Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/310

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Б холбогдох эрүүгийн 2234003600290 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ..... төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, канверын машинчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ..... оршин суух, ..... ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, .... регистрийн дугаартай, Ц.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Мэлз гэх уулын өвөрт байрлах амралтын газарт 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох эхнэр Т.О гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Ц.Б нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Мэлз гэх уулын өвөрт байрлах амралтын газарт 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох эхнэр Т.О гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234003600290 дугаартай хэрэгт авагдсан

 

            Хохирогч Т.О өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би нөхөр Болд болон түүний хамаатнуудын хамтаар Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Мэлз гэх уулыг даваад уруудаад байдаг амралтын газар /нэрийг нь мэдэхгүй/ очиж амарсан юм. Ингээд амралтын газарт очиж хамаатнаараа нийлж согтууруулах ундаа хэрэглэсэн юм. Амралтын газарт байхад манай нөхөр Болд мөнгөний асуудлаас болж өөрийн төрсөн эгч Сүрэнгийн талийгаач нөхрийн талын хүргэн Батжаргалтай маргалдсан юм. Батжаргал нь хэдэн жилийн өмнө манай нөхрөөс төмөр арматур аваад мөнгийг нь өгөөгүй байгаа юм. Тухайн үед Батжаргал эхнэр хүүхдээ аваад амралтын газраас Багануур руу гэр рүүгээ яваад өгсөн. Ингээд үлдсэн хамаатнууд маань инээлдэж хөхрөлдөөд мөн согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд би согтоод ухаанаа алдчихсан байна лээ. Нэг мэдсэн чинь амралтын гэр дотор нөхөртөө зодуулж байсан. Би орон дээр хэвтчихсэн нөхөр дээрээс дараад үснээс зулгаагаад, нүүр рүү гараараа цохиод байсан. Би тухайн үед нөхрийгөө надаас холдоод өгөөч гэж гуйж байсан. Энэ үйл явдлыг болж байхад миний хүүхдүүд Есүхэй, Анар, Цэлмэг, Урангоо нар байсан. Харин хамаатны хүмүүс гэрийн хаалгаар орж гараад явж байсан. Ингээд нөхөр маань тайвшраад унтаж амарсан. Би ч унтаад өгсөн бөгөөд өглөө сэрэхэд манай нөхөр Болд намайг тэврээд унтаж байсан бөгөөд би нүдээ арай ч ийм болчихсон гэж бодоогүй. Толинд нүдээ харахад хоёр нүд хөх няц болсон байсан бөгөөд тухайн үед Болд надаас уучлалт гуйж л байсан. Тухайн үед намайг Болдод зодуулж байхад хадам эгч Сүрэн салгалгүй намайг зодуулсан. Уг нь Сүрэн эгч хэдэн хүүхдээрээ Болдыг салгуулчихсан бол тийм зүйл байхгүй. Харин Болдыг салгах байтал харин манай бие муутай ээж рүү утсаар ярьж бараг бух асуудал надаас болсон юм шиг ярьсан байна лээ. Миний хайрлаж явдаг Сүрэн эгч тийм үйлдэл гаргасанд их гомдож байна. Би яг цаг хугацаагаа санахгүй байна. Ямар ч байсан 2022 оны 05 дугаар явдал. Болд бид хоёр хамтран амьдраад 13 жил болж байна. 2020 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Дундаасаа 13-аас 3 насны 4 хүүхэдтэй. Болд ходоодны шархтай байдаг учраас архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй. Хааяа л хэрэглэдэг. Сая хамаатнуудтайгаа нийлсэн гэж архи уусан. Ааш зангийн хувьд би л нэг амьдралыг авч яваа гэсэн шиг надтай болон хүүхдүүдтэйгээ захирангуй ингэ тэг гэж харьцдаг Гэр бүлдээ тавих хайр халамж муутай. Ер нь огцом ууртай хун. Ер нь л их хэрүүлтэй, уруул хийдэг ядаргаатай хүн. Хүүхдүүдийнхээ боловсролд анхаардаггүй, нэг ч удаа хүүхдийнхээ эцэг, эхийн хуралд ч сууж үзээгүй хүн шүү дээ. Би л хүүхдүүдийнхээ араас хүүе хаая гэж явдаг. Болдод бол ямар ч хамаа байхгүй. Харин мөнгийг нь л өгдөг. 2012 онд би ажлын газрынхаа хүмүүсийн хамтаар зугаалганд явж байхад очоод миний үснээс зулгааж намайг зодож байсан. Тухайн үед миний толгойн үс нэг талаараа тэр чигээрээ халцарсан байсан. 2014 онд өөрийнхөө ажлын газрын зугаалга руу дагуулж очоод согтуудаа хүмүүсийн нүдэн дээр мөн үсдэж зодож байсан. Би цагдаад тухайн үед гомдол нэг ч гаргаж байгаагүй. ...Одоо миний бие зүгээр болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг/хх-17-20 тал/,

 

            Шүүгдэгч Ц.Бын гэрчээр өгсөн: “Манай эгч Сүрэн болон түүний хүүхдүүд 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Мэлз гэх уулын өвөрт байдаг амралтын газарт салхинд гарсан юм. Орой 20 цагийн үед би эхнэр Олзбаяр болон хүүхдүүдээ аваад дээрх амралтын газарт очсон бөгөөд араас төд удалгүй манай хүргэн Батжаргал эхнэр хүүхдийнхээ хамтаар ирсэн. Бид нар хамаатнаараа 7-оос 8 хүн байсан бөгөөд 1 шил архи задлаад ууцгаасан. Би хүргэн Батжаргалд бараг 5-аас 6 жилийн өмнө өөрийн 850,000 төгрөгөөр худалдаж авсан машины эд ангийг зарсан юм. Батжаргал мөнгөө тэгж байгаад өгнө гээд өнгөрч байсан юм. Би амралтын газарт байхдаа хүргэн Батжаргалаас өгсөн машины эд ангийн мөнгөө нэхээд Батжаргал уурлаж надтай маргаад улмаар Батжаргал эхнэр, хүүхдээ аваад амралын газраас явсан. Ингээд манай хамаатнууд үргэлжлүүлж архи ууцгаасан бөгөөд орой 23 цагийн үед манай эхнэр Олзбаяр согтоод бөөлжөөд байсан. Тэгэхээр нь би О гадаа бөөлжүүлээд гэрт оруулж амраах гэхэд Олзбаяр над руу чи Батжаргалтай маргасан чиний буруу, чи олон хүн цугласан байхад мөнгөө нэхэж уур амьсгал эвдсэн нь чиний буруу гээд агсан тавьсан. Би эхнэрийг аргадаад гэрт оруулаад орон дээр унтуулах гэхэд эхнэр унтахгүй байсан. Би эхнэрийг унтуулах гэхэд унтахгүй байсан бөгөөд агсраад байсан бөгөөд би түүнийг унтаж амрахгүйг нь мэдээд гэр рүүгээ харья гэхэд Олзбаяр над руу хуц чамд хамаагүй байхгүй, тэр хар авгайгийн чинь хүүхэд чинийх биз дээ, би залуу хүн чамаас салбал өөр эрэгтэй олдоно, харин чамд бол хэн ч олдохгүй гэж агсан тавиад гэрээс гарч гуйх гээд байсан. Тухайн амралын газар нь Хэрлэн голын эрэг дээр байдаг учраас түүнийг гол ус руу орно гэж бодоод гэр дотор орон дээр дарж хэвтэж байгаад сэргээх зорилгоор нүүр хэсэгт 2 алгаараа хавсраад 2-3 удаа алгадсан. Тэгээд ч Олзбаяр сэргээгүй агсан тавьж байгаад унтсан. Өглөө нь босоод ч надтай хэрэлдэж маргасан. Тухайн үйл явдал болох үед манай хүүхдүүд гэр дотор унтаж байсан...” гэх мэдүүлэг/хх-21-22 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 227 дугаартай “1. Т.О биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславч мурийлт, баруун зүүн нүдний дээд доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт/хх-27-28 тал/,

            Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-01 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ц.Б гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.О эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 700 нэгжээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Ц.Б нь Багануур дүүрэгт ХХК-д канверийн машинчин ажилтай, Улаанбаатар хот, Багануур дүүрэгт ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 50 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 700 нэгжээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Эрүүгийн 2234003600290 дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 700/долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000/долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бод оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ц.Б шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Бод урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН