Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2021/00040

 

 Н.Зулхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/01327 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1312 дугаар магадлалтай,

Н.Зулхүүгийн нэхэмжлэлтэй,

Д.Хишигсүрэнд холбогдох

Нэхэмжлэл: 21.870.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Дариймаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Н.Зулхүү нь 1993 оноос хойш одоог хүртэл гадаадад амьдарч байна. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 8 дугаар гудамж, 8 тоот хашаа байшинг эцэг, эх маань 1983 онд хятад иргэнээс худалдан аваад нас барах хүртлээ амьдарсан. Хашаа байшин эзэнгүй үлдээд Ж.Нацаг эмээгээр харуулж байсан. Би эмээд хоол ундыг зөөж байнга эргэж байдаг байсан. 2003 оны 01 сарын 17-нд Д.Дэмбэрэлжав Ж.Нацаг эмээгээс дээрх хашаа байшинг худалдан авахаар гэрээг байгуулсныг нотариатч Д.Хишигсүрэн гэрчлэх үйлдэл хийхдээ тухайн эд хөрөнгө зохих байгууллагад бүртгэгдсэн тухай бүртгэл, иргэний үнэмлэх, бичиг баримтыг шалгана гэсэн заалтыг зөрчсөн. Энэ талаар Нотариатын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2013 оны 04 сарын 08-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр тогтоогдсон. Үүнээс болж Н.Зулхүү хашаа байшин эд хөрөнгөөр хохирсон. 10 гаруй жил шүүхээр хөөцөлдөөд өмч хөрөнгийг биет байдлаар авах боломжгүй болсон. Иймд учирсан хохирол болох 3 тал хашаа, хашаан дотор байсан өвлийн 3 өрөө сууцны хохиролд 20.000.000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад тушаасан тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.800.000 төгрөг, нийт 21.870.200 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Хишигсүрэнгийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Зулхүүгийн төлөөлөгч нь өөрт хамааралгүй асуудлаар олон удаа иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байдаг. 2003 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь Ж.Нацаг, Д.Дэмбэрэлжав нарын хооронд байгуулагдсан байдаг. Үүнийг гэрчлэхдээ тухайн хүмүүсийн өрхийн бүртгэлийг үндэслэн гэрчилсэн юм. Энэ гэрээг 2016 оны 04 сарын 27-нд шүүхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Н.Зулхүү дээрх гэрээнд ямар ч хамааралгүй, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 8 дугаар гудамж 8 тоот хашаа байшинг Н.Зулхүү өмчлөх эрхгүй бөгөөд өмчлөгч биш гэж тогтоосон байдаг. Надад нотариатын хууль бус үйлдлээс болж хариуцлага тооцсон асуудал байхгүй. 2013 оны 4 сарын 08-ны өдрийн №1 тоот Монголын нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн шийдвэр гэсэн нь өөрөө үндэслэлгүй гарсан. Нотариатчдын танхимын шийдвэр гэсэн нэртэй эрхийн акт гаргадаггүй юм. Хэрэв сахилгын шийтгэл ногдуулсан бол эрхийн акт нь өөр нэрээр гардаг юм. Би тухайн үед гомдол гаргаагүй нь миний алдаа болсон байна. Иймд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/01327 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Хишигсүрэнгээс 21 870 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Дариймаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 301 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж илүү тушаасан 12 699 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1312 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/01327 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Дариймаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нотариатч Д.Хишигсүрэн нь нотариатын үйлдэл хийх зааврын 3.5-д заасан улсад бүртгэдэг эд хөрөнгийг бусдад шилжүүлэх гэрээг гэрчлэхдээ тухайн хөрөнгө зохих байгууллагад бүртгэгдсэн тухай бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, регистрийн дугаар баримтыг үндэслэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Уг үйлдэл нь Нотариатын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн гишүүдийн 2013 оны 4 сарын 8-ны өдрийн №1 тоот шийдвэрээр тогтоогдсон. Хариуцагч нотариат Д.Хишигсүрэн, нотариатын үйлдэл болон хууль холбогдох заавар, журмыг зөрчсөн болохыг харьяа дээд Мэргэжлийн байгууллага тогтоосон байтал хууль бус үйлдлийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хариуцагч Д.Хишигсүрэн нотариат хуулийн өмнө гэм буруугүй гэдгийг нотлоогүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй, улсын тэмдэгтийн хураамж, төлбөр хурааж авдаг, татвар төлөгч иргэний орлогоор цалинждаг. Хариуцсан ажлаа шүүгч нар хариуцлагатай хийдэггүй. Улсын Дээд шүүхийн буруу шийдвэрүүдийг долигнож, булхайлж ая тал засдаг. Шударга үнэнг тогтоож чаддаггүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарласан. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй. Шүүх хуулийн дагуу Ж.Нацагийн хувийн өмч гэдгийг нотлох баримтаар тогтоож байж, СХД-ийн нотариат Д.Хишигсүрэн худалдах гэрээ баталж өгөхөөр хуулиар журамлагдсан. Иймд Улсын дээд шүүхийн шүүгч танаас хүсэх нь СХД-ийн 10-р хороо, Баянцагааны 8-8 тоот 2 тал хашаа, 3 өрөө өвлийн байшин, хашааны 0,05 га газар хэний өмч хөрөнгө болохыг хуулийн дагуу тогтоож өгнө үү. Хятадын цагаач иргэн Ван 1960 онд барьсан. 1982 онд Н.Зулхүү худалдаж авсан. СХД-ийн 44 дэх нотариат Д.Хишигсүрэн, Д.Дэмбэрэлжав, Г.Болоож нарыг цагдан хорьж, иргэн мөнхийн согтуу Нацаг эмээгийн хүү В.Түвшинжаргалаас 2.130.000 төгрөг өгч авсан. Октябрийн районоос олгосон Н.Зулхүүгийн нэр дээр шилжсэн цагаан гэрчилгээг эрүү үүсгэн шалгаж, цагдан хорьж авч өгнө үү. Хууль бус Үндсэн хууль зөрчиж гаргасан иргэний халдашгүй дархан эрхэнд халдаж, булхайлж луйвар хийсэн, хууль бус 3 шатны шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Албан тушаалаа хортойгоор ашиглаж, эрүүгийн гэмт хэрэгтэн нотариат Д.Хишигсүрэнг хуулийн өмнө ял эдлүүлж, 21.000.000 төгрөг гаргуулж, иргэн Н.Зулхүүд авч өгнө үү. Иргэн би 12 жил шүүхээр Н.Зулхүүгийн өмчийг хөөцөлдөж, чирэгдэж тэмдэгтийн хураамжинд олон мянган төгрөг тушааж, өмгөөлөгчийн цалинд хэдэн сая төгрөгөө өгч, цаг хугацаа, эдийн засгаараа хохироод байгааг онцгой анхаарч, хохирлыг нөхөж олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.Зулхүү нь Д.Хишигсүрэнд холбогдуулан хашаа, сууцны үнэ 20.000.000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70.200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.800.000 төгрөг, нийт 21.870.200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...нотариатч Д.Хишигсүрэн Ж.Нацагаас Д.Дэмбэрэлжавт хашаа, байшинг худалдсан гэрээг гэрчлэхдээ хууль болон журам зөрчснөөс хохирол учирсан... гэснийг хариуцагч ...тухайн эд хөрөнгө Н.Зулхүүгийн өмчлөлийн зүйл биш... гэж зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Дариймаагийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ...эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заажээ.

Гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, /эс үйлдэхүй/-н улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан байхаас гадна гэм буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдох учиртай.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Д.Хишигсүрэнгийн нотариатын үйлдэл хийсэн буюу 2003.01.17-ны өдөр Ж.Нацаг, Д.Дэмбэрэлжав нарын хооронд байгуулагдсан хашаа, байшинг худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн үйлдлээс Н.Зулхүүд хохирол учирсан нь тогтоогдоогүй гэж үзсэн нь хэргийн баримтад тулгуурласан байна. Өөрөөр хэлбэл, тухайн маргааны зүйлийн үндэслэл болсон хашаа, байшинг нэхэмжлэгч эзэмших, өмчлөх эрхтэй нь тогтоогдоогүй тул нотариатын үйлдэл Н.Зулхүүгийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй юм.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдолдоо, Д.Хишигсүрэнгийн буруутайг тогтоосон Монголын Нотариатын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн гишүүдийн 2013 оны 4 сарын 08-ны өдрийн №1 тоот шийдвэрийг шүүх ач холбогдолтой гэж үнэлээгүй гэжээ.

Хоёр шатны шүүх, хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ, ...№1 тоот шийдвэрт, нотариатч Д.Хишигсүрэнг Ж.Нацаг, Д.Дэмбэрэлжав нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг гэрчлэхдээ тухайн эд хөрөнгө зохих байгууллагад бүртгэгдсэн тухай бүртгэл, бичиг баримтыг үндэслэнэ гэсэн заалтыг зөрчсөн гэж заасан боловч, хэрэгт авагдсан Н.Нямаа, Н.Зулхүү нарын нэхэмжлэлтэй Ж.Нацаг, Д.Дэмбэрэлжав нарт холбогдох худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хашаа, байшинг чөлөөлүүлэх, түүнчлэн Н.Зулхүүгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Ж.Дашзэвэг, Д.Загдсүрэн нарын нэр дээрхи эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, эдгээр нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрүүдэд тухайн хашаа, байшин нь Н.Нямаа, Н.Зулхүү нар эзэмших, өмчлөх эрхтэй нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн тул нотариатын үйлдэл нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй гэжээ. Энэ дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүргийн зөрчлийн улмаас үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулав.

Н.Дариймаа нь Н.Зулхүүг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд /хх-1-р тал/ шүүгч 2019.03.03-ны өдрийн 184/ШЗ2019/02574 дугаар захирамжаар Н.Зулхүүгийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, улмаар 2019.04.18-ны өдрийн 184/ШЗ2019/04497 дугаар захирамжаар уг нэхэмжлэлтэй хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч Н.Зулхүүгийн нэхэмжлэлийг бус нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Дариймаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 32 дугаар зүйлийн 32.1, 115 дугаар зүйлийн 115.3, 118 дугаар зүйлийн 118.5-д заасантай нийцээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1312 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/01327 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дариймаагийн... гэснийг ...нэхэмжлэгч Н.Зулхүүгийн... гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Дариймаа нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 267.301 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ