Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/185

 

 

 

 

 

 

 

 

 

    2022             4                26                                             2022/ШЦТ/185

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц овгийн Э-н Э холбогдох эрүүгийн 2134004210038 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд байх Э.Бгэрт бусадтай архидан согтуурч улмаар Энхтүвшин Э.Эыг 20 000 төгрөг өгч архинд явуулж Э.Эыг ирэхэд Энхтүвшин "Чамайг мөнгө аваад муриад алга болчихлоо гэж бодлоо." гэж хэлсний улмаас маргалдаж тэдний салгах гэсэн Э.Бэрх чөлөөнд шүүгдэгч халдан зодож  эрүүл мэндэд нь Гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т заасан зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2134004210038 дугаартай хэрэгт авагдсан 

           

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Отгонбаатарын өгсөн: "Миний бие Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд би Төв аймгийн Эрдэнэсант суманд өсөж хүмүүжсэн 11 хүүхэдтэй айлын 10 дахь нь байгаа юм. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд нас барсан талийгаач Энэбишийн Батзориг миний доод талын дүү буюу айлын 11 дэх хүүхэд нь байгаа юм. Талийгаач Батзориг нь Төв аймгийн Эрдэнэсант суманд эрхэлсэн тодорхой ажилгүй, төрсөн ах Э.Хатанбаатарын хамт амьдардаг байсан. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр талийгаач дүү Э.Батзориг над руу утсаар яриад толгой руугаа хүнээр цохиулаад толгойгоо хагалуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яаж байгаад хэнээр хаана толгойгоо хагалуулсан юм гэхэд архи ууж байгаад Эрдэнэдэмбэрэлийн хүү Энхбаярт архины шилээр толгой руугаа цохиулсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи тэгээд зүгээр үү гэж асуухад толгой өвдөж байна гэхээр нь би өөдөөс нь архи дарс уугаад хүнтэй зодолдоод яваад байгаарай гэж хэлээд уурлаад орхисон. Тэгээд би орой нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр залгахад утсаа аваад ярьсан, юу хийж байна толгой чинь яаж байна гэхэд гайгүй ээ гэж хэлээд утсаа тасалсан. Мөн маргааш нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө залгаад чиний наад бие чинь яаж байна аа гэхэд гайгүй ээ том ах Доржпүрэвийн гэрт байна гэж хэлсэн. Тэгж хэлснээс хойш үдээс хойш нь ярих гэхэд утас нь дахиад холбогдохгүй байсан. Гэтэл өдөр 12 цагийн үед санагдаж байна. Манай эгч Чөдөржаргал над руу утсаар яриад Батзоригийн бие нь болохгүй байна эмч дуудаад эмч ирээд үзээд байж байна гэж хэлсэн. Тэгээд жоохон байж байгаад дахиад залгахад эмч ирээд үзчихээд ажиглаад эмчилгээ хийгээд байж байна. Харвалт өгсөн байж болзошгүй байна гэж хэллээ гэхээр нь би үдээс хойш 17-18 цагийн орчим гараад Төв аймгийн Эрдэнэсант суманд оройдоо очсон. Намайг очиход талийгаач дүү маань дусал тариа хийлгэчихсэн, огиулаад амьсгалтай байсан. Тэгж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой 23:30 цагийн орчим амьсгал хурааж нас барсан. Би бодохдоо миний төрсөн дүү талийгаач Батзориг нь Энхбаярт зодуулсныхаа улмаас гэмтэл аваад тэрнээсээ болоод нас барсан гэж бодож байна. Батзориг нь хүнтэй сууж гэр бүл болоогүй, эхнэр, хүүхэд байхгүй тул би дүүгийнхээ өмнөөс энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна.” гэх мэдүүлэг /хх 18-19/,

            Гэрч Б.Дарханбаатарын өгсөн: “Намайг Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд гэртээ байхад 2021 оны 11-р сарын 15-ны орой 20 цагийн орчим санагдаж байна манай найз Энхтүвшин залгаад Энэбишийн Батзоригийн гэрт байна архи уусан согтсон байна чи намайг ирж аваад гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Намайг яваад очиход гадаа харанхуй байсан бөгөөд гэр дотор гэрэл байхгүй зул байсан уу лааны гэрэлд Батзориг, Болдоо, Самбаа, Энхбаяр, Энхтүвшин, Батка, Батзоригийн ах Хатанбаатар нар архи уугаад сууж байсан. Намайг ороход надад архи хийж өгсөн бөгөөд би архи уугаагүй. Намайг ороход Энхтүвшин, Энхбаяр нар хоорондоо сөрөлцөөд маргалдаад байж байсан. Энхбаяр нь Энхтүвшинийг чи намайг дээрэлхлээ гуйлгачин гэж хэллээ гээд байсан. Тэгж сууж байгаад 21 цаг өнгөрч байхад би Энхтүвшинийг явъя гэрт чинь хүргэж өгье гээд Батзоригийн гэрээс гарахад Энхтүвшин, Энхбаяр нар хамт гэрээс гарч ирээд хоорондоо маргалдсан хэвээрээ байсан ба Батзоригийн хашаан дотор Энхтүвшин, Энхбаяр нар барилцаж аваад хоёулаа газар унаад дээр доороо ороод хөрвөөцөлдөөд байхаар нь салгаад Энхтүвшинийг дагуулж хашаанаас гарахад Энхбаяр араас дагаад гараад ирсэн. Энхтүвшин, Энхбаяр нар хоорондоо маргалдаад бие биеэ зодно гээд барилцаж аваад байж байхад араас хашаанаас Батзориг гарч ирээд Энхбаярыг чи архи уучхаад аятайхан байж чадахгүй маяглаад байх юм пизда чинь найз нөхдөөрөө байж байхад хэрүүл маргаан хийгээд байх юм аятайхан байвал бай байж чадахгүй зайл пизда юм гэж хэлээд зогсож байхад Энхбаяр та бас яагаад дээрэлхээд байгаа юм яваад хонож өнжих газаргүй байхад зайл гээд байх юм гээд Энхбаяр Батзориг дээр ирээд барилцаж аваад Батзоригийг яаж унагасныг нь гадаа харанхуй байсан болохоор сайн хараагүй ямар ч байсан Батзориг газар унаад босох гээд 4 хөллөөд өндийж байхад Энхбаяр Батзоригийн 2 мөрөн дээрээс гараараа бариад дугтрахад Батзориг согтсон байсан болохоор буцаж нүүр толгойгоороо газар унаж мөргөж байгаа харагдсан. Т Тэгэхлээр нь би Энхбаярыг түлхэж салгаад холдуулахад Батзориг босож ирэхдээ Энхбаяр пизда нүүр зулгалаад хаячихлаа гээд дух толгойн зулай хэсэгтээ гараараа дарж байснаа гэр лүүгээ яваад орчихсон. Би Энхбаярыг цааш нь салгаж хорьж байгаад Батзоригийг гэр лүгээ орчихлоор нь Энхбаярыг гудамжинд үлдээгээд Энхтүвшинийг өөрийнхөө хөх өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суулгаад гудам уруудаад явж байхад Энхтүвшин би малгайгаа үлдээсэн байна малгайгаа авъя гээд байхаар нь малгайг нь авах гээд буцаж эргээд Батзоригийн хашааны гадаа очиж малгайг нь аваад машинаасаа буулгүй буцаад хөдлөөд явсан. 2021 оны 11-р сарын 18-ны өдөр 12 цагийн орчим байх би хүүхэд хүргэж өгчхөөд буцаад явж байхад Жагаа гэж хүний дэлгүүрийн гадаа Батзоригтой тааралдсан бөгөөд Батзориг эрүүл толгойгоо даавуугаар байх боосон явж байсан. Тэгснээ надаас Энхбаяр миний толгой руу юмаар цохисон юм уу толгой яараад хаячихсан байх юм гэхээр нь Энхбаяр чиний толгой руу ямар нэгэн зүйлээр цохиогүй чамайг газар унасан босох гэж байхад нь 2 мөрнөөс чинь татаж дугтарч газар унагахад чи толгойн дух хэсгээрээ байх газар мөргөж унасан тэгээд нүүр шалбалчихлаа гэж чи хэлж байсан гэж хэлсэн. Тэгээд салаад явсан дахин уулзаагүй Энхбаяртай бол Батзоригийн гэрийн гаднаас орой салснаас хойш дахин уулзаагүй юм.” гэх мэдүүлэг /хх 26-27/,

            Гэрч Э.Чөдөржаргалын өгсөн: “Би хөдөө явах гээд 2021 оны 11-р сарын 17-ны өдөр 14 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд явж байхад манай дүү Батзориг ганцаараа явж байхтай нь тааралдсан. Тэгэхэд Батзориг хар өнгийн ноосон малгай өмчихсөн явж байхаар нь юун хар өнгийн ноосон малгай өмчихсөн байгаа юм гэхэд толгой өвдөөд гэж хэлсэн. Тэгэхээр нь яасан юм гэхэд ногоон Энхээ толгой руу цохиод гэж хэлж байсан. Тэгэхлээр нь мөрөөрөө архи уухгүй хүнтэй маргалдаж зодолдоод яваад байдаг юм уу гэж жоохон загнахад үгүй ээ маргаан зодоон хийгээгүй гээд цаашаа дөлөөд яваад өгсөн. Тэгээд би хөдөө яваад өгсөн ба 2021 оны 11-р сарын 19-ны өдөр 13 цагийн орчим намайг гэртээ байхад манай дүү Хатанбаатар ирээд Батзоригийн өрөөсөн гар нь мэдээгүй болоод байна гэнээ та очоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хатанбаатарыг гэртээ үлдээгээд Хатанбаатар, Батзориг нарын гэрт очиход Батзориг гэртээ ганцаараа гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтэж байсан. Тэгэхлээр нь яасан юу болов гэхэд толгой өвдөөд байна гээд толгойгоо бариад байсан. Тэгээд баруун талын гар нь орны урд руу унжсан байхаар нь гар чинь зүгээр үү гэхэд зүүн гараараа баруун гараа барьж татаад хэвлий дээрээ тавьсан. Тэгээд хөлөө тат гэхээр зүүн хөлөө татаад баруун хөл нь хөдлөхгүй мэдээгүй байсан. Тэгэхлээр нь харвалт өгч байгаа юм гэж бодоод Эрдэнэсант сумын эмнэлэгт очиж хэлээд Тамир гэж эмч очиж эмчилгээ хийсэн. Тэгэхэд Батзориг бие засмаар байна гээд хэвтээгээр нь бие засуулсан ба дараа нь байж байгаад 18 цагийн орчим Батзориг таталт өгсөн. Тэгэхэд даралт нь өсчихлөө гэж байсан ба тэгэхэд юм уу өмдөндөө бие зассан байсан. Тэгээд эмчилгээ хийсээр байсан Батзоригийн бие нь муудаж дээрдэхгүй байж байгаад 23 цаг өнгөрч байхад нас барсан. Талийгаач Батзориг бие нь өвдлөө гэж хэлдэггүй байсан бөгөөд 20 настай байхдаа шархалж өвчилж байсан тэрнээс бие нь өвдлөө гэж хэлж ярьж байгаагүй, архаг хууч өвчин байхгүй байсан байх. Манай дүү Хатанбаатар ганц бие ганцаараа байдаг талийгаач Батзориг ганц бие тул Хатанбаатар, Батзориг нар хамт 1 гэрт амьдардаг юм. Талийгаач Батзориг надад хэлэхдээ Энхбаяр гэгч нь миний толгой руу архины шилээр цохиж гэмтээсэн гэж хэлсэн. Тэрнээс юунаас болоод хэзээ цохиж гэмтээсэн талаар нарийн юм ярьж хэлээгүй. Талийгаач Батзоригийн толгойн шархыг нь би хараагүй хар өнгийн ноосон малгай өмссөн байсан өөр ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Би эм авч уугаач гэж хэлсэн миний үгийг тоож аваагүй байх би тэгээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх 29-30/,

            Гэрч У.Хатанбаатарын өгсөн: “Би хөдөө байж байгаад 2021 оны 11-р сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд ирсэн бөгөөд тэгэхэд хамт амьдардаг төрсөн дүү Батзоригийн толгойн орой зулай хэсэгт шалбарсан тэр шарх нь дээрээ 00-ын цаас тавиад гадуур нь нүд гардаг хар өнгийн ноосон малгай өмссөн байсан. Толгойгоо яагаад шалбалсан талаар асуухад хүнд цохиулсан гэж хэлсэн. Хэн цохисон юм гэхэд Эрдэнэдэмбэрэлийн Энхбаяр буюу ногоон Энхээ цохисон гэж хэлсэн. Хэзээ, юунаас болоод, юугаар цохисон талаар юм яриагүй. Тэгээд би гэрээс гараад явсан буцаж гэрт очоогүй гадуур хонож явж байгаад 2021 оны 11-р сарын 19-ны орой 19 цагийн орчим байх гэртээ очиход манай ах, эгч нар мөн Эрдэнэсант сумын эмнэлгээс 2 эмч ирчихсэн Батзоригийн бие нь муудсан гээд амьсгалын аппарат зүүсэн Батзориг ухаангүй орон дээр хэвтэж байсан. Тэгээд эмч нар эмчилгээ хийгээд байсан бөгөөд орой 23 цагийн орчим байх намайг гадаа мод хагалаад орж ирэхэд нас барчихлаа гэсэн. Талийгаач Батзориг архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, сүүлийн 10 жил бол байнга архи ууж байгаа. Талийгаач Батзориг бие нь өвдлөө гэж хэлдэггүй байсан мөн эмнэлэгт хэвтэж байгаагүй архаг хууч өвчин байхгүй байх гэж бодож байна. Э.Э гэж хүнтэй талийгаач Батзориг нэг нутгийн гэдэг утгаар л холбоотой байдаг байх тийм дотно харилцаа байхгүй, хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, хоорондоо урьд нь маргалдаж зодолдсон талаар сонсож байгаагүй. Талийгаач Батзориг толгой өвдөөд гэж байсан тэрнээс биеийн байдал нь хэвийн байсан.” гэх мэдүүлэг /хх 32-33/,

            Гэрч М.Болдбаатарын өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн үед нар жаргаж байсан үед Энхтүвшин гээд манай сумын залуу бид хоёр өвсөө буулгачхаад машинаа Чинзоригийн хашаанд аваачиж тавьчхаад хашааны гадаа гараад зогсож байсан чинь Эрка, Батка, Очир-Эрдэнэ, Батзориг, Самбаа Гөөгөө нар явж байсан. Тэгээд Энхтүвшин бид хоёр машинд нь суусан. Тэндээсээ хөдлөөд Батзоригийн гэрт очсон. Гэрт нь очсон чинь Хатанбаатар, Одгоо, Адъяа гуайн хүү гээд гурвуулаа гэрт нь байж байсан. Хатанбаатар, Одго хоёр нэг шилтэй 0.75 литрийн хараа гэдэг архины талыг нь уучихсан сууж байсан. Адъяа гуайн хүү гэрлийг нь янзлаад байж байсан. Тэр хүү архи уудаггүй. Очир-Эрдэнэ, Эрка хоёр машинтай яваад өгчихсөн. Тэгээд олуулаа байсан болохоор хаанаас юм мэдэхгүй 0.5 литрийн хараа архи гаргаж ирээд тойруулаад уусан. Тэгээд уугаад сууж байсан чинь гаднаас Батсайхан, Энхбаяр хоёр орж ирээд, дуулаад эхэлсэн. Энхбаяр тухайн үед Батзоригтой маргаад байсан, яг ямар учраас, юу ярьж маргалдаад байгааг нь ойлгоогүй. Тухайн 0.5 литрийн хараа архиа дууссан чинь Энхтүвшин Энхбаярт 20 000 төгрөг өгөөд архинд явуулсан. Энхбаяр архинд яваад 20 минут орчим болсон ирэхгүй болохоор нь Самбаагөөгөө, Батка бид гурав гараад явсан, Батзоригийн гудмаар нь дэлгүүр орж ундаа авчхаад явж байсан чинь. талийгаач Дондогийн үүдэнд Энхбаяртай таарсан. Тэгсэн Энхбаяртай таараад Батзоригийн гэр лүү дөрвүүлээ цуг явсан. Очоод гаднаас авчирсан архийг хувааж уусан. Энхтүвшин, Энхбаяр хоёр хоорондоо ахархаад муудалцаад байсан. Муудалцаж байж байснаа Энхтүвшинийг Дарханбаатар ирээд аваад яваад өгсөн. Самбаагөөгөө, Батка бид гурав гэрт сууж байсан чинь Батзориг гаднаас Энхбаяртай муудалцаад гээд орж ирсэн. Тэгээд удаагүй, Батка, Самбаагөөгөө бид гурав гэр лүүгээ явцгаасан. Би ганц хоёр л татсан. Бүгдээрээ 3 шил архи уусан. Энхбаяр, Энхтүвшин, Батзориг нар юунаас болж маргалдсан гэдгийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 36-37/,

            Гэрч Б.Тамирын өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цаг 10 минутад төрсөн эгч Чөдрөө гээд хүн ирсэн. Тэгээд манай дүү Батзоригийн баруун гар нь болохгүй байна гэсэн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу очиж ажиллахад Батзориг байрлал идэвхгүй, орчиндоо харьцаа байхгүй, биеийн байдал артерийн даралт 210, 110 гэсэн даралттай, пульс нь 80, хүчилтөрөгчийн хэмжээ нь 93, баруун гар хөл саажсан, хүүхэн хараа сул байсан. Хэсэг газрын үзлэгээр толгойн зулай хэсэгт гэмтэлтэй байсан, амнаас ацистон буюу нэвширсэн архины үнэр үнэртэж байсан ба хэл нэлээн зузаан шар өнгөртэй байсан урьдчилсан оношоор тархины цусны эргэлтийн цочмог хямрал гэсэн онош тавиад, үндсэн онош нь геморрачигески инсулет буюу харвалт гэсэн онош тавьсан ба судас өргөсгөж даралт буулгах зорилгоор дибазол 5 милограммаар судсанд хийгээд, адил үйлчилгээтэй манието на 250 мл-тэйг дуслаар хийсэн. Араас нь шээс хөөж, даралт бууруулах пурсомид 2 мл-ээр судсанд хийсэн, тэгээд саажилтын шинж байсан учир харвалж өгч магадгүй гээд цус тогтоох викасол 1 мл-ээр булчинд хийсэн. Манитол явж байхад даралт нь 180 руу буусан, тэгээд огьж бөөлжөөд даралт нь буцаад 210 болчихсон. Тэгээд бөөлжилтийн эсрэг цирукал эм 2 мл-ээр, натрихлоридын 8 мл-ээр шингэлээд судсанд хийсэн. Цирукал хийсэн ч гэсэн бөөлжөөд байсан. Байрлал идэвхгүй, орчиндоо харьцаагүй, ухаангүй, хүүхэн хараа гэрлийн урвалгүй, өргөссөн, артерийн даралт нь 180,110-тай, баруун гар, хөл саажилттай, рефлекс хадгалагдаагүй. Хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч 5 литрээр өгсөн. Тэгээд Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч Мөнхдалайгаас зөвлөгөө авч эхэлсэн. Цифазолин 1 сая тун, натрихлоридын 0.9 хувийн 4 мл-ээр найруулж судсаар хийсэн. Дараа нь витамин С 5 хувийн 4 мл-ийн натрихлоридын 6 мл-ээр судсаар хийсэн. Катетар тавиад шээсийг нь хянасан. 1 литр 500 мл-ийн шээс гарсан. Цус тогтоох зориулалтаар Еак 100 мл-ийг судсаар хийсэн. Магнисульфат 25 хувийн 10 мл-ийг натри хлорын 0.9-ийн 100 мл-т судсаар хийсэн. Судсаар хийхдээ уян зүү тавьсан байсан. Огиж цэрээ гаргаад бөөлжсөөр байсан. Ар гэр нь Улаанбаатар хот аваад явъя гээд байсан. Тухайн үед биеийн байдал маш хүнд байсан учир тээвэрлүүлээгүй. 21:30 цагийн үед эмчилгээ явж байх үед огьж бөөлжүүлсэн. 23:32 цагт амьсгал хураасан.” гэх мэдүүлэг /хх 40-41/,

           Шүүгдэгч Э.Эын өгсөн: "Би 2021 оны 11-р сарын 15-ны орой 19 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд урд лагерьд байдаг нэг нутгийн таньдаг ах Батзоригийн гэрт очиход Батзориг, төрсөн ах нь Хатанбаатар, Энхтүвшин, Самбаагөөгөн ах, Болдоо ах Эрка нарын хүмүүс архи уугаад сууж байсан. Тэгээд намайг ороод байж байхад Энхтүвшин надад 20 000 төгрөг өгөөд дэлгүүр ороод архи аваад ир гэхээр нь би мөнгийг нь аваад хойд лагерьд байдаг дэлгүүрээс архи авах гээд явган яваад дэлгүүр ороод 0.75 граммын хараа архи, ЛД нэртэй тамхи ундаа аваад буцаад Батзоригийн гэрт яваад очиход хэн хаанаас авсныг мэдэхгүй 0.75 граммын хараа архи авчихсан дээрх хүмүүс уугаад сууцгааж байсан. Би архи, тамхи, ундаа аваад ороход Энхтүвшин ах намайг өө чи яваад ирсэн үү чамайг мөнгө аваад муриад алга болчихлоо гэж бодлоо гэж хэлсэн. Тэгэхлээр нь би юу гэж мурьдаг юм гэж уурлаад Энхтүвшин ах бид 2 хоорондоо маргалдсан. Тухайн үед 20 цаг өнгөрч байсан Энхтүвшин ах бид 2 хоорондоо маргалдаад байж байхад гаднаас Дарханбаатар гэж залуу архи уугаагүй эрүүл орж ирсэн. Тэгээд Энхтүвшин ах бид 2 хоорондоо маргалдаж байгаад гэрээс хамт гараад гэрийн гадаа хашаан дотор хоорондоо маргалдаад барилцаж аваад давхралдаж газар унаад дээр доороо орж ноцолдсон бие биеэ цохилцоогүй. Тэгээд байж байхад Дарханбаатар Энхтүвшин ах бид хоёрыг салгаад хашааны гадаа гараад Энхтүвшин ах бид 2 дахиад хоорондоо маргалдаад зууралдаж тавилцаад байж байхад Батзориг ах гэрээсээ гарч ирээд яагаад хоорондоо маргалдаж зодолдоод байгаа юм больцгоо гээд над руу дайраад уурлаад байсан. Тэгснээ миний цамцнаас татаад араас татаад чирээд байсан. Тэгээд Батзориг ах бид 2 хоёулаа согтуу байсан тул хоорондоо зууралдаж байгаад Батзориг ах газар өөрөө унасан бөгөөд босох гэж байхад нь би хувцаснаас нь зуурч татаж газар унагаж байсан санагдаж байна. Тэгсэн Батзориг ах миний цамцнаас татаж урчхаад тэгээд гэр лүүгээ яваад орчихсон. Тэгээд би цамц, футболкоо тэнд нь үлдээчхээд алхаад яваад өгсөн. Дарханбаатар ч Энхтүвшин ахыг машиндаа суулгаад яваад өгсөн. Тэгэхэд гэрээс Самбаагөөгөө ах, Болдоо ах нар гарч ирээд гэр лүүгээ яваад өгсөн би айлд очиж хонох гээд явсан. Тэгээд маргааш нь би Батбаатар гэж айлд ороход эхнэр Отгоо гэж эмэгтэй байж байсан. Тэгсэн Батзориг чамайг толгойг нь хагалсан гээд толгойн зулай хэсэгтээ 00-ын цаас наасан явж байна билээ гэхээр нь би урьд өдөр нь маргалдаж зууралдахдаа Батзориг ахын толгойг хагалсан юм байна гэдгээ мэдсэн. Тэрнээс хойш би Батзориг ахтай уулзаагүй. Би Батзоригийн гэрт очихоосоо өмнө 0.5 граммын хараа нэртэй архи 2 литрийн Нийслэл пиво уусан согтуу байсан ба Батзоригийн гэрт очоод 1 шил бүтэн архийг хувааж уусан дараагийн архинаас бага зэрэг уусан их согтсон байсан. Намайг очиход Батзориг ах дээрх хүмүүстэй архи уугаад сууж байсан нэлээн согтолттой байсан. Гэр нь гэрэл байхгүй лааны гэрэлд байсан учир хэдэн шил архи уусан байсныг нь хараагүй. Надад бие нь өвдлөө гэж хэлж ярьж байгаагүй ба хэзээ билээ архи уугаад сууж байхдаа бие өвдөхлөөр сүү уучихлаар зүгээр болчихдог гэж хэлж байсан. ...Би өмгөөлөгчөөрөө И.Отгонсүрэн өмгөөлөгчийг сонгон авсан тул өөрийн сонгон авсан өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгнө. Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаа Энхтүвшинтэй ноцолдож байхад Батзориг ах салгаад намайг яв гээд хөөхөөр нь би Батзориг ахтай заамдалцаж аваад ноцолдож байгаад газар унаад босож ирээд би Батзориг ахыг мөрнөөс нь бариад урагш нь нэг дугтрахад Батзориг ах газар унаад толгойдоо гэмтэл авсан. Би өөрийн Батзориг ахын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх 23-24, 63/,  

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн №162 дугаартай цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт: “1.Талийгаач Э.Бцогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. 2.Талийгаач Э.Ббиед үүссэн гэмтэл нь үхэлд нөлөөлөхгүй ба тухайн гэмтэл нь 2021 оны 11 дүгээр сарын 15, 16-нд үүссэн байх боломжтой гэмтэл юм. 3.Талийгаачийн биед үүссэн гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Талийгаачийн цусанд 1.3% промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 5.Талийгаач Э.Батзориг нь тархи судасны өвчний улмаас нас баржээ.” гэжээ /хх 43-44/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-7/, яаралтай түргэн тусламжийн хуудас, эмчийн тэмдэглэл /хх 8-11/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний оношид: 1.Ерөнхий судасны өвчин; Артерийн даралт ихсэлт, тархи зүрхний хэлбэр. 2.Зүүн тал бөмбөлөгийн эдэд цус харвалт, цусан бүлэн, эдийн голомтлог үрэвсэл. 3.Уушигны хатгалгаа, элэгний архаг үрэвсэл, шохойжил, цусанд 1.3%-ийн промилли спиртийн агууламж, нойр булчирхайд цус харвалт, үхжил, зулайн хуйханд шарх гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд амь хохирогч Э.Базориг тархи судасны өвчний улмаас нас барсан гэсэн нь түүний үхлийн шалтгаан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Э.Эын эрүүл мэндэд учруулсан гэмтлээс шалтгаант холбоогүй болох нь тогтоогдсон гэж үзэв.  

Харин шүүгдэгч Э.Эын амь хохирогчийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь зулайд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлэг мэдүүлгээр тогтоогдож шүүгдэгчийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Э.Эыг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

   Шүүх шүүгдэгч Э.Эын эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн болохоо сайн дураар хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Э.Эт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

 Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Отгонбаатараас хохирлын баримт хэрэгт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн 2134004210038 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц овгийн Э-н Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдэж

5.Эрүүгийн 2134004210038 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ