| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2022/0218/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/238 |
| Огноо | 2022-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
-улсын яллагчаар Н.Цэнгэлбаяр,
-хохирогч Н.Д, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,
-шүүгдэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Н.Баяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овгийн Дуламхандын Шүрэнцэцэгт холбогдох эрүүгийн 2234000000179 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Ш
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ш нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар баг сумын төвд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Ш нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг чинь үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Н.Д нь: “2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Д.Шийнд орсон чинь ээжтэйгээ хамт пиво ууж байсан. Би нэг пиво авч өгсөн. Тэгээд пивоо ууж байгаад гарах гэсэн чинь араас ирээд үснээс зулгааж, хашаан дотроо дэвссэн. Би эгч дээрээ очиж цусаа угаачихаад, Эрдэнэбаярынд очсон чинь чи яасан их цагдаа дууддаг юм гээд намайг хашаанаас гаргаад үсдээд, хамар луу өшиглөсөн тэгээд би ямар ч ухаангүй болсон. Манай эгч н.Эрдэнэбаярыг дагуулж Төв аймагт ирсэн” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2234000000179 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Д.Ш нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар баг сумын төвд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай санаатай учруулсан үйл баримт нь дараах:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
-хохирогч Н.Дын “...Би Төв аймгийн Эрдэнэсант суманд төрж өссөн хүн байгаа юм. Би одоо Эрдэнэсант сумандаа өөрийнхөө 3 хүүхдийн хамтаар амьдардаг юм. Би сумандаа “Эрдэнэ дэлгэр” гэдэг хүнсний дэлгүүрт туслах ажилтан хийдэг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн орчимд ажлаасаа тараад гэртээ хариад хөрш айл болох Н.Д эгч н.Шүрээд 0.5 литрийн 1 шил хараа архи задлаад тэр архийг нь Н.Д эгч, н.Шүрээ хоёр ихэнхийг нь уусан. харин би тэр архинаас нь уухгүй гэж байгаад 100 орчим грамм архи уусан. Тэгээд сууж байтал манай бага охин н.Мөнхшүр тэднийд орж ирээд гэрт хүн ирчихлээ гэхээр нь би Н.Д эгчийнхээс гарч гэртээ орж байгаад орой 18 цагийн үед ахин буцаж Н.Д эгчийнд ортол тэднийд н.Тунгаа гэдэг хүүхэн ирчихсэн Н.Д эгч, н.Шүрээ хоёр 2.5 литрийн хүрэн савтай пиво уугаад сууж байсан. н.Тунгаа уугаагүй байсан. Тэгтэл н.Шүрээ надад пиво хийж өгөөд уу гэхээр нь би өөдөөс нь эгч нь уухгүй ээ, эгчийнх нь зүрх, мүрх өвдөөд байгаа гэтэл яахараа уудаггүй юм хэзээдээ архинаас гарчихаав өмхий архичин авгай минь гэх зэргээр над руу дайрч намайг хэл амаар доромжилхоор нь би гэрээс нь гараад байж байтал миний араас н.Шүрээ гэрч ирээд намайг үсдээд татаж газар унагааж миний хамар руу хөлөөрөө нэг удаа өшиглөтөл миний хамарнаас цус гарсан. Тэгтэл н.Тунгаа тэр н.Шүрээг салгаж Н.Д эгчийнх рүү авч орохоор нь би гудамжныхаа н.Энхдалай эгчийнд орж хамарныхаа цусыг угаатал н.Энхдалай эгч цагдаад мэдэгдэхээр нь би буцаж гараад Н.Д эгчийн гэрт нь очсон. Тэр үед миний нүүр ам хавдаагүй бас бид хэд хэрүүл, уруул болоогүй намжсан байж байтал ирсэн цагдаа маань надаас гомдол, санал байна уу гэж асуутал би гомдол байхгүй гэж хэлтэл намайг маргааш өглөө сумын цагдаагийн хэсэгт очиж уулзаарай гэж хэлээд явсан. Тэгээд цагдаа явсны дараа би Н.Д эгчийн гэрээс нь гар н.Энхдалай эгчийнд очих гээд гудамжинд явж байтал миний араас н.Шүрээ гүйж ирээд миний үснээс зулгаагаад газар унагааж миний зүүн талын хацар, нүд орчих руу 1 удаа хөлөөрөө өшиглөсөн болохоор би одоо цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-6 тал/,
-Гэрч Н.Дын “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу цэргийн баярын өдөр хөдөөнөөс манай охин Д.Ш буюу н.Шүрээ 11 цагийн орчим манайд ганцаараа орж ирсэн. Тэгээд би н.Шүрээтэй хамт дэлгүүр орж 2.5 литрийн нэг хүрэн савтай Нийслэл пиво, 0.5 литрийн нэг шил хараа архи аваад гэртээ ирсэн. Би мартын 8-ны өдөр охинтойгоо уулзаж чадаагүй байсан болохоор н.Шүрээ бид хоёр 2.5 литрийн Нийслэл пиво хувааж уугаад дуусаж байтал 14-15 цагийн орчимд манай хамар хашааны Н.Д гэрээсээ орж ирсэн. Тэгэхээр нь би нөгөө авсан байсан 0.5 литрийн нэг шил хараа архиа гаргаж өгөөд тэр архийг н.Шүрээ, Н.Д бид 3 хувааж уусан. Тэгтэл Н.Д мартын юм гээд н.Шүрээд 10.000 төгрөг өгсөн. Тэгээд н.Тунгаа гэж манай урд гудамжны хүүхэн орж ирсэн. Тэгээд би уусан юмандаа жоохон согтох гээд байхаар нь би гэртээ унтаж байгаад сэртэл н.Тунгаа, н.Шүрээ хоёр нэг хүрэн пиво тавьчихсан уугаад сууж байсан. Тэгээд би ахиж унтаж байгаад сэртэл н.Шүрээ, Н.Д хоёр маргалдсан байна гээд сумын хоёр цагдаа орж ирсэн. Тэр үед бид хэд дан эмэгтэй хүмүүс байна аа, ямар нэгэн асуудал байхгүй ээ гомдол, санал байхгүй, зодоон цохион болоогүй гэж хэлэхэд цагдаа маргааш сумын Цагдаагийн хэсэг дээр очиж уулзаарай гэж хэлээд явсан. Тэрний дараагаа би дахиад унтаад өгсөн. Тэгтэл манай охин н.Отгонжаргал гаднаас орж ирээд намайг сэрээсэн. Тухайн үед Н.Д, н.Шүрээ, н.Тунгаа энэ хэд бүгд алга болчихсон байсан. н.Отгонжаргал надад хэлэхдээ н.Шүрээ, Н.Д хоёр ноцолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр би за эмэгтэй хүмүүс гайгүй байлгүй дээ гэж бодоод гэрээсээ гаралгүй байж байтал гаднаас н.Шүрээ орж ирсэн. Тэгэхээр нь юу болов гэж асуутал н.Шүрээ надад юу ч дуугараагүй. Тэгээд тэр шөнө н.Шүрээ хөдөө гэр рүүгээ яваад өгсөн. Н.Д гэртээ ирж хоноогүй. Маргааш өглөө нь Н.Д гэртээ ирэхэд нүд нь хавдаж хөхөрчихсөн байсан. Одоо санахад зүүн талын нүд нь хөхөрчихсөн байсан санагдаж байна. Н.Даас нүүр ам чинь яасан юм бэ гэж асуудал өчигдөр н.Шүрээ зодоод ийм болгочихлоо гэж хэлсэн. Тэр үед Н.Дын нүүр, ам нэлээн хавдартай болчихсон байсан...” /хх-ийн 8-9 тал/,
-Я.Энхдалайгийн “...2022 оны 03 дугаар сарын 18-ны орой ойролцоогоор 21 цагийн орчимд байх, намайг гэртээ байхад миний төрсөн дүү Н.Дын хамарнаас нь цус гарчихсан орж ирсэн. Тэгэхээр нь сумын цагдаагийн дугаар руу залгаж Н.Дыг хүн зодчихсон байна гэж хэлсэн. Тэгтэл Н.Д хамарныхаа цусыг нь угаачихаад гэр рүүгээ явсан. Тэгээд байж байгаад ойролцоогоор 30-40 орчим минутын дараа ахиад н.Шүрээд зодуулчихлаа гээд нүд нь хавдаад хөхөрчихсөн, хувцас хунар нь шороо болчихсон гаднаас орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
-Шүүгдэгч Д.Шийн гэрчээр өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үдээс өмнө би хөдөөнөөс саахалтын айлын хүнтэй сумын төвд орж ирээд Н.Дын гэрт орсон. Тэгээд ээжтэйгээ хамт гадуур гарч сумын төвөөр ойр зуурын ажлаа амжуулаад ээжтэй хамт дэлгүүр ортол ээж баярын юм гээд 0.5 литрийн хараа, 2.5 литрийн пиво аваад бид хоёр ээжийнд очиж пивоо хувааж уугаад бараг дуусаж байтал Н.Д эгч орж ирсэн. Тэгээд пивоноос нэг аягийг Н.Д эгчид хийж өгсөн. Тэгтэл ээж 0.5 литрийн архийг задлаад Н.Д эгч, би, ээж бид гурав уугаад байж байтал ээжийн найз н.Тунгаа эгч орж ирсэн. Тэр архийг уугаад би нэлээн согтсон байсан. Тэгээд би нэг хэсэг яг болсон асуудлаа санахгүй байгаа юм. Гадаа харанхуй болчихсон байхад би хэсэг сэргэсэн. Тэгтэл ээж унтаж байсан. н.Тунгаа эгч, н.Отгонжаргал бид хэд байж байтал Н.Д эгч гаднаас орж ирсэн. Манай нөхрийг н.Мөнхөө гэдэг тэгтэл Н.Д эгч ээжийн гэрт сууж байгаад гарахдаа намайг чи муу туранхай н.Мөнхөөгийн хоолонд цадаж дээ гэж хэлэхээр нь тухайн үед миний уур хүрсэн юм. Тэгээд би араас нь гараад хашаанд Н.Д эгчтэй ноцолдож Н.Д эгчийн хамрыг өшиглөөд цус гаргачихсан. Тэгээд хэсэг байж байтал гаднаас сумын цагдаа нар орж ирэхэд нь бид хэд дан хүүхнүүдээрээ байж байсан. Тэгээд цагдаад янз бүрийн асуудал зодоон цохион болоогүй гэж хэлтэл цагдаа яваад өгсөн. Бид хэд ээжийн гэрт сууцгааж байсан. Тэгтэл Н.Д эгч цагаан сарын дараахан манай ээжтэй маргалдаж ээжийг үстсэн байсан. Тэгээд юм уугаад согтсондоо тэр юм нь бодогдоод миний уур хүрч сууж байсан. Тэгээд тухайн үед би бас л нөгөө уусан архиндаа согтсон байсан болохоор одоо зарим зүйлээ тийм сайн санахгүй байгаа юм. Н.Д эгчийг ээжийнхээс гараад явахаар нь ахиад ээжийн хашаан дотор л ноцолдсон шиг санагдаад байгаа юм. Тэр үед нөгөө Н.Д эгч ээжийг үстсэн нь санаанд ороод дахин, дахин уур хүрээд Н.Д эгчийг зодчихсон байна лээ. Би Н.Д эгчийг ямар ч байсан нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд тэр шөнө би н.Хуяг гэж нутгийн залуугаар пробокс машинаар хүргүүлсэн юм...” /хх-ийн 14-15 тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 190 дугаартай “...Н.Дын биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 тал/,
Шүүгдэгч Д.Шийн яллагдагчаар өгсөн “...Би Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ээж Н.Дын гэрт байж байхад Н.Д эгч орж ирээд гарахдаа намайг чи муу туранхай н.Мөнхөөгийн хоолонд цадаж дээ гэж хэлэхээр нь би уурлаад араас нь гараад ноцолдож байгаад хамрыг нь өшиглөөд цус гаргачихсан. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/ зэрэг болон шүүгдэгч Д.Шийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Шийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.Ш нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар баг сумын төвд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Д.Шийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Т.Учрал нь хохирогч Н.Дыг зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.Ш нь хохирогч Н.Дыг зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд толгойн тус газарт нь данхаар цохиж, зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Д.Ш нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.Ш нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Иймд шүүгдэгч Д.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Улсын яллагч Н.Цэнгэлбаяраас: “Шүүгдэгч Д.Шт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” ялын дүгнэлтийг,
Хохирогч Н.Дын өмгөөлөгч Б.Баярмагнайгаас: “Тайлбаргүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Шийн өмгөөлөгч Н.Баяраас: “Гэм буруугаа хүлээсэн. Хохирлыг хавтас хэрэгт авагдсан хэмжээнд төлсөн. Цаашид эмчилгээний зардал баримт гарвал төлнө гэдгээ илэрхийлсэн. 0-2 насны хөхүүл хүүхэдтэй. Урьд нь ял шийтгэлгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Прокурорын 500.000 төгрөгийн саналыг 450.000 төгрөг болгож өгнө үү. Торгуулийн хугацааг 3 сараас дээш хугацаагаар зааж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Д.Шийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Шт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
шүүгдэгч Д.Шт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Шийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэл эдэлж байгаагүй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Шийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Дын биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Н.Д нь мөрдөн байцаалтын шатанд 320.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Д.Ш нь шүүхийн шатанд 320.000 төгрөгийг төлсөн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна. Харин хохирогч Н.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн 2234000000179 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч Д.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Шт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2234000000179 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ш нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш нь хохирогч Н.Дд 320.000 төгрөг төлсөнг дурдаж, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА