Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/265

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

-улсын яллагчаар Н.Цэнгэлбаяр,

-хохирогч Д.Ж, Б.Б,

-хохирогч Ш.О, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль,

-шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Г.Бт холбогдох эрүүгийн 2134000000478 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Г.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Б нь “2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Hyudai Sonata маркийн 63-57 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо ... хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12.1 Жолооч ... замын нөхцөл-ийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг ... тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр баг МТ шатахуун түгээх станцын урд байрлах сурталчилгааны самбарын шонг мөргөж зорчигч Ч.Л, Д.Ж нарын биед хөнгөн хохирол, Б.Б, Ш.О нарын биед хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Б нь мэдүүлэхдээ: “2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймаг руу явж байхад машин жолоодлогогүй болж Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, МТ шатахуун түгээх станцын урьд байрлах сурталчилгааны самбарыг мөргөж зам тээврийн осол гаргасан. Би тухайн үед шороон зам руу орох гээд бараагүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байгаа бөгөөд хүмүүстэй хохирол төлбөрийг барагдуулахыг бодож байна” гэж,

Хохирогч Д.Ж нь мэдүүлэхдээ: “Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын драгон төвөөс тухайн машинд суусан. Тэгээд замд явж байхад шон маргаж осолд орсон. Толгой, хүзүүнд гэмтэл авсан. Эмчлүүлснээс хойш биед гарч байгаа өвчнүүд маань толгой өвдөх, хүзүү чилж өвдөх, оёдол чинэрч өвдөж байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, давтан томограф хийлгэх шаардлагатай гэсэн” гэж,

Хохирогч Б.Б нь мэдүүлэхдээ: “Би 2022 оны 04 дүгээр 13-нд ажилдаа явахаар драгон төвөөс Төв аймаг руу явсан. Тэгээд жолооч Г.Б нь шатахуун түгээхийн зарлалын самбар мөргөсөн. Нуруундаа гэмтэл авсан. Дээд 3, 4 дүгээр үе хугаралттай, имаграфикаар диск нь шахагдсан гэсэн хариу гарсан. Намайг нуруундаа хүнд гэмтэл авсан насны эцэст суумгай болдог гэж хэлсэн. Эмнэлэгт хэвтэх гэхэд хугарал нь шинэ байна гэж хэлээд хэвтүүлээгүй. Одоо хэвтэж болох байх” гэж тус тус мэдүүлжээ.

 

            Шүүгдэгч Г.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Г.Б нь “2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Hyudai Sonata маркийн 63-57 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо ... хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12.1 Жолооч ... замын нөхцөл-ийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг ... тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр баг МТ шатахуун түгээх станцын урд байрлах сурталчилгааны самбарын шонг мөргөж зорчигч Ч.Л, Д.Ж нарын биед хөнгөн хохирол, Б.Б, Ш.О нарын биед хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6 тал/,
  • Хохирогч Ш.Оийн мэдүүлэг /хх-ийн 9 тал/,
  • Хохирогч Д.Жийн мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
  • Хохирогч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
  • Хохирогч Ч.Лийн мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
  • Иргэний хариуцагч С.Одсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
  • Хохирогч Ч.Лийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
  • Шүүгдэгч Б.Батбаатарын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 244 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 тал/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 233 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34 тал/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 245 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 тал/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 66 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40 тал/,
  • 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04-13 дугаартай “Техникийн шинжээчийн дүгнэлт” /хх-ийн 79-80 тал/,
  • “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 82-84 тал/,
  • Шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 101 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Цэнгэлбаяр нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 134 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 117 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 141-142 тал/ 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Г.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Б холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааныг товыг хохирогч Ч.Лэд мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байх тул хавтаст хэргийн 134 дүгээр хуудаст авагдсан шүүгдэгчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасанд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Г.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Бусад асуудлаар:

            Шүүгдэгч Г.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Л, Д.Ж нарын биед хөнгөн хохирол, хохирогч Б.Б, Ш.О нарын биед хүндэвтэр хохирол учирсан байна.

            Шүүгдэгч Г.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Лэд 436.000 төгрөг, хохирогч Д.Жт 520.000 төгрөг, хохирогч Б.Бд 650.000 төгрөг, хохирогч Ш.От 1.300.000 төгрөг тус тус төлсөн байна.

            Хохирогч Ш.О шүүхийн шатанд буюу хохирогчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 4.508.684 төгрөгийн, хохирогч Д.Ж нь 1.977.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг шүүх хохирогч Ш.Оийн 4.508.684 төгрөгийн, хохирогч Д.Жийн 77.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыгтус тус хангасныг шүүгдэгч  Г.Б нь нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Г.Баас 4.508.684 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.От, 77.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Жт тус тус олгож,

            Хохирогч Д.Ж нь ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой 1.900.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа, хохирогч Ш.О, Б.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь тус тус нээлттэй үлдээж, хохирогч Д.Ж нь энэ гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол авсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 244 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 тал/ нотлогддог бөгөөд тус дүгнэлтэнд цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулна гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардалыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Быг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хөнгөн, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Б нь Ч.Лэд 436.000 төгрөг, хохирогч Д.Жт 520.000 төгрөг, хохирогч Б.Бд 650.000 төгрөг, хохирогч Ш.От 1.300.000 төгрөг тус тус төлсөнг, шүүгдэгч Г.Баас 4.508.684 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.От, 77.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Жт тус тус олгож, хохирогч Д.Ж нь ажилгүй байсан хугацааны нэхэмжлэлийн шаардлагаа, хохирогч Ш.О, Б.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь тус тус нээлттэй үлдээж, хохирогч Д.Жийн цаашид гарах эмчилгээний зардлын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ю.ЭНХМАА