| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 181/2017/03587/И |
| Дугаар | 102/ШШ2018/01259 |
| Огноо | 2018-04-18 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2018/01259
| 2018 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2018/01259 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Япон улсын иргэн, М Сэ гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б,
Хариуцагч: “М Х Б Х” ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээний улмаас учирсан хохиролд 2 590 628 253 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж /үнэмлэх 2317/, хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Япон улсын иргэн М Сэ нь 2010 оны 10 дугаар сард “М Х Б Х” ХХК-ийн захирал Б.Б-ын хэрэгжүүлэх байсан Баянгол дүүргийн 5-р хороо, 3-р эмнэлэгийн барилгын төсөлд хөрөнгө оруулахаар амаар тохирсон. Бичгээр гэрээ хийгээгүй боловч Б.Бтой хэлцэл хийсэн байдаг. Ингээд М Сэ-гийн тохиролцооны дагуу Б.Б-ын хувийн болон өөрийнх нь эзэмшдэг “М Х Б Х” ХХК-ийн данс руу 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 1.052.673 ам доллар шилжүүлсэн байдаг. Барилгын ажил эхлэхдээ өөр хүний газар руу 3 метр түрж орсон, тухайн асуудлыг шийдвэрлэж газрын эзэнд нь 100.000 доллар өгч маргааныг шийдвэрлэсэн. Тус барилгыг Б.Б 2015 оны хавраас хэтрүүлэхгүй ашиглалтанд оруулахаар тохирсон боловч өнөөдрийг хүртэл зөвхөн карказыг цутгаснаас өөр ямар нэгэн ажил хийгдээгүй байна. Улмаар тухайн барилгын газрыг өөр хүний нэр дээр шилжүүлж, шилжүүлсэн мөнгө, хөрөнгө оруулалтыг үнэ цэнэгүй болгож, тухайн барилгыг барьж дуусгах сонирхолгүй байна. Нэгэнт амаар хийсэн тохиолцоогоо зөрчиж, өөрийнхөө хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Б.Б болон түүний “М Х Б Х” ХХК-ийн данс руу болон бэлнээр хүлээлгэн өгсөн хөрөнгө оруулалтын мөнгөө буцаан авах хүсэлтэй байна. Тухайн үед Б.Б-од 1.052.673 ам доллар шилжүүлсэн. Үүнийг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1 ам доллар 2437 төгрөгөөр тооцож нийт 2 590 628 253 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М Сэйг би таньдаггүй байсан Франц улсын иргэн Ж В 2011 онд М Сэтэй танилцуулсан. Гэхдээ үүнээс өмнө М Сэ-тэй нэг барилга дээр хамтарч ажилласан. Энэ удаагийн барилга дээр 2012 онд осол гарч, барилга зогссон. 2012 оноос хойш М Сэ Монгол улсад хэд хэдэн удаа ирсэн, би ч Япон улсад очиж барилгын ажлаа үргэлжлүүлэх талаар ярилцаж байсан боловч ямар ч дуусгах санал тавьдаггүй байсан. М Сэ барилгаа үргэлжлүүлж дуусгах сонирхол байхгүй байсан. Энэ төсөлд хөрөнгө оруулагч нь ганцхан М Сэ биш. АНУ-ын, Францын иргэн Ж Варрен, Ж Ф Херт, Л Маркс гэж хүмүүс байгаа. Эдгээр хүмүүсийн шахалтанд орж би газраа Л Маркст шилжүүлж өгсөн. Хэрвээ М Сэ “надад газраа шилжүүлчих, би хөрөнгө оруулалт хийгээд барилгаа дуусгая” гэсэн бол би хэлснийх нь дагуу хийх байсан. М Сэ 1.052.673 ам долларын алдагдалд орсон нь худлаа. Тэр барилга нь байгаа, хүсвэл өөрөө авч болно. Л Марксийг гуравдагч этгээдээр татаж, М Сэ, Л Маркс нар хоорондоо газраа шилжүүлэх юм уу, эсвэл хамтарч эзэмшээд барилгаа дуусгаасай гэж бодож байна. Энэ асуудалд би оролцохгүй, гэрээ байхгүй. Би нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй гэв.
Хариуцагч “М Х Б Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа хоёр хариуцагч тодорхойлсон. Хэрвээ хоёр хариуцагчийг тодорхойлж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1.5 дахь хэсгүүдэд зааснаар хамтран хариуцагч нарын хариуцах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ тодорхойлоогүй байна. Нэг нь хувь хүн, нөгөө нь хуулийн этгээд байгаа. Хэдийгээр эдгээр хүмүүс нэгдмэл сонирхолтой ч хамтран хариуцагчаар татагдаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч тус бүрд хэрхэн хамаарч байгаа нь хариуцагч тус бүрээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл, М Сэ-гийн Худалдаа хөгжлийн банкаар мөнгө шилжүүлсэн тухай баримтуудыг үзэхэд иргэн Б.Б-ын нэр байна. Мөн “М Х Б Х” ХХК-ийн данс руу орсон байсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ хөрөнгө оруулалтын зориулалтаар 1.052.673 ам долларыг оруулсан гэдэгтэй бид маргаагүй. Энэ мөнгө орсон. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 5 шар хороололд 250 метр квадрат газрыг энэ хэлцлийн баталгаа болгож, М Сэ авсан баримт байгаа. Бид нар эвлэрнэ гээд энэ асуудлын талаар яриагүй. Иймд хариуцагч нотлох баримтаа гаргах боломжоор хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү. Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн баруун талд 7 давхар баригдсан байгаа барилгад хөрөнгө оруулалт хийсэн талаар нэхэмжлэгч маргахгүй байгаа. Хэрвээ оруулалтын мөнгөө буцааж татахаар маргаан үүсгэж байгаа бол хариуцагч нар хэн нь хэдэн төгрөг хариуцаж төлөх вэ, оруулсан мөнгө нь барилгатаа бүгд орсон. Тэгэхээр одоо байгаа 7 давхар объект дээр үнэлгээ хийх шаардлагатай. Тиймээс бид баригдаж дуусаагүй барилга дээрээ гэрчилгээ аваад эвлэрч асуудлаа шийдэх боломж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох хэрэгтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Masaki Seiji /цаашид М Сэ гэх/ нь Б.Б болон “М Х Б Х” ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээний улмаас учирсан хохиролд 2 590 628 253 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 056 251 486 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Б.Б, Монголын хот байгуулалтын хүрээлэн ХХК нь Япон улсын иргэн М Сэ-тэй 2011 оны 10-р сард хамтран ажиллахаар тохирч, Б.Б, түүний Монголын байгуулалтын хүрээлэн ХХК нь Баянгол дүүргийн 5-р хороо, 3-р эмнэлэгийн баруун талд 54 айлын 13 давхар орон сууцыг барьж ашиглалтад оруулах, М Сэ нь хөрөнгө оруулалт хийх, барилгыг ашиглалтад оруулснаар ашиг хуваахаар амаар тохиролцжээ. Талууд Иргэний хуулийн 479-р зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Хариуцагч нар барилгын ажлыг эхлүүлж 7 давхар хүртэл угсралтын ажил хийсэн, М Сэ нь тухайн барилгат 1 052 673 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, 2012 оны 9-р сарын 1-ний өдөр тухайн барилгат осол гарч хүүхдийн амь нас хохирсон, үүнээс хойш барилгын ажил зогссон талаар талууд маргаагүй байна.
Харин хөрөнгө оруулагч нь хариуцагч нар барилгын ажлыг дуусгаагүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар маргаж, оруулсан хөрөнгөө гаргуулахаар шаарджээ.
Б.Б нь “М Х Б Х” ХХК 1 хувьцаа эзэмшигчтэй ХХК-ний хувьцаа эзэмшигч бөгөөд хариуцагч нар ашиг сонирхол нэг, хамтран үүрэг гүйцэтгэгч байна.
Хариуцагч Монголын хот байгууллалтын хүрээлэн ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хариуцагч тус бүрээр нэхэмжилсэн шаардлага тодорхойгүй, нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан” нь шүүх хуралдааныг хойшлуулах, хэргийг хэлэлцэхгүй байх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 11-р сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэрэгийн анхан шатны шүүхэд гаргаж, 2017 оны 11-р сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотолсон баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан, нотлох баримтаа гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэж дүгнэлээ.
Нөгөө талаас, хариуцагч нар энэ барилгат хамтран ажиллахаар тохирч хөрөнгө оруулсан АНУ-ын, Францын иргэн Ж Варрен, Ж Ф Херт, Л Маркс гэж хүмүүс байгаа, тэдгээрийн эрх ашиг хөндөгдөнө гэж тайлбарладаг боловч Б.Б нь Л Маркстай 2015 оны 9-р сарын 4-ний өдөр гэрээ байгуулсан, гэрээний агуулгат нь тухайн барилгын ажил 3 жил зогссон талаар тусгаж, цаашид барьж дуусгахаар тохирсон байх ба өөр этгээдтэй дараагийн гэрээг байгуулсан, өмнөх гэрээг дуусгавар болгосон гэж үзнэ.
Улмаар энэ гэрээний үүрэгт дутуу баригдсан барилгын доорх газрыг Льюс Маркст шилжүүлж өгсөн гэсэн хариуцагч Б.Б-ын тайлбараар дүгнэвэл М Сэ-тэй байгуулсан гэрээг үргэлжүүлэх боломжгүй болж, дуусгавар болгосон байна.
Эдгээрээс дүгнэвэл талууд гэрээ цуцалсан, нэхэмжлэгч учирсан хохирлоо гаргуулахаар шаардсан, М Сэ-гээс Б.Б болон Монголын хот байгуулалтын хүрээлэн ХХК-д шилжүүлсэн ам.долларыг тухайн барилгыг барихад зарцуулсан тул шилжүүлсэн үеийн ханшаар тооцох үндэслэлтэй.
Америк долларын ханшийг Монгол банкны зарласан албан ёсны ханшаар буюу Монгол банкны сайтнаас авч тооцлоо. Үүнд:
- Б.Бод 2011 оны 10-р сарын 21-нд бэлэн мөнгөний зарлагын баримтаар 4000 долларыг 1 296.42 төгрөгөөр тооцож 5 185 680 төгрөг /хх 6/, 2012 оны 07-р сарын 06-ны өдөр ХААН банкны шилжүүлгээр 70 000 долларыг 1 338.68 төгрөгөөр тооцож 93 707 600 төгрөг /хх 16/, 2012 оны 07-р сарын 18-ны өдөр ХААН банкны шилжүүлгээр 230 000 долларыг 1 344.82 төгрөгөө тооцож 309 308 600 төгрөг /хх 17/, 2012 оны 07-р сарын 20-ны өдөр ХААН банкны шилжүүлгээр 11 222 долларыг 1 347.29 төгрөгөөр тооцож 15 119 288 төгрөг буюу нийт 423 321 168 төгрөг, үүн дээр 2012 оны 02-р сарын 01-ний өдөр нийслэлийн газрын албанд төсөл сонгон шалгаруулах үнэнд шилжүүлсэн 3 643 200 төгрөг /хх 8/, төрийн санд шилжүүлсэн 10 000 төгрөгийг нэмж 426 974 368 төгрөгийг тус тус шилжүүлсэн, энэ хэмжээгээр хохирлыг төлөх үүрэгтэй.
- “М Х Б Х” ХХК-д 2012 оны 4-р сарын 27-ны өдөр кассын орлогын ордероор 31 351 доллар, 10 222 доллар, 15000 доллар нийт 56 573 долларыг 1 251.46 төгрөгөөр тооцож 70 798 846 төгрөг /хх 9/, 2012 оны 6-р сарын 11-ний өдрийн кассын орлогын ордероор 10 222 доллар, 151 500 доллар, 1000 доллар нийт 162 722 долларыг 1 320.34 төгрөгөөр тооцож 214 847 365 төгрөг /хх 10/, 2012 оны 06-р сарын 29-ний өдрийн кассын орлогын ордероор 10 222 доллар, 1000 доллар нийт 11 222 долларыг 1 342.23 төгрөгөөр тооцож 15 062 505 төгрөг /хх 11/, 2011 оны 12-р сарын 19-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор 20 000 доллар, 10 000 доллар нийт 30 000 долларыг 1 375.56 төгрөгөөр тооцож 41 266 800 төгрөг /хх 12/, 2012 оны 01-р сарын 25-ны өдрийн 3 797 доллар, 1 916 доллар нийт 5 713 долларыг 1 373.12 төгрөгөөр тооцож 7 844 634 төгрөг /хх 13/, 2012 оны 3-р сарын 13-ны өдрийн 166 000 доллар, 8 56 доллар, 2 166 доллар нийт 175 232 долларыг 1 340.90 төгрөгөөр тооцож 234 968 588 төгрөг /хх 14/, 2012 оны 3-р сарын 22-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор 8 853 доллар, 10 222 доллар нийт 19 075 долларыг 1 330.05 төгрөгөөр тооцож 25 370 703 төгрөг /хх 15/, 2012 оны 8-р сарын 24-ний өдрийн ХААН банкны шилжүүлгээр 11 222 долларыг 1 370.35 төгрөгөөр тооцож 19 116 677 төгрөг /хх 19/ нийт 629 277 118 төгрөгийг тус тус шилжүүлсэн, энэ хэмжээгээр хохирлыг хариуцах үүрэгтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1, 479-р зүйлийн 479.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-оос 426 974 368 /дөрвөн зуун хорин зургаан сая есөн зуун далан дөрвөн мянга гурван зуун жаран найм/ төгрөг, “М Х Б Х” ХХК-иас 629 277 118 /зургаан зуун хорин есөн сая хоёр зуун далдан долоон мянга нэг зуун арван найм/ төгрөгийг тус тус гаргуулж Япон улсын иргэн Masaki Seiji /М Сэ/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болох 1 056 251 486 /нэг тэрбум тавин зургаан сая хоёр зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 120 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-оос 2 292 822 /хоёр сая хоёр зуун ерэн хоёр мянга найман зуун хорин хоёр/ төгрөг, “М Х Б Х” ХХК-иас 3 304 335 /гурван ся гурван зуун дөрвөн мянга гурван зуун гучин тав/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч М Сэ-д олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА