Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
Хэргийн индекс | 176/2022/0217/Э |
Дугаар | 2022/ШЦТ/237 |
Огноо | 2022-05-30 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
-улсын яллагчаар Х.Оюунцэцэг,
-шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эд холбогдох эрүүгийн 2234000000134 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух хаягтай хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй гэх Б.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн орой Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн задгайд байрлах гэртээ өөрийн эхнэр Т.Утай архи өгсөнгүй гэх шалтгаанаар муудалцаж, улмаар Т.У руу зуухны халуун ширмэн таг шидэж, нүүрэн тус газарт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Э нь мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2234000000134 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн орой Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн задгайд байрлах гэртээ өөрийн эхнэр Т.Утай архи өгсөнгүй гэх шалтгаанаар муудалцаж, улмаар Т.У руу зуухны халуун ширмэн таг шидэж, нүүрэн тус газарт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах
-Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
-Хохирогч Т.Уын “... 2022 оны 02 дугаар сарын 03-ны орой 23 цагийн үед гэртээ унтаж байтал манай нөхөр Б.Э нь архи уусан, согтуу үедээ намайг дуудаж архи хаана байна, архи олж ир гээд унтаж байхад толгой руу гараараа цохиод авсан. Би яаж байгаа юм бэ гээд босоод ирсэн чинь манай нөхөр Б.Э нь пизда чинь архи аваад ир гээд байхад унтаад байх юм архи хааш нь хийчихэв гээд зуухны таг буюу ширэм аваад над руу шидсэн. Нөгөө таг нь миний зүүн талын нүдийг оносон. Зүүн нүд нээгдэхгүй юм харахгүй нүдний гадна талаар халуун төмөрт түлэгдсэн, баруун гарын чигчий хуруу, ядам хуруу зэрэг түлэгдсэн. Ингээд бие өвдөөд байхаар нь эмнэлэг орж үзүүлээд тэндээс цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн
Гэрч Б.Баатарсүрэнгийн “...Би Улаанбаатар хотоос нагац ах Б.Эгийн гэрт ирсэн. Ингээд хөдөө дүүгийнд очоод цагаан сар хийчихээд Б.Э ахын гэрт ирсэн. Ингээд архи уусан, тасарсан хүмүүсээ хүргэж гэрт нь оруулаад Т.У эгч тасарсан байхаар нь машинаас өргөөд гэрт нь оруулаад унтуулсан юм. Тэгсэн чинь Б.Э ах гэртээ гал түлчихээд Т.Уыг дуудаад босоод энэ хүмүүст ор засаж өг гээд хэлсэн. Тэгээд архи байхгүй юм уу гээд асуутал Т.У байхгүй пизда минь гээд уурлаж байсан. Ингээд би бэргэн эгч, н.Тунгалаг бид хоёр эрүүл байсан болохоор Б.Э, Т.У хоёрыг салгаад Б.Эг гэрийн баруун талд салгаж гаргаад Т.Уыг гэрийн зүүн талд байлгаж байтал Т.У гэрийнхээ зуухны ширмийг гараараа цохиод байсан. Тэгсэн нөхөр Б.Э нь зуухны ширмээ аваад шидтэл Т.Уын нүүрэн дээр цохисон. Б.Э, Т.У хоёрыг салгаад ширмийг нь зуухан дээр нь тавиад Т.Уын цус энэ тэрийг цэвэрлээд Б.Э ахын гэрт хоночихоод маргааш нь Улаанбаатар хот руу буцсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,
Гэрч М.Тунгалагийн “...Би ах дүүсийн хамтаар УЛаанбаатар хотоос цагаан сар хийж ах дүүсийндээ ирсэн. 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хөдөө хамаатан ах дүүгийнд очиж ирчихээд Жаргалант сумын төв дээр Б.Эгийн гэрт ирсэн. Энэ үед Б.Э Т.У нар архи их уусан согтуу байсан хоорондоо маргалдаж хоёр биенээ элдэв янзаар хэлж ноцолдоод байсан. Ингээд Б.Э, Т.У хоёрыг салгаад манай дүү н.Баатарсүрэн, н.Нинж нар салгаж хооронд нь зодолдуулахгүй байх арга хэмжээ авч байсан юм. Тэгтэл Б.Э халуун зуухны ширэм аваад Т.Уын нүүр рүү шидээд гэмтээсэн юм. Б.Э, Т.У хоёр хоёулаа согтуу байсан болохоор дийлдэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
Гэрч О.Болормаагийн “...Би гэр бүл ах дүүсийн хамт Жаргалант суманд ирээд цагаан сараар золголт хийсэн юм. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хөдөө явж золголт хийхэд Б.Э ах, Т.У нар цуг явсан. Ингээд хөдөө байж байхад Б.Э, Т.У хоёр архи уучихаад хоорондоо маргалдаад байхаар нь буцахдаа Б.Эг өөрийн барьж явсан машиндаа суулгаад Т.Уыг нөхөр н.Баатарсүрэнгийн барьж явсан машинд суулгаад Б.Эгийн гэрт ирсэн. Бүх хүмүүс архи уугаад тасарсан байсан болохоор гэр рүү нь өргөж оруулаад бүгдийг нь унтуулсан. Ингээд би хоёр ч өдөр нойр дутуу явсан байсан болохоор Б.Эгийн ахын хажууд байх эмээгийн гэрт ороод унтаад өгсөн юм. Бүх хүмүүсээ хувааж гурван гэрт унтуулаад л Т.У эгчийг орон дээр өргөөд хэвтүүлсэн чинь унтаад өгсөн юм. Тэгээд жаахан харж зогосож байгаад манай нөхөр н.Баатарсүрэн, бэр эгч н.Тунгалаг нар нь эрүүл байсан учраас эмээгийн гэрт ороод унтаад өгсөн. Маргааш өглөө нь сэрээд иртэл зодоон болсон байсан, юу болсон гээд асуутал Б.Э ах архи нэхээд өгөхгүй болохоор нь зодсон гээд л нүдийг нь таглаад хаясан байсан. Би яагаад ийм болтол нь зодож байгаа юм бэ гээд л хэлсэн. Т.У нь гайгүй хэд хоног ажлаасаа чөлөө авахаас Б.Э ажлаа хийнэ биз гээд л ярьж байсан. Би яг зодоон болох үед нь байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
-Шүүгдэгч Б.Эгийн гэрчээр өгсөн “...Би хамаатны ах дүүс болох н.Болормаа, н.Нинжцэмбэ, н.Тунгаа мөн эхнэр хүүхдийн хамтаар хөдөө яваад орой гэртээ ирсэн. Ингээд гэртээ байж байхдаа эхнэр Т.У уурлаж архи нэхсэн, элдвээр харааж хэлээд архи авч ир гээд хэрэлдсэн чинь н.Баатарсүрэн, н.Нинжцэмбэ хоёр салгасан. Тэгээд эхнэрээ гараараа нэг цохиод авсан чинь эхнэр нь босож ирээд зуухны дээр балбаад байхаар нь зуухны тагийг аваад эхнэр Т.У руу шидсэн чинь нүүрэнд нь оносон. Ингээд унтаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 96 дугаартай “...Т.Уын биед баруун гарын чигчий хурууны 3 дугаар үенд шарх, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, хацар, хамар, уруулын дэд хэсэгт зулгаралт, зүүн шанаа, нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын нурууны гол, баруун нүдний дээд зовхи, хацар, зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, нүдний дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаа сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 тал/,
Шүүгдэгч Б.Эгийн яллагдагчаар өгсөн “...Би хохирогч Т.Ут эмчилгээний зардал мөн эмчилгээ хийлгэсэн. 140.000 төгрөг өгч барагдуулсан байгаа. Би Т.Уын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн орой Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн задгайд байрлах гэртээ өөрийн эхнэр Т.Утай архи өгсөнгүй гэх шалтгаанаар муудалцаж, улмаар Т.У руу зуухны халуун ширмэн таг шидэж, нүүрэн тус газарт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож тогтоогдсон.
Прокуророос шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Б.Эд холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Э нь хохирогч Т.Уын нүүрэн тус газар руу нь зуухны таг шидэх сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Э нь хохирогч Т.Уын зуухны таг шидсэний улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Улмаар гэр бүлийн харилцаатай хүн болох хохирогч Т.Ут хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг хангаж байгаараа хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11:6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл баруун гарын чигчий хурууны 3 дугаар үенд шарх, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, хацар, хамар, уруулын дэд хэсэгт зулгаралт, зүүн шанаа, нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын нурууны гол, баруун нүдний дээд зовхи, хацар, зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, нүдний дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Х.Оюунцэцэгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 1.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүхээс оногдуулах торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хуулийн хугацаанд төлүүлэх. Шүүгдэгчийн цагдан хоригдсон тав хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялд нь оруулан тооцож торгуулийн ялаас дүйцүүлэн хасах саналтай байна. Шүүгдэгчээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус тус шүүхэд гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Э “Тайлбар байхгүй” гэх дүгнэлийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Б.Эгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байх бөгөөд шүүгдэгч Б.Очхүүд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Уын биед биед баруун гарын чигчий хурууны 3 дугаар үенд шарх, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, хацар, хамар, уруулын дэд хэсэгт зулгаралт, зүүн шанаа, нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын нурууны гол, баруун нүдний дээд зовхи, хацар, зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, нүдний дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Т.У нь шүүхийн шатанд 358.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үүнээс нотлох баримтын шаардлага хангасан 358.000 төгрөгийг шүүгдэгч Б.Эгээс гаргуулж, хохирогч Т.Ут олгож, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн 2234000000134 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг зуухны төмөр тагийг хууль ёсны эзэмшигч болох шүүгдэгч Б.Эд буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2., 36.6., 36.7., 36.8, 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгийн цагдан хоригдсон 5 хоногийг нийтэд тус ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 хоногоор тооцон хасч, 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 260 /хоёр зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгээс 358.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ут олгож, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн 2134003640485 дугаартай иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон 5 хоногтой, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг зуухны төмөр тагийг шүүгдэгч Б.Эд буцаан олгож, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг тус тус дурдсугай.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА