Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/258

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

-улсын яллагчаар Х.Оюунцэцэг,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Э, Л.Ц,

-хохирогч Э.Б,

-иргэний нэхэмжлэгч, хохирогч С.З,

-хохирогч, иргэний нэхэмжлэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Баярмагнай,

-шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Бт холбогдох эрүүгийн 2134002070062 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь “Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Цагаан хөтөл” гэх газар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн асфальтан замын 388/43 дугаартай шонгийн хажууд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “79-99 БНР” улсын дугаартай “Volvo” маркийн ачааны тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” Мөн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “04-21 УНБ” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг чиргүүл хэсгээрээ мөргөж “04-21 УНБ” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Цогзол, Л.Бямбацэрэн нар нас барж, Э.Бын биед хүнд гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Б нь мэдүүлэхдээ: “Ярих зүйл байхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Э нь мэдүүлэхдээ: “2021 оны 08  дугаар сарын 02-ны өглөө аав, ээж хоёр, баярбат гэдэг хүнтэй хамт Өвөрхангай аймгийн Элсэн тасархай явна гээд өглөө гэрээс гарсан. Аав түрүүлээд гарсан. Ээж бид 2 гэртээ үлдсэн. Би өглөө шүүх хуралд суух гээд эрх босчихсон байсан. Ээж маань 7 цагт явлаа гээд гараад явсан. Би КТМС-ийн тэнд шүүх хуралд суух гээд очсон чинь намайг оруулаагүй болохоор буцаад найзтайгаа гэртээ ирээд байж байсан. 10 цагийн үед аав залгаад ээж чинт сонин болчихлоо гээд утсаа тасалсан. Гэрээс шууд гараад такси бариад явсан. Багшийн дээдээс эгчийгээ аваад явж байсан. Тэгэхэд аав утсаа авахаа больсон. Би 22-н товчооны тэнд очиж байсан намайг зогсоогоод цаашаа явах шаардлагагүй боллоо гэж хэлсэн. Би буцаад гэр рүүгээ харьсан. Хүмүүс ирээд манай гэрийн толийг бүтээгээд байсан. Би маш их гайхсан. Өглөө ээж маань инээгээд гэрээс гараад явсан. Дөнгөж төд удалгүй 2 цагийн дараа байхгүй болчихлоо гээд гэрийн юмнуудыг бүтээгээд би шоконд орсон. Би жирэмсэн байсан дөнгөж 2 сартай ээждээ хэлээгүй байсан. Миний ээж амьдрах чин хүсэлтэй тийм хүн байсан. Дөнгөж 44 настай цаашаа 30, 40 жил амьдрах боломжтой. Би айлын ганц хүүхэд. Миний төлөө амьсгалдаг тийм хүн байсан. Гэтэл ээжийнхээ ачийг хариулна гээд Хууль зүйн сургуульд 5 жил сураад төгсөхөд ээж маань төгсөлтийн баяр дээр маань алга. Өнөөдөр миний ээж бүх юмаа надад зориулсан. Ээжийнхээ ачийг хариулнадаа л гэж явж ирсэн. Энэ хүний гэм буруутай, хариуцлагагүй үйлдлээс болж өнөөдөр миний ээж нас барсан. Тэгээгүй байсан бол миний ээж цаашид хэдэн жил амьдрахыг таашгүй. Энэ хүн унаж яваа машинаа хариуцлагатай унасан, хууль зөрчөөгүй байсан бол өнөөдөр миний ээж байх байсан. Надад үнэхээр хохиролтой байна. Би жирэмсэн байсан маш хүнд хугацааг туулсан. Дээрээс нь би хүүхдээ төрүүлсэн. Төрсний дараа ээж гэдэг хүн ямар их хэрэгтэй байдаг билээ. Аавтайгаа өнөөдөр хоеулахнаа. Миний аав 50 насандаа ханиа алдсан. Өнөөдөр орой болгон ганц хүний ор засаж өгөхдөө миний сэтгэл өвддөг. Хүүхдээ хөхүүлчихээд 3 цагт босоход аав минь сэрүүн Фэйсбүүк хараад л байж  байдаг. Шөнө нойр нь хүрдэггүй. Ийм л байдалтай байна. Өнөөдөр бүтэн аз жаргалтай сайхан гэр бүлийн амьдралыг энэ хүний хариуцлагагүй үйлдлээс болоод би хагас өнчин болоод үлдлээ. Би маш их сэтгэл санааны хохиролтой байна. Ээж маань амьдрах чин хүсэлтэй байсан. Бага ангийн багш байсан. Гэтэл өнөөдөр энэ хүний буруутай үйлдлээс болж миний ээж нас барсан. Үнэхээр хэлэх үг алга. Би өнөөдөр ээжийнхээ ачийг хариулмаар байна. Ээж маань өнөөдөр алга. Өнөөдөр энэ хүн гарсан зардлыг төлөөд миний хохирол барагдахгүй. Миний ээж өөд болоогүй байсан бол оршуулгын зардал гарахгүй байсан. Тэгчихээд миний хохирлыг барагдуулсаг гэвэл үнэхээр хэлэх үг алга. Гэрч хохирогчийн хэлж байгаагаар ар талын ачаа эсрэг урсгал руугаа ороод байсан гэж хэлсэн. Аав маань тэрийг хараад замаасаа гараад зогссон гэсэн. Дээрээс нь гэрч хохирогчийн мэдүүлгээр мөргөснийхөө дараа энэ хүн өнгөрөөд явсан гэсэн. Хүмүүс замаас нь зогсооч ээ гэж хэлэхэд зогссон. Хүн зогсоогоогүй бол энэ хүн цаашаа явна. Энэ хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх ямар ч нөхцөл байхгүй гэж үзэж байна. Харин ч хүндрүүлэх нөхцөл байдал байна. Шүүгдэгч мэдсээр байж хүсэж хийсэн байна. Энэ нь санаатай гэмт хэрэг гэж үзэж болохоор байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  4.2-т заасан гэмт хэргээр зүйлчилж байгаа ч гэсэн миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж надад санагдаж байна. Ослын нөхцөл байдлыг хавтас хэрэгт авагдаагүй цогцосны зураг ерөөсөө авагдаагүй. Цогцос маш хэрцгий байдалтай байсан. Тэр төмөр машинд хавчуулагдсан байсан гэсэн. Энэ үйл явдлыг харсан миний аавын сэтгэл санаа ямар байх вэ? Ээж маань жам ёсоороо өнгөрсөн бол хамаагүй, маш хэрцгий байдалтай нас барсан. Дээрээс нь задланд оруулсан. Харах эцэсгүй болж байна.  Үнэхээр хэлэх үг алга” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц нь мэдүүлэхдээ: “Манай хүний сууж явсан машин бүүр шороон дээр гарцан мөр нь байсан. Ухаан санаа балартаж явсан ч гэсэн харна. Хөмсөгний харандаагаар зурсан юм шиг жолооч хүүгийн барьж явсан машин замын голд эсрэг талд орсон байсан. Яагаад хохирол төлсөн гэж яриад байгаа юм бэ? Би гайхаж байна. Миний нөхрийн хувьд нас бол тоо байсан. Гэр орон хань ижил, улс эх орондоо хэрэгтэй хүн байсан. Орон гэрийнхээ өмөг түшиг үр хүүхдийнхээ сайн эцэг, сайн өвөө ийм хүнээс салаад ингээд сууж байгаа надаа ямар байх вэ? Миний энэ хохирлыг юугаар төлсөн юм. Бид нар зүгээр байсан бол оршуулга гарах уу? Өвчин зовлон тусаад оршуулга гарсан бол Монгол хүний сайхан сэтгэлээр ямар ч хүн хийдэг баримталж ирсэн ёс заншил. Би энэ хүүхдэд хатуу хандаагүй, ойлгохыг хичээсэн. Одоо харин энд хачин санагдаж байна. Бид 2 бие биендээ түшиг болоод би хүнд өвчтэй элэгний сериозтой. Манай нөхөрт хууч өвчин байгаагүй. Эмнэлгийн дүгнэлт дээр ч байсан. Ойрын 5 жил нас бархаар байгаагүй.  Энэ хүн юугаар хохирлыг төлсөн юм бэ? гайхаад байна. Би тусгай дунд боловсролтой. Тэтгэврийн доод хэмжээгээр амьдарч байна. Эм тариа ямар үнэтэй билээ. Нэгэндээ аяга цай дөхүүлээд өгөх тийм тэнхээтэй байсан. Тэрийг юугаар төлсөн, юугаар орлуулсан юм бэ? Хуулийн хэллэг юм бол ёстой муухай сэтгэгдэл төрүүлдэг юм байна. Би эх хүн эмээ хүн өөрөө ч мэдэж байгаа Баасандорж. Би нэг ч муухай хандаагүй. Хамгийн эхний хоногуудад би өөрийн ухаангүй байсан.  Миний бие муу байна чи юу гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Дараа нь уучлалт гуйсан. Энэ том машин бүрэн бүтэн байсан юм бол энэ хэрэг гарах уу? Би жоохон гучтайгаа очсон. Гэмтлийн эмнэлэг яваад очсон цагдаа ойртуулахгүй байсан. Тэгэхэд хөмсөгний будгаар зурсан юм шиг замынхаа эсрэг талд байсан.  Энэ хөх цамцтай залуу байсан санаж байна. Би итгэж чадахгүй байсан. Хохирлыг минь төлсөн гэж яриад байна. Би энийг зөвшөөрөлгүй аваагүй. Би өөрт нь бүх бичиг баримтыг тулгасан. Бичиг баримтгүй хохирлыг мөнгийг ёрөөсөө оруулаагүй. Өөрт нь үзүүлээд энэ бичиг баримтыг аваад яв гээд хэлсэн. Төлөх ёстой юм байна гэж хэлсэн. Би өмгөөлөгчтэй олон уулзаагүй гэхдээ санаагаа хэлсэн. Би хүний залуу насыг үрэх гэж байгаа юм биш ээ. Харин яагаад бүрэн бүтэн машин байсан юм бол энэ осол гарах уу үгүй юу? Ийм болохоор энэ ХХК-ний машин гэж дуулсан. Би одоо энэ хүүг шоронд хийлгээд яах юм. Тэрнээр би аяга цай чанаад уух уу, эмээ авчих уу, хуульд ийм юм байдаг бол бодмоор л юм байна. Миний нөхөр юугаар ч үнэлэгдэхгүй ямар ч юм оноож өгөхөөр тийм хүн байгаагүй

Хохирогч Э.Б нь мэдүүлэхдээ: “Урьд нь барилгын хүнд ажил хийдэг байсан. Осол гарснаас хойш би нэг ч удаа ажил хийгээгүй. Миний нэг талын 9 хавирга хугарсан. Бие тэнхрэхгүй, хүнд ажил хийх гэхээр тэнхэлгүй болсон миний бие. Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр ганцаараа ажилтай 2 хүүхэд маань сургуулийнх. Банкны зээлтэй байсан тэрийгээ төлж чадахгүй санхүүгийн хувьд хэцүү байна. Өөрөө ажил хийнэ гэхээр эмч нэг хэсэгтээ ажил хийж болохгүй гэсэн. Цаашид эмчилгээ хийлгэнэ

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.З нь мэдүүлэхдээ: “Манай охин хэлж байна. Бид хоёр иймэрхүү л амьдарч байна. Амьдрал болж байх үе дээрээ л ийм юм болчихлоо. Цэрэнноров эгчийн нөхөр миний багш Д.Цогзол гэдэг хүн бөхөд маш их хувь нэмэр оруулсан. Бөхийн засуул хийдэг. Намайг бөхийн засуул болгосон. Миний гэр бүлийн хүн багш хоёртоо хадаг барьж гуйсан хоёр хүн юм. Найз Баярбаттай цуг явж байсан цуг явж байсан учраас бүгдээрээ салахгүй харагдаад байна. Хавтаст хэргийн машинд хавчуулагдсан байдалтай байгаа зураг хавтас хэрэгт ороогүй байсан. 2 шивлээр төмрийг шинжилж өгнө үү гэж хэлсэн тэрийг шинжлээгүй. Машины бөгсны ард тархи үсрээд наалдсан энэ хэний тархи вэ гэсэн манай талийгаачийн тархи байсан. Миний хувьд сэтгэл санаа тогтворгүй байна. Янз бүрийн юм бодож шүүх хурал маань бүтэн 1 жил хүлээлгэсэн. Би энэ бүхнийг хурдан дуусаасай. Ер нь бол харамсалтай байна. Миний хувьд охинтойгоо адилхан сэтгэл санааны хохирол тиймэрхүү юмыг нэхэмжилнэ

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134002070062 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б нь “Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Цагаан хөтөл” гэх газар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн асфальтан замын 388/43 дугаартай шонгийн хажууд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “79-99 БНР” улсын дугаартай “Volvo” маркийн ачааны тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” Мөн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “04-21 УНБ” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг чиргүүл хэсгээрээ мөргөж “04-21 УНБ” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Цогзол, Л.Бямбацэрэн нар нас барж, Э.Бын биед хүнд гэмтэл учруулсан үйл баримт нь дараах

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 8 тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-18 тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 14-24 тал/,

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 35-30 тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цын “...Тухайн өдөр нөхөр маань шавь С.Зэвгэ, түүний эхнэр, бас нэг шавь Э.Б нарын хамтаар Булган аймгийн Рашаант сумын нутагт манай хэдэн адуу байдаг түүнийгээ эргэх, мөн 100 нас хүрч байгаа эмээтэйгээ золгоно, мөн Э.Бын ахынхаар орж салхинд гарах зорилготой 2 хоноод ирнэ гээд өглөө 08 цаг 35 минутад гэрээсээ гарсан. Ингээд л 1 цаг орчмын дараа осол болсон талаар С.Зэвгэ хэлээд, ингээд л бид мэдсэн... Маш их гомдолтой байна миний хувьд хүний мууг үзэх гэсэн биш, харуусал арилахгүй юм. Амьдарлын сайхан ханиа гэнэт ослоор алдлаа надад юугаар ч нөхөж баршгүй хагацал тохиолдлоо, үнэхээр хэцүү байна. Оршуулгын зардал, цайллага, будаалга, зэдний зардлыг нэхэмжилнэ. Баримтыг нь өгч хэрэгт хавсаргуулна. Баримтгүй гарсан зардал олон байгаа. Энэ бүхнийг жагсаалтаар бичиж хэрэгт хавсаргуулна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33 тал/,

Хохирогч Э.Бын “...2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр найз С.З өөрийн эзэмшлийн “04-21 УНД” улсын дугаартай “приус-20” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй н.Цогзол ах эхнэрийн хамт бид 4 Улаанбаатар хотоос гараад Өвөрхангай аймаг явж байсан юм. С.З өөрөө машинаа жолоодож явж байсан. Жолоочийн хажуу талын суудал дээр талийгаач н.Цогзол ах сууж явсан. Арын суудал дээр С.Зийн эхнэр бид хоёр сууж явсан. Би жолоочийн ард талд арын суудал дээр сууж явсан. С.Зийн эхнэр нь н.Цогзол ахын ард яана аа гээд уулга алдсан, харсан чинь өөдөөс ирж явсан шалаанз машин бөгсөөрөө шидээд тэрнээс хойш яг юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд С.З машины гадаа хүн алчихлаа гээд хашхираад байж байсан. Би хажуу тал руу харсан чинь С.Зийн эхнэрийн толгой хэсэг аймаар том хагарчихсан нүүрээр нь цус гоожсон ямар ч хөдөлгөөнгүй байх шиг байсан. Би машинаас буухад цээж хэсгээр аймар өвдөж байсан. Би машины дэргэд 2-5 минут сууж байгаад машины жолооч талаар нь урдуур нь тойрч харсан чинь н.Цогзол ахын нүүр нь цус болчихсон бас хөдлөхгүй байсан. Би шокогд орчихсон байсан болохоор юу болоод байгааг ч мэдэхгүй байсан. н.Цогзол ах С.Зийн эхнэр хоёр нас барсан байсныг мэдэх ч сөхөөгүй байсан. Удаагүй байж байтал гэмтлийн түргэний машин ирээд намайг аваад явсан. Би гэмтлийн эмнэлгийн цээж хэвлийн тасагт хэвтсэн. Миний 8 хавирга хугарсан, дотуур цус алдсан, уушги сэмэрсэн байна гэж хэлсэн. Би 2-3 хоногийн дараа уушиг оёх хагалгаанд орсон... Надад 2.000.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Зарим баримтаа хадгалаагүй....Б.Б надад эмчилгээний зардалд 3.500.000 төгрөг өгсөн... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50, 60 тал/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Зийн “...Ослын дараа цээж хөндүүрлээд байсан. Дараа өдрүүдээс сууж босоход нуруу татаад, ууц нуруугаар хатгаад байж байгаад буяны ажил өнгөрсны дараа эмнэлгээр явж гэмтлийн эмнэлэг дээр үзүүлэхэд толгойны рентген зураг, цээж, нурууны зураг авахуулахад тархи доргисон. Нурууны булчин зангирал өгсөн. Физик эмчилгээ хийлгэж дотроос нь эм ууж, тос түрх гэсэн... Бид явж байхад Волво маркийн тээврийн хэрэгслийн чиргүүл зам дээр хөндөлсөөд манай эгнээ рүү чиргүүлийнх нь бөгс ороод ирэх үед хажууд сууж явсан багш н.Цогзол надад хандаж энэ ер нь болохоо байж байх шиг байна шүү замаасаа гараад зогсоорой гэхээр нь би замын хойд тал руу, баруун гар тал руу замын хөвөө дээр шахаад машинаа зогсооход яах ийхийн зуургүй ирээд машины тэвшний бөгс хэсгээр цохиод машин арагшаа ойгоод замын хойд талын жалга руу буцаад буухад тэвшний ар талд бэхэлсэн гэрэл, дохио тогтоосон шивлээр төмрүүдээр машины урд салхины шилнээс эхлүүлээд хойшоо хядаад аваад явчихсан. Би бодохдоо тэр төмөр байгаагүй бол гайгүй өнгөрөх байсан болов уу гэж бодоод байгаа юм. Тийм учраас тэр төмрийн стандартад нийцэх эсэх талаар дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна... Маш их гомдолтой байна. Талийгаач маань Голомт банкинд 14.000.000 төгрөгийн зээлтэй байгаа. Энэ мөнгийг байр худалдаж авахдаа авсан юм. Тэр мөнгийг жил гаран төлсөн байгаа. Хэдэн төгрөг үлдсэнийг мэдэхгүй байна. Энэ мөнгийг төлүүлэх хүсэлтэй байна. Мөн тээврийн хэрэгслээ үнэлүүлж нэхэмжилнэ. Оршуулгын зардалд гарсан зардлаа нэхэмжилнэ. Байгаа баримтаа өгч хэрэгт хавсаргуулна. Эмчилгээний зардлаа мөн баримтаар нэхэмжилж хэрэгт хавсаргуулна. Мөн буруутай жолоочийн эд хөрөнгийг тогтоож, хэрэв эд хөрөнгөтэй бол битүүмжилж захиран зарцуулах эрхийг нь хязгаарлуулах хүсэлтэй байна...Миний өөрийн эзэмшлийн “04-21 УНБ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлгээний байгууллага 9.500.000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Миний машин 2008 онд Япон улсад үйлдвэрлэсэн 2014 онд Монгол улсад орж ирсэн машин байсан. Буруутай этгээдээр 2008 оны “тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл одоо машины үнэ өссөн учраас би 9.500.000 төгрөгөөр 2008 оны приус-20 машин худалдан авах боломжгүй. Тийм учраас машиныг машинаар нь нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63, 67 тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Эийн “...Би талийгаач Л.Бямбацэрэнгийн төрсөн охин нь байгаа юм. Манай ээж 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу манай аав С.Зийн хамтаар явсан. Тэгээд замдаа Төв аймгийн Аргалант сумын нутагт зам тээврийн осолд орж нас барсан. Би талийгаач ээжийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход татгалзах зүйлгүй. Уг хэрэгт өмгөөлөгч Б.Баярмагнайг оролцуулахад татгалзах зүйлгүй. ...Манай ээж 1976 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Манай ээж дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй. Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн Хөгжил цогцолбор сургуульд багшаар ажиллаж байсан хүн байгаа юм. Манай ээж төлөв даруу их дөлгөөн тайван хүн байсан. Манай ээв С.Зтэй гэр бүл болоод 24 жил болж байгаа. Би Л.Бямбацэрэнгээс төрсөн ганцхан охин нь байгаа юм... Би гомдолтой байгаа. Оршуулгын зардал болон бусад холбогдох зардлыг нэхэмжлэх болно. Одоогоор 30 орчин сая төгрөг болж байгаа. Шүүхэд албан ёсоор баримтаа гарган өгч нэхэмжлэх болно...Талийгаачийн оршуулгын зардалд 8.800.000 төгрөг одоогоор төлөгдсөн байгаа. Шаардлагатай бол үлдэгдэл оршуулгын зардлыг шүүх дээр баримтаар гаргаж өгнө... Би гомдолтой байгаа оршуулгын үлдэгдэл зардлыг шүүхэд баримтаар гарган өгч нэхэмжлэх болно. Мөн сэтгэл санааны хохирлыг шүүх дээр нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78, 80 тал/,

-Гэрч Б.Чинзоригийн “...Би Улаанбаатар хотоос 2021 оны 08 дугаар сарын 02-ны өглөө элсэн тасархай руу амрахаар явж байсан. Өөрийн “72-99 УНК” улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод эмээлтээс баруун тийш гараад явж байхад бороо орж байсан, зам нойтон байсан. Тэгтэл урд талд цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл явж байтал баруун талаас өөдөөс цагаан өнгийн толгойтой том ачааны машин гарч ирээд чиргүүл хэсэг нь бидний явж байгаа урсгал руу хөндөлсөөд яваад байсан. Тэгтэл урд явж байсан цагаан өнгийн приус-20 машин замын баруун гар тал руу шахаад замын хойд талын шороон хөвөө дээр бүтэн гараад хөдөлгөөнөө удаашруулаад бараг л зогсох гэж байтал нөгөө ачааны машины чиргүүл нь тэр чигээрээ хөдөлсөж ирээд замын хойд тал руу зогсох гэж байсан цагаан өнгийн приус-20 машины хойд бэлэн хэсгээрээ мөргөөд замын хойд талын жалга руу шидээд хэсэг яваад чиргүүл нь тэгшрээд замын урд тал руу шахаад зогссон. Тус тээврийн хэрэгслийн толгой хэсэг тал яг өөрийнхөө эгнээнд ямар нэгэн байдлаар руль хазга мушгаагүй, яг чигээрээ өөрийн эгнээндээ явж байсан. Би машин засдаг засварчин, мөн том ачааны тээврийн хэрэгсэл жолооддог хүний хувьд ачаа салхинд цохигдоод хөндөлсөн байж магадгүй гэж бодож байна. Гэхдээ тоормос өрөөсөн тал нь барихад мөн чиргүүл шидэгдэж хөндөлсдөг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84 тал/,

-Насанд хүрээгүй гэрч М.Бат-Очирын “...Би Б.Б ахтай 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гараад Улаанбаатар хот руу явж байгаад замдаа машиндаа 1 хоноод 2021 оны 08 дугаар сарын 08-ны өглөө Улаанбаатар хот руу хөдөлсөн. Ингээд би жолоочийн ар талын орон дээр унтаад явсан. Гэтэл гэнэт машин доргих шиг болсон. Тэгээд Б.Б ах машинаа замын хажуу тал руу шахаж зогсоогоод машинаас буугаад явахаар нь би машины цонхоор харахад замын хойд талд машин уначихсан байсан. Би машиндаа суугаад буугаагүй. Б.Б ах гадаа машиндаа орж ирэхгүй орилоод байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88 тал/,

Иргэний хариуцагч Ч.Ганзоригийн  “ ...”79-99 БНР” улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2020 оны 06 дугаар сард 140.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Худалдаж аваад удаагүй Б.Бийг 1 сарын 800.000 төгрөгөөр цалинжуулаад Улаанбаатар хот-Баянхонгор аймгийн хооронд дан хүнсний тээвэрт явуулж байсан. Техникийн хувьд бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл. Би Б.Бтой амаар тохиролцож гэрээ хийсэн. Ямар нэгэн цаасаар гэрээ хийгээгүй...”  гэх мэдүүлэг /1-хх-187 тал/ 

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3520 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн Б.Б 38/эр гэж хаягласан н92832768 серийн дугаартай хуруу шилтэй цус, “С.З 49/эр” гэж хаягласан н92832273 серийн дугаартай хуруу шилтэй цус тус бүрээс спиртийн агууламж илрэхгүй байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 102-103 тал/,

-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №74 дугаартай шинжээчийн “...Э.Бын биед зүүн талын 5, 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, уушги няцрал, /2021.08.02-ны мэс заслын бичлэгт цээжний хөндийд 2000мл орчим цус хуралдалт/ гэмттэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 106 тал/,

-Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №313 дугаартай шинжээчийн “...С.Зийн биед гэмтэл зүүн сарвууны ар, өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 109 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №93 дугаартай шинжээчийн “...Талийгаач Д.Цогзолын цогцост хийсэн задлан шинжилгээгээр дээрх оношинд дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач Д.Цогзолын цусанд 0.6 хувийн промили спиртийн агууламж илэрсэн нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан байна. Талийгаач Д.Цогзол нь гавал, тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 112-113 тал/,

-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №94 дугаартай шинжээчийн “... Талийгаач Д.Бямбацэрэнгийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавлын орой ясны дух, зүүн чамархайн ясны цөмөрсөн, бяцарсан ил, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарлаас суурь ясны дунд хонхор болох зүүн бага далавчыг дайрч турк эмээл хүрсэн шугаман, духны цөмөрсөн хугарлаас баруун ухархайн дээд хананы цөмөрсөн бяцарсан, үйрсэн, зүүн бугалга яс зөрүүтэй далд, шууны яс зөрүүтэй ил хугарлууд, тархины хальсны урагдал, их тархины баруун, зүү тал бөмбөлгийн дух, зулай, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, духны хэсгийн толгойн хуйхны дотор гадаргууд цус хуралттай, хамар, цээж, зүүн бугалга, шуунд шарх, зүүн хацарт зулгаралт, доод уруул, зүүн бугалга, тавхайн дээд хэсэг, баруун шуунд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач Д.Бямбацэрэнгийн цусанд спиртийн агууламж илрээгүй. Талийгаач Д.Бямбацэрэн нь гавал, тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 128-129 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №3572 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Volvo маркийн 79-99 БНР улсын дугаартай тээврийн хэрэгслээс бэхжүүлсэн машинаас бэхжүүлсэн шаргал өнгийн зүйл нь эд байна. Volvo маркийн 79-99 БНР улсын дугаартай тээврийн хэрэгслээс бэхжүүлсэн машинаас бэхжүүлсэн эдэд нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Volvo маркийн 79-99 БНР улсын дугаартай тээврийн хэрэгслээс бэхжүүлсэн машинаас бэхжүүлсэн эдийн ДНХ-ийн тогтоц нь Л.Бямбацэрэнгийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Л.Бямбацэрэн, Д.Цогзол нарын ДНХ-ийн тогтцыг тогтоов...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 123-124 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2915 дугаартай шинжээчийн “...Volvo маркийн 79-99 БНР улсын дугаартай, LBZ446BB7BA043508 тоот арлын дугаартай ачааны автомашины жолооны болон тоормосны механизм эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллаж байна. Volvo маркийн 79-99 БНР улсын дугаартай автомашиныг огцом тоормослон зогсоооход тэгш шулуун мөр үүсгэж зогсож байна. Volvo маркийн 79-99 БНР улсын дугаартай автомашины чиргүүлийн хойд төмөр нь үйлдвэрээс гэрэлтүүлэх хэрэгсэл байрлуулах зориулалтын хөндөл төмөр байна. Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 139-141 тал/,

-Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07/311 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 152-159 тал/,

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №1000847 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 170-171 тал/,

-Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн “...Би Улаанбаатар хот болон Баянхонгор аймгийн хооронд “Volvo маркийн “79-99 БНР” улсын дугаартай ачааны машинаар хүнс тээвэр хийдэг хүн байгаа юм. Би Ч.Ганзориг гэх хүний “79-99 БНР” улсын дугаартай ачааны машинаар хүнс тээвэрлэж сард 800.000 төгрөгийн цалин авдаг ажил хийдэг байсан. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өглөө Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу хүнч авч ирэхээр “79-99 БНР” улсын дугаартай “Volvo маркийн тээврийн хэрэгсэлтэй өглөө 10 цагийн үед Баянхонгор аймгаас хөдлөөд 23 цагийн үед Төв аймгийн Өндөрширээт сумын салдаг дээр замын хажууд гарч зогсоод машиндаа унтаж амарсан. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өглөө 07 цаг 15 минутад цааш хөдлөөд явж байтал Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл гэх газар ойролцоогоор өглөөний 08-09 цагийн үед байх тухайн үед бороо их орж байсан. Тэгээд явж байтал тас тас хийсэн чимээ гарсан би дугуй хагарчихлаа гэж бодоод зам чөлөөлж зогсоод буугаад хартал хоёр хүн гүйж ирээд чи хүн алчихлаа гээд хашгираад байсан. Тэгээд замын хажууд цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд тухайн машин дээр гүйгээд очтол приус-20 машин хэлбэр дүрсээ алдчихсан байдалтай байсан. Тухай машины хойд талын суудал дээр нэг хүн харагдсан, битүү цус болчихсон харагдсан. Тэгээд би шокийн байдалд орсон... Би С.З гэх хүнд 12.000.000 төгрөгөөр приус-20 машин худалдан авч өгсөн. Талийгаач Л.Бямбацэрэнгийн хууль ёсны төлөөлөгч З.Эт оршуулгын зардал гэж 8.800.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Хохирогч Э.Б гэх хүнд эмчилгээний зардалд 3.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Мөн талийгаач Д.Цолгзолын хууль ёсны төлөөлөгч Л.Цт 15.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн байгаа... Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 224-225 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б нь “Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Цагаан хөтөл” гэх газар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн асфальтан замын 388/43 дугаартай шонгийн хажууд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “79-99 БНР” улсын дугаартай “Volvo” маркийн ачааны тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” Мөн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “04-21 УНБ” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг чиргүүл хэсгээрээ мөргөж “04-21 УНБ” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Цогзол, Л.Бямбацэрэн нар нас барж, Э.Бын биед хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн үйлдэл хийсний улмаас Д.Цогзол, Л.Бямбацэрэн нар нас барж, Э.Бын биед хүнд гэмтэл учирсан байна.

 

Шүүгдэгч Б.Бийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэллийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

 

   Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэсний дагуу шүүгдэгч Б.Бийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас “2 хүний амь нас хохирсон, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэсэн хүндрүүлсэн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг юм.

 

Гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай гэх этгээд хийсэн хууль бус үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг, мөн хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх гэсэн нөхцөлүүдийг бүгдийг нь ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн талаар маргадаггүй, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, иргэний нэхэмжлэгч, хохирогч болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Бийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Э, Л.Ц нар нь “...шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн...гүйцэт түрүүлэх үйлдэл хийж урсгал сөрсөн, бүрэн биш техниктэй явсан.. тухайн тээврийн хэрэгсэл нь компаний машин байсан..машинаа машинаар нь авна ” гэх агуулга бүхий тайлбар гаргадаг .

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Харин болгоомжгүй гэмт хэрэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг.

Өөрөөр хэлбэл гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандсан гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг. Хамгийн гол нь хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагддаг. Шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь урьдаас мэдсээр атлаа хүсч зориуд хор уршигт хүргэсэн үйлдэл биш юм.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2915 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “79-99 БНР” улсын дугаартай “Volvo” маркийн ачааны тээврийн хэрэгсэл ямар нэгэн гэмтэлгүй, тухайн тээврийн хэрэгсэлд байрлуулсан чиргүүлийн хойд төмөр нь зориулалтын хөндөл төмөр болох талаар, 2021 оны 11 дүгээр сарын 13-ны 09 тоот шинжээчийн дүгнэлтэнд шүүгдэгч Б.Бийг замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн талаар тус тус дүгнээгүй байдаг. Мөн шүүгдэгч Б.Бийн жолоодож явсан  “79-99 БНР” улсын дугаартай “Volvo” маркийн ачааны тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Ч.Ганзоригийнх болох нь  Ч.Ганзоригийн нэр дээр бүртгэлтэй “№02849171” серийн дугаартай “79-99 БНР” улсын дугаартай “Volvo.FH460” маркийн “YV2RG00C9DB660286” арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №02849606 серийн дугаартай “79-99 АА” улсын дугаартай “Schmotz.SKO” маркийн “WSM00000005028918” бүхээгийн дугаартай хөргүүртэй чиргүүлийн гэрчилгээгээр нотлогддог, шүүх шүүгдэгч Б.Бийг  гэм буруутайд тооцсон тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй, харин 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ны үнэлгээгээр “04-21 УНБ” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд 9.500.000 төгрөгийн хохирол учирсан талаар тайландаа тусгасан бөгөөд дээрхи дүгнэлтэнд хэргийн оролцогч нарын хэн аль нь маргаагүй мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Б нь 11.450.000 төгрөгийг төлсөн тул машин гаргуулж олгох үндэслэлгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Х.Оюунцэцэг: “ шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 1  сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх. Шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан  сэргийлэх арга хэмжээ авах саналыг  шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгаас: “ Миний хувьд хэлэх зүйл байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар байр сууриа илэрхийлнэ. ” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаагаас: “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар хорих ялын доод хэмжээг оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар тухайн ялыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцдэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дээрхи хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй. Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зарим шаардлагыг хангаж байгаа хэдий ч энэ гэмт хэргийн улмаас эрдэнэт 2 хүний амь нас хохирч хор уршиг арилаагүй байна.

 

Харин шүүх шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар болох оршуулга, зан үйлтэй холбоотой хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар 1-д “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлногэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шудрага ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан хорих ялын доод хэмжээ болох 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар нь ял шийтгэлгүй байх ба шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Э, Л.Ц, хохирогч Э.Б, иргэний нэхэмжлэгч, хохирогч С.З нарт учирсан оршуулга болон зан үйлтэй холбоотой зардал, эмчилгээний зардлыг төлсөн байдал, цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар: 

Шүүгдэгч Б.Бийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Д.Цогзол, Л.Бямбацэрэн нарын амь нас хохирсон, хохирогч Э.Бын эрүүл мэндэд хүнд гэмтэл, иргэниый нэхэмжлэгч С.Зийн эд хөрөнгө болох “04-21 УНБ” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд 9.500.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Иргэний нэхэмжлэгч Ч.Ганзоригт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Э болон иргэний нэхэмжлэгч С.З нар нь нийт 29.188.718 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Л.Бямбацэрэнгийн хууль ёсны төлөөлөгч З.Эт 15.800.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Зт 11.450.000 төгрөгийг төлж, үлдэх 1.938.718 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Эт олгож шийдвэрлсэнг шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох шүүхээс тогтоосон  1.938.718 төгрөг төлөхөөс 2.000.000 төгрөгийг төлж хүний амь нас хохирсноос үүссэн үр дагаврын хохирлын бүрэн төлсөн байна.

Мөн шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Д.Цогзолын хууль ёсны төлөөлөгч Л.Цт 15.000.000 төгрөг төлсөнг, хохирогч Э.Бад 3.600.000 төгрөг төлсөнг тус тус дурдаж, амь хохирогч Л.Бямбацэрэнгийн хууль ёсны төлөөлөгч З.Э, амь хохирогч Д.Цогзолын хууль ёсны төлөөлөгч Л.Ц нар нь сэтгэл санааны хохирлын, хохирогч Э.Б нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ тогтоолоор шүүгдэгч Б.Боос гаргуулах хохирол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн 2134000000478 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Бийн №391697 серийн дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг, иргэний нэхэмжлэгч Ч.Ганзоригийн нэр дээр бүртгэлтэй “№02849171” серийн дугаартай “79-99 БНР” улсын дугаартай “Volvo.FH460” маркийн “YV2RG00C9DB660286” арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №02849606 серийн дугаартай “79-99 АА” улсын дугаартай “Schmotz.SKO” маркийн “WSM00000005028918” бүхээгийн дугаартай хөргүүртэй чиргүүлийн гэрчилгээ тус тус хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч Ч.Ганзоригт буцаан олгож, шүүгдэгч шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг дурьдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Бийг авто тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг 2 хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цт 15.000.000 төгрөгийг, амь хохирогчийн хууль төлөөлөгч З.Э  хохирогч, иргэний нэхэмжлэгч С.З нарт нийт 29.188.718 төгрөгийг, хохирогч Э.Бад 3.600.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Зт 11.450.000 төгрөгийг тус тус төлсөнг дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Э, Л.Ц нар нь сэтгэл санааны хохирол, хохирогч Э.Б нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн 2134000000478 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Бийн №391697 серийн дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг, иргэний нэхэмжлэгч Ч.Ганзоригийн нэр дээр бүртгэлтэй “№02849171” серийн дугаартай “79-99 БНР” улсын дугаартай “Volvo.FH460” маркийн “YV2RG00C9DB660286” арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №02849606 серийн дугаартай “79-99 АА” улсын дугаартай “Schmotz.SKO” маркийн “WSM00000005028918” бүхээгийн дугаартай хөргүүртэй чиргүүлийн гэрчилгээг тус тус хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч Ч.Ганзоригт буцаан олгож, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ тогтоолоор гаргуулах хохиролгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                     Ю.ЭНХМАА