Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2024/0058

 

Б.Аийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.С

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, тус сумын газрын даамал

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/276 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, 4116036251 нэгж талбарын дугаартай газар өмчлөх эрх олгосон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А360 дугаартай захирамжийг нөхөн гаргуулж, Б.Аийн өмчлөлийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарт даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 123/ШШ2023/0041 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.С, хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын газрын даамал М.А, хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 123/2022/0066/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.А нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, тус сумын газрын даамалд тус тус холбогдуулан “Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/276 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, 4116036251 нэгж талбарын дугаартай газар өмчлөх эрх олгосон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А360 дугаартай захирамжийг нөхөн гаргуулж, Б.Аийн өмчлөлийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарт даалгах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 123/ШШ2023/0041 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат миний бие бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

            3.1. Анхан шатны шүүхээс Баянчандмань сумын Засаг даргын тамгын газрын архивд хадгалагдаж буй захирамжууд буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/359 дугаар захирамжийн хавсралтад Засаг даргын тамга дарсан, харин гарын үсэг зураагүй байх тул 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг Засаг дарга батлан гаргаагүй, харин газрын даамлаар ажиллаж байсан Д.Г нь захирамжийн хавсралтыг өөрчлөн гаргасан, хариуцагчийн зүгээс тухайн захирамжийг хууль бусаар үйлдсэн болохыг тогтоолгохоор эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байсан, нэхэмжлэгчийн газар өмчлөх тухай өргөдөл сумын архивд байхгүй зэргээр нэхэмжлэгчид газар өмчлөх эрх үүсээгүй болох нь тогтоогдож байна хэмээн үзсэн.

            3.2. Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны А/359 болон А/360 дугаар захирамжийн тухайд.

            Анхан шатны шүүхийн “2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаартай захирамжийн хавсралтыг тухайн үед ажиллаж байсан газрын даамал сольж нэхэмжлэгчийн нэрийг нэмж оруулсан нь тогтоогдож байна” гэх дүгнэлтээс үзвэл нэхэмжлэгч нь тухайн захирамжийн хавсралтад өөрийн нэрийг оруулахаар газрын даамалтай үгсэн хуйвалдаж, ямар нэгэн байдлаар харилцаа холбоо тогтоож, улмаар газар өмчлөх эрх үүссэн нь тогтоогдсон байх шаардлагатай байна. Гэтэл “нэхэмжлэгчийн зүгээс тухайн газрын даамалтай ямар холбоо хамааралтай байсан, урьд өмнө таньдаг байсан, өөртөө давуу байдал бий болгон захирамж гаргуулахаар хувийн харилцаа холбоо тогтоосон байсан уу” зэрэг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр А/359 дугаартай хоёр өөр төрлийн захирамжийн хавсралтыг үндэслэн дүгнэлт гаргасан.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн архивд хийсэн шүүхийн үзлэгээр маргааны гол зүйл болох 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаартай захирамж нь хэдийгээр хадгалагдаагүй байх боловч, тус сумын бичиг хэргийн бүртгэлийн захирамжийн бүртгэлд А/359 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай захирамж 2 хуудас хэмээн хавсралтын хамт бүртгэгдэж, хадгалагдаж, А/361 дугаартай “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах” тухай захирамж 2 хуудас хэмээн бүртгэгдэж, хадгалагдсан байсан. Харин А/360 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж 2 хуудас гэж бүртгэгдсэн хэдий ч баримт хадгалагдаагүй мөн сумын Засаг даргын 2017 оны /А/ Захирамжийн товьёг гэсэн бүртгэлд А/360 дугаартай захирамж бүртгэгдсэн байна. Хариуцагчийн зүгээс тухайн захирамжийг гараагүй хэмээн маргадаг боловч дээрх баримтаас үзвэл А/360 дугаартай захирамж гараагүй байх боломжгүй юм.

            3.3. Мөн хоёр өөр төрлийн харилцааг зохицуулсан захирамжууд болох А/359 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралтад тамга тэмдэг дарагдсан, А/360 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн хавсралтад тамга тэмдэг, гарын үсэг зурагдсан тул нэхэмжлэгчид газар өмчлөх эрх үүсээгүй хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

            Хариуцагчийн зүгээс тухайн захирамжийг хууль бусаар үйлдсэн болохыг тогтоолгохоор эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байсан гэх дүгнэлтийн тухайд:

            Хариуцагч нарын зүгээс болон бусад этгээдийн зүгээс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаартай захирамжийг хууль бусаар үйлдсэн болохыг тогтоолгохоор хууль хяналтын байгууллагад огт гомдол гаргаж байгаагүй юм. Тухайлбал Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 122, 123 дугаар тогтоолоор “Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн захирамжтай холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1/563 дугаартай албан бичгээр “Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаартай захирамжтай холбоотой” асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 226 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол хавтаст хэрэгт авагдсан. Тус баримтуудаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой захирамж болох 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаартай захирамжийг хууль бусаар үйлдсэн болохыг тогтоолгохоор эрх бүхий байгууллагад хандаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй юм. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан тус гэрчийн мэдүүлгээс үзвэл Д.Г нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжийг хуурамчаар үйлдсэн, хавсралтыг нь сольсон гэх мэт мэдүүлэг огт өгөөгүй байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн захирамжийг хуурамчаар үйлдсэн байна хэмээн үзэж буй нь хэт нэг талыг барьсан дүгнэлт юм.

            2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаартай захирамжийн хавсралтыг сольсон хууль бусаар үйлдсэн гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байтал дээрх байдлаар шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгон нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” хэмээн хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн тус дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэх хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.

            3.4. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхээс “Захиргааны ерөнхий хуулийн 38.1 дүгээр зүйлийг үндэслэл болгон тус зүйлийн 38.3 дахь хэсэгт “Нэмэлт зохицуулалт нь захиргааны актын зорилго агуулгад нийцсэн байна” гэж, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч хаяглагдсан этгээдийн хүсэлтээр дараах тохиолдолд захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно” гэж тус тус заасан, хууль тогтоогчоос ийнхүү захиргааны актад нэмэлт зохицуулалт хийх, мөн тухайн захиргааны актыг дахин гаргах ажиллагааг явуулахдаа урьд нь хуульд заасан журмаар гарсан захиргааны актад нэмэлт хийх, мөн тухайн захиргааны актыг дахин гаргахыг захиргааны байгууллагад зөвшөөрч, түүнийг хэрэгжүүлэх тохиолдлыг тодорхойлон зааж журамласан байна” хэмээн хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

            Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” хэмээн заасан байдаг. Тийнхүү нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны ерөнхий хуулийн 50.1 дүгээр зүйлийн 50.1.1 дэх хэсэгт заасны дагуу Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжийг нөхөн гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн.

            Нэхэмжлэлийн шаардлага нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжийн үндсэн зохицуулалт болох газар өмчлүүлэх харилцаанд нэмэлт зохицуулалт хийлгэх талаар огт биш юм. Гэтэл анхан шатны шүүхээс тус хуулийн 50 дугаар зүйлд заасан “захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх тухай” хуулийн зохицуулалтыг баримтлахдаа зөвхөн хуульд заасан журмаар гарсан захиргааны актад 38 дугаар зүйлд заасны дагуу “Захиргааны актад нэмэлт зохицуулалт хийх” тухай хуулийг баримтлах ёстой мэтээр тайлбарласан байна.

            Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан. Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчид тухайн газрын үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. Өөрөөр хэлбэл Төв аймгийн Баянчандмань сумын архивд байхгүй захирамжийн үйлчлэл нь чиглэсэн этгээд болох нэхэмжлэгчид газар өмчлөх эрх олгогдсон байх тул тухайн байхгүй захирамж нь эерэг нөлөөлөл бүхий захирамж юм. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн болно.

            Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 123/ШШ2023/0041 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.А нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, тус сумын газрын даамалд тус тус холбогдуулан “Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/276 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, 4116036251 нэгж талбарын дугаартай газар өмчлөх эрх олгосон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А360 дугаартай захирамжийг нөхөн гаргуулж, Б.Аийн өмчлөлийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

3. Хэргийн үйл баримтыг үзэхэд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/360 дугаар захирамжаар тус сумын Эрдэнэ, 3 дугаар багийн нутагт байрлах Поошигт нэртэй 5 га талбай бүхий газрыг 10 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

3.1. Уг захирамж Төв аймгийн Улсын бүртгэлийн газарт хадгалагдсан байх ба үүний дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгж талбарын 4116036251 дугаарт, Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ, 3 дугаар багийн Поошигт торлогтын 1 дүгээр гудамжны 1 тоот хаягт байршилтай газрыг нэхэмжлэгч Б.Аийн нэр дээр бүртгэсэн.

3.2. Улмаар дээрх газрыг 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1426004444 дугаарт бүртгэн, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000518977 дугаартай гэрчилгээ олгогдсон байна.

3.3. Гэтэл Б.Ад өмчлүүлсэн гэх дээрх газрын мэдээлэл кадастрын мэдээллийн санд байхгүй, уг бүртгэлд бүртгэж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтэд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/275 тоот албан бичиг, Төв аймгийн Засаг дарга 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1555 тоот албан бичгээр тус тус татгалзсан хариу өгснөөр энэхүү маргаан үүсжээ.

4. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй”, 19.1.1-д “энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум дүүргийн Засаг даргад гаргах”, 19.2-т “Газар өмчилж авах эрх бүхий иргэн дараахь үүрэгтэй”, 19.2.4-т “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана” гээд өргөдөлд тусгах мэдээллийг жагсаасан, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж тус тус заасан.

4.1. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгч Б.А нь газар өмчлөх өргөдлөө хуульд заасан журмын дагуу гаргаагүй, маргаан бүхий газрыг өмчлөх эрхтэй этгээд гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4.2. Тодруулбал, маргаан бүхий Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамж архивт байхгүй, Б.Ад газар өмчлүүлсэн талаар хувийн хэрэг байхгүй, газар өмчлөхийг хүссэн өргөдөл бүртгэгдээгүй болох нь анхан шатны шүүхээс Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын архив, газрын даамлын бичиг баримтад хийсэн үзлэгээр тогтоогдсон.

4.3. Түүнчлэн Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 122, 123 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд “... тус сумын газрын даамлаар ажиллаж байсан Д.Г нь тус сумын Засаг даргын газар өмчлүүлэх тухай захирамжийг хуурамчаар үйлдэж, бусдад газар олгосон болох нь тогтоогдож байх боловч ... гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэргийг хаасан байна.

5. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтална”, 5.1.2-т “иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох” гэж заасан.

5.1. Баянчандмань сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Эрдэнэ, 3 дугаар багийн Поошигт нэртэй газарт 1 иргэнд 700 м.кв газар өмчлүүлэхээр тусгасан байх боловч маргаан бүхий Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжийн хавсралтад Б.Ад 5,000 м.кв өмчлүүлэхээр заасан нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан хэмжээнээс даруй 4,300 м.кв-аар илүү байна.

5.2. Тухайн үед Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргаар ажиллаж байсан, маргаан бүхий А/360 дугаар захирамж гаргасан Ц.Э нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сум дахь цагдаагийн хэсэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... газрын даамлаар ажиллаж байсан Д.Г ... Поошигт гэх газар 5,000 м.кв газар өмчлүүлэхээр олон хүний нэрсийг 2-3 удаа манай өрөөнд гарын үсэг зуруулахаар орж ирсэн. Тэгэхээр нь би манай сумын газар нутгийн хэмжээ бага, ингэж олголт хийж болохгүй гэж сануулж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй...” гэж, газрын даамлаар ажиллаж байсан Д.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... Төв аймгийн газрын алба болон Баянчандмань сумын Засаг даргаас “иргэдэд хүндрэл чирэгдэлгүй хурдан шуурхай үйлчил” гэсэн үүрэг, чиглэл өгч, ажиллаж чадахгүй бол ажлаас чинь чөлөөлнө гэх дарамт, шахалт ихээр үзүүлдэг байсан. Миний хувьд ажилтайгаа үлдэхийн тулд Баянчандмань сумын Засаг даргын иргэдэд газар өмчлүүлэх захирамжийг хуурамчаар үйлдэж байсан юм. Надад иргэдээс хэл ам гаргуулахгүй байж ажилтай байя гэснээс өөр ямар нэг санаа зорилго байгаагүй ... би газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 03 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэл сумын Засаг даргын газар олгох захирамжийг 10 орчим удаа хуурамчаар үйлдэж байсан” гэж тус тус мэдүүлсэн байна.

5.3. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл тухайн үед Төв аймгийн Баянчандмань сумын газрын даамлаар ажиллаж байсан Д.Г нь өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамж, хавсралтыг нэхэмжлэгч Б.Ад 5000 м.кв газар өмчлүүлсэн болгон өөрчилснөөр маргаан бүхий газар түүний нэр дээр бүртгэгдэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000518977 дугаартай гэрчилгээ олгогдсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Ад нэгж талбарын 4116036251 дугаар бүхий 5000 м.кв газрыг өмчлөх эрх хуульд заасан журмын дагуу олгогдоогүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон байх тул түүнийг тухайн газрыг өмчлөх эрхтэй этгээд гэж үзэхээргүй байна.

5.4. Тиймээс нэхэмжлэгч Б.Аийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар хариу өгсөн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/276 тоот албан бичгийг хууль бус гэж үзэх, мөн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А360 дугаартай захирамжийг нөхөн гаргуулах, Б.Аийн өмчлөлийн гэх газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах үндэслэл тогтоогдохгүй байна. Эдгээр үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 123/ШШ2023/0041 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ