Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 860

 

МАГАДЛАЛ

 

2017.04.05                                                Дугаар 860                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Б.Уламбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00011 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Уламбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч В.Ганзориг,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

15-44 УНЧ улсын дугаартай LEXUS 570 маркийн автомашины шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгэхийг даалгах, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8826 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, автомашиныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Номин,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Я.Баярсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн В.Ганзоригоос 15-44 УНЧ улсын дугаартай LEXUS 570 маркийн автомашиныг 130 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 1,5 жилийн хугацаатай "Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан. Тус гэрээгээр нийт 130 000 000 төгрөгийг бүрэн шилжүүлснээр дээрх автомашиныг миний нэр дээр шилжүүлж, хүлээлгэн өгч тус хугацаанд автомашины бүрэн бүтэн байдлыг В.Ганзориг хариуцахаар тохиролцсон байсан. Харин гэрээний хугацаанд 2014 оны 6 дугаар сард       50 000 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 03-нд 70 000 000 төгрөгийг тус тус бэлнээр В.Ганзоригт өгч, наадам болох гэж байгаа тул тус автомашиныг нэрийг Б.Уламбаяр миний нэр дээр шилжүүлж, ядаж биет байдлаар хүлээлгэж өгөхийг хүсэхэд төлбөрийг бүрэн дуусгасан тохиолдолд шилжүүлж машиныг өгнө гээд өгөөгүй.

Иймд үлдэгдэл 10 000 000 төгрөгийг В.Ганзоригт 2016 оны 8 дугаар сарын 21-нд өгөөд машиныг хүлээлгэн өгөхийг шаардахад нөгөөдөр уурхайгаас аваад ирнэ, тэгээд шилжүүлнэ гэсэн. Тэгээд утас нь холбогдохгүй байсаар 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр холбогдон уулзахад 15-44 УНЧ улсын дугаартай LEXUS 570 маркийн автомашиныг манай эхнэр унаж байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас андуураад хууль бусаар хураасан байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн асуудалтай болохыг надаа огт мэдэгдээгүй байж надаас авсан машины төлбөрт 130 000 000 төгрөгийг авчихаад одоог болтол машинаа ч өгөхгүй нэрийг нь шилжүүлэхгүй намайг хохироож байна. Иймд В.Ганзоригоос худалдаж авсан автомашины шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгэхийг даалгах, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8826 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, автомашиныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2013 онд В.Ганзориг миний өмчлөлийн автомашиныг сонирхож надад зарчих мөнгийг нь цувуулаад өгий гэсэн. Тухайн үед бол би тус автомашиныг зарах ямар ч сонирхол надад байгаагүй. Гэтэл Уламбаяр дахин дахин яриад шохоорхоод байсан тул 130 000 000 төгрөг өгөөд ав гэсэн. Ингээд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулж төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа машиныг шилжүүлье гэж тохироод энэ хугацаанд би өөрөө унаж байсан. Энэ хугацаанд миний хувийн бизнесийн төлбөрийн асуудлаас шалтгаалан эдийн засгийн боломжгүй байх үедээ тус автомашиныг ломбардад тавьсан. Гэтэл Б.Уламбаяр 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр машины төлбөрийн ихэнх хэсгийг төлсөн тул ломбардаас авч үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөгийг өгөнгүүт шилжүүлье гэсэн. Шүүхийн шийдвэрт байгаа асуудлыг миний бие хэлээгүй нь үнэн. Гэхдээ надад Б.Уламбаяраас зугтаасан асуудал байхгүй. Иймд Шүүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тус автомашиныг хууль бусаар хураасан асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8826 шийдвэрээр В.Ганзоригоос 140 857 950 төгрөгийг гаргуулж Ё.Пүрэвдаваад олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж В.Ганзоригийн эзэмшилд бүртгэлтэй 15-44 УНЧ улсын дугаартай маркийн автомашиныг хураан авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 123 788 000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Уламбаярын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, хариуцагч В.Ганзориг нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 807 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд "Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай" тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07288 дугаар захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Б.Уламбаяр нь В.Ганзоригтой 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр "Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ" байгуулан Лексус-570 автомашины төлбөрийг бүрэн төлж дуусгасанаар автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авах, В.Ганзориг нь гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуултал автомашины хадгалалт хамгаалалтыг хариуцаж байхаар тохиролцон гэрээ байгуулсан байдаг. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт "Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхолын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасан. "Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ''-ний дагуу В.Ганзориг нь автомашиныг хадгалах, хамгаалах үүргийг хүлээсэн юм. Б.Уламбаяр нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрийг төлсөн бөгөөд В.Ганзоригийн буруутай үйл ажиллаганы улмаас автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч чадаагүй юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэстэй тул энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хэргийг шийдвэрлэхдээ баримталсан хуулийн зохицуулалт тохироогүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Б.Уламбаяр нь хариуцагч В.Ганзориг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 15-44 УНЧ улсын дугаартай LEXUS 570 маркийн автомашины шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгэхийг даалгах, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8826 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, автомашиныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч В.Ганзориг зөвшөөрч, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...В.Ганзоригтой байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үнэ болох 130 000 000 төгрөгийг төлсөн боловч машиныг өгөхгүй, нэр шилжүүлэхгүй байгаа, “...шүүхийн шийдвэрийн асуудалтай байгаагаа надад мэдэгдээгүй,” “...шийдвэр гүйцэтгэх байгууллага машиныг хураан авсан байна...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Б.Уламбаяр, хариуцагч В.Ганзориг нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь 15-44 УНЧ улсын дугаартай, хар өнгөтэй, LEXUS 570 маркийн авто машиныг 130 000 000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийг гэрээ байгуулснаас хойш 1,5 жилийн хугацаанд төлж барагдуулах, төлбөрийг бүрэн төлснөөр худалдагч тал машиныг Б.Уламбаярын нэр дээр шилжүүлэн хүлээлгэж өгөхөөр тохиролцсон, Б.Уламбаяр нь 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 50 000 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 70 000 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 10 000 000 төгрөг төлсөн гэх үйл баримтын талаар гэрээний талууд маргаагүй.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8826 дугаар шийдвэрээр В.Ганзоригоос            140 000 000 төгрөг гаргуулан Ё.Пүрэвдаваад олгохоор шийдвэрлэснээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх автомашиныг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хураасан үйл баримт тогтоогджээ.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Учир нь худалдах, худалдан авах гэрээний талууд болох Б.Уламбаяр, В.Ганзориг нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан, гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэх талаар Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар тохиролцсон байна.

Б.Уламбаяр нь автомашины үнийг бүрэн төлсөн боловч өмчлөх эрх шилжин бүртгэгдэхээс өмнө буюу В.Ганзоригийн эзэмшилд байх үед шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу автомашиныг хариуцагч хураан авсан нь хууль зөрчөөгүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь энэ хэргийн хувьд гуравдагч этгээд гэж тооцогдохоор байх ба дээрх худалдах, худалдан авах гэрээ, гэрээний зүйлийн үнийг нэхэмжлэгч бүрэн төлсөн зэрэг байдлыг мэдэх боломжгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх байдал баримтаар тогтоогдоогүй тул уг авто машины эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй,   хариуцагчаас авто машиныг гаргуулахаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар Б.Уламбаяр шаардах үндэслэлгүй юм.

Түүнчлэн Б.Уламбаяр нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйлийг шилжүүлэн өгөх буюу гэрээний үүргийг хариуцагч В.Ганзоригоос шаардах эрхтэй боловч худалдагч нь уг автомашиныг биет байдлаар шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэх боломжгүй бодит байдал үүссэн нь зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна. Тэрээр нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, эсхүл мөн хуулийн 227 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлоо шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ баримталсан хуулийн зохицуулалт тохироогүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн...” гэж давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчид өмчлөх эрх үүсээгүй тул эд хөрөнгийг шаардах эрхгүй боловч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг буруутай этгээдэд холбогдуулан гаргуулахаар шаардах, гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэхэд энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00011 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт...” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 807 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

 

                                                       М.НАРАНЦЭЦЭГ