| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 131/2019/00293/И |
| Дугаар | 001/ХТ2021/00028 |
| Огноо | 2021-01-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2021/00028
Ц.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2019/00419 дугаар шийдвэртэй,
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 213/МА2019/00017 дугаар магадлалтай,
Ц.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй,
Б.Балгансүрэнд холбогдох
Гэм хорын хохиролд 1.853.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одонтуяа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэрэннадмидын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн үед Рrius11 маркийн машинтай 9-р багийн 14 дүгээр гудамжинд айлд очих гээд явж байтал 25-56 БНА улсын дугаартай sonota-6 маркийн автомашин гудамжнаас гэнэт хурдан гарч ирж мөргөсөн. Тухайн үед даатгал, цагдаа бүгд ирсэн. 100 хувь нөгөө талын буруу болж Б.Балгансүрэн даатгалаараа хохирлоо барагдуулмаар байна, би хөдөө ажилладаг, бас танай нөхрийг ч таних юм байна гээд байхаар нь даатгалаар хохирлоо барагдуулахаар болсон хэдий ч маргааш өдрөөс нь эхлээд миний толгой нуруу өвдөж эхэлсэн. Тухайн үед нь нөгөө машины жолооч Б.Балгансүрэнтэй уулзаж эмнэлэгт үзүүллээ, эм тариа авч хэрэглэ гэж байна гэхэд чи одоо юу яриад байгаа юм бэ, даатгалаар эм тарианы мөнгө олдохгүй нэг бол машинаа засуул нэг бол эмчилгээгээ хийлгэ /манай ээж, эгч, эхнэр гээд бүгд эмнэлгийн хүмүүс байдаг/ гэж уурласан. Би ч тухайн үед юм хэлэлгүй өнгөрсөн. Миний нуруу толгой ихээр өвдөж Улаанбаатар хот руу явж онош тодруулах шаардлагатай гээд компьютер томограф хийлгэсэн. Нөгөө жолооч болох Б.Балгансүрэн нь холбоо бариагүй, залгахаар дугаар блоклочихсон ярьдаггүй, өөр дугаараас залгахаар хоолой сонсож байгаад утсаа салгадаг, холбогдож чадахгүй байж байгаад 04 сарын 01-ний өдөр Холбооны гадаа таарахад тухайн үед даатгалаараа шийдүүлнэ гэж ярьчихаад юун эм тарианы мөнгө яриад байгаа юм бэ, тийм л юм бол цагдаадаа өгөөд шүүх эмнэлгээр явахгүй яасан юм, чи ер нь яах гэж цагдаад өргөдөл өгөөд байгаа юм бэ, чаддаг юм бол надаас юм олж долоогоорой гэж намайг элдвээр хэлж байгаад явсан. Цагдаад 2 удаа өргөдөл өгсөн боловч ээж нь ганц хоёр удаа ирж уулзсан өөрөө болохоор ганцхан удаа ирж уулзсан. Даатгалын нөхөн төлбөр ороогүй байхад өргөдлөө өгч байхад яагаад цагдаагийн байгууллага тухайн жолооч дээр арга хэмжээ авч ажиллаагүй юм бэ. Надад үнэхээр их гомдолтой байна. Иймд хариуцагч Б.Балгансүрэнгээс машинд учруулсан хохирол 1.345.000 төгрөг, даатгалын үнэлгээгээр гарсан төлбөр 840.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 505.000 төгрөг, эм тарианы 98.050 төгрөг, осол болсноос хойш машин засвараас гарах хүртэл буюу 03-р сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны миний өөрийн олох ёстой байсан орлого болох 34 хоногийн /1 хоног х 27,900/ 948,600 төгрөг, 02-р сарын 12-ны өдрөөс 03-р сарын 18-ны өдрийг хүртэл зөвхөн ажлын өдрүүдэд таксины зардалд ажлын 23 хоногийн /1 хоног х 3500/ 80.500 төгрөг, Улаанбаатар хотруу явсан зардалд 61.000 төгрөг, эмнэлэгт компьютер томограф хийлгэсэн зардалд 160.000/ толгой нуруу тус тусдаа 80.000/ нийт 1.853.150 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одонтуяагийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.Балгансүрэн нь 2019 ны 02 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед sonata-6 маркийн 25-56 БНХ улсын дугаартай өөрийн автомашинаар дэлгүүр орох гээд гудамжныхаа үзүүр тойртол нөгөө талаас prius-11 маркийн 82-02 БНХ улсын дугаартай автомашин гарч ирээд мөргөлдсөн. Тухайн үед цагдаа, шинжээч, даатгалыг дуудаж бүгд ирсэн, би ч бас очсон. Хоёр тал тохиролцоод даатгалаар шийдвэрлүүлэхээр болоод цагдаа нар явж даатгал бүх зургийг аваад маргааш өглөө бичиг баримтаа аваад 2-уулаа ир гээд явсан. Маргааш нь манай хүүхэд очиход нөгөө жолооч нь машиныхаа бичиг баримтаа авч ирээгүй, машин нь Гялс төгрөг ХЗХоршоонд барьцаанд байгаа гэсэн. Даатгалаас тэр гэрээгээ аваад ир гэхэд өөрсдөө бараг 7-8 хонож байж авчирч өгсөн. Бодь даатгал үнэлгээг хот руу явуулж хийлгээд 840.000 төгрөгөөр тогтоож, даатгалын мөнгийг нэхэмжлэгчийн данс руу хийсэн. Гэтэл машинд учруулсан хохирол гэж 1.345.000 төгрөг нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 3-4 хоногийн дараа манай хүүхэд ээж нөгөө хүмүүс чинь эмчилгээний зардал нэхээд байна гэхээр нь ээж рүүгээ явуулчих, албан ёсоор шинжээч томилуулаад эмнэлэгт үзүүлж, харуулж өгье гэсэн. Албан ёсоор шинжээч томилуулж, эмнэлэгт үзүүлэх гэтэл нэхэмжлэгчийн утас нь холбогдоогүй. Тэгээд манай хүүхэд ажлаар хөдөө явсан. Албан ёсоор шинжээч томилуулаад эмнэлэгт үзүүл гэхэд ирээгүй байж одоо төрөл бүрийн эмчилгээний төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Сүүлд уулзахад мэдрэлийн Батаа эмч дээр очиж үзүүлээд зураг авахуул гээд явуулсан юм байна лээ.\ Зураг авахуулаад түүн дээр өөрчлөлттэй гэсэн зүйл байхгүй байсан. Тэгээд 10-аад хоногийн дараа Улаанбаатар хот руу ажлаар явах гэж байгаа, 13А маягт өгөөч гэж гуйгаад аваад явсан байсан. Тэгээд хотод очоод томографикийн зураг авахуулсан, зураг дээр нь өөрчлөлттэй гэсэн зүйл гараагүй байсан. Баримттай юман дээр татгалзах зүйлгүйгээр гарсан зардлыг нь төлнө. Тэр машинд учруулсан хохирол 1.345.000 төгрөг гээд нэхээд байгаа нь хаанаас гараад ирсэн зардал юм. Машинд учирсан хохирол 840.000 төгрөгөө энэ хүн авсан. Мөн таксинд явж олох байсан орлого гэж нэхсэн, гэтэл Баянхонгорт бүтэн өдөржин таксинд явахад 27.900 төгрөг олохгүй. Энэ таксинд явж олох байсан орлогыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2019/00419 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510-р зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан Б.Балгансүрэнгээс эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 604.050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Цэрэннадмидад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.249.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цэрэннадмидын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.600 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд үлдээж, хариуцагч Б.Балгансүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 18.771 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Цэрэннадмидад олгож шийдвэрлэжээ.
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 213/МА2019/00017 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2019/00419 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Цэрэннадмидын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одонтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.771 төгрөгийг төвлөрсөн төсвийн сангаас гаргаж, хариуцагч Б.Балгансүрэнд буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ц.Цэрэннадмидын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Миний нэхэмжилж байгаа зардлууд 2019 оны 03 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот чиглэлд, 2019 оны 03 сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор чиглэлд, нийтийн тээврийн автобусаар зорчсон 2 талын зардалд 61.000 төгрөг, 2019 оны 02 сарын 15-ны өдөр Наянбулаг ганга эмийн сангаас эм тариа авсан зардалд 98.050 төгрөг, Тоёота приус-11 машинд авсан том радиаторын үнэ 210.000 төгрөг /даатгалын үнэлгээнд ороогүй болно/, урд их гэрлийн үнийн зөрүү 120.000 төгрөг, машин засварын хөлсний зөрүү 115.000 төгрөг зэрэг нь нотлох баримтаар тогтоогдож байгаа болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан 604.050 төгрөгийн гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ц.Цэрэннадмид нь хариуцагч Б.Балгансүрэнд холбогдуулан эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсны хохирол 1.853.150 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч машинд учруулсан хохирол төлөгдсөн, ...шинжээч томилж, гэмтлийн зэрэг тогтоолгож байж эмчилгээний зардал төлөхөд татгалзахгүй гэсэн тайлбарыг гаргаж, /хх-28-29-р тал/ анхан шатны шүүх хуралдаанд засварын зардал 125.000 төгрөг, эм тарианы 98.000 төгрөг төлөхөд бэлэн гэж /хх-50-р тал/ нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрчээ.
Анхан шатны шүүх, хариуцагчаас 604.050 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо, ...нэхэмжлэгч автомашинд учирсан хохирлыг 100 хувь даатгалын байгууллагаас авсан, ...ослын улмаас эрүүл мэндэд хохирол учраагүй нь тогтоогдсон... гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгов.
Хариуцагч Б.Балгансүрэн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ нэхэмжлэгч Ц.Цэрэннадмидын унаж явсан автомашиныг мөргөж, эд хөрөнгөд хохирол учруулсан, даатгалын байгууллагаас учирсан хохиролд 840.000 төгрөг төлөгдсөн нь тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.
Бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ...эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заажээ. Түүнчлэн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой ...зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан байна.
Осолтой холбоотой биед зовиур илэрсэн гэж нэхэмжлэгч эмнэлэгт үзүүлж, эмчийн заавраар эмчилгээ хийлгэснийг болон автомашинд засвар хийхэд даатгалаас олгосон нөхөн төлбөрийн хэмжээнээс илүү зардал гаргасан тухай нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үгүйсгэх үндэслэлгүй байна. Иймд эдгээр нь хариуцагчийн гэм буруутай хууль бус үйлдэл, уг үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол, эдгээрийн хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 213/МА2019/00017 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2019/00419 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.
2. Нэхэмжлэгч Ц.Цэрэннадмид нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 18.771 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ