Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 163

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч Ж.Энх-Амгалан, хохирогч Ү.Пүрэвсүрэн, шүүгдэгч Л.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0-239) нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Лхагвасүрэнгийн Жаргалсайханг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1., 96.2.6. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 1008 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Лхагвасүрэнгийн Жаргалсайхан: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 92-16 тоотод оршин суудаг, УЗ92112921 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Л.Жаргалсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 80-10 тоотод байрлах монгол гэрт үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар Ү.Пүрэвсүрэнг 3 удаагийн үйлдлээр  хутгалж бие махбодод нь “чээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, чээж, хэвлийн хөндийн цус хуралт, зүүн бугалганы шарх” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Л.Жаргалсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 80-10 тоотод Б.Төрбат, Ү.Пүрэвсүрэн, Б.Төмөрхуяг, Н.Пүрэвдорж нартай архидан согтуурсан байна. Улмаар Л.Жаргалсайхан нь согтуурсан үедээ Б.Төрбатыг гаргахгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан Ү.Пүрэвсүрэнгийн чээж, хэвлий, бугалга руу буюу нийт гурван удаа хутгалж, түүний бие махбодод “чээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, чээж, хэвлийн хөндийн цус хуралт, зүүн бугалганы шарх” бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Л.Жаргалсайхан: 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б.Төрбат бид хоёр Н.Пүрэвдоржийн гэрт очиж хоносон. Тэгээд өглөө 09 цагийн үед Ү.Пүрэвсүрэн, Б.Төмөрхуяг нар 2.5 литрийн хэмжээтэй нэг сав шар айрагтай Н.Пүрэвдоржийн гэрт орж ирсэн. Н.Пүрэвдоржийн гэрт Б.Төрбат бид хоёр хамт байсан. Бид тэр шар айргийг уугаад сууж байхад Н.Пүрэвдорж 1 шил архитай орж ирсэн. Тэр архийг хамт уусан. Тэгээд дахин 1 шил архи авчирсан. Би сүүлийн архинаас ууж байгаад тасарсан байсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь миний буруу, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна гэв.

Хохирогч Ү.Пүрэвсүрэн: 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өглөө 9 цагийн үед Б.Төмөрхуягтай дэлгүүрийн үүдэнд таарч, дэлгүүрээс 2.5 литрийн хэмжээтэй нэг сав шар айраг авч, Н.Пүрэвдоржийн гэрт очсон. Тэднийд Б.Төрбат, Л.Жаргалсайхан хоёр байсан. Бид шар айргаа ууж байх үед Н.Пүрэвдорж гаднаас орж ирсэн. Тэр ирэхдээ 1 шил архитай ирсэн. Өглөө нь буюу архи ууж эхлэх үед л Л.Жаргалсайхан хөхний даруулга, мөн дотор нь байсан мөнгө байхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд бүгдээрээ ярилцаж байгаад дахин 1 шил архи авч уусан. Тэр үед Л.Жаргалсайхан хоол хийнэ гээд хутга бариад явж байсан. Тэгээд Н.Пүрэвдорж, Б.Төмөрхуяг бид гурав гадагш гарч тамхилчихаад, би гэр рүү буцаж ороод Б.Төрбатыг “гараад ир уулзъя” гэж хэлсэн чинь Л.Жаргалсайхан түүнийг гаргахгүй гэж байснаа намайг хажууд нь очих үед үгийн зөрүүгүй хутгалсан. Би эхлээд намайг цохьчихлоо гэж бодсон. Харин түүний гарт хутга байгааг хараад хутгалчихлаа гэж мэдсэн. Эмчилгээний зардалд 1.506.500 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд нэхэмжилж буй 1.506.500 төгрөгийн тооцоолол, задаргаа байхгүй. Мөрдөн байцаалтын үед 330.000 төгрөгийн эмчилгээний зардлын баримт гаргаж өгсөн, өөр баримт байхгүй гэв.

Мөрдөн байцаалтад:  (Эрүүгийн 2016 2601 1008 дугаартай хэргээс)

Хохирогч Ү.Пүрэвсүрэнгийн өгсөн: ...Төрбат гэрийн хойморт газар сууж байсан бөгөөд урд нь Жаргалсайхан зогсож байсан. Тэгэхээр нь би Төрбатыг гаръя гэсэн чинь Жаргалсайхан Төрбатыг гаргахгүй гэж хэлэхээр нь би тэр хоёр руу дөхөж очоод Жаргалсайханы баруун гар талд зогстол Жаргалсайхан үгийн зөрүүгүй эхлээд миний гэдэс рүү, дараа нь чээжний зүүн хэсэгт, сүүлд нь зүүн гарын бугалга руу буюу нийт 3 удаа цохьчих шиг болсон. Тэгээд би Жаргалсайханы гар руу хартал гартаа хар иштэй хутга барьчихсан байсан. Тэгсэн хамаг бие халуун оргиод өмсөж байсан цамц цус болчихоор нь би шууд гараад гүйсэн бөгөөд хашааны үүдэнд толгой эргээд доошоо суусан чинь Төмөрхуяг, Пүрэвдорж хоёр хүрч ирсэн. Би тэр хоёрт “Төрбаттай цуг байсан хүүхэн намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Жаргалсайхан намайг хутгалах үед Төрбат хараад сууж байсан..., ...Тэр өдөр архи ууж дуустал Жаргалсайхан унтаагүй бидэнтэй юм яриад сууж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 15-16 дугаар хуудас),

Гэрч Б.Төрбатын өгсөн: ...Тэгээд Пүрэвсүрэн, Төмөрхуяг, Пүрэвдорж гурав гараад явсан. Түүний дараа Жаргалсайхан хоол хийнэ гээд гэрийн зүүн хойд хэсэгт махны модон дээр тавьчихсан байсан махыг хэрчих гээд Пүрэвдоржийн гэрт байсан хар иштэй хутгыг бариад сууж байх үед Пүрэвсүрэн буцаж орж ирээд намайг дагуулж гарах гэхэд нь Жаргалсайхан уурлаад Пүрэвсүрэнтэй гэрийн баруун хэсэгт маргалдаж байгаад Пүрэвсүрэнгийн чээж рүү 2-3 удаа цохьсон юм. Тухайн үед би Жаргалсайханы гарт хутга байсныг анзаараагүй бөгөөд Пүрэвсүрэн “Төрбатаа хөгшөөн намайг хутгалчихлаа” гээд чээжээ дараад доошоо тонгойсон. Харин түүний чээжнээс нь цус гарч байсан. Тэгээд Пүрэвсүрэн гараад гүйсэн бөгөөд удалгүй Пүрэвдорж, Төмөрхуяг нар орж ирээд утсаараа цагдаа дуудсан... гэх мэдүүлэг (хх-ийн 18-20 дугаар хуудас),

Гэрч Н.Пүрэвдоржийн өгсөн: ...Пүрэвсүрэн гэрийн гадна гэдсээ дараад явган суучихсан байхаар нь би очоод “яасан бэ” гэсэн чинь “наад хүүхэн чинь хутгалчихлаа”  гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээрээ оролгүй шууд Пүрэвсүрэнгийн гэр рүү очиж эхнэрт нь болсон явдлын талаар хэлээд, эхнэрийг нь дагуулаад гэртээ буцаж ирээд цагдаа, түргэн тусламж дуудсан бөгөөд удалгүй түргэн тусламж ирээд, Пүрэвсүрэнг аваад явсан. Цагдаа нар Пүрэвсүрэнг хутгалсан хутгыг жорлонгоос олоод, надаар авахуулаад авч явсан. Тэр өдөр архи ууж байх үед Жаргалсайхан огт тасарч унтаагүй, харин өглөө нь босмогцоо л “миний хөхний даруулга хаана байгаа юм бэ” гэж асуухад нь “би яаж мэддэг юм, чи өмсөж ирсэн бол байж л таарна ш дээ, чи өчигдөр манайд ирэхдээ хөхний даруулгагүй байсан юм байгаа биз” гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 87 дугаар хуудас),

Гэрч Б.Төмөрхуягийн өгсөн: ...Хашаанд нь ороход Пүрэвсүрэн гэрийн гадна үүдний хавьд цамцных нь энгэр цус болчихсон зогсож байсан. Гэрээс Пүрэвдорж гарч ирсэн. Тэгэхээр нь би “энэ чинь юу болж байна аа” гэхэд Пүрэвдорж надад хандан наадхыг чинь сая Жаргалсайхан хутгалчихсан гэж хэлсэн. Би гэр рүү ортол Жаргалсайхан, Төрбат хоёр байж байсан. “Юу болж байна аа” гэхэд Жаргалсайхан “наадах чинь яагаад байгаа юм, хүн оролдоод байна ш дээ” гэж хэлсэн. Пүрэвсүрэнгээс юу болсон талаар асуухад “намайг хутгалчихлаа” гээд өөр юм хэлэхгүй яраглаад, цус гарч байгаа газраа гараараа дараад байсан. Энэ асуудлаас хойш 1 сар гаруйн дараа Жаргалсайхантай таарсан. Тэр үед Жаргалсайхан надад хандан “чи муу хөгийн банди тэр үед яах гэж цагдаа дуудсан юм бэ, чи хөгийн гар байна ш дээ” гэх зэргээр хэлээд над руу хялалзаад байсан. Пүрэвдорж хэлэхдээ Жаргалсайхан Пүрэвсүрэнг хутгалсан гэж байсан. Би Пүрэвсүрэнг хэн хутгалсныг нүдээр хараагүй. Пүрэвсүрэнг ямар хутгаар хутгалж гэмтээснийг мэдэхгүй..., ...Биднийг шар айраг, архи ууж байх үед хэн ч Жаргалсайханг оролдоогүй, унтаж хэвтэх талаар ямар нэгэн яриа өрнөөгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 107 дугаар хуудас),

Гэрч Б.Ганбат (дуудлагаар очсон цагдаагийн офицер)-ын өгсөн: Намайг дуудлагаар очих үед Жаргалсайхан гэдэг хүүхэн “миний хөхний даруулга байхгүй байна” гээд байсан. Пүрэвсүрэн гэдэг залуу нь эвхрээд гадаа сууж байсан бөгөөд юм ярьж чадахгүй байсан. Харин Пүрэвдорж гэдэг залуу нь Жаргалсайхан гэдэг хүүхэнд “чи яасан гэж Пүүжээг хутгалж байгаа юм бэ” гээд байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 85 дугаар хуудас),

Гэрч Э.Оюунмядаг (дуудлагаар очсон түргэн тусламжийн эмч)-ийн өгсөн: ...Би хутгалуулсан залуугаас юу болсон талаар асуухад “энэ эмэгтэй намайг хутгалсан” гээд, тэнд байсан согтуу эмэгтэйг зааж хэлсэн. Харин нөгөө эмэгтэй нь “наад залуу чинь намайг оролдохоор нь би хутгалчихсан юм” гэж хэлж байсан. Тэр хутгалуулсан залуутай хамт байсан залуус ч гэсэн энэ хүүхэн хутгалсан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 110 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4642 дугаартай “Пүрэвсүрэнгийн биед чээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, чээж, хэвлийн хөндийд цус хуралдалт, зүүн бугалганы шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт (хх-ийн 26 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4675 дугаартай “Л.Жаргалсайханы арчдас, наалдацнаас үрийн шингэн, эр бэлгийн эс  илрээгүй, тэрээр 5.4 сартай жирэмсэн байна. Мөн бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна. Уг өвчнийг хэзээ ямар замаар авсан, хэзээнээс өвчилсөн үе шатыг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт (хх-ийн 30 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 3083 дугаартай “...3 ширхэг товчтой саарал өнгийн майк, хормойтой (юбка) саарал өмдөн дээр цус, үрийн шингэн болон биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэх дүгнэлт (хх-ийн 47 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 3082 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй хар өнгийн хүрэм, хар өнгийн тэлээ, хар өнгийн жийнсэн өмд, саарал өнгийн ноосон дотуур өмд, хар өнгийн хос гутал, хар өнгийн дотоож дээрээс цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Хар өнгийн тэлээ, хар өнгийн жийнсэн өмд, саарал өнгийн ноосон дотуур өмд, хар өнгийн хос гутал дээрх цус нь ABO системээр A(II) бүлгийн харьяалалтай байна. Харин юүдэнтэй хар өнгийн хүрэм, хар өнгийн дотоож дээрээс илэрсэн цусны бүлгийг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт (хх-ийн 36 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2470 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрмэнд зүсэгдсэн уранхай, ханзархай шинээр гарсан байна...” гэх дүгнэлт (хх-ийн 41 дүгээр хуудас),

Шинжээч эмч Б.Долгормаагийн өгсөн: ...Пүрэвсүрэнгийн биед учирсан гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Пүрэвсүрэнгийн зүүн эгэм болон хэвлийд хатгагдсан шарх нь чээж, хэвлийн хөндийд нэвтэрч цус хуралт үүсгэсэн нь дан, дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин зүүн бугалгад үүссэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг (хх-ийн 88 дугаар хуудас),

Л.Жаргалсайханы сэжигтнээр өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Төрбат бид хоёр 09 цагийн үед сэрсэн бөгөөд удалгүй гаднаас Пүрэвсүрэн, Төмөрхуяг, Пүрэвдорж нар ар араасаа цувраад ирсэн. Архи дууссаны дараа Пүрэвсүрэн, Төрбат хоёр дэлгүүр гарч дахиж архи авч ирж, бид хувааж уусан бөгөөд тэр архийг ууж байх үед би тасраад унтсан. Түүнээс хойш юу болсон талаар би огт санахгүй байгаа. Нэг сэрсэн чинь Пүрэвсүрэн миний хажууд цусаа гоожуулаад ганцаараа зогсож байсан бөгөөд би “та яасан бэ” гэж асуутал “чи намайг хутгалаа биз дээ” гэхээр нь би “юу яриад байгаа юм, миний хөхний даруулга, дотоож хаана байгаа юм” гэхэд Пүрэвсүрэн  “хэн мэддэг юм” гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 64 дүгээр хуудас),

Л.Жаргалсайханы яллагдагчаар өгсөн: ...Хэрэг болох үед би нэлээд их согтолттой байсан тул болсон явдлыг огт санахгүй байгаа юм. Би өөрийн санаж байгаа зүйлээ сэжигтний мэдүүлэгт тодорхой мэдүүлсэн. Хэрэг гарсан өдөр бид 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи уусан юм. Миний санаж байгаагаар би Пүрэвсүрэнтэй маргалдаж, муудалцаагүй. Муудалцах шалтгаан ч байхгүй. Тэр үед би 2 сартай жирэмсэн байсан бөгөөд хэргийн дараа 2 дугаар төрөх эмнэлэгт үзүүлэхэд “сэтгэл санааны цочролд орсон байна, тиймээс хүүхэд чинь амьгүй болсон байна” гээд ургыг соруулж авсан... гэх мэдүүлэг (хх-ийн 66-67 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон үйл баримт бүрэн бодитой нотлогдсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.Жаргалсайхан нь хэргийн нөхцөл байдлыг санахгүй байгаа хэдий ч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Нотолгоо ба няцаалтын талаар:

Шүүгдэгч Л.Жаргалсайхан нь хохирогч Ү.Пүрэвсүрэнгийн чээж, хэвлий, зүүн бугалга руу буюу нийт 3 удаа хутгалж, түүний бие махбодод “чээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, чээж, хэвлийн хөндийд цус хуралт, зүүн бугалганы шарх бүхий” хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талууд энэ талаар маргаагүй болно.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “энэ гэмт хэрэг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдэгдсэн нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. дахь хэсэгт заасан зарчмыг баримтлан зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх боломжтой” хэмээн өмгөөлөл явууллаа.

Сэдэлтийн тухайд: Хохирогч Ү.Пүрэвсүрэнгийн зүгээс хууль зөрчсөн буюу шүүгдэгч рүү довтолсон ямар нэгэн үйлдэл гаргаагүй бөгөөд шүүгдэгч Л.Жаргалсайхан нь өөрт хамааралгүй хүмүүсийг хооронд нь уулзуулахгүй хэмээн уурлаж, улмаар зэвсэг хэрэглэн амь бие, эрүүл мэндэд нь халдан довтолсон тул энэ гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэж үзнэ. Тухайлбал хэргийн байдлыг биеэр мэдэрч, нүдээр харсан;

- Хохирогч Ү.Пүрэвсүрэн: ...Төрбат гэрийн хойморт газар сууж байсан бөгөөд урд нь Жаргалсайхан зогсож байсан. Тэгэхээр нь би “Төрбатыг гаръя” гэсэн чинь Жаргалсайхан Төрбатыг гаргахгүй гэж хэлэхээр нь би тэр хоёр руу дөхөж очоод Жаргалсайханы баруун гар талд зогстол Жаргалсайхан үгийн зөрүүгүй эхлээд миний гэдэс рүү, дараа нь чээжний зүүн хэсэгт, сүүлд нь зүүн гарын бугалга руу буюу нийт 3 удаа цохьчих шиг болсон. Тэгээд би Жаргалсайханы гар руу хартал гартаа хар иштэй хутга барьчихсан байсан... гэж,

- Гэрч Б.Төрбат: ...Пүрэвсүрэн буцаж орж ирээд намайг дагуулж гарах гэхэд нь Жаргалсайхан уурлаад Пүрэвсүрэнгийн чээж рүү 2-3 удаа цохьсон. Тухайн үед би Жаргалсайханы гарт хутга байсныг анзаараагүй бөгөөд Пүрэвсүрэн “Төрбатаа хөгшөөн намайг хутгалчихлаа” гээд чээжээ дараад доошоо тонгойсон, харин түүний чээжнээс цус гарч байсан... гэж

тус бүр мэдүүлсэн нь хэргийн үйл баримттай тохирох бөгөөд танхайн сэдэлтийг нотлох үндэслэл бүхий нотолгоо болж байна.

Гэмт хэрэг үйлдсэн аргын тухайд:

Шинжээчийн дүгнэлт гаргасан эмч Б.Долгормаагийн “...Пүрэвсүрэнгийн биед учирсан гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Пүрэвсүрэнгийн зүүн эгэм болон хэвлийд хатгагдсан шарх нь чээж, хэвлийн хөндийд нэвтэрч цус хуралт үүсгэсэн нь дан, дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин зүүн бугалгад үүссэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Л.Жаргалсайхан нь хохирогч Ү.Пүрэвсүрэнгийн чээж, хэвлий, зүүн бугалга руу буюу нийт 3 удаа хутгалсан тул түүнийг онц харгис хэрцгий аргаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ. Түүнчлэн хохирогчийн биед учирсан гурван шархны хоёр нь чээж болон хэвлийн хөндий рүү нэвтэрсэн бөгөөд учрах үедээ амь насанд аюултай, дан, дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул тэдгээр шархны улмаас хохирогчид зовж зүдрэхээр байдал бий болсон гэж үзлээ.

 

Ү.Пүрэвсүрэн нь Л.Жаргалсайханг оролдсон гэх нөхцөл байдлын тухайд: Гэмт хэрэг гарах үед хэргийн газарт байгаагүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг дам сонссон;

- Гэрч Б.Төмөрхуяг: ...“Юу болж байна аа” гэхэд Жаргалсайхан “наадах чинь яагаад байгаа юм, хүн оролдоод байна ш дээ” гэж хэлсэн... гэж,

- Гэрч Э.Оюунмядаг: (дуудлагаар очсон түргэн тусламжийн эмч) ...Нөгөө эмэгтэй нь “наад залуу чинь оролдохоор нь би хутгалчихсан юм” гэж хэлж байсан... гэж

тус бүр мэдүүлсэн хэдий ч тэдний хувьд энэ нөхцөл байдлыг Л.Жаргалсайханаас сонссон гэдэг. Гэтэл шүүгдэгч Л.Жаргалсайхан нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...нэлээд их согтуурсан байсан учир болсон үйл явдлыг санахгүй байгаа...” гэж мэдүүлдэг. Иймд дээрх гэрч нарын мэдүүлгээс “Ү.Пүрэвсүрэн нь Л.Жаргалсайханг оролдсон” гэх хэсгийг эх сурвалжгүй гэж үзнэ.

Мөн Л.Жаргалсайхан бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4675 дугаартай “...Л.Жаргалсайханы арчдас, наалдацнаас үрийн шингэн, эр бэлгийн эс  илрээгүй...” гэх, тус хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 3083 дугаартай “...3 ширхэг товчтой саарал өнгийн майк, хормойтой (юбка) саарал өмдөн дээр цус, үрийн шингэн болон биологийн гаралтай ул мөр илрээгүй...” гэх дүгнэлтүүдээр давхар нотлогдож байна.

Харин шүүгдэгч Л.Жаргалсайханы хөхний даруулга, дотоож олдохгүй байсан гэх нөхцөл байдлыг хохирогч Ү.Пүрэвсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “...2016 оны 4 дүгээр 02-ны өглөө буюу биднийг архи ууж эхлэх үед л Л.Жаргалсайхан нь миний хөхний даруулга алга, дотор нь байсан мөнгө алга гэж ярьж байсан...” хэмээн няцаан мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг гэрч Н.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэр өдөр архи ууж байх үед Жаргалсайхан огт тасарч унтаагүй, өглөө босмогцоо л “миний хөхний даруулга хаана байгаа юм бэ” гэж асуухад нь “би яаж мэддэг юм, чи өмсөж ирсэн бол байж л таарна ш дээ, чи өчигдөр манайд ирэхдээ хөхний даруулгагүй байсан юм байгаа биз” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр батлагдаж байна.  Мөн хэрэг гарсан өдөр буюу тэднийг архи ууж байх үед “Л.Жаргалсайханг хэн ч оролдоогүй, мөн тэрээр тасарч унтаагүй” талаар гэрч, хохирогч нар үндэслэл бүхий зөрүүгүй мэдүүлсэн тул уг нөхцөл байдлыг хэрэгт хамааралгүй гэж үзэв.

Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Дээрх нотолгоо ба няцаалтаас нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Жаргалсайханг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1., 96.2.6. дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 69 дүгээр хуудаст авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст шүүгдэгч Л.Жаргалсайхан нь ЦЕГ-ын Мэдээлэл, судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Жаргалсайханг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, жирэмсэн буюу бага насны хүүхэдтэй эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг тогтоолоо.

Харин шүүгдэгч Л.Жаргалсайханд ял оногдуулах үед тэрээр 6-7 долоо хоногтой жирэмсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт эх хувиар нь шинжлэн судалсан “жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт” болон холбогдох бусад баримт (хуулбарыг хэрэгт хавсаргав)-аар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт заасан энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар энэ тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж, ялтанг цагдаагийн байгууллагын хяналтад байлгах нь зохистой гэж шүүх үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Ү.Пүрэвсүрэн нь эмчилгээний зардалд 1.506.500 төгрөг нэхэмжилсэн боловч мөрдөн байцаалтын үед 330.000 төгрөгийн эмчилгээний зардлын баримт гаргаж өгсөн бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “330.000 төгрөгийн эмчилгээний зардлын баримтаас өөр баримт гаргаж өгөөгүй. Эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1.506.500 төгрөгийн тооцоолол, задаргаа байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Л.Жаргалсайханаас 330.000 төгрөг гаргуулан хохирогч Ү.Пүрэвсүрэнд олгож, нэхэмжлэлийн үлдсэн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Л.Жаргалсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг нь шүүхэд ирүүлээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус тогтоолд дурдав.

Харин шүүгдэгч Л.Жаргалсайханы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 13.5 см хар өнгийн хуванцар иштэй 32.5 см урт хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Жаргалсайханд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан тул тогтоол биелүүлэх хүртэл түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Лхагвасүрэнгийн Жаргалсайханг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1., 96.2.6. дахь хэсэгт зааснаар 7 (долоо) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар Л.Жаргалсайханд оногдуулсан 7 (долоо) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1., 63.2. дахь хэсэгт зааснаар Л.Жаргалсайханд 7 (долоо) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн харьяалах хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч Л.Жаргалсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1. дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13.5 см хар өнгийн хуванцар иштэй 32.5 см урт хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жаргалсайханаас 330.000 (гурван зуун гучин мянга) төгрөг гаргуулан хохирогч Ү.Пүрэвсүрэн (Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 76 дугаар гудамжны 16 тоотод оршин суудаг, РД:УЕ77042872, Утас: 95225026)-д олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үлдсэн хэсгийг хэлэлцэхгүй орхисон тул цаашид хохирлын баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Жаргалсайханд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                          Б.БАТАА       

 

                                                ШҮҮГЧ                    Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                               Г.МӨНХЗУЛ