Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/712

 

 

 

 

 

 

 

 

      2022         6            03                                          2022/ШЦТ/712

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Чинзориг,

хохирогч Ч.Б,

шүүгдэгч У.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар Боржигон овгийн Удвалын Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00088 0172 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, үйлчлэгч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт С/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч У.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа Тоёота Приус маркийн 15-28 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2022 оны 01 дүгээр сарын 28-ны оройн 19 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа, Зээлийн 27 дугаар гудамжны зүүн замд замын хөдөлгөөнд оролцохдоо  зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.Бг мөргөн хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 159 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч У.С.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч У.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа Тоёота Приус маркийн 15-28 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож 2022 оны 01 дүгээр сарын 28-ны оройн 19 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа, Зээлийн 27 дугаар гудамжны зүүн замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Бг мөргөн хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

 

Энэ нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх8-17/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...19:25:40 дэх секундэд явган зорчигч гүйж байгаа нь харагдах ба хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан автомашин ямар нэгэн зогсоох үйлдэл хийлгүй явсаар явган зорчигчийг автомашиныхаа зүүн урд хэсгээр мөргөж байгаа нь харагдах ба бичлэгийн 19:25:42 дэх секундэд явган зорчигч газар унаж байгаа нь харагдах ба автомашин явган зорчигчийн дээгүүр нь гаран бууж зогсож байгаа нь дүрс бичлэгээр харагдав...” гэсэн. /хх81/,

- хохирогч Ч.Бгийн “...төв замаар замынхаа зүүн талаар хойноос урагшаа чигтээ явж байхад замын хойд хэсгээс тод гэрэл асахаар нь автобус байна гэж бодоод замын зүүн талаас баруун хэсэг рүү диагональдсан хэлбэрээр гүйгээд ороход миний тал руу хойноос урагш чиглэлтэй явж байгаа машин мөргөөд газар унагаасан. Тэгээд би босох гэтэл ахиад хөдлөөд миний баруун хөл дээгүүр гарсан... одоогоор 360.000 орчим төгрөгийн хохирол гарсан, жолооч талаас 650.000 орчим төгрөг эмчилгээнд зарцуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг, /хх19/,

              - иргэний хариуцагч Ё.Даваанямын “...У.С нь миний эхнэр байгаа юм. ...би дээрх машиныг 2021 онд худалдаж авсан миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Мөнгөний хэрэг гараад банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Би иргэний хариуцагчаар оролцож байгаа гэдгээ ойлгож байна, мөн цаашид гарч байгаа зардлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх23/,

              гэрч А.Цэрэнбадамын “...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цаг 35 минут болж байсан. Хүүхдээ цэцэрлэгээс аваад замын баруун гар талаар хойноосоо урагшаа чиглэлтэй автобусны буудал руу алхаж явсан. Тэр үед манай хүүгийн цэцэрлэгийн багш замын зүүн талд хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан. Хойноос нэг машин ирж байсан. Тэгэхээр нь би хоёр хүүхдээ бариад зам руу орчих вий гэж бодоод багш чинь замын цаана явж байх шиг байна гэж хэлээд байж байтал “түк” гээд чимээ гарсан. Тэгэхээр нь эргээд хартал манай хүүгийн багш Б хойноосоо урагшаа чиглэлд явж байсан автомашинд мөргүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх31/,

- шүүгдэгч У.Сийн яллагдагчаар өгсөн “...Би хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой нийт 1.000.000 орчим төгрөг төлсөн. Одоогоор өөр төлбөр төлөх боломжгүй байна. Би айлд үйлчлэгч хийгээд 10 гаруй хонож байгаа. Би хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна. Өөрийн гэм бурууг ойлгож байна..” гэсэн мэдүүлэг /хх108/,

- хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 2390 дугаар дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

            3. Хохирогч Ч.Бгийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд “биед баруун аарцаг ясны умдаг, суудал яс дайрсан хугарал, баруун 2, 3, 4-р хавирганы хугарал, баруун тохойд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” /хх53/ гэжээ.

           

4. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

 

5. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 339 дугаар магадалгаанд “жолооч У.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно.

а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ... жолоодох, 3.4 дэх заалт “жолооч дараах үүргийг хүлээнэ, а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 5.3 Гэрэл ...бүдэг асдаг болсон, мөн дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн явган зорчигч Ч.Б нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 5.12 Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдлоо” гэжээ. /хх97/

 

6. Дээрх тохиолдолд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн техникийн бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, хохирогчийг мөргөсөн даруйд тээврийн хэрэгслийг зогсоож чадалгүй дахин дээгүүр нь гаргасан нь түүний жолоодох эрхгүй, жолоодох ур чадварын шаардлага хангахгүй байдалтай холбоотой гэж дүгнэлээ.

Мөн хохирогч Ч.Б нь осол гарах үед явган хүний гарцтай хэсэг байхад тухайн гарцтай хэсгээр гараагүй буюу үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг биелүүлээгүйгээс зам тээврийн осол гаргажээ. Хохирогчийн дүрэм зөрчсөн үйлдэл нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэхгүй буюу шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох ур чадвар, туршгүй байдал нь ослын үндсэн шалтгаан гэж дүгнэлээ.  

 

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч У.Сийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 1.377.220 төгрөг, хохирогчийг түүний нөхөр асарсны улмаас нэмэгдэл цалин болох 248.760 төгрөгийг авч чадаагүй тул тухайн цалинг, мөн хохирогч ажилгүй байсан 4 сарын хугацааны цалинд 3.000.000 төгрөг тус тус нэхэмжилжээ.  

9. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Бд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 830.000 төгрөг төлсөн нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг төлөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй

10. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

11. Шүүхээс ослын улмаас хохирогчид баримтаар 1.377.220 төгрөгийн хохирол учирсан, мөн хохирогчийг асарч сувилсантай холбоотой дутуу авсан цалин 248.760 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зөв байна.

Мөн хохирогч нь сарын 800.000 төгрөгийн цалин авдаг /хх78/ нь цалингийн тодорхойлолт, банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд 4 сарын ажилгүй байсан хугацааны цалинд 3.000.000 төгрөг нэхэмжилсэн хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ..  

Иймд шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 3.795.980 төгрөг гаргуулж хохирогчид олгуулж шийдвэрлэв.

12. Хохирогч Ч.Бгийн эрүүл мэндийн байдал бүрэн сэргээгүй байх тул эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

13. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн жолоодон явсан тээврийн хэрэгсэл  иргэний хариуцагчаар тогтоогдсон шүүгдэгчийн нөхөр Ё.Даваанямын нэр дээр бүртгэлтэй, уг тээврийн хэрэгслийг гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэхээр байх тул иргэний хариуцагчаас хохирол гаргуулах шаардлагагүй гэж дүгнэсэн болно. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

13. Улсын яллагчаас шүүгдэгч У.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан бол хохирогч Ч.Б нь эрүүгийн хариуцлагын талаар санал хэлээгүй болно.

14. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч У.С нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын заримыг нөхөн төлсөн, үлдэх хохирлын нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

15. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс осол гаргасан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг нь харгалзан үзлээ.

16. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн хувьд эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй, түүнчлэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх боломжтой гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бадарчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

18. Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

19. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

20. Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

23. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 3.795.980 /гурван сая, долоон зуун ерэн таван мянга, есөн зуун наян/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Бд олгосугай.

7. Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хамт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР