Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 858

 

МАГАДЛАЛ

 

2017.04.05                                                     Дугаар 858                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00586 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Ганбаатарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9 311 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мягмаржав,

Хариуцагч: Ц.Ганбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ЗГ15/125 тоот зээлийн гэрээг барьцааны гэрээний хамт байгуулан манай байгууллагаас 61 хоногийн хугацаатай 4.5 хувийн хүүтэй 5 000 000 төгрөгийг зээлсэн болно. Энэ зээлийн хугацаа 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууссан ба 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үндсэн хүү 232 500 төгрөгийн төлөлт хийсэн байдаг. Үүнээс хойш ямар ч төлөлт хийлгүй, зээлийг барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны байдлаар 5 000 000 төгрөгийн үндсэн зээл, 3 630 000 төгрөгийн зээлийн хүү, 681 000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 9 311 000 төгрөгийн өр үүссэн тул хариуцагч Ц.Ганбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Энэ нэхэмжлэлд бодит байдлыг үнэн зөв бичилгүй гуйвуулж бодит байдлыг худлаа бичсэн байгааг залруулах нь зүйтэй гэж үзэж байна. 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 61 хоногын хугацаатай 4.5 хувийн хүүтэй 5 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Энэ зээлийг авахдаа би өөрийн эзэмшлийн “Ниссан ноте” маркийн 2006 оны 97-49 УНА улсын дугаартай машиныг тухайн компаний зогсоолд тавьж орхиод 2 жил болж байна. Зээлсэн мөнгийг манай найз Бат-Ирээдүй аваад алга болсон бөгөөд дунд нь би хохирч байгаа болно. Иймд нэхэмжилсэн мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анх зээлсэн 5 000 000 төгрөгт 2 сарын хүү төлөх ёстой байсан боловч 1 сарын хүү 232 500 төгрөгийг төлснийг хасахад миний барьцаанд тавьсан автомашины үнэ илүү гарах нь ойлгомжтой юм. Барьцаалан зээлдүүлэх газрууд авсан зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн хугацаа өнгөрмөгц эд зүйлийг зарж борлуулаад хохирлоо төлүүлж авдаг журам энэ компанид хамааралтай гэж үзэж байна. Би зээлийн гэрээний хугацааг сунгаж байгаагүй тул 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг 9 311 000 төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлд миний машины талаар дурдаагүй байгааг заль гэж үзэж байна. Автомашиныг анх барьцаалахдаа              7 500 000 төгрөг гэж үнэлж авсан. Гэтэл зээлийн гэрээн дээр 5 400 000 төгрөг гэж      бичсэн нь буруу байна. Худалдаж борлуулаад илүү мөнгийг надад өгөх ёстой гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд надаас энэ зээлийн талаар ярьж нэхээгүй, 1 жил 5 сарын дараа барьцааны зүйл компанид байхад үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн             453.1-д зааснаар хариуцагч Ц.Ганбаатараас 9 311 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ганбаатараас 163 930 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрт хүүнд төлсөн 232 500 төгрөгийг миний хариуцаж төлөх төлбөрөөс хасаж тооцсон эсэх нь тодорхойгүй бас ойлгомжгүй байна. 2 сарын хугацаатай аваад 1 сарын хүүг төлсөн бөгөөд зээлийн гэрээг цааш нь үргэлжлүүлж сунгаагүй учир 2017 оны 1 дүгээр сарын 6-ныг хүртэлх хугацааны хүүгийн 3 660 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү гэх 681 000 төгрөгийг төлөх учир байхгүйг шүүх анзаарч үзсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хариуцагчаас гаргуулбал зохих мөнгөний дүнг буруу тооцсон боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Ганбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 311 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “...барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангагдсан...” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь 5 000 000 төгрөгийг 61 хоногийн хугацаатай, сард 4,5 хувийн хүүтэй зээлж, зээлийн үүргийн гүйцэтгэлд өөрийн эзэмшлийн “Ниссан ноте” маркийн, 97-49 УНА улсын дугаартай суудлын авто машиныг барьцаалуулсан, хүүд 232 500 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх хууль хэрэглээний хувьд зөв дүгнэжээ.

Гэвч шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнээгүйгээс хариуцагчийн төлбөл зохих мөнгийг буруу тооцсон гэж үзнэ.

Учир нь дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 5 000 000 төгрөгийг олгоогүй, зээл олгосон сарын хүү болох 225 000 төгрөгийг суутган авч, 4 775 000 төгрөгийг бодитойгоор олгосон байх тул хариуцагчид олгоогүй 225 000 төгрөгт хүү, гэрээний 2.4-т заасан нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй юм.

Түүнчлэн зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 2.14-т “...зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээний үүргийг шаардсан албан шаардлагыг хүлээн авснаас хойш 21 хоног өнгөрсний дараа барьцаа хөрөнгийг түргэн борлогдох үнээр худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг бүрэн хангуулахаар талууд тохиролцсон ба энэ хугацаанд гэрээний үүргийг шаардсан албан шаардлагыг хариуцагчид хүргүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, Ц.Ганбаатарын хаяг тодорхойгүй, түүнтэй холбогдох боломжгүй байсан гэх тайлбараа нэхэмжлэгч нь баримтаар нотлоогүй байна.

Иймд хариуцагч Ц.Ганбаатарын хүлээн авсан 4 775 000 төгрөгөөс гэрээний 2 сарын хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нийт 5 385 232 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээний талаар шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00586 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хариуцагч Ц.Ганбаатараас 9 311 000 төгрөг гаргуулж...” гэснийг “5 385 232 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-д олгож, үлдэх 3 925 760 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөх,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...хариуцагч Ц.Ганбаатараас 163 930 төгрөгийг гаргуулж...” гэснийг “101 113,71 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 163 930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

                               ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР                                                       

 

                                                                                         М.НАРАНЦЭЦЭГ