Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: Ц.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Я овогт Ц-гийн А-д холбогдох 2235000000084 дугаартай  эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 07-нд Увс аймгийн Завхан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, халх ястан, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багт оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Я овогт Ц-гийн А /РД:ОГ74010759/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь 2021 оны 09 дүгээр сард Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багийн нутаг “Шарбулагийн хармаг” гэх газраас иргэн Я.Б-гийн нэг тооны тэмээг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч Ц.А-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.А нь 2021 оны 09 дүгээр сард Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багийн нутаг “Шарбулагийн хармаг” гэх газраас иргэн Я.Б-гийн нэг тооны тэмээг нууц далд аргаар авсан болох нь:

1. Фэйсбүүк хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-3 дахь тал),

2. Эр мөрийн баримт /Ц.А-гийн цэрэг эмээл 1 ширхэг, мяндсан хазаар 1 ширхэг/ хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-7 дахь тал),

3. Эд хөрөнгө битүүмжлэх /Ц.А-гийн 4 настай хээр зүсмийн эр морь/ тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-11 дэх тал),

4. Хохирогч Я.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Завхан сумын 4-р багт оршин суудаг 200 гаруй бог мал 17 тэмээтэй, 15 тооны адуу маллаж амьдардаг юм. 2021 оны 09 дүгээр сарын 15-ны үед өөрийн Тавантолгой гэх газар байсан тэмээнүүдээ очиж үзэхэд миний Шар зүсмийн 3 настай ямар нэг им тамгагүй эр тэмээ алга болсон байсан тэгээд тухайн тэмээгээ одоог хүртэл хайгаад олохгүй байгаа юм. 2020 оны хавар нийт тэмээнүүдээ тамгалж байтал миний шар зүсмийн тэмээ баригдалгүй зугтаад байхаар нь тамгалж чадаагүй юм түүнээс хойш би ямар нэг байдлаар тэмээгээ тамгалаагүй юм. Тухайн шар зүсмийн тэмээг би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Завхан сумын хар ус нэртэй газар очиж үзэхэд ижилтэйгээ байсан юм. Надад учирсан хохирлыг Ц:А 2022 оны 4 дгээр сарын 25-ний өдөр 2.000.000 төгрөг бэлнээр авч ирж өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 18-19, 20 дахь тал),

5. Гэрч Н.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр би Х гэх айлын байшин барихаар ажиллаж байтал А ирээд би нэг тэмээ нядлах гэсэн юм чи очоол нядлалцаад өг гэж хэлсэн тэгээд тэр барилга дээр ажиллаж байсан Ш бид хоёр тухайн тэмээг нядалж өгөхөөр очсон юм. Тэгээд Завхан сумын төвд байх А-гийн хашаанд очиход Б, Г, А 3 тухайн тэмээг алаад арьсыг нь өвчөөд дуусаж байсан. Ш бид хоёр махыг нь эвдэлцээд байшин дотор нь зөөж өгсөн юм. Тухайн тэмээ нь 3 орчим насны тэмээ байсан дээш нь харуулаад арьсыг нь өвчсөн байсан тул зүс болон им тамга харагдаагүй юм. Тухайн тэмээний махнаас Б, Ш, Г худалдаж авч байгаа харагдсан би тэмээг нядлаж дуусаад гараад явсан тул өөр ямар ямар хүмүүс тухайн тэмээний махнаас худалдаж авсан талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

6. Гэрч Э.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын сүүлчээр санаж байна яг хэдний өдөр байсныг сайн мэдэхгүй байна тухайн үед би өөрийн гэртээ Г гэх найзынхаа хамт байж байтал А манай гэрт ирээд мөнгөний хэрэг гараад байна 1 тэмээ алж зарах гэсэн юм хүн олдохгүй байна. Та хоёр очоод алалцаад өгөөч гэж хэлсэн юм тэгээд Г бид хоёр Завхан сумын төвд байх А-гийн хашаанд очиход А эхнэр хүүхдүүдийн хамт байж байсан юм. Тэгээд 1 тооны шар зүсмийн 3 орчим насны тэмээ байсан тухайн тэмээнд ямар нэг им тамга анзаарагдаагүй юм. Тэгээд тухайн тэмээг А Г бид гурав алаад арьсыг нь өвчөөд дуусаж байтал Т, Ш хоёр ирсэн юм. Бид хэд махыг нь эвдээд байшин руу зөөж оруулсан тэгээд би 10 орчим кг худалдаж авсан юм. Ш мөн мах худалдаж авч байсан. Би Ш-ий худалдаж авсан тэмээний махыг нь гэрт нь хүргэж өгөөд би гэртээ очсон юм. Тухайн тэмээний мах хурдан зарагдаад дууслаа гэж сонсогдож байсан юм” Гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

7. Гэрч П.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр би Э.Б-гийн гэрт байж байтал Ц.А ирээд та хоёр манайд очоод тэмээ алаад өг гэж гуйсан юм. Б бид хоёр Завханы төвд байх А-гийн хашаанд очиход 1 тооны шар зүсмийн 3 орчим насны тэмээ байсан. Тухайн үед А Б бид 3 тухайн тэмээг алаад арьсыг нь өвчөөд дуусаж байтал Ш, Т нар ирсэн юм тэгээд Б, А, Т, Ш бид хэд тухайн тэмээний махыг нь эвдээд махыг нь байшин руу нь зөөж өгсөн юм. Тэгээд байж байтал хүмүүс ирээд худалдаж авч эхэлсэн. Тухайн махыг А өөрөө жингийн үзээд хүмүүст зарж байсан юм. Тухайн махнаас Б, Ш нар худалдаж авч байсан. Тэгээд тухайн үед би бага зэрэг согтуу байсан. Агаас архи асуухад 1 шил ерөөл нэртэй архи задалж өгсөн. Тэгээд тухайн архийг тэнд байсан хүмүүст амсуулаад ихэнхийг нь би өөрөө уугаад дуусгасан. Ш-гийн гэрт нь Ш бид хоёр очсон. Харин А тухайн тэмээнийхээ махыг зараад хоцорсон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

8. Гэрч Ц.Ш-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын 28-ны үеэр би Х гэх айлын байшин бариад сумын төвд байж байхад А 16 цагийн орчимд ирсэн тэгээд Т ах бид хоёрыг 1 тэмээ алалцаад өг би нэг тэмээ алж махыг нь зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд Т ах бид хоёр А-гын гэрт яваад очиход Б, Г, А нар арьсыг нь өвчөөд дуусаж байсан юм. Тэгээд Т ах бид хэд нийлээд махыг нь эвдээд А-гын байшинруу зөөж оруулсан юм. Тухайн тэмээ 3 орчим настай бага тэмээ байсан тухайн тэмээний зүс болон им тамгыг сайн ажиглаагүй. Би 5кг мах худалдаж авсан. Б ах мах авч байгаа харагдсан мөн Г ах авч байгаа харагдсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

9. Гэрч Д.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 26-ны үеэр Т Ц нэртэй фэйсбүүк хаягнаас Завхан сумын Фэйсбүүк грүпп-д тэмээний мах яг одоо зарж байна. А-гийн хашаанд гэх зар байсныг уншаад Ц.А-гын гэрээс очиж тэмээний мах худалдаж авч байсан. Тухайн үед би 10 кг орчим мах худалдаж авч байсан санагдаж байна. А надад тэмээний мах жинлэж өгсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

10. Гэрч Н.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Завхан сумын Фэйсбүүк грүпп 2021 оны 09 дүгээр сарын 26-ны үеэр Т Ц нэртэй фэйсбүүк хаягнаас тэмээний мах зарж байна А-гийнд гэх зар байсныг уншаад Ц.А-гын гэрээс очиж тэмээний мах худалдаж авч байсан. Тухайн үед би 3 кг орчим мах худалдаж авч байсан. А надад тэмээний мах үзүүлээд жинлэж өгсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

11. Гэрч Т.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Нөхөр маань тэмээгээ авч ирэхдээ өөрийнхөө тэмээнээс 1 тооны 3-аас 4 настай гэмээр нэг тооны эр тэмээ авч ирлээ, энэ тэмээг унагаж нядлаад махыг нь заръяа, сургалтын төлбөрийг нь хийе гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр А нь өөрийн тэмээнээсээ авч ирсэн гэж хэлсэн бөгөөд би өөрөө хөдөө явж тэмээ хардаггүй, манай тэмээнүүд ямар нэгэн им тамгатай эсэхийг ч мэдэхгүй, тэмээгээ ч хараадч танихгүй бөгөөд тэр өдөр А-гийн авч ирсэн тэмээг өөрийнхөө тэмээ гэж ойлогсон. А ч гэсэн надад өөрийн тэмээнээс авч ирлээ гэж хэлсэн. Тэгээд уг тэмээг маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нөхөр маань сумын төвд байдаг хүмүүсийг гуйж байгаад уг тэмээг хашаандаа нядалсан. Тэгээд би тухайн тэмээг нядалж дууссаны дараа нөхөр маань надад фэйсбүүкт зар тавиадах, зар өгч махнуудаа заръяа гэсэн зүйл хэлсэн. Ингээд би тухайн өдөр өөрийн “Т Ц” гэх фэйсбүүк хаягнаас Завхан сумын фэйсбүүк групп дээр “А-гийн хашаанд тэмээний мах зарж байна, яг одоо” гэж бичээд өөрийн 86951099 гэсэн дугаарыг тавьсан. Тэгээд уг тэмээг нядалж махыг нь сумынхаа иргэдэд зарсан. Яг хэн хэн хэдэн килограмм мах зарсныгаа сайн санахгүй байна, ямар ч байсан одоо санаж буйгаар 500.000-600.000 орчим төгрөг олсон юм. Тухайн тэмээний махыг тэр өдөртөө зараад л дуусчихсан юм. Тэгээд уг мах зарсан мөнгийг нөхөр бид хоёр хүүхэд рүүгээ явуулсан мөн гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж дууссан юм. Тухайн тэмээг нядлаад арьс, толгойг нь мах шөлийг нь шулаад сумын хогны хөтөлд аваачиж хаясан. Би тухайн тэмээг хулгайн тэмээ гэж мэдээгүй бөгөөд нөхөр маань надад ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

12. Шүүгдэгч Ц.А-гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би өөрийн ботготой ингэнүүдээ сумын төв дээр авч ирж ботгийг нь уяж номхруулах гээд тэмээгээ авахаар сумын төвөөс өөрийн хээр зүсмийн 4 настай, буруу буюу баруун талын гуяндаа дэгэрээ тамгатай нэг тооны морио унаад сумын төвөөс зүүн урагшаа манай тэмээ бэлчиж байсан. Шар булагийн хармаг гэх газар руу ганцаараа явсан. Тухайн газар нь сумын төвөөс урагш 8 орчим километр зайтай байдаг. Манай өөрийн 30 гаруй тооны ботготой ингэнүүд нь тухайн газарт бэлчээрт байсан юм. Тухайн өдөр би Шар булагийн хармагт өдрийн 14:00 цагийн үед очсон. Тэнд очоод би өөрийн ботго, ингэ нийлсэн нийт 30 тооны тэмээгээ аваад мориороо тэмээнүүдээ хөтөлж сумын төв рүү явсан. Тэр үед тухайн газарт 3 настай, шар зүстэй, имгүй нэг тооны тэмээ бэлчээрт усан дээр манайхны буюу манай багийн иргэдийн тэмээнүүдтэй хамт усанд ороод гарч байсан. Тухайн тэмээг би урд өмнө нь харж байгаагүй тэмээ байсан учир уг тэмээг өөрийн тэмээнүүдэд нийлүүлээд сумын төврүү авч явсан юм. Би тухайн үед тэр тэмээг нядалж мөнгө олох зорилгоор хулгайлсан юм. Би тэмээг хулгайлахдаа өөрийнхөө морьтой явсан бөгөөд уг тэмээг очиж мориороо туугаад өөрийн тэмээнүүд дунд оруулсан. Тэгээд би тэр өдөр 18:00 цагийн үед сумын төвд өөрийн тэмээнүүдээ тууж ирсэн бөгөөд уг тэмээг мөн адил өөрийнхөө тэмээнүүдтэй хамт авч ирсэн.Тэгээд би өөрийн тэмээнүүдийн ботгыг уяад гэрийн гадна байлгасан юм. Би бэлчээрээс хулгайлж ирсэн тэмээг өөрийнхөө тэмээ гэж хэлсэн бөгөөд тухайн үед оюутан хүүхдийн сургалтын төлбөр хэрэгтэй байсан учир би уг тэмээг хулгайлсан. Би хулгайлсан тэмээгээ сумын төвд авч ирэхдээ өөрийн эхнэр болон бусад хүмүүүст хулгайн тэмээ гэдгийг хэлээгүй, өөрийнхөө тэмээ гэж хэлсэн. Тэгээд би уг тэмээг 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр сумын төвд байх хашаандаа Г, Б нартай хамт нядалж махыг нь шулж эхнэрээр фэйсбүүк дээр зар оруулж нутгийн иргэдэд зарсан. Би уг тэмээг нядалж зараад 500.000 төгрөгийн ашиг олсон юм. Би тухайн үед уг тэмээг хулгайлсан, хулгайн тэмээ гэдэгийг эхнэр хүүхдүүддээ хэлээүй, өөрийн тэмээг авч ирж нядаллаа гэж хэлсэн. Манайд нийт 70-80 орчим тооны тэмээтэй юм. Би учирсан хохиролыг бүрэн барагдуулахаар 2.000.000 төгрөг өгөхөөр хохирогчтой тохиролцсон. Би учирсан хохиролыг бүрэн барагдуулах болно. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.А нь хохирогч Я.Б-гийн нэг тооны тэмээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бэлчээрээс авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Увс Финанс Аудит ХХК-ий 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 147 дугаар дүгнэлтээр “2021 оны 9 дүгээр сарын байдлаар Увс аймагт 3 настай эр тэмээ 1.000.000 төгрөгийн үнэтэй” болох нь тогтоогдсон байна.

Хохирогч Я.Б-гийн “миний бие 2021 оны 9 сард өөрийн тэмээгээ алдсан. Ц.А нь миний тэмээг хулгайлсанаа хүлээн зөвшөөрч бид харилцан тохиролцож гомдлыг барагдуулсан тул гомдолгүй боллоо” (хавтаст хэргийн 86 дахь тал) гэх нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт, хаан банкны 5804034474 дугаар Я.Б гэх данс руу Ц.Агаас 2.000.000 /хоёр сая/ төгрөг шилжүүлсэн орлогын баримт (хавтаст хэргийн 87 дахь тал)-аар хохирол төлбөр барагдуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.А-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.А нь гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Ц.А нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.А урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69 дэх тал)-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Т.Ц-гийн өгсөн: “Би Ц.А-тай 1989 онд гэр бүл болж гэрлээд 33 жил болж байна. Ц.А бид хоёр багаасаа Завхан суманд төрж өссөн хүмүүс юм. Нөхөр бид хоёрын хувьд сумын төвд мал маллаж амьдардаг бөгөөд хэдэн ямаа болон тэмээгээ хариулаад малынхаа үр шимээр амьдараг, мөн би сумын төвд ингэний хоормог хийж хувиараа зардаг юм. А нь зан аашийн хувьд гайгүй даруу төлөв зантай, үг дуу цөөтэй хүнтэй маргалдажянз бүр болоод байдаггүй хүн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал), Гэрч Н.У-ын өгсөн: “Ц.А нь зан аашийн хувьд зүгээр энгийн зан  авиртай. Ц.А нь урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал) -үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчтай тохиролцож ирсэн хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх,  хөдөлгөөнийг хязгаарлах зорилгын үүднээс Ц.А-д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 

2-т  “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”  гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ц.А-гийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морь нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгсэл гэдэгт хамаарахгүй байгаа тул гэмт хэрэг үйлдэж, олсон хөрөнгө орлогод хамааруулж үзэхгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдэгт юуг хамааруулах, түүнийг хэрхэн шийдвэрлэхийг зохицуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.А-гийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 700.000 төгрөгийн үнэ бүхий 4 настай  морь, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 600.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Ц.А-гийн хувьд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, хазаарыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад хуучирч муудан улсын орлогод оруулах боломжгүй байсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.А-д  буцаан олгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэг цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Я овогт Ц-гийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.А-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.А-д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Ад  буцаан олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дэх хэсгүүд заасныг баримтлан шүүгдэгч Ц.А гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 700.000 төгрөгийн үнэ бүхий 4 настай  морь, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 600.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Ц.А-гийн хувьд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүтэл  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ