Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2021/0008 

 

 

 

 

2020 оны 12 сарын 28 өдөр                   Дугаар 128/ШШ2021/0008                Улаанбаатар хот

                            

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.И

Хариуцагч:  СБДЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “СБДЗД-ын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/204 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.И нь 2008 оноос хойш Шарга морьтын аманд 430 м.кв газар авахаар төлөвлөж, 2010 оноос хойш бичиг баримт бүрдүүлэн Сүхбаатар дүүргийн газрын албанд очиж удаа дараа газар зохион байгуулагч нартай уулзан дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/404 дүгээр захирамжийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр газар эзэмших гэрчилгээг гардан авсан. 2010 оноос 2020 он хүртэл хугацаанд тус газрыг тойруулан хашаа хатгасан байсныг иргэн А.Пүрэвдорж удаа дараа нурааж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн А.Пүрэвдорж манай хашааг нурааж, өөрийн төмөр хашааг босгож, гарцаа хойш нь миний газар руу гаргаж байсныг тухайн үед аав Н.Батбаяр хараад “Та яагаад албан ёсны гэрчилгээтэй газрын хашааг нурааж байгаа юм бэ” гэхэд уг иргэн “Танай хүү хууль бусаар газар авсан. Авлигатай тэмцэх газар шалгуулахаар өргөдөл өгсөн байгаа” гэсэн тайлбар тухайн үед хэлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр уг иргэнтэй уулзахад “Чиний гэрчилгээ хүчингүй болж байгаа. Чамд удахгүй мэдэгдэнэ” гэсэн. Миний бие энэ талаар тодруулахаар 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн газрын албаны дарга Т.Мөнхцогтод өргөдөл өгсөн. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өргөдлийн хариу гарсан бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дах заалтыг зөрчсөн хэмээн мэдэгдэл ирсэн.

Үүний дагуу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад өргөдөл өгсөн. 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 23 цаг 27 минутад 131200 тусгай дугаараас “Таны өргөдлийн хариу гарсан” гэсэн мессеж ирсэн тул 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 18001200 тусгай дугаар луу залгаж лавлахад “Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу таны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байна” гэх мэдээлэл өгсөн. 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч Н.Мөнхтуяагаас захирамжийн хуулбарыг авсан.

Уг газрын орц, гарцын асуудлаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Т.Мөнхцогт болон газар зохион байгуулагч Н.Мөнхтуяа нарт А.Пүрэвдорж нь гарцаа урагшаа гаргах боломжтой байхад миний газарт халдаж, гарцаа хойш нь гаргасан талаар газар дээр нь очиж, хоёр иргэний хооронд үүсэн маргааныг хууль ёсны дагуу шийдэж өгөхийг удаа дараа хүссэн боловч хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй. Илт нэг талыг баримталж, иргэн О.Пүрэвдоржид үйлчлээд байгаад миний бие маш их гайхаж байна. Манай газрын баруун талд байрлах айл цахилгааны А шонгийн модны доогуур хашаа хатгаж, миний газар луу халдсан бөгөөд газар эзэмших ямар ч зөвшөөрөлгүй, энэ асуудлыг газар зохион байгуулагч болон газрын албаны албан хаагчид хянаж, шийдвэрлээгүй.

Миний бие уг газрыг 2013 онд өөрийн хөрөнгө, мөнгөөр экскаватор хөлсөлж тэгшлүүлсэн бөгөөд энэхүү газар нь дов жалга, шарилжаар дүүрсэн байсан. Одоо эрүүл тэгш, сайхан хөрстэй газар болсон.

Иргэн А.Пүрэвдорж нь газрын гэрчилгээг хүчингүй болгох тухай албан ёсны мэдэгдэл дүүргийн газрын алба болон Засаг даргаас ирээгүй байхад урьдчилан хэлсэн нь холбогдох албан тушаалтнуудыг хардах, сэтгэгдэл төрүүлж байна.

Миний бие урд айл болох иргэн А.Пүрэвдоржийн газар луу огт халдаж байгаагүй бөгөөд өөрийн газраас 57,7 м.кв газраа хүч түрэмгийлүүлэн булаалгаж, хэл амаар доромжлуулж, эцэс сүүлд нь 10 жилийн хүч хөдөлмөр, цаг заваа гарган хууль ёсны дагуу гаргуулан гэрчилгээгээ хүчингүй болгуулж байгаадаа Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Х.Болормаа, газрын албаны дарга Т.Мөнхцогт, газар зохион байгуулагч Н.Мөнхтуяа нарт маш их гомдолтой байна. Дээрх хүмүүсээс болж миний бие эдийн засаг болон сэтгэл санаагаар маш их хохирсон.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/204 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн А.Пүрэвдорж нь тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шарга морьтын зусланд иргэн Б.Баатармөнхөөс газар эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/52 дугаар захирамжаар шилжүүлэн авсан. Улмаар иргэн А.Пүрэвдорж нь газар эрхээ дүүргийн Засаг даргын 2020 оны А/333 дугаар захирамжаар иргэн Б.Отгонбаярт шилжүүлсэн.

Иргэн Б.Идэрболд нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр тус дүүргийн 19 дүгээр .хорооны нутаг дэвсгэр Шарга морьтын зусланд шинээр газар эзэмших хүсэлт гаргаснаар дүүргийн Засаг даргын 2019 оны А/404 дүгээр захирамжаар газар эзэмшүүлж шийдвэрлэсэн.

Иргэн А.Пүрэвдоржийн эзэмшил газар нь урд талаараа замтай боловч хашаа нь өндөрт газарт байрладаг.

Иргэн А.Пүрэвдорж нь орц гарцгүй байхад иргэн Б.Идэрболдод газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон нь 1 талд үйлчилж байна гэж үзэн Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, дүүргийн Засаг дарга, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газруудад гомдол гаргасан ба удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/204 дүгээр захирамжаар Б.Идэрболдод холбогдох газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгосон. Уг захирамж нь хээрийн болон суурин судалгааг үндэслэн гарсан. Суурин судалгааг бичиг баримтын хүрээнд бүрэн дүүрэн дүн шинжилгээ хийсэн ба хээрийн судалгааг иргэн А.Пүрэвдорж буюу орц гарцтай холбоотой асуудлаар маргаж байсан тул очиж шалгаж байсан. А.Пүрэвдоржийн зүгээс Газрын тухай хуульд заасны дагуу сүүлд Б.Идэрболдод газар эзэмшүүлсэн тул хашаа руугаа орж, гарч чадахгүй байдалд хүргэсэн тул шийдвэрлэж өг гэсэн. Иймд бид Б.Идэрболдын эзэмшиж байсан газрыг цуцалсан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй. Захиргааны байгууллага өөрийн чиг үүргийнхээ хүрээнд орц, гарцыг шийдвэрлэхийн тулд ийнхүү шийдвэр гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Идэрболдоос Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/204 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Идэрболдоос 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргасан газар эзэмших өргөдөл, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, кадастрын зураг зэрэг холбогдох баримтыг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/404 дүгээр захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд 430 м.кв газрыг 15 жилийн хугацаатай нэхэмжлэгчид эзэмшүүлсэн байна. 

Иргэн А.Пүрэвдорж, Б.Баатармөнх нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/52 захирамжаар иргэн А.Пүрэвдоржид газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж, 357 м.кв газар эзэмшүүлсэн байна. Иргэн А.Пүрэвдоржоос Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус гомдол гаргажээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/204 дүгээр захирамжаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 31 дүгээр зүйлийн 31.1.3-д “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх;  Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ: … 35.3.5.бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;” гэж тус тус заасныг үндэслэн дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/404 дүгээр захирамжийн Б.Идэрболдод холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...иргэн А.Пүрэвдоржийн эзэмшил газар нь урд талаараа замтай боловч хашаа нь өндөрлөг газарт байрладаг. … орц, гарцгүй байхад иргэн Б.Идэрболдод газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь нэг талд үйлчилж байна гэж үзэн … гомдол гаргасан ба удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу иргэн Б.Идэрболдын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. …” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ тодорхойлж байна.

Маргаан бүхий захирамжийн үндэслэл болгосон хуулийн заалтуудаас үзвэл газар эзэмшигч Б.Идэрболдыг бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж түүнд газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон гэж үзэхээр байх бөгөөд газар эзэмшигч бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, үүргийн зөрчсөн гэж үзэж байгаа бол үүнийгээ тогтоосон байхын дээр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасан газар эзэмших эрхийг дуусгавар болгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эсвэл хууль бус шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалтын аль тохирох заалтыг үндэслэх учиртай юм. 

Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/204 дүгээр захирамжид хуулийн дээрх зохицуулалтын алийг ч үндэслээгүй байна.

Хариуцагч Засаг дарга маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зааснаар асуудлыг шийдвэрлэхээр байхад Б.Идэрболдод газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын захирамж газрын тухай хууль тогтоомж зөрчсөн эсэх, газар эзэмшигчийн ямар хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаарх үндэслэлээ дурдаагүй байна. 

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч маргаан бүхий захирамждаа нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгох заалтыг үндэслээгүйн дээр, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохоо хангалттай нотлолгүйгээр нэхэмжлэгч Б.Идэрболдод газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжаа хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Шүүхийн энэ шийдвэр нэхэмжлэгч Б.Идэрболдод газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/404 дүгээр захирамжийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн хүн, хуулийн этгээдийн хуульд заасан журмын дагуу холбогдох байгууллага, шүүхэд хандах эрхийг хязгаарлахгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.И нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, СБДЗд-ын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/204 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.И олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ШҮҮГЧ                                                Н.ДАМДИНСҮРЭН