61 тонн 300 литр дизелийн түлш худалдан авч нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийж татвар ногдуулах орлогыг бууруулсан байсан.
Тус "Эм Ти Эй интернэшнл” ХХК нь нефтийн бүтээгдэхүүн борлуулах тусгай зөвшөөрөлгүй, түлш худалдан борлуулдаггүй. Харин газар тариалан, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх, гадаад худалдаа, хэвлэх үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нэмэгдсэн Өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын буцаалт хэсэгт залруулж тайлагнаагүй байсан нь Татварын ерөнхий хуульд заасан татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөөгүй нь татварын хуульд заасан хариуцлага хүлээх үндэслэл болсон.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 38 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэг. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын тухайд:
1.1.Шийдвэрийн үндэслэл хэсгийн 13-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь тухайн бараа бүтээгдэхүүнийг хэнд борлуулсан эсэхээс үл хамаарч Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногду******* тайлагнах ёстой, “У” ХНН нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлтэй эсэх нь татвар ногдох зүйлийг өөрчлөхгүй…” гэж дүгнэн актаар ногдуулсан 691.653.200.0 төгрөгийн зөрчилд 69.165.320 төгрөгийн нөхөн татвар, 20.749.596 төгрөгийн торгууль, 10.340.215.34 төгрөгийн алданги, нийт 100.255.131.34 төгрөгийн төлбөр ногдуулсныг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцу******* үзсэний үндсэн дээр …үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцсэнгүй.
Учир нь 2019 оны 10-12 сард “Улаанбаатар Төмөр зам” ХНН-т борлуулсан 19.042,4 тн нүүрсний орлого болох 691.653.200 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын өглөгийн журналд тусгасан болохыг Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаар тогтоолд тодорхой дүгнэсэн, түүнчлэн 2019 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн худалдан борлуулах нүүрсний үнийг тн тутамд 2000 төгрөгөөр нэмэгдүүлснийг тус нийгэмлэгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбогду******* тухайн үед худалдсан нүүрсний 691.653.200 төгрөгийн НӨАТ-гүй борлуулалт, 69.165.320 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 760.818.520 төгрөгийн борлуулалтыг авлага үүсгэн бичсэн нь программын журналын бичилтээр нотлогдохоос гадна 2020 онд “У” ХНН-т НӨАТ-ын падаан бичсэн нь е-баримт сайтад тусгагджээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулах бөгөөд “Б*******” ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор нэг тн нүүрсний суурь үнийг 2.000 төгрөгөөр нэмэгдүүлж, 33.500 төгрөгөөр, агуулах /цэг/-аар борлуулах нэг тн нүүрсний үнийг 2.000 төгрөгөөр нэмэгдүүлж 32.500 төгрөгөөр тус тус тогтоосны дагуу мөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Улаанбаатар Төмөр зам” ХНН-тэй байгуулсан ХХГ/19/2365 тоот Худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн нүүрсний үнийг нэмэгдүүлсэн боловч тус нийгэмлэгээс 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 16/79 дүгээр албан бичгээр “…дээрх гэрээний 2.1.3, 2.1.4-д зааснаар төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр гаргаагүй байхад үнэ нэмэгдүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул УБТЗ-ын хэрэгцээнд нийлүүлэгдэж байгаа нүүрсний үнийг гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацаанд хуучин хэвээр мөрдөхийг нэхэмжлэгч компанид мэдэгдсэнээр “борлуулалтад НӨАТ-ын баримт шивэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 76 вагон буюу 4974,8 тн, 11 сарын 31-ний байдлаар 5108,7 тн, 12 дугаар сарын 31-ний байдлаар 137 вагон буюу 8958,9 тн, нийт 19.042,4 тн нүүрсний борлуулалтын НӨАТ-гүй дүн 691.653.200 төгрөг, үүнээс НӨАТ 69.165.32 төгрөг, нийт 760.818.320 төгрөгийг борлуулалтын дансны дэлгэрэнгүй тайланд, мөн уг дүнгээр өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланд тус тус тайлагнасан байх тул үүнийг зөрчилд тооцож нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Өөрөөр хэлбэл “Улаанбаатар Төмөр зам” ХНН-д 2019 оны 10-12 сард борлуулсан нүүрсний орлого болох 691.653.200 төгрөгийг огт тайлагнаагүй гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангав.
1.2.Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 15.3-т Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно: 15.3.2.тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс; гэж тус тус заажээ.
Гэвч актаар тогтоосон үйл ажиллагааны бус торгуулийн 1.029.361.363.6 төгрөгийн орлого нь 2012-2014 оны хооронд хийгдсэн нүүрсний борлуулалтын төлбөр тооцооноос үүссэн зөрүү байх боловч цаг хугацааны хувьд Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар тогтоолоор тогтоогдож, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар буюу мөн оны 6-8 дугаар сард хөдлөх хөрөнгө болон сэлбэг хэрэгслийг орлогод бүртгэгдсэнээр сая татвар ногдох орлого гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нягтлан бодох бүртгэлийн Үндсэн хөрөнгийн бүртгэлийн дэлгэрэнгүй тайланд шүүхийн тогтоолын дагуу “Э” ХХК-иас гаргу******* авсан 3 тээврийн хэрэгслийг 2005-02 тоот дансанд 48.0 сая төгрөгөөр, 3 төрлийн машин механизм, хүчний машиныг 2004-02 тоот дансанд 852.411.120 төгрөгөөр, сэлбэгийг материалын товчоо тайлангийн 1602-03 тоот дансанд 231.886.380 төгрөгөөр тус тус бүртгэн орлогод авсан байх тул эдгээр орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хөөн хэлэлцэх 4 жилийн хугацааг Татварын ерөнхий хуулийн 15.3-т заасны дагуу тооцно.
Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж зааснаас үзэхэд сараар тайлангаа гаргаж зохих татвараа төлөхөөр заасан нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд 2016 оны орлогоор бүртгэсэн дээрх барааны хувьд мөн оныхоо 12 дугаар сард буюу жилийн эцэст тайлангаа гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс акт гаргасан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл татварын хөөн хэлэлцэх хугацааг тооцоход хуульд заасан 4 жилийн хугацаа дуусаагүй байна.
Нэгэнт татварын хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.13-т “бусдын буруутай үйл ажиллагааны улмаас хүү, торгууль, алданги авах”-ыг Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд нэгэн адил хамааруулахаар заасны дагуу актаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нүүрсний үнийн зөрүүнд тооцож авсан хөдлөх хөрөнгө, сэлбэг хэрэгслийн албан татвар ногдох борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан зөрчил гаргасан гэж дүгнэн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлтэй.
1.3.Актаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй 2017-2019 оны 1.527.812.368,02 төгрөгийн зөрчилд 152.781.236,80 төгрөгийн торгууль, 247.579.132,91 төгрөгийн алданги, нийт 400.360.369,71 төгрөгийн,
-Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй 2016-2019 оны 47.092.205.235,11 төгрөгийн зөрчилд 10.410.482.299,48 төгрөгийн торгууль, 5.043.052.585,95 төгрөгийн алданги, нийт 15.410.482.299,48 төгрөгийн,
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй 2016-2019 оны 11.094.883.330,49 төгрөгийн зөрчилд 1.109.488.633,09 төгрөгийн торгууль, 982.849.784,10 төгрөгийн алданги, нийт 2.092.338.417,19 төгрөгийн төлбөрийг тус тус ногдуулснаас:
а/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 3 жил дараалан 360 хоног хоцроосон хоног тутамд 0.1 хувиар тооцож 152.781.236,80 төгрөгийн торгууль ногдуулсан нь хугацаанд нь төлөгдөөгүй 1.527.812.368,02 төгрөгийн татварын 10 хувиас хэтрэхгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Учир нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татварыг тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол …хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар: Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна” гэсэнтэй нийцжээ.
Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 1.527.812.368,02 төгрөгийг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 247.579.132,91 төгрөгийн алданги ногдуулсан нь төлөх татварын 14.9-17.5 хувь байгаа талаар Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд тодорхой дүгнэсэн, өөрөөр хэлбэл “…алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэсэн Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг энэ тохиолдолд татварын улсын байцаагчид хэрэглэснийг нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.
Учир нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн Тайлбарт “энэ зүйлийн 1, 2, …дахь хэсэгт заасан …хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” , 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “…оногдуулах шийтгэл, …хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ыг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, …-ыг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан.
б/Харин 2016-2019 онд Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй 47.092.205.235,11 төгрөгийн зөрчилд ногдуулсан 10.367.429.713,53 төгрөгийн торгуулиас 6.457.919.497,91 төгрөгийг,
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй 11.094.883.330,49 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1.109.488.633,09 төгрөгийн торгуулиас 491.368.675,32 төгрөгийг;
-Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй 47.092.205.235,11 төгрөгийн зөрчилд ногдуулсан 5.043.052.585,95 төгрөгийн алдангиас 26.713.678,56 төгрөгийг;
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй 11.094.883.330,49 төгрөгийн зөрчилд ногдуулсан 982.849.784,10 төгрөгийн алдангиас 367.119.902,46 төгрөгийг татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор тус тус хассан, өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-ийн тайлбарт заасны дагуу ногдуулсан торгуулийн төлөх татварын 10 хувиас, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу ногдуулсан алдангийн төлөх татварын 20 хувиас тус тус хэтрүүлсэн хэсэгт хамаарах торгууль, алдангийг ийнхүү хассан хэсэгт давж заалдах шатны шүүхээс дахин дүгнэлт хийх шаардлагагүй, нэхэмжлэгчээс ч хуульд заасан хугацаанд төлөгдөөгүй татварт тус тусын хуулиар ногдуулсан торгууль, алдангийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдохдоо “…эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж, зөрчилд илүү торгууль, алданги ногдуулсан…” гэснээс өөрөөр тухайлбал, маргаан таслах зөвлөлийн тогтоолоор бууруулснаас үлдсэн 4.680.411.410,19 төгрөгийн торгууль, 5.879.647.921,94 төгрөгийн алданги, нийт 10.560.059.332,13 төгрөгийн төлбөрийг чухам ямар тооцооллоор, хэрхэн дахин буурах боломжтой байсан талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй болно.
Иймд маргаан бүхий актаар торгууль, алданги ногдуулахдаа нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль болох 2008 оны Татварын ерөнхий хуулийг хэрэглэсэн боловч тооцооллын алдаа гаргасныг маргаан таслах зөвлөлийн тогтоолоор дээрх байдлаар буюу 17.903.181.086,38 төгрөгийн төлбөрөөс нийт 7.343.121.754,25 төгрөгийн торгууль, алдангийг бууруулсан байх тул давж заалдах гомдлын хүрээнд дахин бууруулах үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын тухайд:
2.1.Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2120801995 дугаар нөхөн ногдуулалтын актаар нийт 61.539.044.588,16 төгрөгийн зөрчилд 18.174.018.730,43 төгрөгийн төлбөр ногдуулснаас 7.353.434.663,34 төгрөгийн төлбөрийг бууруулж, 61.435.915.497,25 төгрөгийн зөрчилд ногдох 10.820.584.067,09 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилсөн.
Энэхүү бууруулсан төлбөрт актаар “Б*******” ХК-д 2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаан ашиглан 103.129.090,91 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд нийт 15.469.363,64 төгрөгийн төлбөр ногдуулсны 10.312.909,09 төгрөгийн нөхөн татвар хамаарч байгаа болох нь дээрх тогтоолын “Гурав”-т хийсэн дүгнэлт, Тогтоох хэсгийн “…103.129.090,91 төгрөгийн зөрчилд ногдох залруулсан 10.312.909,09 төгрөгийн нөхөн татварын төлбөр, …”-ыг бууруулж гэснээр тогтоогдох атал шүүхийн шийдвэрт ийнхүү бууруулсан буюу хүчингүй болгосон нөхөн татварыг актаар тогтоосон төлбөрөөс дахин хасч шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Учир нь “Б*******” ХК “Эм Ти Эй Интернейшнл” ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 103.129.090.91 төгрөгийн шатахуун авсан гэх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн үед төлбөл зохих албан татвараас хасч тооцсон зөрчил гаргасан боловч “…2020 оны 4 дүгээр улирлын “ТТ-03а Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан”-гийн “Д.Тайлангийн залруулга” хэсэгт худалдан авалтын буцаалт, хөнгөлөлтийн дүнгээр 10.312.909,09 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан залруулсан болох нь татварын цахим мэдээллийн сангийн тайлангийн мэдээллээр нотлогдсон, өөрөөр хэлбэл хяналт шалгалтаар илэрсэн энэхүү зөрчлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч зөрчлийг арилгах зорилгоор дээрх хугацаанд тайланд тусган залруулга хийлгэсний дагуу татварын өрийн тооцооллын системд 2017 онд “Б*******” ХК-ийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын ногдол 10.312.909,09 төгрөгөөр нэмэгдэж орсон нь бүртгэл мэдээллийн сан дахь татварын ногдлын мэдээллээс харагдаж байх тул төсөвт төлөх тухайн татварын ногдол нь давхардаж байна…” гэсэн үндэслэлээр нөхөн татварыг хасахаар шийдвэрлэсэн болох нь Маргаан таслах зөвлөлийн тогтоолд дэлгэрэнгүй тусгагджээ.
Үндсэндээ хэлбэл “Б*******” ХК-ийн гомдлын энэхүү зөрчилд холбогдох нөхөн татварыг хүчингүй болгуулах шаардлага ийнхүү татварын маргааныг урьдчилан шийдвэрлэх шатанд буюу шүүхийн бус журмаар хангагдсан байхад шүүхийн шийдвэрт актын дүнгээс нэгэнт хасагдсан нөхөн татварын талаар дахин дүгнэлт хийж, тухайлбал “…тайланд тусгасан 103.129.090,91 төгрөгийн худалдан авалт, уг худалдан авалтаар төлж, улмаар хасагдах татвараар тодорхойлсон 10.312.909,9 төгрөгт холбогдох баримтыг шалгаагүй, татвар төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэдэг нь тайлангаар нотлогдохгүй, “Эм Ти Интернейшнл” ХХК нь хий бичилттэй падаан үйлдсэн байж болзошгүй нь шүүхийн журмаар тогтоогдоогүй байхад татварын улсын байцаагч нар нь татварын зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй…” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үйл баримтын талаар дүгнэлт хийн нөхөн татварыг хасч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнтэй нийцсэнгүй.
Нэхэмжлэгчээс дээрх зөрчлийн хувьд актаар тогтоосон 3.093.872,73 төгрөгийн торгууль, 2.062.581,82 төгрөгийн алдангийг хүчингүй болгохыг хүссэнээс бус маргаан таслах зөвлөлөөр нэгэнт хүчингүй болгосон 10.312.909,09 төгрөгийн нөхөн татварыг дахин хүчингүй болгуулахаар маргах шаардлагагүй, иймд хүчингүй болгосон төлбөрийг шүүхийн шийдвэрээр дахин хүчингүй болгох нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад үл нийцнэ.
2.2.Харин нефтийн бүтээгдэхүүн борлуулах тусгай зөвшөөрөлгүй, түлш худалдан борлуулдаггүй “Эм Ти Эй Интернейшнл” ХХК-иас НӨАТ-ын хий бичилттэй падаанаар нийт 61.300 литр түлш худалдан авсан мэтээр татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргасан буюу 10.312.909,09 төгрөгийн татварыг хуульд заасан хугацаанд нь төлөөгүйгээс үүсэх хариуцлага болох 3.093.872,73 төгрөгийн торгууль, 2.062.581,82 төгрөгийн алданги, нийт 5.156.454,55 төгрөгийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэсний дагуу тооцож гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Учир нь хуульд заасан хугацаанд татвар ногдох орлогоо үнэн зөв тайлагнаж төсөвт төлөөгүйгээ хүлээн зөвшөөрч төлөх ёстой татварыг татварын тайлангийн залруулгаар нөхөн төлөхөөр тусгасан нь уг татварыг хуулийн хугацаанд төлөөгүйгээс үүсэх хариуцлага болох актаар тогтоосон торгууль, алдангийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 38 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…нөхөн ногдуулалтын…” гэснээс хойшхыг “актаар ногдуулсан 691.653.200.0 төгрөгийн зөрчилд 69.165.320 төгрөгийн нөхөн татвар, 20.749.596 төгрөгийн торгууль, 10.340.215,34 төгрөгийн алданги, нийт 100.255.131,34 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, уг дүнгээр актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасган, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т*******ын давж заалдах гомдлыг зарим хэсгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******гийн давж заалдах гомдлыг тус тус хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН