Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 00989

 

 

 

 

     

       2018 оны 04 сарын 23 өдөр

 

Дугаар 183/ШШ2018/00989

              

                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:, “Н” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э /РД: -д холбогдох,

түрээсийн төлбөрийн үлдэгдэл, алданги 6,297,505 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн илүү төлсөн гэх 1,638,420 төгрөг гаргуулж, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, Д.Нурболот, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболот шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н ХХК нь төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 7,047,507 төгрөгийн  нэхэмжлэл гаргаж байсныг дэмжиж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс нь татгалзаж байна. Өмнөх нэхэмжлэлийн шаардлага нь төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 4,698,337 төгрөг, алданги нь 2,349,170 төгрөг нийтдээ 7,047,507 төгрөг байсан. Хариуцагч нь гэрээний үүргийнхээ дагуу 2016.10.31-ны өдөр 300,000 төгрөг, 2016.11.31-ны өдөр 200,000 төгрөг гэх нийт 500,000 төгрөг төлсөн. Энэ төлсөн мөнгийг төлбөр барагдуулах гэрээнд заасан 4,698,337 төгрөгөөс хасч тооцон, үлдэгдэл 4,198,337 төгрөг дээрээ гэрээний 2.2 дахь хэсэгт заасан алданги 2,099,168 төгрөг, нийт 6,297,505 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн түүнчлэн 2017.05.05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн ба 1,006,880 төгрөгөөсөө татгалзаж байна. Н ХХК нь хариуцагчтай харилцан тохиролцсоны үндсэнд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2015.10.26-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдахаас өмнө хариуцагч 2015.10.15-ны өдөр Н ХХК-ийн эрх зүйн газарт хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ “улс орны хямралтай холбогдуулж түрээслэгч миний бие борлуулалтын орлого сүүлийн 9 сарын хугацаанд эрс буурсан тул төлбөрөө төлж чадахгүйд хүрч, хохирол учруулж байгаа нь үнэн болно. Иймд танай лангууг 2015.10.15-ны өдөр хүлээлгэн өгч, түрээсийн төлбөрийг хэсэгчлэн сар бүрийн 02-ны өдөр 500.000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлттэй байна” гэсэн. Уг хүсэлт нь хавтаст хэргийн 10,11 дүгээр талд байгаа. 2016.09.29-ний өдөр Н ХХК-ийн эрх зүйн газарт хүсэлт гаргах нь “миний бие танай компанид түрээсийн төлбөрөө төлөөгүйтэй үүдэлтэй үүссэн өр төлбөрийг 2015.10.26-ны өдөр төлбөр барагдуулах гэрээний дагуу 4,698,337 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Тус төлбөрийг 2016.10.15-ны өдөр эхний 500,000 төгрөгийг төлж, дараагийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлнө” гэсэн. Уг хүсэлтийн дагуу Голомт банкнаас баримт гаргаж өгсөн, уг Голомт банкны хуулгад 2016.10.30-ны өдөр 300,000 төгрөг, 2016.11.30-ны өдөр мөн адил н.Эгаас төлбөр гэж 200,000 төгрөг, нийт 500,000 төгрөг төлсөн байгаа.” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Э нь “Н” ХХК-тай 2007 оноос хойш 9 жил гэрээтэй ажилласан бөгөөд энэ хугацаанд гэрээнийхээ үүргийг нэг ч удаа зөрчиж байгаагүй. Түрээсийн төлбөрийг хожимдуулах буюу төлөхгүй байх ямарч боломжгүй билээ. Учир нь: “Н” ХХК нь бүх түрээслэгч нартай жил бүр “Худалдааны хамтын ажиллагааны гэрээ”, ”Тавилгын түрээсийн гэрээ” гэсэн 2 гэрээг хийдэг.

''Худалдааны хамтын ажиллагааны гэрээ”-гээр

-   Талбай ашигласны төлбөр,

- хамтрагч /түрээслэгч/ сар бүр борлуулалтын орлогын 0.5% -ийг маркетингийн шимтгэл бедгон төлдөг. Мөн хамтын ажиллагааны гэрээний 4.8-д Хамтрагч нь цэвэр борлуулалтын орлого Бонус хассан/-ыг Номингийн кассаар дамжуулан авах ба борлуулалтын орлогоо нуун ирагдуулах, худалдан авагчтай гар дээрээс бэлнээр тооцоо хийхийг хорнглоно гэж заасан байдаг учир бүх орлого Номингийн кассаар дамждаг учир түрээслэгчид орлого нуух асуудал гаргадаггүй бөгөөд гэрээний 5.2-д Хамтрагчийн кассаар дамжсан борлуулалтын орлогын 5.73%-ийг талбайн төлбөрт тооцож болох ба гэрээний 5.1-д заасан төлбөрөөс өндөр байгаа тохиолдолд энэ заалтыг баримтлан талбайн төлбөрийг тооцно гэж заасан байдаг. Тиймээс Д.Э нь нэхэмжлэлд дурьдсан 2015 оны 10 сарын 26-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуух гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах зориулалт бүхий талбайн 2015 оны 9 сарын түрээсийн үлдэгдэл төлбөр болох 4,698,337 төгрөгийг төлөх үүрэг үгүй бөгөөд түрээсийн төлбөрийг сар болгон төлж байсан нь баримтаар нотлогдож байна. Д.Э нь түрээсийн төлбөр төлөөгүйгээс Номингоос гараагүй харин ... өөр төрлийн бүтээгдэхүүн зарах, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хангалтгүй, өөрийн тасгийн худалдагчгүй зэрэг нь “Хамтын ажиллагааны гэрээ”-г зөрчиж байна гээд гэрээг цуцлаж талбайг чөлөөлөх мэдэгдлийг 2015.08.17-ны өдөр өгч байсан бөгөөд 2015.10.01 сард талбайг чөлөөлсөн. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр авлага үүсгээд түүнийгээ хууль эрх зүйн мэдлэггүйгээр нь сүрдүүлж “Төлбөр барагдуулах гэрээ” гэдгийг хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015 оны талбайн түрээс, тавилгын түрээс, маркетингийн шимтгэлийг 1-10 сар л бүрэн төлсөн, 11 сард талбайн түрээсийг төлсөн байна. Харин ч 2015 оны 10 сарын 01-нээс талбайг нь чөлөөлж өгчихөөд байхад нь ямар ч үндэслэлгүйгээр 10 дугаар сарын талбайн түрээс 503,440 төгрөг, тавилгын түрээс 119,952 төгрөг, маркетингийн шимтгэл 79,05 төгрөг, 11 дүгээр сарын талбайн түрээс 399,218.95 төгрөгийг түүний барьцааны мөнгө болох 700 ам доллар / анх гэрээ байгуулахад барьцаалсан/- аас нь суутган авсан байна. Энэ нь ямар нэгэн гэрээгүйгээр илүү төлбөр суутган авсан байна. Д.Эгаас 2 сарын төлбөр 1,022,650 төгрөгийг илүү авсан байна. Гэтэл юуг үндэслэж 2015 оны 9 сарын түрээс гэж гэрээ төлбөр барагдуулах гэрээ хийсэн нь ойлгомжгүй байна. Тиймээс “Төлбөр барагдуулах гэрээ” нь ямар ч үндэслэлгүй түрээслэгч Д.Эгийн эрх зүйн байдлыг дордуулсан хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж үзэж байна. Иймд “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч  Д.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Э би “Номин тав трейд” ХХК тай 2007 оноос хойш гэрээ хийж гоо сайхны бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан бөгөөд жил жилдээ гэрээ хийж гэрээний уу түрээсийн төлбөрийг орлогынхоо хувиас тооцон суутгуулж байсан. Гэтэл 2015 оны 9-н сарын түрээсийн төлбөр гэж “Н” ХХК нь нэхэмжилсэн боловч Д.Э нь 2015 оны 01 сарын 01-нээс 2015 оны 11 сарын 31-ыг хүртэл түрээсийн төлбөрийг төлсөн байна. Д.Э нь түрээслэж байсан гоо сайхны талбай болон тавилгыг нь 2015.09.29-нд чөлөөлж өгсөн учир илүү төлсөн түрээсийн төлбөрийг нэхэмжилж байна.

1. 2015.01.01-ны өдрийн Худалдааны хамтын ажиллагааны гэрээ №Т+в/15/637, 2015.01.01-ний өдрийн Тавилгын түрээсийн гэрээ №Т+в/15/260 гэрээний дагуу илүү төлсөн 10, 11-р сарын талбайн түрээс 902,658.95 төгрөг, тавилгын түрээс 119,952 төгрөг, маркетингийн шимтгэл 15,810 төгрөг нийт 1,038,420.95 төгрөг, мөн бэлнээр :өн 2015 оны 10-р сарын 30-ны өдөр Н” ХХК-ны Голомт банкны 2201088679 тоот дансанд 300,000 төгрөг, 2015 оны 11-р сарын 30-ны өдөр мөн дансанд 300,000 төгрөгийг тус тус тушаасан бөгөөд нийт 1,638,420.95 төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулж өгнө үү.

2.  2015.10.26-ны  өдрийн  ”Төлбөр  барагдуулах  гэрээ”NHE/15/52 тоот гэрээг төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлээр хоёр зүйлийг нэхэмжилсэн байна. Хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шалтгаан, үндэслэлээ сөрөг нэхэмжлэлд дурдаагүй байна. Гэхдээ хариу тайлбарт хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулж, түүнтэй төлбөр барагдуулах гэрээ байгуулж эрх зүйн байдлыг нь дордуулсан гэсэн зүйлийг дурдсан байдаг. Манай талаас эрх зүйн байдлыг нь дордуулж, хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулсан гэх зүйл нотлогдохгүй байгаа. Учир нь Д.Э нь өөрөө “Н” ХХК-д гурван ч  удаа хүсэлт бичиж, хандсаны дагуу түүнтэй төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Мөн төлбөр барагдуулах гэрээний үүргээ биелүүлээгүй төлбөрөө удаа дараа төлөөгүй учраас уг гэрээг байгуулснаас хойш 2 удаа дуудаж уулзахад график гаргаж сард 500.000 төгрөг төлөх тухай хүсэлтээ өөрийн гараар бичиж өгсөн. Уг хүсэлтийнхээ дагуу 2015 оны 10 сарын 26-ны өдөр түүнтэй төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байдаг. Ингээд 2016 оны 07 сард төлбөр барагдуулах гэрээний хугацаа дуусахад хариуцагч ямар ч төлбөр төлөөгүй тул дахин дуудаж уулзахад 2016 оны 07 сарын 16-ны өдрөөс эхлээд сар болгон 500.000 төгрөгөөр төлж төлбөрөө дуусгая. Өмнөх хугацаанд эрүүл мэндийн байдлын улмаас төлбөрөө төлж чадаагүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт н.Ганчимэг гэдэг хүнээс 8.700.000 төгрөгийн авлагатай учраас тэр авлагыг авсан даруй төлбөрийг бүрэн гүйцэж төлнө гэсэн хүсэлтийг бичиж өгсөн. Үүнээс гадна 2016 оны 09 сарын 29-ний өдөр Д.Эг дуудаж уулзаад өмнөх төлбөрөө хүсэлтийнхээ дагуу яагаад төлж барагдуулаагүй талаар асуухад 2016 оны 10 сарын 15-ны дотор эхний 500.000 төгрөгийг төлөөд үлдсэн төлбөрүүдийг мөн ижил сар болгон 500.000 төгрөгөөр төлж барагдуулъя гэсэн хүсэлтийнхээ дагуу төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Илүү төлсөн түрээсийн төлбөр гэх 1.638.420 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл нь мөн үндэслэлгүй байна. Учир нь 2015 оны 09 сарын 30-ны өдөр 5.705.000 төгрөгийн авлага үүссэн. Түүнээс гадна 2015 оны 10, 11 саруудад Д.Эрдэнтуяа нь талбайг хүлээлгэж өгөөгүй байсан. Энэ нь 2015 оны 10 сарын 09-ний өдөр Улсын их дэлгүүрийн эрхлэгч н.Энхцэцэг нь “Н” ХХК-д хандаж тухайн түрээслэгч нь талбайгаа чөлөөлж өгөхгүй байна. Тийм учраас хууль эрх зүйн дагуу арга хэмжээ авч энэ хүний талбайг чөлөөлүүлж өгнө үү гэсэн хүсэлтээр нотлогдож байгаа. Мөн Д.Эгийн 2015 оны 10 сарын 15-ны өдөр талбайг чөлөөлж өгнө, одоогоор түрээсийн төлбөр төлж чадахгүй, компанид хохирол учруулж байгаа нь үнэн гэсэн өөрийнх нь хүсэлт зэрэг эдгээр нотлох баримтуудаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үгүйсгэгдэж байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

         Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага 6,297,505 төгрөгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 7,047,507 төгрөг гаргуулахаар хариуцагч Д.Эд холбогдуулан  шүүхэд анх нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөл зохих төлбөрийн зөрүү гэх 1,006,880 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байсан, 2018.03.07-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагын тодруулгад “...үлдэгдэл 4,698,337 төгрөг дээр харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015.10.26-ны өдөр NHEZ/15/52 дугаартай төлбөр барагдуулах гэрээг байгуулж нэхэмжлэл гаргасан” гэжээ.

Хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, түрээсийн төлбөрт илүү төлсөн 1,638,420 төгрөг гаргуулах, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд Н ХХК-тай 2015.10.26-ны өдөр NHEZ/15/52 дугаартай төлбөр барагдуулах гэрээг Д.Э байгуулсан, уг гэрээгээр УИД-ийн 1 дүгээр давхарт гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдан борлуулдаг түрээслэгч Д.Э нь түрээсийн төлбөрийн 2015 оны үлдэгдэл 9 сарын төлбөрт 4,698,337 төгрөгийг сар бүрийн 03-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж, гэрээнд заасан 4,698,337 төгрөгийн өр төлбөрийг 2016.07.03-нд төлж дуусгахаар тохиролцон, төлбөр барагдуулах гэрээний график гаргаж талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Мөн Номин  холдинг ХХК-ийн эрхзүйн газарт түрээсийн төлбөрийг хэрхэн төлөх талаар 2015.10.15-нд, 2016.06.17-нд, 2016.09.29-нд хариуцагч Д.Э удаа дараа хүсэлт гаргаж, 2015.10.15-ны өдрөөс лангуугаа албан ёсоор хүлээлгэн өгч, түрээсийн үлдэгдэл төлбөр 4,698,337 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн байна.

Шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд Д.Э 2007 оноос хойш 9 жил Н ХХК-тай гэрээтэй ажилласан, жил бүр Худалдааны хамтын ажиллагааны гэрээ, Тавилгын түрээсийн гэрээг бүх түрээслэгч нартай байгуулдаг, энэ дагуу 2015.01.01-ний өдөр дээрх гэрээнүүдийг тус тус 2015.12.31-нийг хүртэл хугацаагаар Номин тав трейд ХХК-тай байгуулсан байна.

Дээрх 2 гэрээгээр Д.Эгийн үйл ажиллагаа явуулах талбай нь УИД-ийн 1 давхарт байрлах 5.6 м/кв талбайн хэмжээнд үйлчлүүлэгчийн зогсох хэсэг буюу лангуу тавиураас 70 см-ийн зайг оруулан тооцож, 1м/кв талбайн төлбөрийн хэмжээг 89,900 төгрөг, нэг сарын талбайн төлбөрийн хэмжээ нийт 503,440 төгрөг байхаар тохиролцож, түрээсээр эзэмших тавилга нь 1.36 м/кв болохыг тус тус тогтоосон байна.

Номин тав трейд ХХК нь 2015.09.30-ны өдрийн 01 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу Д.Эд холбогдох авлага, түүнтэй холбоотой үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах бүх эрхийг Н ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд авлагын нэгдсэн тооцоолол, POS-ын ерөнхий борлуулалтын тайлан, харилцагчийн дансны хуулга, кассын зарлагын ордер, 2015.10.26-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг үндэслэн Н ХХК нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж заажээ.

Номин тав трейд ХХК-ийн дүрмийн 3.1-д зааснаар тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид нь Ш.Баярсайхан, Н ХХК нар байна. Түрээслэгч Д.Э түрээсийн төлбөрийн тооцоог Н ХХК-тай нийлж, талуудын хооронд төлбөр барагдуулах гэрээ байгуулсаныг үзвэл хариуцагчид холбогдох авлагыг шаардах эрх Н ХХК-д шилжсэнийг үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн, гэрээний 2.2-т графикт хугацаанд төлөгдөөгүй өрийн үлдэгдлийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам тооцохоор тохиролцсон байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4,698,337 төгрөгийг хэрхэн төлөх талаар тохиролцож, Н ХХК болон түрээслэгч Д.Э нарын хооронд 2015.10.26-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагч Д.Эгийн 2016.10.31-нд төлсөн 300.000 төгрөг, 2016.11.31-нд төлсөн 200,000 төгрөг нийтдээ 500,000 төгрөгийг төлбөр барагдуулах гэрээний дүн 4,698,337 төгрөгнөөс хасч,  үлдэх 4,198,337 төгрөгийн 50 хувиар алданги тооцож 2,099,168 төгрөгийг нэмж нийт 6,297,505 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээх бөгөөд тухайлбал 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 25.2.3-т шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, 25.2.4-т шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байна.

Хариуцагч талыг  нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд  түрээсийн төлбөрт 1,638,420 төгрөгийг илүү төлсөн талаар нотолсон баримтгүй,  төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл нь тодорхойгүй, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан ямар үндэслэл, журмын дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан нь ойлгомжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Д.Э өөрт нь холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй гэдгийг мэдэж байгаа, Монгол Улсын Дээд шүүхийн 2017.12.21-ний өдрийн 01675 тогтоолыг 2018.01.17-нд өөрөө гардаж авсанаас хойш шүүхэд хүрэлцэн ирээгүй болно.

           Иймд хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн  77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж заасныг баримтлан, энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмааг шүүхээс дуудахад ирээгүй, 99032238 дугаарын утсаар мэдэгдэхэд ”... олгогдсон итгэмжлэлийн хугацаа дууссан, хариуцагч Д.Эг Солонгос улс руу явсан, гэрт нь хүнгүй, хэзээ ирэхийг мэдэхгүй” гэсэн хариу өгсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 57 дугаар зүйлийн 57.1-д  зааснаар  Д.Эгаас 6,297,505 төгрөг гаргуулж “Н” ХХК-д олгож, хариуцагчийн илүү төлсөн 1,638,420 төгрөг гаргуулж, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Д.Эгаас 115,710 төгрөг гаргуулж Н ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,710 төгрөг, хариуцагчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,288 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ