Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 204

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх  /ҮД:02-50/,

          иргэдийн төлөөлөгч Ш.Нямжавыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1993 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх  үедээ  “БТН технологи”  ХХК-д  сантехникч ажилтай байсан, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сум 5-р баг Нарлагийн 9-р гудамжны 13 тоотод  оршин суух хаягтай , улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж , Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр зүйлийн 05-ны өдрийн 85 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 3 жил  05 сар хорих ялаас  эдлээгүй үлдсэн 1 жил 02 сар 5 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Зуун цээжүүд овогт Батцэнгэлийн Батбаярт /РД:ЖЗ93062210/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625011872 дугаартай, 105/2016/0195/Э индекстэй хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Б.Батбаяр нь ялтай байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, 12 дугаар байрны 2 дугаар орцны хонгилын өрөөнд Ж.Одхүүг танхайн сэдэлтээр, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батбаяр мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 20-нд манай эгч над руу залгаад “би 21-ний өглөө баруун аймаг руу нэг найзынх руугаа явах гэж байна” гэж надад хэлсэн. Тэгээд би 20-ны өдөр эгчийг гаргаж өгөх гэж ирсэн. Эгчийн хүү нь архи ууя гэхээр нь гэрчтэй хамт бид гурав 0.5 литрийн архи хамт хувааж уусан. Талийгаач намайг ална гээд хүзүү рүү архины шилээр цохисон. Би талийгаачид “та яаж байгаа юм бэ болиоч ээ” гэж хэлээд талийгаачийг дарж хэвтсэн. Тэгээд талийгаач одоо хоёулаа болъё гэж хэлэхээр нь би дээрээс нь боссон. Дахиад намайг архи хийж ууж байсан шилэн аягаа хагалж дайрсан. Би талийгаачид “явлаа шүү” гэж хэлэхэд ах нь одоо болилоо гэсэн. Тэгээд тавиур дээр байсан төмөр савнаас хутга аваад над руу дайрсан. Тэгэхээр нь би хутгыг нь авах гэж ноцолдож байхад талийгаач “чи намайг хатгачихлаа шүү дээ” гэж хэлэх шиг болсон. Цааш нь юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Нэг л мэдэхэд ийм зүйл болсон байсан. Үүдэн дээр би гэрчтэй таараад үг дуугараагүй  гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч С.Зинагийн өгсөн: ... Би урьд шөнө Сансарын Баянцээлийн гудамжинд явж байтал миний ганц хүү Ж.Одхүүгийн амьдардаг байрны орцны жижүүр надтай тааралдаад танай хүү ухаангүй болсон юм биш үү гэсэн зүйл хэлсэн. Тэгэхээр нь би хүүгийнхээ амьдардаг байранд нөгөө жижүүрийн хамтаар очсон. Гэтэл гадаа нь цагдаагийн машин ирчихсэн байсан. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Цагдаагийн хэлтэс дээр ирснийхээ дараа хүүгээ нас барсан талаар  дуулж мэдлээ...  Батбаяраас нэхэмжлэх зүйл байхгүй, Оршуулгын зардлыг ар гэрээс нь гаргасан болохоор  надад нэхэмжлэх  зүйлгүй ...гэх мэдүүлэг / хх-ийн 41-42-р тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Ш.Дамбийнямын өгсөн: ...  манай хөрш залуугийн дүү гэх залуу ирээд бараг  сар орчим болсон байх...Би өчигдөр “Нарантуул” зах дээр зогсож байгаад үдээс хойш 16 цаг болж байхад гэртээ ирсэн. Тэгэхэд нөгөө залуучууд буюу Одхүү, Батбаяр нар хоёулаа байж байсан...би гэртээ сууж байтал шил хагарах чимээ сонсогдсон, нөгөө залуучууд чанга, чанга дуугараад л байсан. Шил хагарах чимээнээр би гэрээсээ гараад хартал өөдөөс дүү нь гэх Батбаяр гарч явсан. Би юу болоод байнаа гээд асуутал тэр залуу намайг заамдаад авсан. Би тэр залууд хандаад “чи настай хүнийг яах гээд байна” гэтэл намайг тавьчихаад яваад өгсөн. Гэтэл Одхүүгийн хаалга завсар гарчихсан, өрөө нь гэрэлтэй байсан. Хаалганы завсараар шалан дээр цус болчихсон харагдсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утсаараа 102 дугаарт залгаж цагдаагийн газарт зодоон хийсэн, цус гарсан байна гэсэн утгатай дуудлага өгсөн....Одхүүгийн өрөөнд Батбаяр тэр хоёроос өөр хүн байгаагүй, Батбаяр ганцаараа гараад явсан учраас Одхүүг үлдэж гэж бодоод 103 дугаарт залгаж түргэн бас дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 980 тоот:

1. Одхүүгийн цогцост цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шархууд  /3ш/, зүүн уушгины бүрэн авчийлт, хурц цус алдалт, цээжний зүүн хөндий дэх 1000 мл орчим  сул цус , зүүн уушгины гялтан доорхи ба  эд  дэх цус хуралт, няцралууд,  үнхэлцэгийн  хана ба  ховч ясны  зүүн эвэр   орчмын  зөөлөн эд  зүүн  талын  2,3 хавирга орчмын болон  өвчүүний зүүн дээд хэсгийн булчин, зөөлөн эд дэх цус хуралт, нүүр, толгойн хуйх, хүзүү, цээж, нурууны олон тооны хатгагдаж, зүсэгдсэн болон хатгагдсан, зүсэгдсэн шархууд /38ш/ ба шарх орчмын цус хуралт, дагзны хуйхны цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон бөгөөд дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд хурц ир үзүүртэй болон мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.

            2. Талийгаачийн цусанд 3.2% этилийн спирт илэрсэн байх ба талийгаач нь хүнд зэргийн согтолттой байжээ.

          3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй,

          4.  Талийгаач OI бүлгийн цустай 28  настай  байна.

          5. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч, зүүн уушгийг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шархнуудын улмаас хурц цус алдаж нас баржээ.

          6.  Талийгаач нь 2016.05.21-ний 02.00-04.00 цагийн хооронд нас барсан байх боломжтой байна. /цогцосын гадна үзлэгээр/ Шинжээч Б.Ундармаа гэх дүгнэлт / хх-ийн 53-р тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 839 дугаартай:

1.Б.Батбаяр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

2.Б.Батбаяр нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг эмгэггүй байсан байна.

3.Б.Батбаяр нь хэрэг хариуцах чадвартай байсан байна.

4.Б.Батбаяр нь одоо сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтгүй, сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

5. Б.Батбаяр одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. гэх дүгнэлт  /хх-н 92-р тал/,

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-12-р тал/ зэрэг  хуульд  заасан  журмын дагуу бэхжүүлж  цуглуулж авсан  нотлох  баримтуудыг шинжлэн  судлав.

            Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой , үнэн зөвд тооцож  шийтгэх тогтоолын үндэслэл  болголоо.

            Хэрэг  учрал  болсон газарт   талийгаач Ж.Одхүү,  шүүгдэгч Б.Батбаяр нараас өөр хүн байгаагүй болон  шүүгдэгч Б.Батбаярын биед ямар нэгэн гэмтэл  учраагүй болох  нь  шинжээчийн  дүгнэлт  шүүгдэгч Б.Батбаярын хэргээ хүлээн өгсөн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд тэрээр энэ талаар маргахгүй байна. / хх-н  60-р тал/,

            Хэрэгт авагдсан  баримтуудаас  үзэхэд  шүүгдэгч  Б.Батбаяр  нь  өөрийн хамаатан болох  талийгаач  Ж.Одхүүг  согтуурсан, мансуурсан  байгааг мэдсээр  байж   буюу  өөрийгөө хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж  ялимгүй зүйлээр  шалтаглан танхайрч  талийгаачийг  алах явцдаа  бие махбодид нь олон тооны шарх, гэмтлийг  үүсгэн амь насыг  хохироосон болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Батбаярыг нь ялтай байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, 12 дугаар байрны 2 дугаар орцны хонгилын өрөөнд талийгаач Ж.Одхүүг танхайн сэдэлтээр, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  91 дүгээр зүйлийн  91.2.2, 91.2.12, 91.2.15-д зааснаар ял  шийтгэл  оногдуулах үндэстэй байна.

           Прокуророос  Б.Батбаярын гэм буруугийн  үйлдлүүдийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Шүүгдэгч Б.Батбаярт Дорнод аймгийн Хэрлэн сумын  шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сар хорих ял оногдуулж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр зүйлийн 05-ны өдрийн 85 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэхь хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 05 сар  хорих ялаас   эдлээгүй үлдсэн 1 жил 02 сар 5 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан нь түүний шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, шүүгчийн захирамж  болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. / хх-н 117-121- р тал/,

Анхны Ардчилсан Сонгууль  Болж Байнгын Ажиллагаатай Парламент Байгуулагдсаны 25 жилийн Ойг тохиолдуулан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 -т...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч , ялтныг энэ хуульд  заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр  нэг удаа өршөөлд хамааруулна гэжээ.

Шүүгдэгч Б.Батбаяр  нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэг үйлдэж  3 жил 05 сар  хорих ял шийтгүүлж  уг ялыг эдэлж  байгаад эдлээгүй үлдсэн 1 жил 02 сар 5 хоногийн хорих ялыг Өршөөлийн хуулиар өршөөн хэлтрүүлсэн ба  Б.Батбаяр нь ялтай байхдаа дахин  онц хүнд гэмт хэрэг үйлдсэн байна.

Хохирогч С.Зина гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй  байх бөгөөд   хохирогч  өөрт учирсан хохирлын талаархи нотлох баримтаа  бүрдүүлж иргэний журмаар  жич  нэхэмжлэх  эрхтэй болно.

Шүүгдэгч  Б.Батбаярын согтуурсан үедээ болон ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг  нь ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

 Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зуун цээжүүд овогт Батцэнгэлийн  Батбаярыг  танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж  хүнийг санаатай  алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсгүүдэд зааснаар Б.Батбаярт 20  /хорин / жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Батбаярт оногдуулсан 20  /хорин/ жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Батбаярын 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 156 хоногийг түүний  ял эдэлсэн  хугацаанд оруулан тооцсугай.

5. Хохирогч С.Зина нь гэм хорын  хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9 см урттай 1 ширхэг хутга, урдаа хээтэй хар хөх өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн ногоон судалтай канттай өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.   

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Батбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний  өмгөөлөгч  нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Батбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ОДОНТУУЛ

                       

                               ШҮҮГЧИД                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                     С.ӨСӨХБАЯР