| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2017/00869/И/Т |
| Дугаар | 2791 |
| Огноо | 2016-12-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2791
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: холбогдох
21 272 830 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н /ШТЭҮ-1969/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрдэнэбөх овогтой Д миний бие хариуцагч С.Гтэй 2011 онд танилцаж 2013 оны 4 сарын 15-ны өдөр Чинхүслэн гэх хүүтэй болсон. Хүү маань эцгээрээ овоглодог бөгөөд одоо миний асрамжид байгаа. Бид 2013 оны 10 сарыг хүртэл манай эцэг эхийн гэрт хамтран амьдарсан. Хамт байх хугацаандаа С.Г нь миний төрсөн эх Л.Даас өөрийн хувийн хэрэгцээнд нийт 5 760 000 төгрөг зээлж авсан. Мөн байраа зараад мөнгийг чинь өгье гэж хэлээд ээжийн минь нэр дээр зээл авч 8415 УНЧ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашин авахуулж байсан юм. Уг автомашин хүүгийн хамт 13 872 430 төгрөг болсон боловч С.Г машины мөнгө болон зээлж авсан мөнгөө миний ээжид төлөөгүй. Улмаар хариуцагч С.Г нь маш олон эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаанд ордог болохыг нь би мэдэж, энэ асуудлаас болж маргаан гарч бид хамт амьдрах боломжгүй болсон. Биднийг хамтран амьдрахаа больмогц миний ээж Л.Д нь зээлийн асуудлаас болж С.Гийг цагдаад мэдэгдсэн боловч дундаа үр хүүхэдтэй учир эрүүгийн журмаар шийдвэрлэх боломжгүй гээд буцаасан. Бид шүүхэд нэхэмжлэл гаргахын тул хоёр ч удаа С.Гийг эрэн сурвалжлуулж байсан учраас миний бие арга буюу арга буюу маргаан ихтэй асуудал учир өмгөөлөгч авч ажиллуулсан. Миний бие хариуцагчаас хуулийн дагуу хүү Г.Чинхүслэнгээс тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Мөн өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн тэмдэгтийн хураамжид төлбөр 140 400 төгрөгийг нэхэмжилж байна. Миний төрсөн эх нэхэмжлэгч Л.Д нь хариуцагчид зээлүүлсэн 19 632 430 төгрөгөө шаардаж байгаа бөгөөд дээрх төлбөрөө шаардах эрхийг надад итгэмжлэл олгож шилжүүлсэн болно. Иймд хариуцагчаас хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж, нийт 21 272 830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг дараах байдлаар тодруулж байна. Үүнд: Хариуцагч С.Г нь нэхэмжлэгч Дын өмч хөрөнгө болох 8415УНЧ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг ******* гэгчид 11 00 000 төгрөгөөр зарсан бөгөөд зарахдаа нэхэмжлэгчээс ямар нэг зөвшөөрөл аваагүй болно. Одоо уг автомашин нь хаана, хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй бөгөөд автомашиныг сэлбэг болгон задлаад зарсан байх боломжтой. Энэ тухай цагдаагийн байгууллагад шалгуулахад хүргэн гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд хариуцагч С.Г нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д заасан үндэслэлээр 8415УНЧ улсын дугаартай автомашины худалдан авсан үнэ болох 13 872 430 төгрөгийг шаардаж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад зээлийн гэрээний үүрэгт 5 760 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсны хохиролд 140 400 төгрөгийг шаардсан бөгөөд хариуцагчаас нийт 21 272 830 төгрөгийг шаардсан болно.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Л.Д нь манай ээж байгаа юм, би 2011 оны С.Гтэй танилцахад өөрийгөө бөө гэж байсан. Тэгээд 2012 онд машин авмаар байна гээд ээж банкнаас 10 500 000 төгрөгний зээл авч Тоёота кроун маркийн машин авч өгсөн, С.Г нь төлбөрийг нь 14 хоногийн дотор барагдуулна гэсэн боловч төлөөгүй. Манай ээж зээлийг төлж дуусгасан, нийт 13 872 430 төгрөгийг Л.Д нь төлсөн тул уг автомашины хууль ёсны өмчлөгч, нэр дээрээ шилжүүлэх гэсэн боловч С.Г ашиглаж байсан болохоор болоогүй. Иймд Иргэний хуулийн 495.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр түүний мөнгийг нь төлж авсан машиныг зарж үрэгдүүлсэн тул учирсан хохирол болох машины үнэд төлсөн 13 872 430 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардаж байна. Мөн С.Г нь бөөгийн ажилд хэрэглэнэ, тахил хийнэ гээд 5 760 000 төгрөгийг ээж Л.Д, манай ааваас болон надаас авч байсан. Энэ мөнгийг гаргуулах хүсэлтэй байна.
Иймд шүүхээс хүсэхэд Л.Дын өмчлөлийн автомашиныг зөвшөөрөлгүйгээр зарсан тул учирсан хохирол болох автомашины үнэд төлсөн 13 872 430 төгрөгийг Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар нөхөн төлүүлэх, хариуцагч С.Г нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа мөнгө авсан талаараа мэдүүлж байсан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээний үүрэгт 5 760 000 төгрөг гаргуулах, эрэн сурвалжилсны зардалд 140 400 төгрөг болон нийт 19 772 830 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж байна. Өмгөөлөгчийн хөлс гаргуулахаар нэхэмжилсэн боловч татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Дийн гаргасан ******* тэтгэмж тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Бусад нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна. Үүнд өмгөөлөгчийн зардал, Дын хариуцагчид зээлдүүлсэн гэх 19 632 430 төгрөгний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч С.Гд холбогдуулан 21 272 830 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 19 772 830 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь Л.Д, С.Д нар нь С.Гт холбогдуулан эцэг тогтоолгох, тэтгэмж гаргуулах, 21 272 830 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч тус дүүргийн шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2017/05941 дүгээр шүүгчийн захирамжаар Э.Дийн нэхэмжлэлтэй С.Гт холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас Л.Дын нэхэмжлэлтэй С.Гт холбогдох 21 272 830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарласан байна.
Нэхэмжлэгч Л.Д нь автомашины зээлийн гэрээ байгуулж, 8415 УНЧ улсын дугаартай автомашиныг худалдан авч С.Гт эзэмшүүлж байсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж, автомашины үнийг төлж дуусгасан боловч С.Г нь уг автомашиныг зээлийн гэрээний үүргийг ч гүйцэтгээгүй, мөнгийг ч төлөөгүй байж, машины өмчлөгч болох Л.Дын зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж үндэслэлгүй хөрөнгөжиж, хохирол учруулсан тул автомашины үнэд төлсөн 13 872 430 төгрөг, мөн удаа дараа буцааж өгнө гээд бөөгийн зан үйлд хэрэглэхээр зээлсэн 5 760 000 төгрөг, хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан учраас эрэн сурвалжлуулсаны зардалд гарсан 140 400 төгрөг, нийт 19 772 830 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч С.Г нь нэхэмжлэгч Л.Дын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь 8415 УНЧ улсын дугаартай, Тоёота кроун маркийн автомашины хууль ёсны эзэмшигч буюу өмчлөгч нь нэхэмжлэгч Л.Д болох нь, мөн хариуцагч нь уг автомашиныг эзэмшиж ашиглаж байсан, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, шаардах эрхийг шилжүүлэн авсан тухай гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 322 тоот Төрийн банкны албан бичиг, эрүүгийн хэрэгт мэдүүлсэн С.Г, ******* нарын мэдүүлэг, гэрч Н.Б болон Г.М мэдүүлэг, 8415УНЧ улсын дугаартай, Тоёота кроун автомашины торгуулийн түүх, торгуулийн хуудасны бүртгэл, захиргааны зөрчлийн лавлагаагаар тус тус нотлогдоно гэж тайлбарлаад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар эрх зөрчсөн тул хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардаж байна гэсэн.
Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д “хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Л.Д нь маргаан бүхий 8415 УНЧ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашины хууль ёсны өмчлөгч, эзэмшигч гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэв.
Учир нь хэрэгт авагдсан Л.Д-ын зээлийн дансны хуулгаар 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 8 880 000 төгрөгний зээлийг Хадгаламж банкнаас шилжүүлсэн, уг зээлийг эргэн төлж байсан болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгчийн Хадгаламж банктай байгуулсан 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 188 тоот зээлийн гэрээг шүүхэд ирүүлээгүй, автомашины өмчлөх эрхийг хэрхэн шилжүүлэн авсан нь тодорхойгүй байна. /хэргийн хуудас/
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шаардах эрхийг шилжүүлсэн гэсэн боловч 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Хадгаламж банк ХХК-ийн Л.Дтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг Төрийн банк ХХК-нд шилжүүлэн өгсөн байна. /хэргийн хуудас/
Хариуцагч С.Г нь 8415 УНЧ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг эзэмшиж байсан болох нь гэрч ******* “2013 оны зун Гээс 8415 УНЧ улсын дугаартай автомашиныг 9 000 000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг, 8415 УНЧ улсын дугаартай автомашины торгуулийн түүх, торгуулийн хуудасны бүртгэл, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1980 тоот прокурорын тогтоол, захиргааны зөрчлийн лавлагаагаар тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Л.Д нь 8415 УНЧ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашины хууль ёсны өмчлөгч, эзэмшигч гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байх тул уг автомашиныг хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан гэж үзэж, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар хохирлыг нөхөн төлөх боломжгүй байна гэж үзэв. /хэргийн хуудас/
Хэрэгт авагдсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 322 тоот Төрийн банкны албан бичгээр “Л.Д нь 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Тоёота Кроун маркийн ******* арлын дугаартай 8415 УНЧ улсын дугаартай автоамашины лизингийн зээл авч, зээлээ бүрэн төлж барагдуулсан тул иргэн Д.Д-ын нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн болох нь тогтоогдож байх боловч уг баримтын дагуу автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлсэн эсэх, автомашин нь уг зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгэгдсэн эсэх талаар баримтаар нотлоогүй, Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсанд “уг автомашиныг Л.Д нь албан ёсоор өмчлөх эрхтэй болох нь тогтоогдож байна” гэсэн боловч “автомашины нэр шилжүүлэх тухай” албан бичиг, прокурорын хариу мэдэгдэх хуудсаар машиныг өмчлөгч гэдгийг тогтоох үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн хуудас/
Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаанд 8415 УНЧ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашин нь Хадгаламж банкны эзэмшилд байгаа бөгөөд уг автомашиныг 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Автомашин, худалдах худалдан авах гэрээгээр Ж.Э-аас С.Г нь 10 000 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар харилцан тохиролцож, төлбөрийг Хадгаламж банкны лизингээр төлж дуусгахаар гэрээний нэмэлт нөхцөлд дурдсан, тээврийн хэрэгслийн бүртгэх маягтаар Ж.Э-аас С.Гт шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хэргийн хуудас/
Иймд эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих боловч нэхэмжлэгч нь уг өмчлөх эрхийг шилжүүлэн авсныг нотлох баримт болох худалдах, худалдан авах гэрээний нэмэлт нөхцөлд дурдсан Хадгаламж банктай байгуулсан автомашины зээлийн гэрээг шүүхэд ирүүлээгүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагч С.Г-ээс зээлийн гэрээний үүрэгт 5 760 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч Л.Д болон Э.Д, аав Ш.Э нараас 2012 оноос 2013 оны хооронд бөөгийн зан үйлд хэрэглэнэ гэж зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, итгэлцлээр нийт 5 760 000 төгрөгийг авсан гэсэн.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 5 760 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болохыг баримтаар нотлоогүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан Х банкны орлогын мэдүүлгээр 2013 оны 4 дүгээр сарын 15-нд С.Гт 100 000 төгрөг шилжүүлсэн байх боловч уг мөнгийг нэхэмжлэгч Л.Д биш Э.Д шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь Э.Д болон Ш.Эрдэнэбөхийн өмнөөс шаардах эрхгүй юм. /хэргийн хуудас/
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс мөнгө шилжүүлэн авсан болох нь эрүүгийн хэрэгт өгсөн С.Гийн мэдүүлэг, П.С-ийн мэдүүлэгээр нотлогдоно гэсэн боловч эрүүгийн хэрэгт мэдүүлсэн С.Г, П.С нарын мэдүүлгийг нотлох баримт бүрдүүлэх журам зөрчсөн, П.С-ийг шүүхэд гэрчээр дуудаж, хууль сануулаагүй тул нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй болно.
Нэхэмжлэгч нь шүүхэд хандаж байсан болох нь Дүүргийн 2 дугаар прокурорын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2237 тоот хариу мэдэгдэх хуудас, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10365 тоот прокурорын тогтоолоор нотлогдоно гэсэн боловч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хариуцагчид 5 760 000 төгрөгийг шилжүүлэн өгснийг нотлоогүй тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөөгүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжсаны зардал нэхэмжилж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1577 дугаар шүүхийн шийдвэрийг шүүхэд ирүүлсэн, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар талуудын хооронд үүрэг үүсээгүй байх тул 140 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч Л.Д-ын хариуцагч С.Г-т холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний улмаас учирсан хохирол болох 13 872 430 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 5 760 000 төгрөг, хохиролд 140 400 төгрөг, нийт 19 772 830 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 282 дугаар зүйлийн 282.4, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Д-ын хариуцагч С.Г-т холбогдуулан гаргасан 19 772 830 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264 320 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН