Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/307

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,

Хохирогч Д.Г,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Гансүх,

Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.М холбогдох эрүүгийн 2234000000283 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ..... төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй,  ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .....оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ..... регистрийн дугаартай, ....

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл багийн нутагт Д.Гийн гэрт ялимгүй зүйлээс болж Д.Г маргалдан түүний нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            Шүүгдэгч Л.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Хохирогч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: “Одоо гомдол санал байхгүй. Замын зардлыг 60.000 төгрөг гаргуулан авмаар байна.” гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Л.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл багийн нутагт Д.Гийн гэрт ялимгүй зүйлээс болж Д.Гтэй маргалдан түүний нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234000000283 дугаартай хэрэгт авагдсан

 

            Хохирогч Д.Гийн өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчим Төв аймгийн Баян-Өнжүүл сумын төв рүү Сэр-Од гэх хүнийг гуйгаад машинаар нь хүүхдүүдээ хүргэж өгөхөөр болсон ба Сэр-Одын машинтай түүний эхнэр Дашдулам, Д.Г би бас манай нэг хүүхэд явсан. Бид нарыг явах гэж байхад манай саахалт айлын Мөнхбаатар, түүний эхнэр Бадамцэцэг нар машинтайгаа хамт бид нар 2 машинтай Төв аймгийн Баян-Өнжүүл сумын төв рүү явсан. Бид нар сумын төв ороод буцаад гэр рүү Сэр-Од, Мөнхбаатар нарын 2 машинтай яваад орой 23 цагийн үед манай гэр ирсэн. Манай гэрт миний нөхөр Батбилэг ганцаараа байсан. Манай гэрт Сэр-Од, түүний Дашдулам, Мөнхбаатар, түүний эхнэр Алтанцэцэг, Сэргэлэн, Бямбасүрэн, манай нөхөр Батбилэг бид нар байсан. Манай гэрт 2.5 литрийн савтай Сэнгүр нэртэй 4 ширхэг том пиво хувааж уусан. Бид нар өглөө болтол пиво ууж юм ярьж суусан юм. Маргааш өглөө нь буюу 06 цаг болсон байх гэгээ орсон байхаар нь би одоо болъё гэгээ орсон байна гэж хэлсэн тэгээд Мөнхбаатартай муудалцсан. Мөнхбаатар миний нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би сумын цагдаа руу дуудлага өглөө гээд сумын цагдаагийн утас руу залгатал утас нь холбогдохгүй байсан. Мөнхбаатар ахин уурлаж цагдаагаа дууд, цагдаа чинь иртэл явахгүй гээд уурлаад байхаар нь гэрээсээ гараад гэрийнхээ гадна дэрс өвсний орчим очоод унтсан. Унтаж байгаад 16 цагийн орчим сэртэл гэрийн гадаа машин байхгүй байхаар нь явсан байх гэж бодоод гэртээ ортол нөхөр Батбилэг ганцаараа унтаж байсан. Тэгээд Төв аймаг руу эгч Эрдэнэчимэг маань намайг эмч, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Мөнхбаатар гэх залуу миний завж, хацар хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Миний баруун талын завж урагдсан. Толгой их өвдсөн, баруун талын дээд доод шүд хөдөлсөн байсан. Миний хувьд гомдолтой байна хуулийн дагуу шийдэж өгнө үү. Мөн гарсан зардлыг баримтаар нэхэмжилнэ” гэх мэдүүлэг/хх-6 тал/,

 

            Гэрч Э.Д өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр сургуулийн хүүхдүүд хүргэж өгөөд бид нар Батбилэг ахын гэрт ирээд архи согтууруулах ундаа уугаад Бямбасүрэн эгчийн хамтаар бие засаад гэрт орж ирсэн чинь Мөнхбаатар ах Ганцэцэг эгч хоёр маргалдаж барьцалдаж аваад байж байсан. Тэгээд манай нөхөр Сэр-Од салгасан. Юунаас болж Мөнхбаатар ах Ганцэцэг эгч хоёр маргалдсан талаар мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар Мөнхбаатар нь Ганцэцэгийн амны завж тус газарт нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн юм. Өөр биеийнх нь хаана юугаар цохиж зодсон талаар хараагүй мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-15-16 тал/,

 

            Гэрч Д.Б өгсөн: “...Миний мэдэж байгаагаар Мөнхбаатар нь Ганцэцэгийн ам тус газарт нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн юм. Өөр биеийнх нь хаана юугаар цохиж зодсон талаар хараагүй, мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,

 

            Шүүгдэгч Л.Мын сэжигтнээр өгсөн: “Би Төв аймгийн Баян-Өнжүүл суманд эхнэр хүүхэд нарын хамтаар мал маллаж амьдарч байгаа ба  2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр сумын төв рүү сургуулийн хүүхдүүд хүргэж өгөх гээд миний өөрийн эзэмшлийн 87-13 УАР улсын дугаартай Делика маркийн тээврийн хэрэгсэлтэй манай эхнэр Алтанцэцэг, Бямбасүрэн нөхөр нь Сэргэлэн, Ганцэцэг бид нар сургуулийн хүүхдүүд аваад сумын төв рүү яваад хүүхдүүдийг хүргэж өгөөд буцаад Ганцэцэгийн гэрт бид нар ирээд тэднийд архи согтууруулах ундаа уугаад Ганцэцэг бид хоёр хоорондоо маргалдаж Ганцэцэг над руу дайраад миний нүүрийг маажаад голоор салгах гэж байгаа хүмүүс рүү мөн Ганцэцэг дайраад байсан ба би тухайн үед орон дээр сууж байтал Ганцэцэг над руу дайраад байхаар нь би хөлөөрөө Ганцэцэгийн нүүр рүү нь жийсэн юм. Д.Гийн нөхөр Батбилэг бид хоёр ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Д.Гтэй хамаатан садан холбоо байхгүй. Тухайн үед Батбилэгийн гэрт архи согтууруулах ундаа уусан. Тэр үед эхнэр нь Ганцэцэгтэй урьд нь бид хоёр гар утаснаас болж маргалдаж байсан. Би тухайн үед тэр талаар ярьсан чинь Ганцэцэг уурлаж над руу дайраад намайг маажиж дайраад байсан тэр үед би орон дээр сууж байсан тул Г дайраад байхаар нь хөлөөрөө нэг удаа жийсэн. Тэр үед гэмтэл учирсан юм.” гэх мэдүүлэг/хх-19-21 тал/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 268 дугаартай “1.Д.Гийн биед баруун завжинд шарх, баруун завжинд зулгаралт, уруулын баруун талд, зүүн бугалга, зүүн шуу, зүүн дал, зүүн гуянд цус хуралт, зүүн гарын сарвуунд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт/хх-23-24 тал/,

            Хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл /хх-01 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Л.М гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 550 нэгжээр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Л.М нь хувиараа мал аж ахуй эрхэлж, Төв аймаг, Баян-Өнжүүл суманд ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 40 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 550 нэгжээр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Шүүгдэгч Л.М нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Гт 130.000 төгрөгний хохирлыг төлсөн гэх ба хэн аль нь маргаагүй байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хохирогч Д.Г нь замын зардалд 60.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүгдэгч Л.М төлөхөө илэрхийлсэн болно.

 

Эрүүгийн 2234000000283 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчээс 60.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Гт олгож, шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мыг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мт оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

 5.Шүүгдэгч Л.М шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Маас 60.000 төгрөгийг гаргуулан, хохирогч Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багт оршин суух Д.Г/НГ81101165/-д олгосугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Мт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН