Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2018/01260

 

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2018/01260

Улаанбаатар хот

                        

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б.О-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Р ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт  3 000 000 төгрөг, дутуу олгосон цалин 3 972 038 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О,нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б /үнэмлэх 0726/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

 

                                                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Р ХХК-ний Экстра орос худалдааны төвд захирал н.С-ын санал болгосноор менежерээр ажилласан. Ийнхүү ажиллахдаа тус компанийн харьяа Ургамал төвийг нээж хариуцан ажиллаж байсан. Анх ажилд орохдоо сарын 1 000 000 төгрөгийн цалинтай, хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэй ажиллахаар тохиролцож ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Миний ажил үүргийн хуваарь нь Ургамал төвд зарагдаж байгаа бараануудыг Орос руу захиалга хийх, зарж борлуулах, тарих зэргээр тус төвийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэгтэй байсан. Ингээд миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, 2018 оны захиалгыг бүтэн хийсэн. Компани надтай 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Нууцын гэрээ байгуулсан.  Би ажилд орсон үеэсээ хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулъя гэдэг саналаа захирал С-д 2-3 удаа тавьсан боловч байгуулаагүй, гэрээ байгуулахгүй бол ажиллахгүй гэдэг агуулгаар маргалдаж байсан. Сувд захирал надад “би чамайг 3 жил битгий хэл 30 жил ч хаяхгүй, санаа зоволтгүй ажлаа хий” гээд ажил үүргээ гүйцэтгүүлж байсан. Гэтэл 2018 оны 01 дүгээр  21-ний өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн бөгөөд ажлаа 01 дүгээр сарын  23, 24-ний өдрүүдэд актаар хүлээлгэж өгсөн. Иймд намайг Р ХХК-ний менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3 000 000 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн миний ажиллаж байсан хугацааны Нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү. Тус компанид ажиллаж байхдаа миний бие 3 972 038 төгрөгийн цалин дутуу авсан байдаг. Би Р ХХК-иас 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний хооронд ажилласан 10 сарын цалинг 1 000 000 төгрөгөөр бодож, нийт 10 000 000 төгрөгөөс картаар авсан цалингаа хасаж 3 972 038 төгрөгийг дутуу авсан тул хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Р ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Б.О-тэй хамт А, Х гэж хоёр хүн ажилд орсон байдаг. Эдгээр хүмүүс хөдөлмөрийн гэрээгээ байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, хууль ёсны дагуу явсан. Гэтэл Б.О нь “би тусгай хүн, тусгай гэрээтэй, гэрээ байгуулахгүй” гээд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй. Тухайн үед Б.О нь оффист захирлын хүлэмж ажиллуулсан. Ажилд томилсон тушаал болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан маргаан биш юм.  Б.О нь зээлтэй байсан, зээлээ 7, 8 дугаар сард цалингаасаа төлж байсан. Өөр шүүхэд Б.О-тэй холбоотой 2 800 000 төгрөгийн маргаан байгаа. Тэр маргаанд Б.О энэ зээлийг бөөнд нь авсан гэж ярьдаг. Тэгэхээр цалингаа хэдэн сараар урьдчилж зээл аваагүй. Ажиллах үеийн цалинг бүрэн олгосон, түүнийг үндэслэлгүй халсан, цалинг дутуу олгосон асуудал байхгүй. Цалин дутуу олгосон талаар мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжилсэн байгаа. Цалинг 750 000 төгрөгөөр тохирч, бусад урамшуулал, нэмэгдэл хөлс зэргийг тухайн үедээ олгогдсон, нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь Р ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт  3 000 000 төгрөг, дутуу олгосон цалин 3 972 038 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Б.О нь 2017 оны 3-р сараас Р ХХК-ний “Ургамал төв” цэцгийн дэлгүүрийг хариуцан менежерээр ажиллаж байгаад 2018 оны 1-р сарын 21-нд ажлаасаа чөлөөлөгдөж, 1-р сарын 24-нд ажлаа хүлээлгэн өгчээ.

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлд зааснаар ажил олгогч нь иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй бөгөөд Р ХХК нь Б.О-гээр менежерийн ажил гүйцэтгүүлэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй үндэслэлээ “...О өөрөө хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэсэн”, ажилтан нь “...захирлаас хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардсан боловч байгуулаагүй” гэж тайлбарлах ба ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн, ажилтан тухайн ажлыг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байсан боловч гүйцэтгэсэн, үүнд хэн аль нь буруутай байна. 

 

Түүнээс гадна, Р ХХК нь Б.О-ийг  ажилд авсан, ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргаагүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд заасан аль үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсныг дүгнэх боломжгүй, түүнийг үндэслэлгүйгээр халсан гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь менежерээр ажиллаж байхдаа сард 800 000 төгрөгний цалинтай байсан нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар /хх 19/, Б.О-ийн Голомт банкны дансны хуулга /хх 4-11/, цалин олгосон талаарх санхүүгийн баримт /хх 48-50/ зэрэг баримтуудаар тогтоогдсон байх тул ажилгүй байсан хугацааны олговорыг 2018 оны 01-р сарын 25-наас 2018 оны 04-р сарын 18-ныг хүртэлх хугацаагаар тооцож /нэг өдрийн цалин 37 209 төгрөг/ 2 232 553 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ. 

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх, нийгмийн  даатгалын дэвтэрт сар тутамд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй байх тул түүнд олгох цалин хөлснөөс тооцож шимтгэл төлж, бичилт хийх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь 1 000 000 төгрөгний цалинтай ажиллахаар тохирсон, 2017 оны 03-р сарын 20-ноос ажлаас чөөөлөгдөх хүртлээ цалинг дутуу олгосон талаар маргаж, 3 972 038 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

 

Харин түүнд 800 000 төгрөгийн цалин олгож байсан нь тогтоогдож, ажилгүй байсан хугацааны олговорыг шийдвэрлэсэн бөгөөд 1 000 000 төгрөгний цалинтай ажиллаж байсан гэх үндэслэлгүй.

 

Нөгөө талаас, Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажилтан нь цалин хөлсний талаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

Хэргийн 46 дахь талд авагдсан Р ХХК-ний ерөнхий захирлын 2017 оны 12-р сарын 07-ны өдрийн тушаал, 51-53 дахь талд авагдсан Б.О-гийн цагийн бүртгэл зэрэг баримтууд нь түүний ажиллаж байсныг нотолсон, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03-р сарын 27-ны өдрийн 03613 тоот захирамж, гэрч Э.Э-гийн мэдүүлэг зэрэг баримтууд нь зээлийн гэрээний маргаантай холбоотой, энэ нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй баримтууд байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэг, 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.О-ийг Р ХХК-ний Ургамал төвийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Р ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 2 232 553 /хоёр сая хоёр зуун гучин хоёр мянга таван зуун тавин гурав/ төгрөг гаргуулж Б.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 3 972 038 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Б.О-т олгох олговороос нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Р ХХК-д даалгасугай.

 

 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 500 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж,  хариуцагч Р ХХК-иас 50 670 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.  

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА