Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0123

 

 

 

 

 

 

                                                                

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК, 

Хариуцагч: Бшуя,

Хариуцагч: Тхааг,

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Бшуяны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12/2111 тоот Тхаагт хүргүүлсэн дахин сонгон шалгаруулалт зарлах тухай 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12/2111 дугаар албан бичиг болоод хүсэлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүйд тооцуулах,

2. Тхаагаас Бшуяны төрийн нарийн бичгийн дарга н.Б хүргүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/2227 дугаартай Д ХХК-тай гэрээ байгуулсан тухай зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож хүчингүйд тооцуулах,

3. Төрийн худалдах авах ажиллагааны газраас Бшуяны төрийн нарийн бичгийн дарга н.Цд хүргүүлсэн 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/1298 дугаартай зөвлөмжийн дагуу нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулахыг Бшуяанд даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Г.Б, түүний өмгөөлөгч Н.Н, хариуцагч Бшуяны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, Д.Г, хариуцагч Тхаагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, О.Э, гуравдагч этгээд “Д” ХХК-ийн захирал Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх Тхаагаас зарласан 150 хүүхдийн цэцэрлэгийн тендер шалгаруулалтад хууль ёсны дагуу оролцоод манайхтай гэрээ байгуулсан зөвлөмжийг Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн. Боловсрол, соёл шинжлэх ухааны яам манайхыг гүйцэтгэлийн баталгаа гаргаарай гэсэн. Манайх гүйцэтгэлийг баталгааг цаг хугацаанд нь гаргаж Бшуяанд хүргүүлсэн.

Боловсрол, соёл шинжлэх ухааны яам болохоор манайхтай гэрээ байгуулах хугацаагаа төрийн сонгууль болоод төрийн нарийн бичиг дарга сонгогдоогүй гэдэг шалтгаанаар манайхтай гэрээ байгуулах хугацаандаа манай компанитай гэрээ байгуулаагүй. Ингээд гэрээ байгуулах боломжгүй гэсэн үүднээс манайх шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бидний зүгээс хууль дагуу Бшуятай гэрээ байгуулах бичиг баримтаа цаг хугацаанд нь бүрдүүлээд өгсөн. Боловсролын яам болохоор сонгуультай холбоотой шалтгаанаар манайхтай гэрээ байгуулахгүй байна.

Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой байх. Манайхтай гэрээ байгуулагдаагүй нь хууль бус юм.  гэрээ байгуулах хангалттай хугацаа байсан. Манайд бичиг өгснөөс хойш 21 хоногийн дотор гэрээ байгуулах боломжтой байсан” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Тхаагаас 2020 оны 05 дугаар сарын 22 ны өдөр зарласан Ховд аймгийн Булган суманд байрлах XII.1.2..91 дугаартай “Цэцэрлэгийн барилгын их засвар, төсөл, арга хэмжээ” -ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтад “Х” ХХК оролцсон.

... Улмаар Тхаагаас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн захирал Г.Б миний 9******* тоот дугаарын утасруу залгаж: “..танай компани Ховд аймгийн Булган суманд баригдах XII.1.2.91 дугаартай Цэцэрлэгийн барилгын их засвар, төсөл, арга хэмжээ”-ний гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, гэрээ байгуулах мэдэгдлийг шуудангаар явуулсан гэж ярьсан.

...Ийнхүү дээрх мэдэгдлийг бичгээр хүлээн авч, мэдэгдэлд дурьдсан хугацаа буюу 21 хоногийн дотор шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг гаргаж ирүүлэх үүргийг хангах зорилгоор манай “Х” ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 17 ны өдөр Голомт банктай баталгааны гэрээг бичгээр байгуулж, жилийн 5 %-ийн хүү тохирч, тус банкаар 22,400,000,00 (хорин хоёр сая дөрвөн зуун мянган төгрөг)-ний баталгааг Тхаагт гаргуулж, дээрх гүйцэтгэлийн баталгааны бичгийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Бшуяанд өөрийн биеэр очиж, бичиг хэрэгт хүлээлгэн өгсөн.

Улмаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасны дагуу мэдэгдлийг хүлээн авснаас хойш Бшуятай гэрээ байгуулах хэдэн хэдэн удаагийн оролдлого хийсэн бөгөөд тус яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Н.Г намайг 3 орчим удаа дуудаж уулзаад “.. Танай компанитай байгуулагдах гэрээ одоогоор бэлтгэгдэж байна, гарын үсэг зурах гэж байна та гэрээний төсөл дээр гарын үсэг зураад, тамгаа дараад өг, гэрээг шинэчилж байна, төрийн нарийн бичиг томилогдох гэж байна зэрэг удаа дараа шалтаг, тайлбар хэлж надад итгэл төрүүлсэн. Албаны хүний тайлбарт итгэж, тухай болгонд миний бие Ховд аймгаас Улаанбаатар хот руу багадаа 5 удаа ирж, тус яамны мэргэжилтний шаардлагыг тухай бүр биелүүлж байсан. Ингэх бүртээ миний бие Улаанбаатар-Ховд, Ховд-Улаанбаатар гэх маршрутаар өөрийн унаагаар ирж, буцах болгонд мөнгө санхүүгийн хувьд үргүй зардал ихээхэн гарч , өөрийн компанийг өдөр тутмын үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, компаний төлөвлөгөөт ажлыг хийж гүйцэтгэх ажилд тасалдах зэрэг бэрхшээл гарч, компаний үйл ажиллагаа доголдох нөхцөл байдал үүссэн тул манай компаниас 2020 оны 09 дүгээр сарын 04 ний өдөр тус яаманд бичгээр хандсан. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 16 өдрийн 12/2230 тоот албан бичгийг тус яамны хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалангийн гарын үсэгтэй ирүүлсэн.

Уг Бшуя нь 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн Тхаагт хүргүүлсэн 12/2111 тоот албан бичгээр “ тус гэрээ байгуулах зөвлөмжийн хугацаанд Монгол Улсын засгийн газрын 2020 оны бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Бшуяны төрийн нарийн бичгийн дарга томилогдоогүй...” гэх үндэслэлээр Монгол Улсын 2020 төсвийн тухай хуулийн XII.1.2.91-т батлагдсан Цэцэрлэгийн барилгын их засвар /Ховд, Булган/-ын ажиллагааг дахин зарлах тухай албан хүсэлтийг хүргүүлсэн болно гэсэн нь бид хараад үнэхээр зөвшөөрөөгүй гайхсан. Учир нь

Нэг.Хуульд заасан зарчмын хувьд:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт хууль дээдлэх ёсыг төрийн бүх байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим болохыг заасан бөгөөд энэ зарчмын хүрээнд захиргааны байгууллага захиргааны хуулийг зөрчсөн ямарваа нэг үйлдэл хийхийг, хуульгүйгээр дур мэдэн аливаа шийдвэр гаргахыг хориглодог...

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.18-т: “гэрээ байгуулах эрх олгох” гэж хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэхийг хэлнэ” гэжээ.

Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах эрх олгох тулд захиалагчаас хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч байхыг хуулиар зохицуулсан. Гэтэл захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан тендер шалгаруулах ажиллагаа явуулахдаа хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан нэг аж ахуйн нэгжээс тендерийн материалыг хүлээн авч, хэлэлцээ хийн гэрээ байгуулахын оронд төрийн захиргааны томилгоо хийгдээгүйгээс үүдэлтэй тасралтгүй үргэлжлэх ажиллагаанд саад учруулж байгаа Боловсролын Яамны эс үйлдэхүй нь манай компанийн эрх ашгийг ноцтой хөндөөд байна.

3. Түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 шуурхай, тасралтгүй байх зарчмыг Боловсрол соёл, шинжлэх ухааны яам хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтад зохих журмын дагуу тэнцэж, гэрээ байгуулах талаар Тхаагаас бичгээр мэдэгдсэн бол уг үйл ажиллагааг хойшлуулахгүйгээр хэрэгжүүлэх үүрэгтэй. Учир нь дээрх үйл ажиллагаа эдийн засгийн хэмнэлтэй асуудлыг хуулийн хугацаагаар нарийвчлан зохицуулсан хурдан шийдвэрлэхээр заасан бол төрийн захиргааны, байгууллага асуудлыг дээрх зарчмын хувьд хурдан шуурхай шийдвэрлэх үүрэгтэй.

4. Хэрэв Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан бөгөөд Ховд аймгийн Булган сум баригдах XII.1.2.91 дугаартай “Цэцэрлэгийн барилгын их засвар, төсөл, арга хэмжээ” -ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтанд тэнцсэн хуулийн этгээдтэй Бшуя нь Иргэний хуулийн холбогдох заалтуудын хүрээнд гэрээ байгуулах үүрэгтэй Тхаагаас 2020 оны 05 дугаар сарын 22 ны өдөр зарласан Ховд аймгийн Булган суманд баригдах XII.1.2.91 дугаартай “Цэцэрлэгийн барилгын их засвар, төсөл, арга хэмжээ”-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн зар нь гэрээ байгуулах тухай санал бөгөөд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.5 дахь хэсэгт гэрээ байгуулах санал гаргасан тал, хууль, гэрээ, эсхүл саналд заасан хугацаанд саналаасаа татгалзах эрхгүй гэх хуулийн заалт нь гэрээ байгуулах саналыг нөгөө тал хүлээн авсан тэр мөчөөс эхлэн саналаасаа татгалзах эрх дуусгавар болно гэж ойлгож байгаа бөгөөд Тхааг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А-1/1299 албан тоотоор гэрээ байгуулах эрх олгосон тухай бичгээр мэдэгдсэн бөгөөд үүний дагуу тус компаниас уг албан тоотод заагдсан хугацаанд холбогдох гүйцэтгэлийн баталгааг гаргуулж хугацаанд нь хүргүүлсэн ингэснээр Боловсрол соёл, шинжлэх ухааны яам нь гэрээ байгуулах саналд заасан хугацаанд саналаасаа татгалзах эрхгүй болдог гэж дээрх хуулийн заалтыг ойлгож байгаа.

Мөн Монгол улсын Тхааг нь Бшуяны 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 12/2111 тоот Тхаагт хүргүүлсэн дахин сонгон шалгаруулалт зарлах тухай албан хүсэлтэд үндэслэн Тхаагаас тендерийг дахин зарлах шийдвэр гарч 2020.12.16-ны өдөр дахин зарлагдсан тендер нээлтээ хийсэн. Улмаар “Д” ХХК гүйцэтгэгчээр шалгарч “Тхааг”-ын зөвшөөрлөөр “Д” ХХК болон Боловсрол Шинжлэх ухааны яам нарын хооронд “Цэцэрлэгийн барилгын их засвар, төсөл, арга хэмжээ”-ний хүрээнд гэрээ байгуулах нөхцөл бүрдээд байна.

Энэхүү шинэ нөхцөл бүрдсэн үйлдэл нь өмнөх тендерт зүй ёсоор тэнцсэн “Х” ХХК-ийн эрх ашигт сөргөөр нөлөөлж, их хэмжээний алдагдалд орох шалтгаан болж байна. Нэхэмжлэгч нь Боловсрол Шинжлэх Ухааны яамтай гэрээ байгуулж чадаагүй нь манай компаний буруутай үйлдэл бус харин хариуцагчаас төрийн үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй байх зарчмыг хангаж ажиллаж чадаагүйгээс үүдсэн хариуцагчийн буруутай үйлдлээс шууд хамаарсан асуудал юм.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас гаргаж шийдвэр нь хуульд үндэслээгүй, албан тушаалтны үзэмжээр, дур зоргоор асуудлыг шийдвэрлэсэн, хуульд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хэмжээн үзэж тус компаниас гаргаж байгаа энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч, хуулийн хүрээнд хянан хэлэлцэж, Монгол Улсын Бшуяны 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 12/2111 тоот Тхаагт хүргүүлсэн дахин сонгон шалгаруулалт зарлах тухай 2020.10.12 өдрийн 12/2111 дугаартай албан хүсэлтийг, Тхаагаас Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Б хүргүүлсэн 2020.12.31-ний өдрийн А-1/2227 дугаартай “Д” ХХК-тай гэрээ байгуулах тухай зөвлөмжийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцож Тхаагаас Бшуяны төрийн нарийн бичгийн дарга Л.Цд хүргүүлсэн 2020 оны 06.23-ны өдрийн А-1/1298 дугаартай зөвлөмжийн дагуу “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг Бшуяанд даалгаж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16-д зааснаар шаардах ёстой материалаа хангаад хуульд заасан хугацаанд өгсөн. Хуульд заасан хугацаанд өгсний дараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-т зааснаар гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш энэ хугацаанд тендер хүчинтэй байх хооронд гэрээ байгуулна гэсний дагуу хандсан. Манай дотоод зохион байгуулалтаас болж байгаа бол бичгээр мэдэгдээд тодорхойлсон бол дахиад албан бичгээ өгөөд хандаад явах боломжтой байсан. Үүний дагуу хуульд заасан хугацаанд гэрээ байгуулж чадаагүй. Гэрээ хүчинтэй, хүчингүй талаар тооцоогүй байж байгаад дараа нь дахиад тендер зарлаж байгаа. Үндсэн хуульд зааснаар төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой асуудал байхгүй болж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар зүйл заалтад зааснаар ард түмэнд хэрэгтэй ажлыг хийж байж мөн бусад хуулийн мэдээллийг солилцож нийцүүлээд шийдэхгүй энэ ажиллагааг зогсоосноор ард иргэдэд хохирол учруулж байгаа. Тэгээд тендерийг хүчингүй болгоогүй мөртлөө дахиад тендер зарлаад Д ХХК-ийг шалгаруулаад хууль ёсны дагуу явж байгаа нь хууль зөрчиж байна. Захиргааны акт хууль ёсны дагуу гарсан гэж үзэх боломжгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.   

 

Хариуцагч Бшуяны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бшуяны зохион байгуулалтын үйл ажиллагаа дээр төрийн нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх асуудал манай яаманд хамаарахгүй. Засгийн газрын болон ерөнхий сайдын чиг үүргийн асуудал юм. Ерөнхий сайдыг томилоогүй удсанаас болоод компанийн эрх ашиг хөндөгдсөн гэж байна. Яамны зүгээс ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх боломжгүй гэж үзэж байгаа. Яамны төрийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Засгийн газраас томилдог. Яамны зүгээс ямар нэгэн шалтгаан гаргаагүй. Хуулийн дагуу явсан.

... Нэхэмжлэгч тал Бшуяны дотоод зохион байгуулалт гэж яриад байна. Үүнийг би ойлгохгүй байна. Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д яамны төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газар чөлөөлж, томилно гэж заасан. Засгийн газрын тухай хуулийн 18.8-д яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албан тухай хуулийг үндэслэж 6 жилийн хугацаатай Засгийн газар томилж, чөлөөлнө гэж байгаа. Энэ хоёр заалт байхад яамны дотоод зохион байгуулалт гэж яриад байгаа нь ойлгомжгүй байна. Сайдад гомдол гаргасан гэж нэхэмжлэгч хэлж байна. Сайдад гомдол гаргах биш Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргах ёстой байсан. Өөрсдийнхөө эрхийг эдлээгүй гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж хэлээд байсан. Яаж зөрчигдсөн нь тодорхой бус байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөний улмаас гэж байдаг. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг яаж зөрчигдсөн талаар тодорхой бус байна. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Бшуяны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани манайд гэрээ байгуулах хүсэлтээ тухайн үед өгсөн. УИХ-ын сонгууль таараад манай яамны төрийн нарийн байсан хүн сайд болоод дараа нь түр орлон гүйцэтгэгч нь гэрээ байгуулаагүй хугацаанд томилогдоогүй байсан. Тхааг болон Сангийн яамнаас гэрээний хугацаа зөвлөмжийн дагуу сунгах хүсэлт өгсөн. Сангийн яам бол зөвшөөрөөгүй. Тийм учраас бид нар энэ компанитай гэрээ байгуулж чадаагүй ... түр орлон гүйцэтгэгч байхгүй байсан. Зөвлөмжийн хугацаанаас хэтэрч томилогдсон. Түр томилогдсон хүний хугацаанд бид нар гэрээ байгуулах гээд нэхэмжлэгч компанийн тендерийн баталгааны он сар өдрийг өөрчлөөд зуруулах гээд гэрээ оруулсан боловч түр томилогдсон хүмүүс гарын үсэг зурж өгөөгүй. Тийм учраас гэрээ цуцлах боломжгүй болсон ингээд танайхтай гэрээ байгуулж чадахгүй гэсэн албан тоотыг нэхэмжлэгч компанид өгөөд дараа нь Тхааг луу тендер дахин зарлаж өгнө үү гэсэн албан тоот өгөөд зарласан” гэв.

Хариуцагч Тхаагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэлгээний хороо хуулийн хүрээнд үнэлгээ хийсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.2-т заасны дагуу тендерийн үнэлгээ хүчинтэй байх хугацаанд үнэлгээ хийгээд хүргүүлсэн. Мөн хуулийн 47.2.2-т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно  гэж заасан ... Гомдол гаргах талаар хуульд заасан байдаг. 55.1-д заасны дагуу Сангийн яаманд 5 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Нэхэмжлэгч тал өөрсдөө хүчинтэй хугацаа мэдэж байгаа гомдол гаргах эрх байсан. Гомдол гаргаад явсан бол гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй. Тендерийг дахин зарлахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагч Тхаагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тхаагын даргын 2020 оны А/35 дугаар тушаалаар цэцэрлэгийн болон сургуулийн тендер сонгон шалгаруулах хүрээнд дахин сонгон шалгаруулаад 4 компани оролцсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заасан. Бшуянаас 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн албан бичгээр худалдах авах ажиллагааг дахин зарлаж өгөх тухай ирүүлсэн. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олонхын саналаар дахин тендер зарласан байгаа. Тендер шалгаруулалтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нээлт хийсэн боловч Засгийн газрын 2020 оны 178 болон 181 дүгээр тогтоолын дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотой тендерийн хугацааг хойшлуулж 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нээлт хийхэд 3 компани ирүүлсэн. Хамгийн сайн тендер оролцогчоор Д ХХК-ийг шалгаруулж 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эрх олгож Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу хуулийн хүчинтэй байх хугацаанд багтааж зөвлөмжийг ирүүлсэн. Бшуянаас 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр тендер хүчинтэй байх хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт ирсэн. Тэр өдөр тендер хүчинтэй байх хугацаа дууссан байсан. Сангийн яам руу албан бичиг хүргүүлсэн боловч Сангийн яам нь тендер хүчинтэй байх хугацаанд ирүүлээгүй тул боломжгүй гэсэн хариу өгсөн” гэв.

 

Гуравдагч этгээд “Д” ХХК-ийн захирал Ц.Б шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тхаагаас зарласан 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зарласан Ховд аймгийн Булган суманд байрлах XII.1.2.87 “Цэцэрлэгийн барилгын их засвар /Ховд, Булган Сум/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтанд “Д” ХХК нь дээрх ажлыг 480 027 428 / /Дөрвөн зуун наян сая хорин долоон мянга дөрвөн зуун хорин найм/-н төгрөгөөр хийж гүйцэтгэх тухай бичиг баримтаа 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цахим хэлбэрээр илгээсэн.

Тхаагаас тухайн тендер шалгаруулалтанд шалгарсан тухай 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2172 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүлээн авсан.

Манай компанийн хувьд “Х” ХХК-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэл байхгүй, манай компанитай ямар нэгэн холбоо хамааралгуй байгаа бөгөөд бид хуулийн дагуу явагдсан нээлттэй тендер шалгаруулалтанд оролцож гэрээ байгуулах эрх авсан. Иймээс бид хуулийн дагуу олгогдсон гэрээ байгуулах эрх мэдэгдэлийн дагуу гэрээгээ байгуулах хүсэлтэй байна. Тус компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна. ... Нээлттэй тендер шалгаруулалтад оролцож шалгарсан. Үүний дагуу гэрээ хийж үйл ажиллагаа явуулахыг хүсч байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс анх Бшуяанд холбогдуулж “Бшуяны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12/2111 тоот Тхаагт хүргүүлсэн дахин сонгон шалгаруулалт зарлах тухай хүсэлтийг хүчингүйд тооцуулж, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А-1/1299 дугаартай албан бичгээр мэдэгдсэн мэдэгдлийн дагуу “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага удаа дараа нэмэгдүүлсэн[1].

Хамгийн сүүлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “Бшуяны Тхаагт хүргүүлсэн дахин сонгон шалгаруулалт зарлах тухай 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12/2111 дугаар албан бичиг болоод хүсэлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүйд тооцуулах, мөн Тхаагаас Бшуяны төрийн нарийн бичгийн дарга н.Б хүргүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/2227 дугаартай Д ХХК-тай гэрээ байгуулсан тухай зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож хүчингүйд тооцуулах, Төрийн худалдах авах ажиллагааны газраас Бшуяны төрийн нарийн бичгийн дарга н.Цд хүргүүлсэн 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/1298 дугаартай зөвлөмжийн дагуу нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулахыг Бшуяанд даалгах” гэж тодруулсан[2].

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Г.Бөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн “... хүчингүйд тооцуулах” шаардлагаа “... хүчингүй болгуулах” гэж гэж тодорхойлсон тул шүүх энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр  Бшуянаас Тхаагт хүргүүлсэн дахин сонгон шалгаруулалт зарлах тухай шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоож, Тхаагаас Бшуяны төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн А-1/2227 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, Х ХХК-тай гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ “хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтад орж шалгаран гэрээ байгуулах эрх олгосон байхад төрийн нарийн бичгийн дарга томилогдоогүй гэсэн үндэслэлээр гэрээ байгуулаагүй атлаа дахин сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус” гэж тайлбарлан маргасан бол хариуцагч Бшуяны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Тус яамны төрийн нарийн бичгийн дарга томилогдоогүй нь манай яамны буруутай үйл ажиллагаа биш бөгөөд энэ хугацаанд тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон тул дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахаар хүсэлт хүргүүлсэн нь хууль тогтоомжид нийцсэн” гэж, хариуцагч Тхаагаас “хуульд заасан хугацаанд гэрээ байгуулагдаагүй тул дахин сонгон шалгаруулалт явуулсан нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

Тхаагын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/1/1299 тоот албан бичгээр “Тус газраас 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зарласан XII.1.2.91 дугаартай “Цэцэрлэгийн барилгын их засвар/Ховд, Булган сум/, төсөл, арга хэмжээ”-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтад ... хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон” тухай “Х” ХХК-д мэдэгдэж, мөн өдрийн А/1/1298 тоот албан бичгээр 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дотор гэрээ байгуулахыг Бшуяны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цд мэдэгдсэн байна[3].

Дээрх мэдэгдлүүдийн дагуу “Х” ХХК нь гүйцэтгэлийн баталгаа гаргаж, гэрээнд гарын үсэг зурж Бшуяанд хүргүүлсэн тухайд хариуцагч тал маргаагүй.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан нь захиалагчид үүрэг хүлээлгэсэн заалт байх тул тендер сонгон шалгаруулалт хуульд заасан журмын дагуу явагдаж үнэлгээний хорооноос гэрээ байгуулах эрх олгогдсон тохиолдолд захиалагч гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй юм.

Гэтэл хариуцагч нь хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлж, зөвлөмжид заасан хугацааны дотор нэхэмжлэгч “Х” ХХК-тай гэрээ байгуулаагүй болох нь тус яамнаас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12/2230 тоот албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд “...гэрээ байгуулах зөвлөмжийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөж Бшуяны Төрийн нарийн бичгийн дарга томилогдоогүй, чиг үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/01 тоот тушаалаар түр томилогдсон тул Тхаагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу танай компанитай гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна”[4] гэж мэдэгдсэнээр тогтоогдов.

Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа  15 хоногоор сунгаж болно” гэж заасны дагуу хариуцагч нь тендерийн хүчинтэй хугацааг сунгуулах боломжтой байсан байх боловч хугацаа сунгуулах арга хэмжээ аваагүй болох нь Сангийн яамнаас Тхаагт хүргүүлсэн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/5484 тоот албан бичигт “...тендерийн хүчинтэй хугацаа дууссан байх тул хугацаа сунгах зөвшөөрөл олгох боломжгүй” гэснээр тогтоогдов.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Засгийн газрын бүтцэд “Бшуя” ажиллуулахаар баталсан байх тул Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ажиллаж байсан Л.Цг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилох тухай Монгол улсын ерөнхий сайдын захирамж 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гарсан нь нийтэд илэрхий байна.

Хуулийн дээрх зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн авч үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь хуулиар хүлээсэн “гэрээ байгуулах” үүргээ биелүүлээгүйгээс төрийн худалдан авах ажиллагаанд хариуцлагатай байх зарчим хэрэгжээгүй, улмаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь хуульд заасан журмын дагуу тендерт оролцож шалгарсан боловч уг ажлыг гүйцэтгэх боломжгүй болжээ.

Түүнчлэн Захиргааны ерөнхийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэгдэх”, 4.2.2-т зааснаар “шуурхай, тасралтгүй байх” тусгай зарчмуудыг баримтлахаар хуульчилсан.

Маргааны тохиолдолд “Х” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2020 оны 06 дугаар сарын 23-аас 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрх хадгалагдаж байсны зэрэгцээ, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоогүй, удаашралтай байдлаас хамаарч гэрээнд гарын үсэг зурагдаагүй, улмаар тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсонд нэхэмжлэгчийн буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Тус яамны төрийн нарийн бичгийн дарга томилогдоогүй нь манай яамны буруутай үйл ажиллагаа биш бөгөөд энэ хугацаанд тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон тул дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахаар хүсэлт хүргүүлсэн нь хууль тогтоомжид нийцсэн”  хэмээн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгаас дүгнэвэл, захиалагч нь өмнө гарсан гэрээ байгуулах эрх олгосон үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох 2 тохиолдол байж болохоор байх боловч маргааны тохиолдолд эдгээр нөхцөлүүд бий болоогүйн дээр гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон аливаа шийдвэрийг хариуцагч захиргааны байгууллагуудаас шүүхэд ирүүлсэнгүй.

“Х” ХХК нь мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг гаргасан[5], гэрээнд гарын үсэг зуруулж хүргүүлсэн талаар тайлбарласан.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх нөхцөл байдлыг үгүйсгээгүйгээр үл барам “Гүйцэтгэлийн баталгаа гаргасан. Гэрээ байгуулах явцад төрийн нарийн бичгийн дарга солигдоод түр орлон гүйцэтгэгчээр гарын үсэг зуруулах гэсэн боловч гарын үсэг зурж өгөөгүй. Сайд рүү хүртэл оруулж өгөхөд нөхөж зурахгүй гээд буцаасан” тайлбарлав.

Энэ тохиолдолд “Х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон аливаа шийдвэр гараагүй байхад захиалагч захиргааны байгууллага нь дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахаар 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12/2111 тоот албан бичгээр “... цэцэрлэгийн барилгын их засвар/Ховд, Булган сум/-ын худалдан авах ажиллагааг дахин зарлах”[6] тухай хүсэлтийг хүргүүлсэн болон Тхаагаас “XII.1.2.91 дугаартай “Цэцэрлэгийн барилгын их засвар/Ховд, Булган сум/, төсөл, арга хэмжээ”-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарлаж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А-1/2227 тоот албан бичгээр гэрээ байгуулах зөвлөмж[7] хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т “...гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх” нь үнэлгээний хорооны чиг үүрэгт хамаарах ба уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглох” гэж заасанд нийцээгүй хууль бус шийдвэр болжээ.

Иймд Бшуянаас Тхаагт хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12/2111 тоот “худалдан авах ажиллагааг дахин зарлаж явуулах” тухай шийдвэр нь хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн “гэрээ байгуулах” ашиг сонирхол хэвээр байх тул уг шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоож, Тхаагын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А-1/2227 тоот албан бичгээр хүргүүлсэн гэрээ байгуулах зөвлөмжийг хүчингүй болгож, “XII.1.2.91 дугаартай “Цэцэрлэгийн барилгын их засвар/Ховд, Булган сум/, төсөл, арга хэмжээ”-г гүйцэтгэх гэрээг “Х” ХХК-тай байгуулахыг Бшуяанд даалгах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 47 дугаар зүйлийн 47.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Бшуянаас Тхаагт хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12/2111 тоот “худалдан авах ажиллагааг дахин зарлаж явуулах” тухай шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоож, Тхаагын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А-1/2227 тоот албан бичгээр хүргүүлсэн гэрээ байгуулах зөвлөмжийг хүчингүй болгож, “XII.1.2.91 дугаартай “Цэцэрлэгийн барилгын их засвар/Ховд, Булган сум/, төсөл, арга хэмжээ”-г гүйцэтгэх гэрээг “Х” ХХК-тай байгуулахыг Бшуяанд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Ц.МӨНХЗУЛ

 

[1] Хавтаст хэргийн 60-65 дахь талд

[2] Хавтаст хэргийн 184-190 дэх талд

[3] Хавтаст хэргийн 137-138 дахь талд

[4] Хавтаст хэргийн 17 дахь талд

[5] Хавтаст хэргийн 16 дахь талд

[6] Хавтаст хэргийн 139 дэх талд

[7] Хавтаст хэргийн 167дахь талд