Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Б овогт С-ын Б-д холбогдох  2235000610067 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын   26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 23-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт С-ын Б /РД:оз93112315/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 7-01 тоотод 2022 оны 2 дугаар сарын 15-нд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Н.С-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч С.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Б нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 7-01 тоотод 2022 оны 2 дугаар сарын 15-нд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Н.С-ийг зодсон болох нь:

1. Хохирогчийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгсөн шижилгээний бичиг, амбулториор эмчлүүлэгчийн карт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

2. Хохирогч Н.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би нөхөр Б-тай 2014 онд гэр бүл болж албан ёсоор гэрлэлт батлуулсан, одоо 5, 6, 7 насны 3 хүүхдийн хамт амьдардаг юм. 2022 оны 02-р сарын 15-ны үдээс хойш 14:00 цагийн орчимд нөхөр маань гэрээс гарч яваад шөнө 02 цагийн орчимд ирэхдээ архи уучихсан, согтуу, ганцаараа ирсэн бөгөөд орж ирэнгүүтээ гал тогооны шүүгээн дээр байсан аягыг авч шал руу шидэж хагалсан. Тэгснээ өөр аяга аваад гэрт байсан 0,5л-ийн 2 шил архи байсныг ганцаараа уучихсан. Архи ууж байхдаа юм хэлэхгүй байж байсан аа архи дуусах үеэр цай уумаар байна гэж хэлсэн тул би цай чанаад сууж байтал чи хар шөнөөр ямар их цай чанадаг юм гэж хэлээд намайг сууж байтал зүүн нүд орчимд өшиглөсөн. Би нүүрээ дараад сууж байтал намайг татаж унагаад толгойн орой хэсэг рүү 4-5 удаа дэвссэн. Мөн баруун хөлийн өвдөгний гадна талд болон зүүн өвдөг орчимд өшиглөсөн. Чи ах дүүгээ дуудаад зайл гэж орилж хашхирч байсан бөгөөд намайг зодож зодчихоод миний ээж рүү утсаар залгасан боловч ээж утас аа аваагүй. Би айгаад цагдаа дуудах гэхэд миний гар утсыг булаагаад авчихаад өгөхгүй байсан. Би шөнө болсон байсан тул гарч явж чадаагүй. Нөхөр маань сүүлд архиндаа согтоод унтаад өгсөн. Би маргааш нь цагдаагийн байгууллагад биеэр ирж дуудлага өгсөн. Нөхөр маань архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг хамааралтай болчихсон. 7 хоногийн 5 хоногт нь архи уудаг. Нэг уухаараа олон хоногоор тасралтгүй дараалан уудаг, шартсан үедээ архи ууж шар аа тайлдаг юм. Архи уусан үедээ эмгэг согтолттой, намайг элдэв янзаар хэлэх хэлэхгүй үгээр доромжилж зодож нүддэг байсан. Би хүүхдүүдээ бодоод цагдаад хэлдэггүй байсан юм. 2017 оны 7-р сард гэрт согтуу ирчихээд надаас мөнгө нэхээд галын чимхүүр над руу шидсэн бөгөөд хүүхэд маань оногдож байсан тул тэр үед нь цагдаад дуудлага өгч шалгуулсан. 2019 оны 08-р сард мөн согтуу ирээд намайг зодоод байсан тул цагдаад дуудлага өгч байсан. 2020 оны 08-р сарын 20-ны үед мөн согтуу ирээд намайг зодоод байсан тул цагдаад дуудлага өгсөн, 2019 онд санагдаж байна би хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд өглөө гэртээ ирээд цай чанаж байтал нөхөр маань эрүүлдээ шинэ будсан шалны будаг хатаагүй байхад арилгасан гэж загнаад намайг түлхэж унагаасан би өндийгөөд босож ирэхэд нөхөр хутга барьчихсан хүрч ирээд хутгатай гараараа далайхад нь би урдаас нь хутгыг нь гараар түлхэж холдуулах гэж самардаад зүүн гарын ядам хурууны өндөг орчимд хутганд зүсүүлсэн. Тухайн үед цус гараад тогтохгүй байсан тул эмнэлэгт очиж 6 оёдол тавиулж байж тогтсон. Нөхөр маань тэр үед гуйгаад байсан тул би эмчид нь өөрөө гэмтээсэн гэж хэлсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй өнгөрсөн. Нөхөр маань эрүүл байсан юм. Өнгөрсөн 2021 оны 10-р сарын 08-ны орчимд хоёулахнаа гартал юм аваад ир гэж хэлсэн би очиж авахаар явж байтал араас чулуу шидээд нуруунд оносон. Хэд хоног нуруу өвдөж эмчид үзүүлээд эм бичүүлж аваад цагдаад хэлэхгүй өнгөрсөн. Тэр үед нөхөр маань эрүүл байсан. Ер нь архи уусан үед агсам согтуу тавиад хэл амаар доромжилдог би эвдлээд аргыг нь олоод амраачихдаг байсан юм. Согтуу ирчихээд ялих шалихгүй зүйлээр шалтаглаад зоддог байсан. Мөн эрүүлдээ ч огцом түрэмгий ааштай юм. Уурласан үедээ чамайг ална шүү гэж хэлдэг байсан. Яг алахаар идэвхтэй үйлдэл хийж байгаагүй. Өөрийнхөө амийг хорлох талаар юм ярьж байгаагүй. Уурласан үедээ намайг хэлэх хэлэхгүй үгээр байнга доромжилдог бөгөөд янхан, яатуу, пизда гэж хараадаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36, 38 дахь тал),

3. Гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний охин Н.С нь 2014 онд Б гэх залуутай гэр бүл болсон юм. Гэр бүл болсноос хойш буюу 2015 оноос 2019 он хүртэл манай хашаанд хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд Б нь архи уучихаад гэртээ ирээд орилж хашхираад агсам согтуу тавьдаг, мотоцикл жолоодож хаазалж орилж, дуулж ирээд гэр орны эд зүйлээ эвдэлж хэмхэлдэг, түүнийг хэзээ согтуу ирэх бол гэж нойр хүрэхгүй айдас түгшүүртэй байдаг байсан. 2019 оны намраас хойш барилгын хороонд аавынхаа хашаанд нүүж очсон юм. Түүнээс хойш охин маань надаас холдсон бөгөөд зарим үед охин маань зодож цохиулсан талаар хэлдэг байсан. Нэг удаа 2019 оны 10-р сарын сүүлч 11-р сарын эхээр тэднийх нүүрс хийгээд шалаа будчихсан, аавындаа амьдарч байхдаа Ба түүнрүү хутга авч дайрахад нь хутганаас барьж аваад гараа зүсүүлсэн байсан. Тэгээд эмнэлэг дээр очиж боолт хийлгэхэд нөхөр нь хамт дагаж очиж боолгуулсан, санаандгүй гараа зүссэн гэж хэл гэж шаардаж байж эмчид худал хэлүүлсэн байсан. Уг явдлаас 2-3 хоногийн дараа манайд ирж хэлсэн. Тэгэхэд нь би охиноо гэртээ байлгаж манайд 14 хоног байж байгаад нөхөр нь ирж гуйгаад аваад явсан юм. Түүнээс хойно 2021 оны намар гэрээ барьж байхдаа Б нь “Ааваа алчихсан хар хайдуул” гэж хэлээд Н.С рүү аяганы чинээ том чулуу шидэж нуруунд оносон байсан. 2021 оны 12-р сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос ирэхэд охин маань манайд ирж хоносон тэгэхэд хөл гар нь хөх няц болчихсон байсан. Юу болсон талаар асуухад өнөөх Б согтуу ирээд агсам тавихад нь ноололдож байхад гэмтсэн гэж хэлж байсан. Мөн нэг орой ирж цохиж зодоод үсийг нь үнтээж зулгаасан талаар бас хэлж байсан. урьд өмнө нь Н.С нь нөхөр нь согтуу ирээд амраах гээд бүр хүч хүрэхгүй тохиолдолд цагдаад дуудлага өгч удаа дараа шалгуулж байсан. Тэр бүр цагдаад хандаад байдаггүй юм. Б нь архи их уудаг, агсам согтуу тавьдаг, муушиг, покер тоглоод зугаа цэнгээн хөөгөөд явчихдаг, гэр оронд хүн ирчихсэн байхад ирсэн хүмүүс рүү агсам согтуу тавиад байдаг. Архи уусан үедээ манай гэрт шөнө орой гэлтгүй ирдэг бөгөөд надад агсам согтуу тавиад байдаггүй, согтуу элдэв янзын юм яриад унтаж өгдөггүй хүн ч амраадаггүй юм. 2022 оны 02-р сарын 15-ны шөнө би Улаанбаатар хотод хүргэнийхээ гэрт амарч байтал шөнө дунд 04,00 цагийн орчимд мессенжерээр дуудлага орж ирээд байсан би аваагүй юм. Маргааш өглөө нь 11:00 цагийн орчимд Н.С над руу мессэнжерээр зураг явуулахад зүүн нүд нь хар хөхөрсөн байсая бөгөөд Б намайг цохисон гэж хэлж байсан. Тухайн үед цагдаагийн газарт хандаж шалгуулсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дахь тал),

4. Гэрч С.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр шөнө Б ах согтуу ирэхэд бид орондоо орчихсон унтаж байсан. Ах ирээд гэрт байсан 2 шил архийг ганцаараа уугаад Н.С эгч гал түлж цай чанаж байтал ямар их цай чанадаг юм гэж хэлээд нүдрүү нь хөлөөрөө өшиглөсөн. Би гэрээс гарч бие засичхаад буцаж орж ирэхэд дахин Н.С эгчийг зодох гэж дайрсан. Тэгэхэд нь би тэдний дундуур орхж ахыг салгаж аваад дарж унтуулсан...Н.С эгчийн нүд хөхөрсөн байсан. ..Тэр хоёр байнга хэрэлдөж маргалдаж байдаг. Б ах архи хааяа уучихаад байдаг. Цагдаад удаа дараа баривчлагдаж байсан. Н.С эгч ажил хийдэггүй, Б ахын өмнөөс хэдэрлээд зөрүүдлээд юм хэлээд аашлаад байдаг тул тэдний хооронд хэрүүл маргаан гараад байдаг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

5. Гэрч Х.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 02-р сарын 16-ны өдөр Н.С-ийн ээж Ц-аас надруу мессэж бичсэн байсан. Уг мессэж нь чиний хүү Б нь согтуу гэртээ ирээд миний охины нүдийг сохолчихжээ” гэж бичсэн байсан. Тухайн үед би сэтгэл санааны хувьд хүнд байдалд орж Б-ийнд байсан охин О руу залгахад хичээлтэй байсан бололтой утас аа аваагүй. Ба бас утас аа авахгүй байсан. Орой нь О-тай утсаар ярьж юу болсон талаар асуухад Б ах гэртээ согтуу байж байгаад гутал аа тайлчихсан байж байгаад Н.С-ийн нүд рүү өшиглөчихсөн гэж хэлсэн. Нүд нь сохорсон зүйл байхгүй зүгээр хөхөрсөн байсан гэж хэлж байсан. Б-аас утсаар асуухад үг дуугарахгүй байсан тул би тухайн үед хүүгээ загнаад өнгөрсөн юм. Сүүлд Н.С-ийн хамаатны ах нь ирж хувцас хунарыг нь авч явахдаа түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн талаар хэлсэн байсан. Дараа нь цагдаад хандсан талаар нь мэдсэн. Б, Н.С нар хоорондоо хэрүүл маргаантай байгаад байдаг юм. Н.С нь зөрүүд гөжүүд зантай, бусдыг хүндэлдэггүй, гэрт нь очиход цай ч чанадаггүй, намайг болон нөхрийгөө үл тоосон байдалтай байдаг, хүнтэй юм ярьдаггүй хүнийг үл тоомсорлосон шинжтэй байдаг тул би тэднийд байнга очоод байдаггүй юм. Н.С-т юм хэлж, загнаж зандарч хэрүүл маргаан ч хийж байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал),

6. Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би хамаатны айлд очиж малын хашааны шээг хатгалцаж өгөөд тэндээ 1 шил Болор нэртэй архи уугаад шөнө харанхуй болсон байхад гэртээ харьсан. Гэртээ очоод 0,5л-ийн Соёрхол нэртэй 2 шил архи байсныг ганцаараа уусан. Тэгээд нэлээд согтсон байсан бөгөөд эхнэртэй маргалдаад Н.С-ийг нэг удаа өшиглөсөн санагдаж байна. Бусад зүйлийг санахгүй байна. Их согтсон байсан. Нэг мэдэхэд өглөө болчихсон байсан. Өглөө босоод харахад эхнэрийн нүд нь хавдсан байсан яасан талаар асуухад чи л намайг зодсон биз дээ гэж хэлж байсан. Тэр өдөр эхнэр яваад өгсөн юм. 2 жилийн өмнө намар оройхон манайх шал будсан цоохорлосон хэсгийг будаж байтал эхнэр гал түлээд ус халаагаад будагтай шалан дээгүүр яваад байсан тул би уурлаад түлхээд унагаачихсан. Тэгээд хоолны шүүгээн дээрээс хутга автал эхнэр гүйж ирээд миний хутгыг салгах гэж гараараа хутганаас бариад гараа зүсчихсэн. Тухайн үед эмчид очиж үзүүлж боолт хийлгэж байсан. Мөн өнгөрсөн намар гэр барьж байхдаа өрх оёчих гэж хэлэхэд оёж чадахгүй болохоор нь өдий хүртэл ганц өрх оёчихож чаддаггүй юу хийж байсан юм гэж хэлээд нэг чулуу аваад шидсэн чинь эхнэрийн нуруунд оносон юм. Түүнээс өөрөөр зодож цохиж байгаагүй. Урьд нь гэрт согтуу ирэхэд эхнэр маань цагдаад дуудлага өгчихөөд байдаг байсан. Бид хоёрын хооронд ноцтой хэрүүл маргаан байхгүй, ойр зуурын архи уулаа гэх зүйлээс болж маргалдаад байдаг. 2 жилийн өмнө би хүүхдүүдийн нэр дээр хадгаламж нээчих гэж хэлээд эхнэртээ 500.000 төгрөг өгсөн юм. Тэгээд шал авахаар эхнэрээс нөгөө мөнгийг банкнаас авая гэхэд банк өгөхгүй байна гэж хэлээд хойшлуулаад байсан тул өөрийг нь дагуулж банкны гадна очиход иргэний үнэмлэхний лавлагааны мөнгө тушаахаар яваад тэр чигтээ Улаанбаатар явчихсан байсан. Түүгээрээ хүүхдүүдээ ч орхиод 1 сар орчим болоод ирсэн. Тэгээд асуугаад байсан чинь тэр мөнгийг банкинд хадагламж нээлгэхгүй өөрөө хэрэглчихсэн болж таарсан. Түүнээс хойш бид хоёр өнгөрсөн жилээс хойш энэ асуудлаар маргалдчихаад байгаа юмгэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

7. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 82 дугаартай шинжээчийн “Н.С-н биед тархи доргилт, тархины дух хэсгийн хаван, зүүн нүдний алимны салстад, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Тархи доргилт, тархины дух хэсгийн хаван, зүүн нүдний алимны салстад, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Баруун, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул “Гэмтлийн зэрэг тогтоох урам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-18 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Хохирогч Н.С-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч С.Б-д 2022 оны 2 дугаар сарын 15-нд зодуулсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан аюулын зэргийн үнэлгээний маягт, гэрч нарын болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, баримтаар шүүгдэгч С.Б нь хохирогч буюу эхнэр Н.С-ийг нэг бус удаа зодож байсан нөхцөл тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субъект байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч С.Б-ын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч С.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Хохирогч Н.С шүүхэд “...би нөхөртэйгөө эвлэрэх гэж байгаа. Хохирол гомдол байхгүй” хүсэлт (хавтаст хэргийн 92 дахь тал) ирүүлснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч С.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Б-ийн хувийн байдлын талаар: Гэрч Х.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б нь зан араншингийн хувьд сургуульд сураагүй, хөдөө мал маллаж, эцэг эхийн гар дээр өссөн, хойд эцэгтэй, үг дуу цөөтэй, дотогшоо зантай, хааяа архц,уучихаад байдаг болохоос хар бор ажилд сайн, ажпаас зүрхшээж хойш суудаггүй, хөдөлмөрч зантай хүүхэд байгаа юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал) авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, улсын яллагчийн гаргасан санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 420 /дөрвөн зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч  С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ