Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/208

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгч Р.Т*********т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р*********ийн Т*********тад холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Р.Т*********т нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Э*********ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож доод уруулд шарх, баруун доод зовхи, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Т*********т нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Э*********ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож доод уруулд шарх, баруун доод зовхи, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.Т*********тын мөрдөн шалгах ажиллагаанд, болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд эгчийндээ ирээд шөнийн 00 цаг болох гэж байхад Э********* над руу залгахаар нь би аваад ярьтал нэг эмэгтэй хүн Э*********ийг ирж аваач тасарчихлаа ирж ав гээд байсан. Тэгэхээр нь би эгчийн гэрээс гараад такси бариад 13-р хорооны 60-р гудамжны нэг тоотоос Э*********ийг очиж авсан. Тухайн үед намайг тэр айлд ороход Э********* нэлээн согтуу харин бусад хүмүүс нь гайгүй байсан. Тэгээд намайг явъя гэсэн чинь Э********* нь намайг удам муутай лалар, танай аав чинь архичин гээд олон хүний нүдэн дээр намайг эвгүй байдалд оруулаад байхаар нь би Э*********ийг чирч гараад айлын таамбар хэсэгт явж байхад Э********* нь би энд үлдмээр байна гээд байхаар нь би нүүр хэсэг рүү нь нэг удаа алгадсан. Тэгэхэд Э*********ийн уруул хэсгийг нь цохисон юм шиг байсан. Уруулаас нь цус гарсан харагдаж байсан. Тэгээд би Э*********ийг аваад таксиндаа суугаад Э*********ийг гэр лүү явж байхад таксин дотор чи намайг цохилоо гээд миний нүүр лүү өшиглөөд байсан. Бас гаран дээрээс хазаад, гэдэснээс базаад байсан. Тэгэхээр нь би Э*********ийн зүүн мөр лүү нь алагдаад бас цээж хэсэг рүү нь 1-2 удаа цохиод хүзүүнээс нь доош дараад явсан. Ингэхгүй бол намайг цохиж маажих гээд байсан. ...” гэх мэдүүлэг (хх-19х),

Хохирогч Ц.Э*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 06-нд манай найз Далайгийн төрсөн өдөр болсон юм. Тэгээд манайд очъё гээд байхаар нь би Далайг дагаад гэрт нь очсон. Тухайн үед оройны 23 цаг болж байсан байх. Далайгийн гэрт очиход нөхөр нь хоол хийж байсан. Тухайн үед манай найз чи нөхөртөө хэлэхгүй юм уу залгаад хэлчих гэхээр нь би Т*********т руу залгаад найзынхаа гэрт байна гээд хаягийг нь хэлж байсан. Үүний дараа хоол болоод хоолоо идээд сууж байхад гаднаас манай нөхөр Т*********т орж ирээд явъя гаръя гээд уурлах маягтай хэлсэн, Тэгэхээр нь би идэж байсан хоолоо хаяад Т*********тыг дагаад найзынхаа гэрээс гарсан. Тухайн үед Т*********т манай найзын гадаа нэг такситай ирсэн байсан. Тэгээд тэр таксинд нь суугаад гэр лүүгээ явж байсан чинь Т*********т намайг Далайгийн нөхөртэй хардаад байгаа юм шиг байсан танай найз нар чинь нөхөртэйгөө байна чи нөхөргүй сууж намайг дуудсангүй гээд такси дотор миний шүд хэсэг рүү гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Бас миний доод талын уруул болон хамар луу гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Бас баруун талын нүдний зовхи руу гараа атгаж байгаад нэг удаа, дал руу 1 удаа чанга цохисон. Тэгэхэд тэр таксины жолооч нь болиоч гэж хэлсэн чинь Т*********т юм хэлээгүй намайг зодохоо больсон. Тэгээд намайг гэрийн үүдэн дээр буулгачхаад Т*********т яваад өгсөн... өмнө нь намайг зөндөө зодож байсан “... гэх мэдүүлэг (хх-12-13х),

Гэрч С.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр өдрийн орой Т*********т манай гэрт хүүхэдтэйгээ байж байсан юм. Ингээд байж байхад шөнийн 00 цаг болох гэж байхад Т*********тын утас нь дугарч байсан. Тэгээд утсаар ярьж дуусаад Э*********ийн хамт шоудсан хүн нь 13-р хорооноос энийгээ ирж ав гээд залгаад салахгүй байна очиж авахаас гээд яваад өгч байсан. Ингэж явчхаад шөнийн 01 цаг өнгөрч байхад манай гэрт ганцаараа орж ирээд Э********* нь сайн танихгүй хүмүүстэйгээ шоудаад явчих юм нөгөө хүмүүс нь яв гээд байхад явахгүй гээд тэрүүгээр нэг онигоо боллоо гэж ирж байсан. Тэгээд маргааш өглөө нь Э********* над руу танай дүү чинь намайг зодоод хамар ам цохичихлоо гэсэн мессеж бичиж байсан. ...” гэх мэдүүлэг (хх-15х),

Гэрч Ц.Цэнджавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 06-нд шөнийн 00 цаг болох гэж байхад манай охин Э********* нь гэртээ нүүр ам нь хөхөрсөн, шүд нь хөдөлсөн, уруул нь язарсан орж ирсэн. Тэгэхээр нь би охиноосоо яасан юу болсон юм бэ? гэж асуухад Т*********тад зодуулчихлаа гээд уйлж байгаад унтаад өгсөн. Э********* нь Т*********т хоёр гэр бүлийн харилцаа хамааралтай хүмүүс байгаа юм. Тэгэхдээ албан ёсоор гэрлэлтээ батлуулж хурим найр хийж байгаагүй. Тэгэхдээ энэ хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Би тухайн үйл явдлын дараа Т*********таас яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ? гэж асуухад чамд хамаагүй гэсэн утгатай юм хэлж байсан. Т*********т нь өөрийн гэсэн гэр орон байхгүй манайд л амьдардаг хүн байгаа юм...өмнө бол манай охиныг зодож байсан. Тэгэхдээ одоо би хэдэн онд зодож байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Миний мэдэхийн лав одоо 4 дэх удаагаа зодож байна... их л ууртай хүн байгаа юм. Манай охиныг зодохдоо согтуудаа зодохгүй эрүүлдээ зодоод байгаа юм. Архи дарс бол нээх их уугаад байдаггүй. ...” гэх мэдүүлэг (хх-17х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 355 дугаартай:

1. Ц.Э*********ийн биед доод уруулд шарх, баруун доод зовхи, хамарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл тухай хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

3. Ц.Э*********ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт (хх-22х),

Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-41-43х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа (хх-34х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-35х), Орших овогт Р*********ийн Т*********тын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-36х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-37х), 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн эвлэрлийн гэрээ (хх-40х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.Т*********т нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Э*********ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож доод уруулд шарх, баруун доод зовхи, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Р.Т*********тын   мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ц.Э*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-12-13х),

Гэрч С.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-15х),

Гэрч Ц.Цэнджавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-17х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 355 дугаартай дүгнэлт (хх-22х),

Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-41-43х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Т*********тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Р.Т*********т нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Р.Т*********т нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Р.Т*********т нь хохирогч Ц.Э*********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан гэмтэлтэй холбоотой зардал гарвал тухайн бүрт  гаргуулахаар тохиролцсон байх  тул  шүүгдэгч Б.Т*********тыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Ц.Э********* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т*********тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Р.Т*********т нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх эвлэрлийн гэрээ байгуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын санал болгосон 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Р.Т*********т нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Э********* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4,  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Орших овогт Р*********ийн Т*********тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р*********ийн Т*********тад 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Р.Т*********т нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Р.Т*********т нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Р.Т*********тын  торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Э********* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Т*********тад шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН