Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0019

 

 

 

 

 

 

 

 

                      “Ирмүүнмальти медиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхзаяа

Нэхэмжлэгч: “Ирмүүнмальти медиа” ХХК

Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайд

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 550 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жамбалдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа  

Хэргийн индекс: 128/2023/0262/З  

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 550 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Ирмүүнмальти медиа” ХХК-ийн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/489 дүгээр тушаалыг  хүчингүй болгуулах" тухай шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

            Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхзаяа шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

2.1. “...Хариуцагчаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг тус тус үндэслэсэн. Гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий актын үндэслэл болгосон хуулийн зохицуулалт, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэн актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болсон гэж үзэж байна.

2.2. Нэхэмжлэгч компанийн ашиглах эрхтэй байсан гэх газар нь усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй, ойн сан бүхий газартай давхцалтай байгаа нь нотлох баримтаар тогтоогддог. (Маргаан бүхий газрын ойн сантай давхцалтай хэсэгт маш олон мод ургасан байгаа талаарх гэрэл зураг хэрэгт авагдсан.) Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт "Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.", Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно." гэж заасан. Маргаан бүхий акт нь дээрх хуульд нийцүүлж гаргасан үндэслэлтэй шийдвэр. Мөн Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт "Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.", 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтад "ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах;"-ыг хориглохоор заасан. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ.", 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 1 дэх заалтад "байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;" гэж заасан.

2.3. Гэтэл анхан шатны шүүхээс "Усны болон Ойн тухай хуульд заасан дээрх зохицуулалт нь газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлд шууд хамаарахгүй ба харин нэхэмжлэгч газар ашиглах явцдаа хуулийн дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд түүнийг нь тогтоосны үндсэн дээр Газрын тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох цуцлах тохиолдолд хэрэглэх юм" гэж дүгнэсэн. Байгаль орчинд аливаа хохирол учрахаас урьдчилан сэргийлж, дээрх хуулиудын хэрэгжилтийг хангах нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үндсэн үүрэг байхад заавал хохирол учирсны дараагаар таслан зогсоох ёстой хэмээн шийдвэрлэж байгаа нь байгаль орчны талаарх төрийн бодлого, зохицуулалтад нийцэхгүй бөгөөд хэрвээ шүүхийн дээрх шийдвэрийг хууль ёсны гэж үзвэл БОАЖЯ үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болох юм. Тиймээс давж заалдах шатны шүүх үүнийг харгалзан үзэж шийдвэрийг хүчингүй болгохыг хүсэж байна.

2.4. Мөн нэхэмжлэгч нь 2011 онд анх тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй болсон байна. Газар ашиглах эрхийг цуцлах хүртэл нийт 11 жил өнгөрсөн. Тухайн хугацаанд шүүхийн маргаантай гэсэн асуудал яригддаг боловч тус маргаан нь 11 жил үргэлжлээгүй, ашиглаж байсан газрын бүх талбайд бус 0,9 га +\газрын хувьд л болсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс 0,5 га газраа зориулалтын дагуу ашиглах боломж нь бүх цаг хугацаанд нээлттэй байсан ч нэхэмжлэгчээс газрыг ашиглаагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгчээс газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт огт гаргаж байгаагүй, ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй өдийг хүрсэн нь тухайн газарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, газрыг ашиглах сонирхолтой байгаагүй гэдэг нь харагдаж байгаа юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй." бол эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны "Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоолын 1.10-т "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно. " гэж тайлбарласан. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь ашиглах эрх бүхий газартаа гэрээнд заагдсан зориулалтын дагуу 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй, ашиглаагүй болох нь тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх үйл баримтыг "Байгаль орчин, аялал жуулчлалын сайд А/489 дүгээр тушаалаар газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэхдээ нэхэмжлэгч тухайн газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар хангалттай нотлоогүй" гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2.5. Мөн нэхэмжлэгч нь газар ашиглах эрх авсан цагаасаа хойш нэг ч удаа сунгуулах хүсэлт гаргаагүй нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтад "газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй; " гэж заасан үндэслэлд хамаарч байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

2.6. Нэхэмжлэгч 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дугаар тушаалаар Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Дээд модот буланд 4.4 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг авсан. Тэрээр уг газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу гаргаагүй, захиргааны байгууллагаас газар ашиглах эрхийг сунгасан талаарх тушаал, шийдвэр огт гараагүй тул түүний газар ашиглах эрх дуусгавар болсон гэж үзнэ. Газар ашиглах эрх дуусах үед шүүхийн маргаантай байсан гэх асуудал яригддаг ч нэхэмжлэгчээс шүүхийн маргаантай байсан хугацаагаар газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулах талаар ч ямар нэг хүсэлт ирүүлж байгаагүй. 2019 онд шүүхийн маргаан дуусаж нэхэмжлэгчийн газраас 0,9 га газрыг цуцлахаар болж, БОАЖЯ-аас газрын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрчилгээг дахин олгох талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Шинээр гэрчилгээг 2020 онд олгохдоо 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг. Тус гэрчилгээ нь анхнаасаа газрын хэмжээг өөрчлөх зорилготой байсан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалгүйгээр 5 жилийн хугацаатай олгогдсон. Гэтэл анхан шатны шүүх "...2020 онд олгосон эрхийн гэрчилгээнд хугацааг 5 жил гэж заасан тул хугацаа дууссан гэж үзэхгүй" гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалгүйгээр газар ашиглах эрх олгосон гэрчилгээ нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэж буй шүүхийн шийдвэр нь бүхэлдээ үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

            1. Хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

            2.1.Нэхэмжлэг “Ирмүүнмальти медиа” ХХК-иас, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/489 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар маргажээ.

            2.2. Маргаан бүхий Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/489 дүгээр тушаалаар “...Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 147, 10 дугаар сарын 11-ний өдрийн 203 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн Газрын тухай хууль, Ойн тухай хууль, тогтоомж зөрчсөн, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

            2.3. Анх нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Дээд модот буланд 4.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А/139 дүгээр тушаалаар “Ирмүүнмальти медиа ХХК-ийн газар ашиглах эрхийн “Жанхай тур” ХХК-ийн Г-талбайтай давхцалтай хэсэг болох 0.90 га талбайгаар хэсэгчлэн цуцалж, 3.5 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгож, улмаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/489 дүгээр тушаалаар “...Газрын тухай хууль, Ойн тухай хууль, тогтоомж зөрчсөн, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлүүдээр хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            2.4. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа ашиглаж чадаагүй тул Ойн тухай хууль, Усны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм” ... Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 “Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн хэсгийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн. Материаллаг хуулийг тухайн этгээдэд тааламжтай нөхцөл бий болгож байгаа тохиолдолд буцаан хэрэглэх боломжгүй ба нэхэмжлэгч 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Дээд модот буланд 4.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан. Иймд хуулийн тус заалтыг батлахдаа буцаан хэрэглэх талаар зохицуулаагүй тул тус заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлгүй гэж тус тус дүгнэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/489 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй байна.

            2.5. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж, 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно”, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29.1.10-т “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон газар нь усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй, ойн сан бүхий газартай давхцалтай нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

            2.6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар ашиглагч нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол түүний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай.

 2.7. Уг зохицуулалтыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 273, 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 115, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар тогтоолуудаар тайлбарласан байх бөгөөд “байгаль орчинд нөлөөлөх ерөнхий, нарийвчилсан үнэлгээ хийлгэж, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг батлуулах зэргээр тодорхой бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдэж байсан” зэргийг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулах агуулгаар хэрэглэжээ. 

2.8. Нэхэмжлэгчээс 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалаар газар ашиглах эрх авснаас хойш газрын хэмжээний асуудлаар маргаантай байсан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А/139 дүгээр тушаалаар ...3.5 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгосон ба 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэрчилгээг 5 жилээр олгосноос хойш цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан газраа ашиглаж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарлаж байх боловч анх 2011 онд газар ашиглуулах эрх олгосноос хойш 2020 онд багасгасан хэмжээгээр газар ашиглуулах гэрчилгээ олгох хүртэл 11 жил болсон бөгөөд “Жанхай орд” ХХК-ийн нэхэмжлэлээр үүссэн шүүхийн маргаан нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн газартай бүхэлдээ давхцалтай биш 0,90 га газартай хэсэгчлэн давхцалтай талаар маргаж байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар 2 жил дараалан газраа ашиглаагүй гэж үзэхээргүй байна.

2.9. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс уг газрыг ашиглах эрх авснаас хойш Газрын тухай хуульд заасан газрын төлбөрийг огт төлж байгаагүй бөгөөд газар ашиглах хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байгаагүй нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аль нэг нөхцөл бүрдсэн тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг хариуцагчид хуулиар олгосон, энэ хэргийн тухайд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 33 дугаар зүйлийн 33.6-д заасан үндэслэл бүрдсэн болох нь тогтоогдсон, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/489 тоот тушаал хуульд нийцсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 550 дугаар шийдвэрийн хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ирмүүнмальти медиа” ХХК-иас, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/489 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БААТАРХҮҮ

                      

           ШҮҮГЧ                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН