Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

 

2016         10            25                                        92

 

 

                                  

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж, 

            улсын яллагч Б.Соёлмаа,                              

            хохирогч Б.Отгонбаяр,

            гэрч Ж.Дэлгэрсайхан,

            шүүгдэгч Д.Баянтамир, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарга Морьт овогт Дэлгэрсайханы Баянтамирт холбогдох 201626031029 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Виви ХХК-д арьсаны үйлдвэрт эсгүүрчин ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 59-р гудамжны 65 тоотод бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны 1-р гудамжны 1 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарга Морьт овогт Дэлгэрсайханы Баянтамир /РД:АГ98051519/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Д.Баянтамир нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монголын үндэсний сурын харвааны талбайд тэмцээнд оролцож байхдаа хасаа өрж дуусаад босож байсан Б.Отгонбаярыг санамсаргүй сум тавин харван онож, биед нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

                                         

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Баянтамир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би тухайн харваагаа 9 дүгээр зурхай дээр харваж байсан. Зурхай хүртэл 75 метрийн зайтай бөгөөд зурхай дээр миний өмнө харвасан хүмүүс сум харж хасаа өрөх ажил хийж байсан. Ингээд хасаа өрж байсан хүмүүс өрж дуусаад би 2 дахь харваагаа харвасан. Тэгээд би сумаа тавьсан чинь хасаан дээр зогсож байсан хүнийг санамсаргүй байдлаар оносон. Тэгээд тухайн хүн дээр очиход толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Би Отгонбаяр гэх хүнийг танихгүй, тухайн тэмцээн болох өдөр анх удаа харсан. Тухайн үед би сумаа харвахдаа алдаж, санамсаргүй байдлаар тухайн хүнийг оносон гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

...Зурхай дээр хасаа өрж байгаа хүмүүс өөрийн аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой зогсох ёстой байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

 

Хохирогч Б.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монголын сурын холбооноос Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан. Тус тэмцээнд би Өмнөговь аймгийн сурын холбооны багт орж тэмцээнд оролцсон. Тухайн өдөр 16 цагт тэмцээн эхлээд би 4 сумаа тавьж харваад зурхай дээр очиж хасаа хураах ажил хийсэн. Би Д.Баянтамирын өмнөх хүний оносон хасааг өрөөд босоход Д.Баянтамир сумаа харвахдаа миний толгой тус газарт оносон. Миний ойлгож байгаагаар Д.Баянтамир намайг суугаад хасаа өрж байхад сумаа онилоод сумаа тавьсан байх гэж бодож байна. Би суманд оногдох үед толгойноос маш их цус гараад тэмцээний үед ажиллаж байсан эмч анхны тусламж үзүүлж, Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд миний толгойны яс цөмөрсөн байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө би эмнэлэгт хэвтээд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэхээр нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хагалгаанд орсон. Одоогийн байдлаар миний толгойд ямар нэгэн зовиур байхгүй. Би Д.Баянтамираас 1.400.000 гаруй төгрөг эмчилгээний зардалд  авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Гэрч Ж.Дэлгэрсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Сумаа тавих үед хасаан дээр сумаа сум өрж байсан хүнийг оносон байсан. Яг ямар байдалтай байхад нь оносон гэдгийг мэдэхгүй байна. Тухайн залуу хасааны зүүн захад зогсож байсан. Энэ үедээ суманд оногдсон гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

 

Хохирогч Б.Отгонбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ....Үндэсний сурын талбай дээр Залуучуудын аварга шалгаруулах сурын тэмцээн болж байсан. Би тухайн үед өөрийн харваагаа хийж дууссаны дараа зурхай дээр хасаа өрөх ажил хийж байсан юм. Ингээд би хасаа өрж дуусаад боссон чинь миний толгой руу сум ирээд оносон. Тухайн үед миний толгойноос цус гарсан. Тэгээд тэмцээний үеэр ажиллаж байсан эмч ирээд миний толгойг боож өгөөд Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Зургийг авахуулахад чамархайн яс цөмөрсөн байна, яаралтай эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гээд хэвтүүлсэн. Миний толгой руу Баянтамир гэдэг залуу харвасан. Миний хагалгааны зардал 1.500.000 төгрөг, эм тарианы төлбөр 500.000 төгрөг болсон байгаа. Өмнөх харвааг Баянтамирын өмнөх харваж байсан хүн харваж дуусаад би хасааг өрж байхад нумаа татахдаа миний толгойг оносон байгаа. Тухайн үед туршлага муутай учраас харвахдаа миний толгойг оносон. Баянтамирын ээж нь надад 470.000 орчим төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл зардлаа нэхэмжилж байна, миний хувьд эмчилгээний зардлаа авчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 7-11-р хуудас/,

Гэрч Ё.Гэрэлмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Миний хувьд тухайн тэмцээнд оролцоод өөрийн харваагаа хийж дуусаад ар талын үзэгчдийн суудал дээр сууж байсан. Ингээд үзээд сууж байхад 9 дүгээр зурхай дээр Баянтамир гэх залуу харваа гүйцэтгэж байх үедээ 9 дүгээр зурхай дээр хасаа өрж байсан хүн суманд оногдохыг алсаас харсан. Ингээд би тухайн суманд оногдсон хүн дээр очоогүй. Суманд оногдчихлоо гээд хүмүүс шуугисан. Тэгээд эмч очоод анхны тусламж үзүүлж байгаа харагдсан. Эрэгтэй сурын харваа 75 метрийн зайнаас харвадаг. Тэр залууг тонгойгоод байж байхад нь харваагүй, болгоомжгүй байдлаар оносон гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

 

Гэрч Б.Өлзиймаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Отгонбаяр ах бид хоёр нэг зурхай дээр харваж таарсан. Ингээд би зурхай дээр ажлаа хийж дуусаад намайг буцахад Отгобаяр ах зурхай дээр хасаа өрөх ажил хийгээд явж байсан. Тэгээд би сумаа аваад эргээд хартал зурхай дээр Отгонбаяр ах толгойгоо бариад доошоо суусан байсан. Тэгээд би сумаа байсан газар нь тавиад шууд машин дээрээ очоод сальфитка авч буцаад зурхай дээр гүйж очоод Отгонбаяр ахын малгайг аваад сальфиткаар цусыг нь тогтоох гэсэн боловч тогтохгүй байсан чинь өөр нэг ах ирээд толгойг нь боож өгөөд эмнэлэг аваад явсан. Тухайн оносон залуу нь туранхай бол залуу байсан, би танихгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

 

Гэрч Д.Болдбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би тухайн үед хамгийн зүүн талын 9 дүгээр зурхай дээр 4 хүнээс 3 дахь эгнээнд нь зогсож байсан. Би тухайн залуугийн өмнө харваагаа гүйцэтгээд хасаагаа оносон эсэхээ мэдэхгүй байна. Ингээд миний дараа зогсож байсан залуу харваагаа гүйцэтгэсэн. Бид 4-ыг харвахын өмнө харвасан залуу хасаан дээр зогсож байсан залууг сумаар оносон гэх боловч онож байхыг нь хараагүй. Тухайн залуу хасааны зүүн хэсэгт зогсож байгаад оногдсон байсан. Зурхай дээр ажиллаж байгаа хүн өөрөө аюулгүй байдлаа хангаад зогсох ёстой. Эрэгтэй сурын харваа 75 метр зайнаас харвадаг гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №10080 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Отгонбаярын биед баруун чамархай ясны ил хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи доргилт, баруун чамархайн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. /хх-ийн 25-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1125 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Долгормаагийн гаргасан 10080 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогч Б.Отгонбаяр нь ГССҮТ-д 2016.07.05-2016.07.18-ны хооронд онош: тархины дунд зэргийн няцрал, баруун чамархайн ясны ил хугарал, хатуу хальсан дээрхи цусан хураа, тархи дарагдал, мэс заслын дараах байдал оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн байна. Дээрх гэмтэл нь гоо сайханд нөлөөлөхгүй. Отгонбаярын биед баруун чамархай ясны ил хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи доргилт, баруун чамархайн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн нь үндэслэлтэй байна. /хх-ийн 28-29-р хуудас/,

Хохирогч Б.Отгонбаярын өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-46-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51, 105-р хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн  104-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч Д.Баянтамир нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монголын үндэсний сурын харвааны талбайд тэмцээнд оролцож байхдаа хасаа өрж дуусаад босож байсан Б.Отгонбаярыг сум тавин харван онож, биед нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Отгонбаярын ....Үндэсний сурын талбай дээр Залуучуудын аварга шалгаруулах сурын тэмцээний үед өөрийн харваагаа хийж дууссаны дараа зурхай хасаа өрөх ажил хийж байсан юм. Ингээд би хасаа өрж дуусаад боссон чинь миний толгой руу сум ирээд оносон, тэгээд толгойноос цус гарсан. Тэмцээний үеэр ажиллаж байсан эмч ирээд миний толгойг боож өгөөд Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Зургийг нь авахуулахад чамархайн яс цөмөрсөн байна, яаралтай эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гээд хэвтүүлсэн. Миний хагалгааны зардал 1.500.000 төгрөг, эм тарианы төлбөр 500.000 төгрөг болсон байгаа. Баянтамир нь туршлага муутай улмаас харвахдаа миний толгойг оносон. Баянтамирын ээж нь надад 470.000 орчим төгрөг өгсөн. Шүүх хуралд 950.000 төгрөг өгсөн нийт 1.407.800 төгрөг авсан нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгч Д.Баянтамир нь залуу хүн, түүний ирээдүйг бодоод гомдолгүй гэв. /хх-ийн 7-11-р хуудас/,

 

Гэрч Ё.Гэрэлмаагийн ...би тухайн тэмцээнд оролцоод өөрийн харваагаа хийж дуусаад ар талын үзэгчдийн суудал дээр сууж байхад 9 дүгээр зурхай дээр Баянтамир гэх залуу харваа гүйцэтгэж байх үедээ 9 дүгээр зурхай дээр хасаа өрж байсан хүн суманд оногдохыг би алсаас харсан. Тэгээд эмч очоод анхны тусламж үзүүлж байгаа харагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

 

Гэрч Б.Өлзиймаагийн ...Отгонбаяр ах бид хоёр нэг зурхай дээр харваж таарсан. Ингээд би зурхай дээр ажлаа хийж дуусаад буцахад Отгонбаяр ах зурхай дээр хасаа өрөх ажил хийгээд явж байсан. Тэгээд би сум авдаг газраас сумаа аваад эргээд хартал зурхай дээр Отгонбаяр ах толгойгоо бариад доошоо суусан байсан. Тэгээд би сумаа байсан газарт нь тавиад шууд машинаас сальфитка аваад буцаад зурхай дээр гүйгээд очиход Отгонбаяр ахын цусыг нь тогтоох гэсэн боловч тогтохгүй байсан тул өөр нэг ах ирээд толгойг нь боож өгөөд эмнэлэг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

 

Гэрч Д.Болдбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би тухайн үед хамгийн зүүн талын 9 дүгээр зурхай дээр 4 хүнээс 3 дахь эгнээнд нь зогсож байсан. Би тухайн залуугийн өмнө харваагаа гүйцэтгээд хасаагаа оносон эсэхээ мэдэхгүй байна. Ингээд миний дараа зогсож байсан залуу харваагаа гүйцэтгэсэн. Бид 4-ыг харвахын өмнө харвасан залуу хасаан дээр зогсож байсан залууг сумаар оносон гэх боловч онож байхыг нь хараагүй. Тухайн залуу хасааны зүүн хэсэгт зогсож байгаад оногдсон байсан. Зурхай дээр ажиллаж байгаа хүн өөрөө аюулгүй байдлаа хангаад зогсох ёстой. Эрэгтэй сурын харваа 75 метр зайнаас харвадаг гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №10080 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Отгонбаярын биед баруун чамархай ясны ил хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи доргилт, баруун чамархайн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. /хх-ийн 25-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1125 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Долгормаагийн гаргасан 10080 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогч Б.Отгонбаяр нь ГССҮТ-д 2016.07.05-2016.07.18-ны хооронд онош: тархины дунд зэргийн няцрал, баруун чамархайн ясны ил хугарал, хатуу хальсан дээрхи цусан хураа, тархи дарагдал, мэс заслын дараах байдал оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн байна. Дээрх гэмтэл нь гоо сайханд нөлөөлөхгүй. Отгонбаярын биед баруун чамархай ясны ил хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи доргилт, баруун чамархайн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн нь үндэслэлтэй байна. /хх-ийн 28-29-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь нотлогдож байна.

             

            Иймд шүүгдэгч Д.Баянтамирыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Хохирол төлбөрийг тухайд:

            Шүүгдэгч Д.Баянтамир нь хохирогч Б.Отгонбаярт мөрдөн байцаалтын шатанд 457.800 төгрөг /хх-ийн 104-р хуудас/, шүүхийн шатанд 950.000 төгрөг нийт 1.407.800 төгрөг төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Б.Отгонбаяр нь гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан  гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Баянтамир анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүгдэгчид ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна. 

 

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шарга морьт овогт Дэлгэрсайханы Баянтамирыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Дэлгэрсайханы Баянтамирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Д.Баянтамирт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Д.Баянтамирт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

5. Шүүгдэгч Д.Баянтамир нь хохирогч Б.Отгонбаярт 1.407.800 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Хохирогч Б.Отгонбаяр нь гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Баянтамираас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Д.Баянтамир нь цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баянтамирт авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Х.ОДБАЯР