Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 822

 

МАГАДЛАЛ

 

2017.03.29                                                  Дугаар 822                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Д.Нансалмаа, Х.Дэлгэрмөрөн нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00403 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Нансалмаа, Х.Дэлгэрмөрөн нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Дэмбэрэлдагва,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийг анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3393 дугаар шийдвэрээр иргэн Д.Нансалмаа нь “Ними” ББСБ ХХК-д 161 268 783 төгрөг төлөх болсон. Иймд Д.Нансалмаа нь уг төлбөрийг төлөх талаар ихээхэн чармайлт гаргаж байгаа мөнгөн хөрөнгийн дутагдлаас шалтгаалж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлж чадахгүй байгаа юм. Харин үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдээ худалдан борлуулж төлбөрийг төлөх санаачлага гаргасаар байгаа болно. Төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж эхэлжээ. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус албанаас төлбөр төлөгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох надад 2016 оны 10 дугаар сарын     28-ны өдрийн 10 цагт барьцааны хөрөнгө болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны 19 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай мэдэгдэл хүргүүллээ. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгчид ирүүлээгүй тул бид уг албадан дуудлага худалдааны талаар мэдээгүй болно. Надад ирүүлсэн мэдэгдэлд уг үл хөдлөх эд хөрөнгийг 450 000 000 төгрөгөөр харилцан үнэлсэн үнийн 70 хувиар тооцон шийдвэр гүйцэтгэгч 450 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосноо бичжээ. Гэвч төлбөр төлөгч төлбөр авагчтай уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг албан ёсоор тохиролцоогүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т төлбөр төлөгч, авагч тохиролцоогүй бол үнэлгээг шинжээчээр тогтоолгох тухай заасан. Иймд эд хөрөнгийг шинжээч үнэлээгүй байхад шийдвэр гүйцэтгэгч             315 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх, анхны албадан дуудлага худалдааг түр хойшлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3393 дугаар шийдвэрээр Д.Нансалмаагаас 161 268 783 төгрөгийг гаргуулан “Ними” ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Д.Нансалмаа нь шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг бүрэн барагдуулаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.2-т заасныг дагуу түүний барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны 19 тоот 150 м.кв 4 өрөө орон сууцыг битүүмжилсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр төлөгч Д.Нансалмаа /өмчлөгч өөрийн хүү Х.Дэлгэрмөрөнгийн итгэмжлэлтэй/-с барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулах зах зээлийн үнийн саналыг авахад 1 м.кв нь 3 000 000 төгрөгөөр нийт 450 000 000 төгрөгөөр үнэлжээ. Дээрх үнийн саналыг төлбөр авагч “Ними” БССБ ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 118/16 дугаар албан бичгээр хүлээн зөвшөөрч хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулж өгөх тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул 3/32837 дугаар албан бичгийг төлбөр төлөгч өмчлөгч нарт хүргүүлсэн. Иймд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохирсон зах зээлийн үнэлгээ болох 350 000 000 төгрөгийн 70 хувиар тохиролцон 315 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон, 2016 оны 10 дугаар сарын 28-ны 10.00 цагт зохин байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар олон нийтэд мэдээллийн хэрэгслээр зарлуулж, мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлөгч өмчлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагвад гардуулан өгсөн. Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан байсан боловч дээрх шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны 19 тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай, дөрвөн 4 өрөө, орон сууцыг 315 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, түүнээс хойш хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэмбэрэлдагваас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дэмбэрэлдагвад олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 07104 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцсон зах зээлийн үнэлгээ болох 350 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 315 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2016 оны 10 дугаар сарын 28-ны 10.00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулж, мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлөгч Д.Нансалмаа, өмчлөгч Х.Дэлгэрмөрөн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагвад гардуулан өгсөн байхад үнийн саналыг өмчлөгч Х.Дэлгэрмөрөнгөөс аваагүй гэж үзснийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т "Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ", 64 дүгээр зүйлийн 64.2 "Бичгээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино...”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд иргэн өөрийн биеэр, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцоно", Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т "Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан албан тушаалтан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ", мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д "итгэмжлэл гэрчлэх" гэж заасны дагуу Х.Дэлгэрмөрөнгөөс өөрийн ээж Д.Нансалмаад олгосон итгэмжлэл нь хууль зүйн шаардлага хангасан байсан болно.

Өмчлөгч Х.Дэлгэрмөрөн нь Н.Дэмбэрэлдагвад олгосон итгэмжлэл дээр түүнийг төлөөлж буй ээж Д.Нансалмаа нь гарын үсэг зурсан байхад шүүх Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5, 62.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн. Өмчлөгчийн өөрийн ээжид олгосон итгэмжлэлд шүүхэд нэхэмжлэл гаргах гэж дурдагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн атлаа тус албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Х.Дэлгэрмөрөнг оролцуулаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т "Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш..., иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх ... шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ" гэж заасны баримтлаагүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өмчлөгч Х.Дэлгэрмөрөн нь одоогоор АНУ-д суралцаж байгаа бөгөөд түүнийг сургуулиа төгсөж иртэл, магадгүй тэндээ ажиллаж амьдрах болсон тохиолдолд тодорхойгүй хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Нансалмаа, Х.Дэлгэрмөрөн нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгчид ирүүлээгүй учир албадан дуудлага худалдааны талаар мэдээгүй, ...эд хөрөнгийг шинжээч үнэлээгүй байхад албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосныг зөвшөөрөхгүй...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03393 дугаар шийдвэрээр Д.Нансалмаагаас 176 953 424 төгрөгийг гаргуулан “НИМИ ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1191 дүгээр магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулан, Д.Нансалмаагаас 160 226 066 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна.

Дээрх шийдвэрийн дагуу бичигдсэн шүүхийн гүйцэтгэх хуудсанд үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Барьцааны зүйлээр үүргийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэн тул Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 29 дүгээр байр, 19 тоот хаягт байх, 150 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/394 тоот тогтоолыг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан нь тухайн эд хөрөнгийн үнэлгээнд хамааралгүй гэж үзнэ.

Шүүхийн шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Д.Нансалмаа нь 450 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрсөн тул шинжээчээр үнэлгээ хийлгэх шаардлагагүй байжээ.

Түүнчлэн анхны албадан дуудлага худалдааны доод үнийн хэмжээний талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн баримт хэргийн 38 дахь талд авагдсан, энэ баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн заалтад нийцүүлэн дүгнэлгүйгээр нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байна.

Тухайлбал, шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заагаагүй “анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийн саналыг өмчлөгч Х.Дэлгэрмөрөнгөөс аваагүй нь өмчлөгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн” гэж    дүгнэсэн нь буруу байна.

Учир нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Х.Дэлгэрмөрөнгөөс олгосон итгэмжлэлээр тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхийг нэхэмжлэгчид олгосон ба энэ итгэмжлэлийн хүчин төгөлдөр эсэхэд маргасан баримт хэрэгт авагдаагүй тул өмчлөгч Х.Дэлгэрмөрөнгийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхгүй юм.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг “Үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох тухай” гэж буруу бичсэн байх бөгөөд цаашид ийм алдаа гаргахгүй байх талаар шүүх анхаарвал зохино.

Нэхэмжлэгчээс Н.Дэмбэрэлдагвад олгосон итгэмжлэлийн хугацаа 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон байх боловч итгэмжлэлийн хүчинтэй байдлын талаар төлөөлөгч, төлөөлүүлэгчийн хэн аль шүүхэд тайлбар гаргаагүй тул түүнийг давж заалдах шатны шүүхэд хэргийн оролцогчоор оролцуулсныг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, уг үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай Д.Нансалмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

 

                     ШҮҮГЧИД                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                 М.НАРАНЦЭЦЭГ