Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

            Шүүгдэгч: Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Төгөлдөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Б-гийн Б-т холбогдох  2235000000069  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 29-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 2 дугаар сарын 14-нд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, аав, ээж, эхнэр, хүүхэд, хоёр дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Т овогт Б-гийн Б /РД:оэ97021416/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах 9 дүгээр цэцэрлэгийн урд талын зам дээр 2022 оны 3 дугаар сарын 13-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Г-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах 9 дүгээр цэцэрлэгийн урд талын зам дээр 2022 оны 3 дугаар сарын 13-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Г-ийг зодсон болох нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт(хавтаст хэргийн 4-7 дахь тал),

2. хохирогч Г.Г-ийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн жмчлүүлсэн өвчний түүх (хавтаст хэргийн 22-35 дахь тал),

3. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 36-39, 40-42, 43-44 дэх тал),

4. хохирогч Г.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Түүний дараа би Өгөөж төвөөс гараад би найзууддаа гомдсон. Намайг бариад зодуулчихлаа гэж уурласан. Б болон М бид гурав 5-р цэцэрлэгийн тэнд очоод Б М бид хоёроос салаад явсан. М-ийг гэрийнх нь гадна хүргэж өгчихөөд цааш явахад О-той хамт эхнэр ирсэн. Би эхнэрийг түрүүлээд уурлаад явчихсан болохоор туниад зөрөөд явсан. Би алхаад гэрлүү явж байхад Б араас ирсэн бөгөөд миний замыг хааж зогсоод чи яаж байгаа юм бэ? гэхээр нь би “би яасан юм явмаар байна" гэхээр нь холдооч гээд түлхэхэд хойшоо 1,2 алхачихаад саравчтай малгайны саравчийг хойш нь харуулаад тавиад духны хэсгээр толгой руу мөргөөд хоёулаа тулчих уу? зодолдох уу? гэхээр нь би хойшоо болж байгаад зүгээр байгаараа гээд маргалдах гэхэд харанхуй байсан болохоор хальт түлхэгдээд хацарны хэсэгт нь хүрсэн. Тэгтэл Б гараараа миний зүүн шанаа руу цохисон. Би зөрүүлээд зүүн гараараа цохиход Б замын боржур хальт гишгээд уначихсан. Босох гэхээр нь би босч ирээд зодолдох байх гээд хөлрүү нь өшиглөсөн. Тэгтэл Х ирээд намайг тэврээд хальтраад уначихсан юм. Бид хоёр хашаа налж унасан бөгөөд пүрштэй ор дээр унаж байгаа юм шиг унасан. Тэгтэл Б босч ирээд миний духны хэсэгт гараараа 1 удаа цохисон. Би та хоёр бүлэглээд намайг зодох гэж байгаа юм байна тэ гэхэд Б миний толгой руу өшиглөсөн. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй нэг мэдэхэд эмнэлэгт ухаан орсон юм... Би Өгөөж караоке-д байхад согтуу хүн надтай маргалдаад би шатны доод талын хэсэгт байхад тэр залуу шатны дээд талын хэсгээс миний толгой руу 2 удаа гараараа цохих гэж оролдсон. Миний толгойд хүчтэй цохисон зүйл байхгүй цохих үед нь би доош тонгойгоод шүргэх төдий зүйл болсон. Тэр үед миний толгойд гэмтэл учраагүй, биед ямар нэг зүйл өвдөөгүй, тухайн үеийн камерын бичлэг дээр миний байгаа байдал харагдах байх. Харин Б намайг зодсоноос болоод би ухаан алдаж, улмаар эмнэлэгт ухаан орсон юмаа. Намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн байсан. Би гомдолтой байна. Би одоогоор хохиролын баримтыг бүрдүүлж байгаа, прокурор, шүүхийн шатанд хохиролыг гаргаж өгнө.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-51, 53 дахь тал),

5. гэрч М.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б, нөхөр Г.Г нар барьцалдаж байгаад нэгнийгээ түлхэж унагасан. Би очиж байх хооронд манай нөхрийг хэвтэж байхад толгой руу нь хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Би аль хөлөөр, хэрхэн яаж цохисон талаар би мэдэхгүй байна, Б-той хамт явсан залуу манай нөхрийг босгох гээд татаж байх үед Б толгой руу нь хоёр удаа цохисон Түүнээс болоод манай нөхөр Г.Г ухаан алдчихсан ахиж босч ирээгүй, би Б-ыг чи яаж байгаа юм бэ? наадах чинь толгой муутай гэж хэлээд нөхрөө тэврээд босгох гэсэн боловч босохгүй байсан. Ухаан алдчихсан байсан. Манай нөхөр өмнө нь 2017 онд Хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн алба хааж байхдаа бусдад зодуулж биедээ гэмтэл авч явж чадахгүй болтлоо хэвтэрт ороод 1 сар 7 хоног эмчилгээ хийлгээд 1 сар эмнэлэгт хэвтсэн. Байнга эмчилгээ хийлгэж байсан. Цэргээс толгой нь өвдөөд 8 сар болоод халагдсан. Түүнээс хойш хүнд юм өргөхөөр дагзаар өвддөг, ухаан алддаг болчихсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56, 76-77 дахь тал),

6. гэрч М.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 20-21 цагийн хооронд Улаангом сумын 5-р багт байрлах ”Их наяд “ бааранд Г.Г, М.Э, Б.Б Г.Ч, Б.М, Х, А нарын хамт орсон. Бид 6 бааранд орж архи захиалж хувааж уучихаад бүжиглэж байтал баарны үүдэн хэсэгт Г.Г хүмүүстэй маргалдаж муудалцаад байхаар нь бид хэд баарнаас гараад явчихсан. Бид тухайн үед баарнаас гараад явахад Г.Г-ийн цамцны энгэр хэсэг нь цус мэтийн зүйлээр бохирлогдсон байсан. Их наяд бааранд Г.Г-ийг хэн зодсоныг би хараагүй. Би бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. "Их наяд” баарнаас гараад такси бариад Улаангом сум 7 дугаар багт байрлах “Өгөөж” бааранд 23 цагийн орчимд очсон. Бааранд ороод пиво захиалаад ууж байгаад “00" орох гээд явж байтал Г баарны шатны орчимд улаан өнгийн цамцтай, давхраагүй нүдтэй, махлагдуу 165 см орчим зүс танихгүй залуутай золдолдож байсан. Би “Өгөөж“ баарнаас гараад Г. Ч, Б.Б , Х, А бид хэд Ч-ийн гэрлуу явахаар зам дагуу такси бариад явсан. Өгөөж баарнаас гарахад М нь Г.Г, Э хоёрыг хүргэж өгөхөөр хоцорсон. Улаангом сумын 3 дугаар багт байрлах 9 дүгээр цэцэрлэгийн замын хажуу талаар Б, Г, ЭХ дөрөв бидний урьд, А М бид гурав араас нь дагаад алхаад явж байтал Ч Улаангом сумын 3-р багт байрлах түрээсний 3 давхар байрны орчмоос зам дээр гарч “эхнэр М-дээ хандаж чи хаашаа явчихваа гэж уурласан. Гэтэл Гийн эхнэр Э.Э орилсон тэгээд бид хэд яваад очтол Г.Г хашааны хашлага дээр уначихсан байсан. Г.Г-ийн эхнэр Э“Б Г.Г-ийг зодчихлоо” гэж хэлсэн. Э та хэд яваад өг гээд орилоод байхаар нь Б.Б, Х, М, А, Ч нар яваад өгсөн. Улаангом сум 3-р багт байрлах 9-р цэцэрлэгийн урьд Г газарт унасан байдалтай таталт өгсөн байталтай байсан. Би  Э-ийн хамт 103 дуудаж Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт очиж анхан шатны тусламж авсан. Би Г.Г-ийг Б.Б зодож цохисоныг хараагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал),

7. гэрч Г.Ч-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би найз нарын хамт Увс нууранд зохион байгуулагдсан цасны баярт очоод орой нь бүрэнхий болж байхад Улаангомд ирээд найз нөхдийн хамт Их наяд баарны караокед орсон. Тухайн үед бид зарим найз нараа дуудсан бөгөөд Г, эхнэрийн хамт А, Б гэх хүмүүст дуудагдаж ирсэн. Бид нар караокед 1 цаг дуулаад 3 шил архи уугаад доод диско баар луу орж бүжиглэж байтал Г хүмүүстэй маргалдаж зодолдсон тул би очиж салгах хооронд танихгүй залуу Г-ийн нүүр лүү нэг удаа цуохиж харагдсан би дундуур нь орж салгасан. Тэгээд гарч яваад Өгөөж бааранд орсон. Бид бааранд суугаад ганц ганц лааз пиво ууж байтал Г дээр хүмүүстэй зодолдоод байна гэж бүсгүйчүүд хэлсэн тул гарахад Г шатан дээр хүнтэй зодолдож байсан бөгөөд нэг залуу Г-ийн толгой руу 2-3 удаа гараараа цохисон. Би очиж салгаж авч баар луу ороод баар хаагаад гарсан бөгөөд Г эхнэртэйгээ маргалдаад эхнэр нь түрүүлээд явчихсан. Бид Г-ийг согтсон байна гэрт нь хүргэе гэж ярилцаад миний эхнэр М нь Г-ийг хүргэхээр явсан. Би найз нарын хамт гэртээ очсон. Манайд архи уугаагүй бөгөөд эхнэр ирэхгүй болохоор нь би Г-ийн гэрт байгаа байх гэж бодоод очиход ирээгүй байсан. Буцаж харихаар явж байтал Г-ийн эхнэр орилсон. Бид яваад очиход хооронд 9-р цэцэрлэгийн 3 замын уулзвар дээр Г, Б, Х, Г-ийн эхнэр нар байсан бөгөөд очих хооронд Б газраас босож ирээд Г-ийг нэг удаа түлхэх шиг харагдаад Г хойш унахад нь Х тэвэрч хамт унаж харагдсан. Би очиход Г ухаангүй байсан бөгөөд эхнэр нь сэргээх гэж оролдож байсан. Б түүнийг татаж нэрээр нь дуудахад ай гэж сул дуугарч байсан тул зүгээр юм байх гэж бодсон. Эхнэр нь та нар яв, энэ угаасаа ухаан алдаж унадаг юм. Ингэж байгаад босчихдог юм. Би өөрөө аваад явчихна гэж хэлээд О-тэй хамт үлдсэн. Бид нар яваад өгсөн юм. Г нь согтчихсон байсан бөгөөд хүмүүстэй маргалдаад зодолдоод яваад байсан. Эхлээд Их наяд бааранд бүжиглэж байхад танихгүй хүмүүстэй маргалдаж зодолдсон. Би очиж салгахад танихгүй залуу Г-ийг нэг удаа нүүрлүү нь цохиж харагдсан. Тэндээс гараад Өгөөж бааранд ороход шатан дээр хүнтэй маргалдаж зодолдоод нүүр лүүгээ 2-3 удаа цохиулсан. Би очиж салгаж авсан. Сүүлд Б-той маргалдаад Б түүнийг нэг удаа түлхэж унагаж харагдсан. Би холоос харанхуй болсон байхад харьсан. Яг цохисон, түлхсэн аль нь болохыг харж чадаагүй. Ямар ч байсан Б газраас босож ирээд Г-ийг түлхэх шиг болсон цаадах нь унахад Х тэврээд хамт унасан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал),

8. гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 12-ны орой Их наяд караоке бааранд гэр бүлийн найзуудаараа уулзсан. Сүүлд 4 хүн нэмэгдэж караокены өрөөнд орж ирсэн. Тэр хүмүүс манай найз О-ийн найзууд гэсэн. Бид нар караокенээс гараад баар руу орж бүжиглэсэн. Тэр үед Г гэх залуу хүнтэй маргалдаад эв зүйгээ олсон юм шиг байна лээ эхнэрүүд нь зодоон болсон юм чинь гаръя гээд Их наяд караоке баарнаас гараад Өгөөж баарны гадна танидаг найз М.Х-тай уулзаад маргааш нь Улаанбаатар хот руу явж байгаа талаар ярилцаад нэлээн удаан байж байгаад ороход Г дахиад хүмүүстэй маргалдчихсан чи намайг тэгдэг хэн бэ? гээд танихгүй хүмүүстэй маргалдаж байсан. Тэнд Г-ийн эхнэр нь чи миний найзуудын хажууд намайг доош нь орууллаа гээд уурласан. Тэд гараад явсан, би хэсэг хүмүүстэй араас нь төлбөр төлчихөөд гараад явсан. Өгөөж төвөөс гарч яваад бид нар таксинд суусан. Ч манай гэрт очьё гэж хэлсэн. М гэх Ч-ын эхнэр нь Г-ийг гэрт нь хүргэчихээд ирье гээд гар утсаар ярисан байсан. Бид нар Ч-ын гэрт ороход М ирээгүй байсан бөгөөд М байхгүй байсан. Ч хоёр удаа Г-ийн гэрт оччихоод ирсэн, хүн хүргэчихээд ирэхээр ингэж удахгүй дээ хүмүүс ирчихсэн байхад хаашаа алга болчихдог юм гээд гараад эхнэрээ хайгаад явсан. Ч-ыг гараад явахаар би Б гэх найзтайгаа Ч-ын араас гараад явсан. Зам дагуу алхаад явж байсан, Б-оос нэлээн зайтай явж байсан, Б, Г нар замд таарсан бөгөөд би араас нь очиж байхад Б, Г нар юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна хоорондоо маргалдаад зодолдсон. Г, Б нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан би мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Г Б-ыг 9-р цэцэрлэгийн урд талын замын тэнд гэж бодож байна цохисон бөгөөд түүний дараагаар Г замын эсрэг талдаа буюу хойд талын хэсэгт гараад зогссон байхад Б уурлаж араас нь очоод дахиад хоорондоо маргалдсан. Би тэр хоёрын дундуур орж салгаад Гийг холдуулах гээд бариад авахад Б нь гараараа нэг удаа Г-ийн нүүрний хэсэгт цохисон. Түүнээс болоод Г бид хоёр давхар халтирч хойш унасан. Би согтуу байсан, Г мөн согтуу байсан. Тэр үед Г-ийн эхнэр Э хажууд байсан байх. Харин Г унасаны дараагаар Б өшиглөсөн эсэхийг мэдэхгүй харанхуй байсан учраас анзаарч хараагүй, Э манай нөхрийн толгойн өвддөг, толгой муу шүүдээ яаж байгаа юм бэ? цаашаа яв гэж хэлж байсан. Тэр үед манай найз М, Ч хоёр маргалдахаар нь би тэр хоёр луу очоод дундуур нь ороод яагаад байгаа юм бэ? гээд салгасан. М байрнуудын дунд хэсэг рүү гүйгээд явчихсан тэгэхээр нь би эмэгтэй хүнийг ганцааранг нь явуулж болохгүй гээд араас нь очсон. Тэгээд М-тэй хэсэг хамт байж байгаад гэрлүү нь явсан. Би Мийн гэрт түүнтэй хамт очиход Ч, Б нар ирчихсэн байсан. Би М-ийн гэрээс хот руу гарах машин явъя гэж ярихаар нь тэдний гэрээс гараад эхнэр охины хамтаар явсан. Замд явж байхад Б яриад чамайг дуудаж байна гэхээр нь би буцаад Улаангом суманд ирсэн. Г.Г-ийг Б намайг салгах гээд дундуур нь ороод Г-ийг гараараа цохих үед халтирч унасан. Би дундуур нь ороод Г-ийг бариад зогсож байхад би баруун талд Г зүүн талд байсан. Миний хажуугаар Б Г-ийн зүүн шанааны хэсэгт гараараа нэг удаа цохисон. Түүнээс болоод халтирч унасан юм. Бид нар бүгдээрээ согтуу байсан. Эхнэр нь ирээд толгой муутай яаж байгаа юм бэ? та нар холд яв гэж хэлсэн. Тэр үед Ч,М нар маргалдахаар нь би тийшээ явчихсан юмаа. Би Г нь зүүн шанаа руу гараараа савж цохиод бид хоёр хойшоогоо 9-р цэцэрлэгийн хашаанд дээр унасан. Би Г дээр унасан зүйл байхгүй, хажуу талаараа хамт унасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал),

9. гэрч Т.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай төрсөн хүү Г .Г нь 1996 онд төрсөн, одоо 26 настай, тус аймгийн Улаангом сумын 5 дугаар багт эхнэр 3 хүүхдийн хамтаар оршин сууж амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, биеийн хөгжил хэвийн эруүл чийрэг биетэй. Сдоогоор бие нь гайгүй байгаа, толгойн өвдөхөөр өвчин намдаах эм уугаад байж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал),

10. гэрч Ж.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 13-ны шөнө манай бэр Э мэдсэн. Бид нар мэдээд тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах Нэгдсэн эмнэлэг дээр очиход манай хүү Г.Г нь ухаангүй байсан юм. Г.Г 05 цаг өнгөрч байхад ухаан орсон. Түүнээс хойш нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Бие нь гайгүй болсны дараагаар төрсөн хүү Г.Г-ээс юу болсон талаар асуухад Х гэх залуу тэвэрч байхад нь Б гэгч нь гараараа цохисон, толгой руу нь өшиглөсөн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй ухаан алдчихсан гэж хэлсэн. Г.Гийн биеийн байдал дунд зэрэг байнга өвчин намдаагч хэрэглэж байгаа. Манай хүү Г.Г нь толгойндоо ямар нэг гэмтэл авч байгаагүй, ухаан алдаж унадаг таталт өгч байсан удаагүй. Хүү Г.Г-ийн биед ямар нэгэн архаг хууч өвчин гэх зүйл байдаггүй. Бие нь өвдсөн талаар ямар нэгэн зүйл хэлдэггүй байсан. Гэтэл миний хүүхдийг ухаан алдтал нь цохисон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дахь тал),

11. гэрч Н.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022.03.12-ны өдөр манай найз О-ын төрсөн өдөр болсон бөгөөд Ц бид нар тус аймгийн Улаангом сумын нутагт байрлан үйл ажиллагаа явуулдаг, Их өргөө караокед очиж дуу дуулж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Их наяд бааранд очоод тэндээ суугаад архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Манай найзууд бид нар нэгнийгээ их архи ууж байна гэхэд хажууд суусан улаан цоохор өнгийн цамцтай залуу хажуунаас орж ирээд үг өдөөд маргалдсан. Хоорондоо зодолдсон, нэгнийгээ цохисон зүйл байхгүй. Би тэр залууг цохиогүй. Тэр залуу ч намайг цохиогүй, том ширээний хоёр талаас хоорондоо нэгнийгээ цохих гэсэн боловч гар хүрээгүй, тэр залууг найзууд нь ирээд аваад тэгээд удалгүй тэд нар гараад явчихсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал),

12. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус аймгийн Улаангом сумын нутагт Цасны баярын арга хэмжээнд найзуудынхаа хамтаар ороод буцаад Улаангом сумын төв ороод Их наяд караокед найзуудынхаа хамтаар суусан юмаа. Бид найзуудаараа Их наяд караоке бааранд сууж байхад Г.Г нь эхнэр Э-ийн хамтаар ирсэн. Тэд нар ирсний дараа бид нар ууж байсан архиа тойруулаад архи хүрэхгүй олуулаа байсан учраас дахин 1 шил архи аваад хувааж уусан. Түүний дараа баар руу ороод бүжиглэсэн. Г.Г нэг залуутай маргалдахаар нь бид нар гарцгаая гээд гараад Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах Өгөөж төвийн баар руу орсон. Бааранд бид нар лааз пиво авч уусан, бид нар бүжиглэж байхад Г.Г 3 залуутай маргалдаж байна гэхээр нь бид очиход танихгүй 3 залуу байсан. Өгөөж төв хаах цаг болоод бид нар гарч явсан. М, Г.Г нар хоёулаа алхаад явсан. Бид нар араас нь гараад тэд нар олдоогүй, Ч-ын гэрт түүний хамтаар Х бид хоёр очсон бөгөөд М байхгүй байсан. Ч Г-ийн гэрт эхнэрээ хайгаад очоод ирсэн ба гэртээ ирээгүй байсан. Би Хын хамтаар Ч-ын гэрийн урд талын хэсэгт Э, нөхөр Г.Г-ийн хамтаар хэрэлдээд зогсож байсан. Би очиход Г.Г цаашаа алхаад явчихсан бөгөөд би араас нь очиж зогсоогоод битгий хоорондоо хэрэлдээд бай гэж хэлэхэд цаашаа дуугүй явчихсан. Би араас нь очиж эхнэртэйгээ битгий хэрэлдээд бай гэхэд нэг мэдэхэд би газар уначихсан Г.Г намайг дэвсэж өшиглөж байсан. Х бид хоёрыг салгах гээд бариад авахад би Г.Г-ийн нүүрний зүүн талын шанааны хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тэгтэл Х, Г.Г нар хашаа налаад унасан. Түүний дараа би өшиглөх гэж байгаад ухаан алдчихсан байгааг хараад больчихсон. Тэр үед эхнэр Э нь ирээд одоо болиочээ, манай нөхөр ухаан алддаг юм гээд хамарны доод талын хэсэгт дараад байсан, бид нарыг та нар яв нөхрөө босгож байгаад бид нар гэрлүүгээ орчихно яв гэж хэлээд байсан. Би нар Ч-ын гэрлүү явсан бөгөөд Ч-ын гэрт байхад цагдаа дуудаж байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газар дээр очсон. Эмнэлэгт хэвтэж байх үед нь би 500.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн юмаа. Г.Г-ийн төрсөн аав Г гэх хүний данс руу шилжүүлсэн. Би цаашид учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулна.гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

 Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 126 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Г.Г-ийн биед тархи доргилт, дух, цээжний зүүн урд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2022/02/13-нд үүсчихсэн байсан талаар Увс Нэгдсэн эмнэлгийн №2870 дугаартай өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Цээжний зүүн урд хэсэгт учирсан зөөлөн эдийн гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.6 -д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Г.Г-ийн гавал тархины тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээнд зулайн дунд бүрдлийн хэсэгт шохойжсон голомтууд, зүүн дагзны хэсэгт нягтрал багатай бүс тогтоогдсон байна. Эдгээр нь 2022/02/13 -наас өмнө байсан өөрчлөлтүүд байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 113-115 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Г.-Гийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд хийж хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Г.Г-ийн хаан банкны 5819272050 дугаартай дансанд шүүгдэгч Б.Б-ын  5830064178 дугаартай данснаас хохиролд 500.000 төгрөг шилжүүлсэн болох нь шүүгдэгч Б-ын дансны хуулга (хавтаст хэргийн 90-91 дэх тал)-аар тогтоогдож байна. Хохирогч Г.Г нь 177.630 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн болно.

Хохирогчийн захын судасны хэт авиан оношилгоогоор зүүн гарын тохойн түвшинд 5-6 см орчим венийн судас гэмтлийн гаралтай бүрэн бөглөрсөн болох нь тогтоогдож, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь тогтоогдож байна. Венийн судасны гэмтлийн гаралтай бүрэн бөглөрөл нь шүүгдэгч Б.Б-т зодуулсны улмаас үүссэн гэмтэлтэй шууд шалтгаантай холбоотой байх тул хохирогч Г.Г цаашид хийлгэх эмчилгээний нь зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх хууль зүйн үндэслэлтнэй байна.

2. Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 144 дэх тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдлын талаар гэрч А.О-ийн өгсөн: “Б.Б нь хүүхэд байхдаа жижигхэн биетэй би хамгаалдаг, би Б.Б-оос том биетэй юу хийх, яахаа надаас асуудаг байсан. Сургуульд байхдаа ичимхий, төлөв даруухан, үг дуу цөөтэй, нээх сайн ч биш, муу ч биш дундаж сурлагатай хүүхэд байсан. Хааяа волейболын спор тоглодог, гоц гойд сайн авъяас гэх зүйл байхгүй олон нийтийн ажилд идэвхитэй оролцоод явдаг байсан. Зан байдлын хувьд Б.Б нь төлөв даруухан, наргианч, бусадтай зөв боловсон харилцдаг, эелдэг, ажилсаг, тусархуу, нийтэч, хамт олонч, инээсэн бүхэнтэй нөхөрлөөд явчихдаг, ямар нэг хар буруу санаагүй, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, ямар нэг муу зуршилгүй, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Хааяа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх тал)гэрч П.Б-ийн өгсөн: “Манай нөхөр Б.Б нь 1996 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус аймгийн Улаангом сумын нутагттөрсөн, айлын ууган хүүхэд бөгөөд доороо 1 дүүтэй. Манай хадам аав Б нь тус аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт оршин сууж амьдардаг, янз бүрийн ажил хөдөлмөр эрхэлдэг, хадам ээж Б нь хот тохижилт үйлчилгээний газар ажилладаг. Б.Б нь төлөв даруухан, бусадтай зөв боловсон харилцдаг, эелдэг, ажилсаг, тусархуу, нийтэч, хамт олонтой нийтэч, хөдөлмөрч, хичээнгүй, аливаа зүйлд хандах хандлага сайтай, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, ямар нэг муу зуршилгүй, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байсан эсэх талаар мэдэхгүй байна. Архи, согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи татдаггүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94 дэх тал) -ууд авагдсан байна.

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болох нь согтуурал шалгасан “1.88% согтолттой байсан” гэх магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дэх тал)-ээр тогтоогдсон байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Т овогт Б-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. шүүгдэгч Б.Б нь хохирогчид 500.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч Г.Г нь 177.630 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснийг тус тус дурдаж, хохирогч Г.Г цаашид хийлгэх эмчилгээний нь зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

5.  Шүүгдэгч Б.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                

                                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ГАНСҮХ