| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2022/0251/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/257 |
| Огноо | 2022-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
-улсын яллагчаар Г.Ариунзул,
-шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Дд холбогдох эрүүгийн 2234000000207 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Д нь Төв аймаг Баянчандмань сум Чандмань 1 дүгээр багт 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн М.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан, улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Э.Д нь: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2234000000207 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Э.Д нь Төв аймаг Баянчандмань сум Чандмань 1 дүгээр багт 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн М.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан, улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах:
-хохирогч М.Эгийн гэрчээр өгсөн “...Би найз нарын хамт 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагт сумын төвд байдаг эх сүүж бааранд сууж 2 шил Болор архи аваад н.Дугармаа, Э.Д, н.Сайнхүү, н.Март нарын хамт сууж байгаад 1 шил архи зургуулаа хувааж уугаад тэндээс гарсан. Эх сүүжид байхад Э.Д эхнэртэйгээ маргаад хүн болгон руу үсчээд байсан. Э.Дыг би ямар намбагүй юм бэ гээд болиоч гээд бүгдээрээ гараад явсан. Тэгээд би гэр рүүгээ харих замдаа охиноо н.Мартын гэрээс аваад цааш явахаар болж Э.Дын машинд сууж явсан. н.Мартын гэрээс охиноо аваад гэр рүүгээ явах замд Э.Д би охинтойгоо арын сандал дээр сууж явахад Э.Д зулгаахаар нь би чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь намайг үгийн зөрөөгүй шууд толгой, нүүр рүү завсар зайгүй цохисон. Тэгээд намайг аллаа шдээ гэсэн чинь эхнэр нь машинаа зогсоогоод буусан чниь дахиж гэрийн үүдэн дээр нүүр рүү цохин газар унагаасан. Тэгээд дахин зодсон. Тэгээд манай нөхөрийг дуудах гээд охин гэр рүүгээ гүйж орсон чинь Э.Д орж ирээд нөхрийг босооч гээд ар нуруу руу нь цохиод авгайг чинь авчирсан баярлаж яваараа гээд гэрээс дагуулж гарахдаа нөхөр Б.Ганболдын толгой руу дахин цохисон. Тэгээд Э.Дыг тоглож байна гэж бодоод нээх юм ярилгүй хашаанаас гарч ирсэн чинь би машиных нь урд унасан байсан гэсэн. Тэгээд манай нөхөр н.Ганболд чи манай эхнэрийг яасан гэж зодож байгаа юм бэ гээд Э.Д руу дайрсан чинь н.Дугармаа, н.Ганболдыг хориглоод чи согтуу хүнтэй юу ярих юм бэ боль гээд Э.Дыг авч явсан. Намай нөхөр гэр рүү өргөөд оруулсан. Тэгээд би гэрт нэг амьсгаа татаад ухаан алдсан гэж нөхөр хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,
-Гэрч Р.Дугармаагийн “...Би 2022 оны 03 дугаар сарын 22-нд гэртээ байж байхад 20 цагийн үед М.Э, н.Март нар над руу залгаад караокед дуулах 3 цагийн эрх байна Э.Дыг аваад ир гэхээр нь очсон. Тэгээд бааранд сууж байгаад би нөхөр Э.Дтай муудалцаад байж байхад Э.Дыг н.Дамдин аваад баарнаас гарсан. Араас нь М.Э гараад би тэнд байсан хүмүүсийг гэрт нь хүргэж өгөөд М.Эгийн охин айлд байхаар нь аваад М.Эгийн гэрт хүргэж өгөх гээд явж байхад М.Э манай нөхөр Э.Д хоёр замд зогсож байсан. Тэгээд тэр хоёр машинд суугаад М.Эгийн гадаа очих замд Э.Д нь М.Эгийн хүзүүгээр тэврээд авсан. Тэгсэн М.Э нь Э.Дыг нэг удаа цохисон. Тэгсэн Э.Д нь зөрүүлээд цохисон. Тэгээд хоорондоо зодолдоод байсан. Тэгээд М.Эгийн гэрийн гадаа машинаас буугаад М.Эг манай нөхөр Э.Д нь 2, 3 удаа цохисон. Тэгээд би алгадаад байж байхад М.Эгийн нөхөр н.Ганболд ирээд аваад орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4866 дугаартай шинжээчийн “...М.Эгийн биед тархи доргилт, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруул, баруун сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн завж, доод уруулд шарх, зүүн дээд өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэн боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 тал/,
Шүүгдэгч Э.Дын яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцууллаа. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/ зэрэг болон шүүгдэгч Э.Дын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Дын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Э.Д нь Төв аймаг Баянчандмань сум Чандмань 1 дүгээр багт 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Э.Дын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Э.Д нь хохирогч М.Эг зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Э.Д нь хохирогч М.Эг зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруул, баруун сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн завж, доод уруулд шарх, зүүн дээд өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Э.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Э.Д нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Иймд шүүгдэгч Э.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Улсын яллагч Н.Цэнгэлбаяраас: “Шүүгдэгч Э.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч Э.Дын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Э.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Дд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
шүүгдэгч Э.Дд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэл эдэлж байгаагүй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Э.Дыг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Эгийн биед тархи доргилт, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруул, баруун сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн завж, доод уруулд шарх, зүүн дээд өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч М.Э нь мөрдөн байцаалтын шатанд 703.560 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Э.Д нь мөрдөн байцаалтын шатанд 320.000 төгрөгийг төлсөн дурдаж, шүүгдэгч Э.Даас 383.560 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Эд олгож, хохирогч М.Эд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн 2234000000207 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч Э.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Дд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2234000000207 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь хохирогч М.Эд 320.000 төгрөг төлсөнг дурдаж, шүүгдэгч Э.Даас 383.560 төгрөгийг гаргуулж М.Эд олгож, хохирогч М.Э нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА