Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 20

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

         Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Ц.Сувдаа

         Шүүгдэгч                                              Д.Д, Х.Б

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Э.Алтан-Уяа

         Нарийн бичгийн дарга                        Ж.Ариунжаргал нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолтой  Д.Д, Х.Б нарт холбогдох 1815004060032 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Сувдаагийн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Д.Д,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х.Б.

Шүүгдэгч Д.Д, Х.Б нар нь бүлэглэж, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутгаас Ц.Б-гын 1 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор:

 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Д.г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Д.д сануулж,

4. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн **-** УНӨ улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч А.Б-д буцаан олгож,

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б.н таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Д.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Сувдаа эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж, шүүгдэгч Х.Б.д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй байна. Үүнд:

1.Хохирогч Ц.Б “ Би анх 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг “Бөөрийн шанд” гэх газраас 2 тооны адуу алдаад дараа нь хайж байгаад нэгийг нь олсон. Анх алдсан хоёр тооны адуу маань / ухаа гүү, соёолон настай тамга нь саран дэвсгэртэй, хас тамгатай, зөв хойд гуяндаа хул гүү хязаалан настай саран хас тамгатай, мөн зөв хойд гуяндаа/ тамгатай байсан. Тэгсэн Д нь Б.тай нийлээд миний 2 тооны адууг айлын эзэнгүй өвөлжөөнд хашиж байгаад нэгийг нь бариад нөгөөг нь алдсан юм шиг байгаа юм. Манай урд айлын хүмүүс өглөө очиход хот явна гэж байгаагүй. Гэнэт явсан байсан. Урд айлын хүмүүсийг сэжиглэж байна. Тэр хоёр миний адууг хулгайлсан байсан. Ер нь хүний юмыг эзэнд нь хэлэлгүй авах юм бол хулгай болдог биздээ. Надад хэлээд авсан бол би юу гэж ингэж явах вэ? Бүрэнжаргал надад хээр зүсмийн соёолон насны нэг гүү өгсөн..” гэх мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой заасан бөгөөд дээрхи мэдүүлгийн эх сурвалж нь шүүгдэгч Д.Д, Х.Б нарын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаатай тохирч байгаа юм.

2. Шүүгдэгч Х.Б нь хохирогч Ц.Б адуу гэдгийг мэдэж байсан. хамт олон жил айл саахалт нутаглаж байсан, гэмт хэрэг үйлдэгдэх үед хамгийн ойр зусаж байсан атлаа шүүгдэгч Д.Д нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр буюу зуны цагт хохирогч Ц.Б адууг тууж ирэхэд өөрийн өвөлжөөнд хашуулж 2 тооны адуунаас шилж барилцан, улмаар тээвэрлэж, зарж борлуулсан үйлдэл нь бусдын малыг нууц далд, хууль бусаар бүлэглэн авсан санаатай үйлдэл байхад дээрхи үйлдлийг шүүгдэгч Х.Б нь хохирогчоос лавлаж асуух, эсхүл шүүгдэгч Д.Д.г хохирогчид мэдэгдэхийг шаардах зэргээр хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж, өөрийн үйлдэлдээ болгоомжгүй хандсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Мөн шүүгдэгч Х.Б нь адууг зарж борлуулсан мөнгийг машины торгууль төлөх, машиндаа сэлбэг авч тавих, машины бичиг баримтын өөрчлөлт хийлгэх зэргээр захиран зарцуулж, шүүгдэгч Д.Д.д адууны үнийг 2018 оны 10 дугаар сард цувуулж өгч дуусгасан, хохирогч Ц.Б.д хулгайлсан адууны үнэнд өөрөөс нэг тооны адуу өгч барагдуулсан зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Х.Б нь шүүгдэгч Д.Д.н санаатай гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжпэг үзүүлж, хамтран оролцсон үйлдэл нь хангалттай тогтоогдсон байна.

   Анхан шатны шүүхээс “Хулгайлах гэмт хэрэг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг тул шүүгдэгч Х.Бүрэнжаргалыг дээрх хохирол, хор уршгийг гэм буруугүйгээр учруулсан байна” гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн байх тул тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолыг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийг баримтлан Улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сувдаа дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна...Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Д, Х.Б нарыг бүлэглэж, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутгаас Ц.Б-ны 1 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Х.Б.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгатгасныг эс зөвшөөрч хяналтын прокурор Ц.Сувдаа эсэргүүцэл бичсэн байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хяналтын прокурор Ц.Сувдаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл

       Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн  2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Х.Б.д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Д.Д.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна.

Прокурор Ц.Сувдаа нь “...Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар...” эсэргүүцэл бичснийг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Д.Д... манай эхнэрийн дүү Ц.Б надад хэлэхдээ эгчийнхээ эмчилгээний зардалд нэг адуу өгчихлөө, та тэгж байгаад аваарай гэж хэлсэн юм. Тэгээд Ц.Б адуунаас нэг адуу ачуулахдаа надад нэг адуу өгөх ёстой гэж Х.Б.д хэлсэн. Х.Б.г хэлэхгүй авч болох юм уу даа гэж асуухаар нь зүгээр ах, дүү хүмүүс байна болно. Би дараа нь Ц.Б.д хэлчихье, санаа зоволтгүй гэж хэлсэн... гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Б ... манай төрсөн эгч Б харваад бие нь муу байх үед нь Д.г адуу таргалах үед нэг адуу аваарай гэж хэлсэн нь үнэн. Адууны зүс заагаагүй. Ер нь хүний юмыг тухайн үед нь хэлэхгүй авах чинь хулгай биз дээ, надад хэлээд авсан бол би юу гээд ингээд явж байх билээ дээ... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Х.Б.н.. Д ах Б ах чинь нэг адуу эхнэрийн эмчилгээнд өгсөн юм, чи зараад мөнгийг нь аваад ир гэж хэлэхээр нь би болох юм уу даа гэж хэлтэл ах, дүү хүмүүс байна, ах нь ойлгуулаад хэлчихнэ, бодвол эхнэрээсээ нууж өгөө байлгүй гэж хэлсэн... Тэгээд 2 байдасны аль нь тарган байна гэхээр нь ухаа байдас нь арай тарган юм байна гэж хэлээд хул байдсыг адууных нь араас тавиад ухаа байдсыг машиндаа ачсан... гэх мэдүүлэг, хохирол төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Б нь Д.Д хэлсэн үгэнд нь итгэж, Д.н гуйснаар адууг ачиж, хотод аваачиж нядлуулсан болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Х.Б.д хохирогч Ц.Б адууг Д.Д.тай бүлэглэн хулгайлах гэсэн гэмт хэргийн сэдэлт зорилго тогтоогдохгүй байна.

Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч Х.Б.д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурор Ц.Сувдаагийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.ХҮРЭЛБААТАР

          ШҮҮГЧ                                      С.ЦЭЦЭГМАА

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ё.БЯМБАЦЭРЭН