Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0669/З |
Дугаар | 128/ШШ2020/0801 |
Огноо | 2020-12-18 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2020/0801
2020 оны 12 сарын 18 өдөр Дугаар 128/ШШ2020/0801 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Х
Хариуцагч: Х.з.д.х.я.Т.н.б.д
Нэхэмжлэлийн шаардлага: “Х.з.д.х.я.Т.н.б.д 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... тоот тушаалаар авсан сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болуулж, цалингийн зөрүү болон үр дүнгийн урамшууллыг нөхөн олгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Ц овогтой Х би Хууль зүй, дотоод хэргийн яаманд дотоод аудитороор ажилладаг. Надтай холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн хороон дээр 6 настай хүүхэд хүчирхийлэлд байна гэж хэлэхдээ ажлын үнэмлэхээ үзүүлсэн” гэх утга бүхий гомдол, хүсэлтийн дагуу Ёс зүйн хорооноос шалгаад Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.3.6-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзээд уг дүрмийн 4.2.2-т заасан “сануулах” хариуцлагыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 01 тоот тушаалаар хүлээлгэсэн.
Гэтэл дээрх зөрчилд хариуцлага хүлээснээс хойш 1 сар гаруй хоногийн дараа Төрийн захиргаа удирдлагын дарга Д.Жанчивдорж нь намайг дуудаж “Танд ер нь арга хэмжээ авна” гэж хэлсэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... тоот тушаалаар надад шууд цалингийн хэмжээг 06 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Миний бие Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны ... дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.
Төрийн албаны зөвлөлөөс холбогдох үйл баримтыг судлаад, Х.з.д.х.я.Т.н.б.д 2020 оны ... дугаар бүхий тушаалаа хүчингүй болгон зохих арга хэмжээг авч, Төрийн албаны зөвлөлд 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариу мэдэгдэх тухай 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/1277 тоот албан бичиг хүргүүлсэн бөгөөд энэ талаар надад 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/1276 дугаар албан бичгээр мэдэгдсэн болно.
Дээрх албан бичгүүд ирсээр байтал Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газар болон Хуний нөөцөөс сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргаа, удирдлагын дарга нар солигдоод тушаал гарахгүй байна гэсэн шалтгаанаар арга хэмжээ авахгүй байсаар хуулийн хугацаа хэтэрсэн тул дээрх ... дугаар тушаалыг хүчингүй болгож, миний цалингийн зөрүү, амралтын зөрүү, мөн үр дүнгийн урамшууллыг нөхөн олгуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ц.Х нь 2014 оны 12 дугаар сараас тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна.
2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэн Р.Эаас Х.з.д.х.я.с хандаж “...яамны нэр барьж, өөрт хамааралгүй асуудалд оролцон, хүний эрхэнд халдсан" гэх гомдол гаргасан бөгөөд гомдолд Төрийн захиргааны удирдлагын газрын дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бхяналт шалгалтын ажиллагаа явуулж, улмаар гомдлыг Ёс зүйн хороонд шилжүүлсэн.
Гомдлыг шалгасан Ёс зүйн хорооны дүгнэлтэд Ц.Х нь эрх мэдлээ хэтрүүлэн албаны нэр барьж, бусадтай дарамталсан шинжтэй харьцсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1.3 б дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн.
Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Ц.Х нь Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг сахин мөрдөх ёстой.
Тус яамны Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2-т “Албан хаагч нь өргөсөн тангараг болон хууль тогтоомжийн дагуу албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд шударгаар шуурхай гүйцэтгэж, ёс зүй, зан харилцааны өндөр соёлтой, төрийн албан ажилд тавигдах зарчим, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахина” гэж, Албан тушаалын тодорхойлолтын “тусгай шаардлага”-ын “Ур чадвар” хэсэгт ёс зүйн хэм хэмжээг сахиж, зарчимч, тууштай, ажил хэрэгч чанараараа бусдыг үлгэрлэх гэж тус тус заасан.
Төрийн албаны тухай хуулийн 37.1.7, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, тус яамны Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус зөрчсөн үйлдэл гаргасан тул Ц.Х Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 5/48 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ц.Х-аас Х.з.д.х.я.Т.н.б.д холбогдуулан гаргасан “Х.з.д.х.я.Т.н.б.д -ын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгуулж, цалингийн зөрүү болон үр дүнгийн урамшууллыг нөхөн олгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэн Р.Эаас 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан гомдлын дагуу Төрийн захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Бажиллагаа явуулан холбогдох иргэдтэй уулзан болсон асуудлын талаар тодруулж, улмаар Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Ц.Х нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байр зэрэг газруудаар иргэн П.Амарбаясгалангийн хамтаар явж, холбогдох албан тушаалтнуудад Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчийн үнэмлэх үзүүлэн явсан үйлдлийг Хууль зүй, дотоод хэргийн яамны ёс зүйн зөвлөлд холбогдох материалын хамтаар хүргүүлэн, ёс зүй зөрчсөн эсэхэд холбогдох дүгнэлт гаргуулан, дүгнэлтийн хүрээнд шийдвэрлүүлэх саналтай талаар танилцуулга бичжээ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны ёс зүйн зөвлөлийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтээр нэхэмжлэгч Ц.Х яамны үнэмлэх ашиглан төрийн албан хаагчдыг дарамтлах шинжтэй харьцсан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэн, сануулах сахилгын ногдуулах санал гаргасан байна.
Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар тушаалаар Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.11, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2, тус яамны Ёс зүйн зөвлөлийн 2020 оны 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Ц.Х албан тушаалын цалингийн хэмжээг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.Төрийн нарийн бичгийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: “… 9.6.11 “ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах”, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:...” гэж зааснаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагч хуульд заасан нийтлэг үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах юм.
Нэхэмжлэгч Ц.Х Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ: … 37.1.7 “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: … 39.1.4 “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, ...” гэж заасныг зөрчсөн болох нь Төрийн захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүрэнгийн танилцуулга, Ёс зүйн зөвлөлийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтээр тогтоогдож байх тул Х.з.д.х.я.Т.н.б.д 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;” гэж заасан сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч “...Ёс зүйн зөвлөл сануулах шийтгэл ногдуулснаас хойш 1 сар гаруйн дараа сахилгын шийтгэл ногдуулсан…” гэж маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна.
Хэдийгээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 6.3-д ёс зүйн зөвлөл хариуцлага хүлээлгэх тогтоол гаргахаар заасан боловч Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасантай нийцсэн бөгөө нэг сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулсан гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заажээ.
Иргэн Ц.Хаас Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлын дагуу тус зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргалгүй 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/1277 дугаар албан бичгээр Х.з.д.х.я.Т.н.б.д хариу өгсөн нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байх тул хариуцагчийг Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хуульд заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн талаар мэдээлсэн гэх боловч энэ нь түүний Төрийн албаны тухай хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөхгүй бөгөөд хуулийн дагуу мэдээлэл гаргах учиртай.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4. 48 дугаар зүйлийн 48.1, 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Ц.Х Х.з.д.х.я.Т.н.б.д 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгуулж, цалингийн зөрүү болон үр дүнгийн урамшууллыг нөхөн олгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН