Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 21

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                           Д.Сүрэнхор

         Шүүгдэгч                                            З.Ж

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                      Э.Алтан-Уяа

         Иргэний нэхэмжлэгч                         П.П

         Хохирогчийн өмгөөлөгч                   Д.Энхбаяр

         Нарийн бичгийн дарга                      Ж.Ариунжаргал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолтой  З.Ж д холбогдох 1815002730164 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяагийн давж заалдах гомдлыг  2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, З. Ж.

   Шүүгдэгч З.Ж нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Бугат сумын Арван наймт гэх нэртэй газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гарган улмаар иргэн С.Э.н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч З.Ж-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж  согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй  үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүнд  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч З.Ж.г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч З.Ж.д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ж.н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнийг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

5. Энэ хэрэгт шүүгдэгч З.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч З.Ж.с 1510715 /нэг сая таван зуун арван мянга долоон зуун арван тав/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Э, П.П нарт олгож, бага насны хүүхэд  асруулсаны төлбөр 180000 төгрөг болон мал хариулуулж, хадлан тэжээл бэлтгүүлсэний төлбөр 1100000 төгрөг, нийт 1280000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх  эрхтэйг дурьдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 10625615 /арван сая зургаан зуун хорин таван мянга зургаан зуун арван тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ж.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчилж, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд хорьж, эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Ж.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа: Шүүгдэгч З.Ж.н өмгөөлөгч Э.Алтан-Уяа би Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар 68 шийтгэх тогтоолыг эс зөвчөөрч гомдол гаргаж байна. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч З.Ж ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж. 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. Энэ нь тухайн шуугдэгчийн хувьд ял хүндэдсэн гэж үзэн дараах үндзслзлззр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүгдэгч З.Ж нь шүүхийн өмнөх шатанд хохирол төлбөрт 3 500 000 төгрөг төлсөн. Анхан шатны шүүхээс 1 510 715 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг хохирлыг төлж барагдуулсан.

2. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй.

3. З.Ж нь эхнэрийн хамт амьдардаг өндөр настан байна. Иймд дээр дурьдсан нөхцөл байдлыг болон өндөр настан хүний хувийн байдлыг харгалзан биечлэн эдлэх 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж ял хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар З.Ж.д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл

Шүүгдэгч З.Ж нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Бугат сумын Арван наймт гэх нэртэй газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гарган улмаар иргэн С.Э.н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.3-т  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна.  

Анхан шатны шүүх шүүгдэгч З.Ж.г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3.т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эорхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Гэвч шүүгдэгч З.Ж нь хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохиролд шүүхийн өмнөх шатанд 3 500 000 төгрөг, шийтгэх тогтоолоор гаргахаар шийдвэрлэсэн 1 510 715 төгрөгийг давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэх хугацаанд төлж барагдуулсан, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх харгалзан үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг нь биечлэн эдлүүлэх шаардлагагүй байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяагийн “...Шүүгдэгч З.Ж нь шүүхийн өмнөх шатанд хохирол төлбөрт 3 500 000 төгрөг төлсөн. Шүүх хурлын үеэр шүүхээс 1 510 715 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг хохирлыг төлж барагдуулсан. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй. З.Ж эхнэрийн хамт амьдардаг өндөр настан байна. Иймд дээр дурьдсан нөхцөл байдлыг болон өндөр настан хүний хувийн байдлыг харгалзан биечлэн эдлэх 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж ял хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч З.Ж.г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж“ гэснийг шүүгдэгч З.Ж.г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасч, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяагийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч З.Ж нь 73 хоног цагдан хоригдсон, хохирлын 1 510 715 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар З.Ж.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг суллаж, тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ХҮРЭЛБААТАР                           

                                         ШҮҮГЧ                                    С.ЦЭЦЭГМАА         

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН