Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 53

 

Ж.С-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0171/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                       Ц.Цэен-Ойдов

Хохирогч                                        Н.Э-

Шүүгдэгч                                        Ж.С-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ө.Өлзиймаа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолтой, Ж-ын С-од холбогдох, 1918000000175 дугаартай эрүүгийн  хэргийг шүүгдэгч Ж.С-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд  ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, У- овогт Ж-ын С-.

Шүүгдэгч Ж.С- нь 2019 оны 3 дугаар 23-наас 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчдийн 12 дугаар гудамжны 13 тоотод оршин суух иргэн Н.Э-ийн хашаанаас “Бонго пронтер” маркийн ачааны автомашины доод эд анги, “Хьюндай соната-5” маркийн суудлын автомашины моторийг машин механизм ашиглаж хулгайлан 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч У- овогт Ж-ын С-ыг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар шүүгдэгч Ж.С-од 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3., 4.т зааснаар шүүгдэгч Ж.С-од оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч Ж.С-ын 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хасч,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч Ж.С-оос 150.800 /нэг зуун тавин мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчдийн 12-13 тоотод оршин суух Н-н Э-т /РД:**********/ олгох,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2., 3., 5.т зааснаар шүүгдэгч Ж.С-оос “Хьюнда соната-5” маркийн 1741 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргаж  улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7., 1.8., 1.9.т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хураан авсан хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.С-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.С-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.С-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах гомдолдоо:

Шүүхээс шүүгдэгч Ж.С-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж улмаар анхан шатны шүүхэд өөрөө өөрийгөө өмгөөлж “хөнгөн” ял оногдуулж өгнө  үү гэж хүссэн боловч бусдад учруулсан хохирлыг бүрэн барагдуулж хуулиар олгогдсон ял хөнгөрүүлэх нөхцөл боломжийг хэрэглэж чадаагүй байна.

Ингээд анхан шатны шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоол гарсны дараа  дараа 2019.05.13-ны өдөр өмгөөлөгч сонгон авсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч Н.Э-т хохирол төлбөрийн үлдэгдэл 150,800 төгрөгийг төлж  барагдуулсан, хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо хохирол хүлээн авсан баримтад бичгээр илэрхийлсэн болно.

Иймд шүүгдэгч Ж.С- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6 зүйлийн 1.3.т зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, Ж.С-ын хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил  хорих  ялыг багасгаж  1 жил хорих ял болгон  өөрчилж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.С-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч уг хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байгаа. Иймд түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.т зааснаар хоёр жилийн хорих ялыг нэг жил болгон өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.С- тайлбартаа:

Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлын үлдэгдэл мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Н.Э- тайлбартаа:

Миний бие одоо Ж.С-од ямар нэгэн гомдол, саналгүй бөгөөд хохирлоо бүрэн барагдуулж авсан. Түүний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.С- нь 2019 оны 3 дугаар 23-наас 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчдийн 12 дугаар гудамжны 13 тоотод оршин суух иргэн Н.Э-ийн хашаанаас “Бонго пронтер” маркийн ачааны автомашины доод эд анги, “Хьюндай соната-5” маркийн суудлын автомашины моторийг  машин механизм ашиглаж хулгайлан 800.000 төгрөгийн хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох шүүгдэгч Ж.С-, хохирогч  Н.Э-, гэрч Г.Б-, Д.М-, Д.Т-, О.С- нарын мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ хийсэн “Капитал зууч” ХХК-ийн  шинжээчийн 2019-03-28-ны, мөн 2019-04-02-ны өдрийн дүгнэлтүүд, /х.хийн 21-22., 44-46-р хуудас/ болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед хийсэн үзлэгийн тэмдэглэл, Н.М-ийн эзэмшлийн “Хьюндай соната 5” маркийн 17-41 ДАХ улсын дугаартай автомашины битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдож тогтоогдсон,   үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.           

Мөн хэрэг  мөрдөн шалгах  ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан,  хэрэгт хамааралтай  нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  шүүгдэгч, хохирогч, гэрчээс  хуулийн дагуу мэдүүлэг авч, тэдний  эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

        Гэвч  шүүгдэгч  Ж.С- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад үлдэгдэл 150.800 төгрөгийг хохирогчид өгсөн, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 .д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.4.д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял буюу 1 жил хорих ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөнгө болох  “Хьюндай соната 5” маркийн, 17-41 ДАХ улсын дугаартай автомашин нь шүүгдэгч Ж.С-ын хамтран амьдрагч Н.М-ийн эзэмшлийн  машин болох нь тогтоогдсон учраас хурааж аваагүй нь зөв боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2., 3., 5.т зааснаар шүүгдэгч Ж.С-оос “Хьюнда соната-5” маркийн 17-41 ДАХ улсын дугаартай машины үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргаж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна.

             Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин, техник, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зүйл, түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон  эд зүйл,  хөрөнгө нь тухайн гэм буруутай,   хэрэг үйлдсэн этгээдийн өмчлөлд эсхүл түүний  хувьд ноогдох хөрөнгө, орлого болох нь нотлох баримтаар тогтоогдсон  тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах зорилготой талаар 7.5 дугаар зүйлийн 3., 4., 5.д тодорхой тусгаж зохицуулсан бөгөөд харин Эрүүгийн хуульд  шууд хурааж “улсын орлого болгоно” гэсэн   зохицуулалт байхгүй.

            Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Ж.С-оос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Н.М-ийн эзэмшлийн  “Хьюнда соната-5” маркийн 17-41 ДАХ улсын дугаартай машины үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргаж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгож, харин гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу дээрх хулгайлсан  эд зүйлийг  бусдад  65.800 төгрөгөөр зарж борлуулсан орлогыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулахаар хураах нь зүйтэй гэж үзлээ.

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан   ... хохирогч Н.Э-т хохирол төлбөрийн үлдэгдэл 150,800 төгрөгийг төлж  барагдуулсан, хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо хохирол хүлээн авсан баримтанд бичгээр илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 зүйлийн 1.3.д заасан журмыг хэрэглэж оногдуулсан хорих ялаас хасч өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой байна.   

              Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэрэгт авагдаж  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа бичгийн баримтууд мөн шүүгдэгч, гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний баримт, хэргийн газрын үзлэг хийсэн тогтоол  зэрэг  нотлох баримтыг бүгдийг бичсэн атлаа  дахиад гэм буруугийн талаар гээд бүгдийг давтаж хуулж бичих шаардлагагүй бөгөөд хэрэгт авагдсан ямар ямар  нотлох баримтаар  шүүгдэгчийн үйлдэл, хэргийн талаар нотлогдсон эсэх, ямар нотлох баримтаар  үгүйсгэгдсэн эсэх, мөн хэрэгт авагдсан нотлох баримт нь хуулийн шаардлага хангасан эсэх, нотлох баримтууд зөрүүтэй эсэх тухайлбал шинжээчийн  хэд хэдэн дүгнэлт байвал алийг нь үндэслэлтэй гэж үзсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэмт үйлдэл болон нотлох баримтын талаар харилцан уялдаатай дүгнэлт хийж, хэлбэр, агуулгын хувьд хуульд нийцсэн байхыг анхаарах нь зүйтэй.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 ., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., 3., 6   дугаар заалтыг:

         -  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар шүүгдэгч Ж.С-ыг 1  /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй гэж,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3., 4.т зааснаар шүүгдэгч Ж.С-од оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж,

              -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1., 3., 4.т зааснаар шүүгдэгч Ж.С-оос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 65.800 төгрөгийг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулсугай гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           2.Шүүгдэгч Ж.С-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

           3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                                  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                     ШҮҮГЧИД                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                               Ц.ТУЯА