Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/722

 

 

 

 

 

 

 

 

 

      2022           6         06                                          2022/ШЦТ/722

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Р.Мягмардорж,

хохирогч Э.С,

шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа /ҮД-0967/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Мягмардоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0513 дугаартай хэргийг 2022 оны 4  дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа жимс, ногооны худалдаа эрхэлдэг, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн, урьд:

- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 483 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

У /РД: //,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.У нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 4-1 тоот хашааны гадна өөрийн эзэмшлийн 30-09 УАЕ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинаар Э.Сүх-Эрдэнийн эзэмшлийн 07-16 УАО улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг мөргөн гэмтэл учруулж, бусдад 1.151.450 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Мөн 30-09 УАЕ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинаар Э.Сүх-Эрдэнийг мөргөж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 438 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.У.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болохыг дурдаж байна.

            2. Хохирогч Э.С нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой хохирлыг нэхэмжлэх хүсэлтэй байгааг илэрхийлж оролцсон.

            3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд хохирогч Э.С, шүүгдэгч Д.У нар нь худ ургийн харилцаатай хүмүүс байх ба шүүгдэгч Д.У нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 4-1 тоот хохирогчийн хашааны гадна өөрийн эзэмшлийн 30-09 УАЕ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинаар хохирогч Э.Сүх-Эрдэнийн эзэмшлийн 07-16 УАО улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг 2-3 удаа мөргөж гэмтэл учруулж, эд хөрөнгөд нь 1.151.450 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үйлдлийг нь зогсоох гэсэн хохирогч Э.Сүх-Эрдэнийг мөргөж тээврийн хэрэгслээрээ мөргөж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Э.Сүх-Эрдэнийн “...хашааны гадна түс гэх чимээ гарахаар нь би юу болов гээд гараад хартал хашааны гадна байсан 07-16 УАО улсын дугаартай хар өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг манай бэр эгч У өөрийнхөө 30-09 УАЕ улсын дугаартай улаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслээр мөргөчихсөн миний машины ард нь наалдсан байсан ба би гүйж гараад та яаж байгаа юм бэ гэсэн чинь У эгч машинтайгаа ухарч байгаад дахин 3 удаа миний машины ар хэсэг рүү нь мөргөсөн. Тэгээд та яагаад байгаа юм бэ гэсэн чинь У машинтайгаа яваад өгсөн хаашаа явсан талаар мэдэхгүй байна. Тэгээд би гэр рүүгээ ороод байж байтал машины гэрэл гарахаар нь би дахиад миний машиныг мөргөчхөж магадгүй гээд гэрээсээ гарсан чинь У эгч дахиад ирчихсэн байж байсан ба У эгч машинаасаа бууж ирэхээр нь та яагаад байгаа юм бэ гэсэн чинь намайг хэзээ бардаг болчихсон юм гэж хэлээд У эгч машиндаа суугаад намайг машины хажууд зогсож байтал намайг өөрийнхөө машинаараа миний зүүн талаас хэвлий, гуя хэсэг рүү мөргөхөөр нь би газар унасан чинь У эгч машинтайгаа ухраад яваад өгсөн. ...надад одоо тухайн эмнэлэгт үзүүлсэн талаар баримт байхгүй тухайн үед бэр эгч У надад хохирол мөнгө гэж бэлэн 1.500.000 төгрөг өгөөд миний эм болон машины хохирлыг барагдуулаад өгчихсөн тул би тухайн баримтуудаа хаячихсан...надад одоо ямар нэгэн нэхэмжлэн зүйл байхгүй. Би тухайн үедээ бэр эгч Уээс хохирлоо барагдуулаад авчихсан тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх16, 19/,

            - гэрч Аийн “...манай охин С гэрээс гараад явсан. Тэгсэн удалгүй манай охин С орилохоор нь би гайхаад гэрээс гараад хартал манай охин С машиныхаа хажууд уйлаад байж байсан. Тэгэхээр нь би яваад очтол нь манай бэр У өөрийнхөө улаан машинаараа манай охин Сүх-Эрдэнийн хар өнгийн машины араас нь мөргөчихсөн байсан. Тэгсэн манай бэр У машиндаа суугаад манай охин Сүх-Эрдэнийн араас нь мөргөчхөөд яваад өгсөн...Манай бэр У тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх24/,

            - 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...07-16 УАО улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгслийн хойд гупер зүүн хойд хэсэгт хагарч хонхойсон, зүүн хэсгээрээ салсан байдалтай байв. 30-09 УАЕ улсын дугаартай улаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хүрээ, урд гуперийн урд хэсэг хагарч хонхойсон, зүүн урд гупер  хойд хэсгээрээ салсан, гуперийн зүүн хэсэгт хагарсан байв...” гэжээ. /хх3/,

            - 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/,

- шүүгдэгч Д.Уийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...манай хуурай эгч Отгонцэцэг манай гэрт ирэхдээ согтуу 2.4 литрийн Нийслэл нэртэй пиво 1 ширхэг аваад ирсэн. Тэгээд нөхөр, эгч бид 3 тэр пиво-ийг хувааж ууж дуусгаад манай нөхөр Гантөгс архиндаа согтоод унтаад өгсөн. ... Тэгээд хадам ээжийн гэрт ирсэн чинь хадам ээжийн гэрийнх нь хашааны гадаа манай нөхрийн дүү болох Сүх-Эрдэнийн 07-16 УАО улсын дугаартай хар өнгийн Приус-30 маркын машин зогсож байхаар нь би тухайн үедээ согтуу бас С өмнө нь миний хүүхдүүдийг гэрээсээ хөөж туугаад байдаг болохоор миний уур, дургүй хүрээд байсан болохоор Сүх-Эрдэнийн машины араас би машинтайгаа очоод мөргөчихсөн. Тэгсэн чинь С гэрээсээ гарч ирээд та одоо яаж байгаа юм бэ гээд орилоод байхаар нь би дахиад Сүх-Эрдэнийн машины араас 2-3 удаа мөргөсөн ба С хэл амаар доромжлоод байхаар нь би машинаасаа буугаад чи юу гээд байгаа юм бэ гээд машиндаа сууж байгаад С машиныхаа хажууд зогсохоор нь би Сүх-Эрдэнийн араас нь машинаараа мөргөчхөөд гэр рүүгээ яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх101-102/ зэргээр нотлогдож байна. 

           

            4. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 8195 дугаартай дүгнэлтэд хохирогч Э.Сүх-Эрдэнийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг 1.151.450 төгрөгөөр тогтоосон ба хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна. /хх36/

5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 3440 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Э.Сүх-Эрдэнийн биед тархи доргилт, баруун бугалганд цус хуралт, баруун мөр, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг топгоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх27/,

 

6. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр автомашинаар мөргөсөн үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн, мөн хохирогчийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч нь санаатай гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Хохирогч Э.С нь хохирлын баримт гаргаж хэрэгт хавсаргуулаагүй байх шүүгдэгч Д.Уээс 1.500.000 төгрөгийг хүлээн авсан болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн болно.   

9. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах талаар заасан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэжээ.

10. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирол болох 1.151.450 төгрөг төлөгдсөн, мөн үлдэх 348.550 төгрөгийг эрүүл мэндэд учирсан хохиролд төлсөн гэж тайлбарласан бол шүүгдэгч цаашид хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн болно. 

11. Хохирогч Э.С нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд “Соронзон резонанст томографийн шинжилгээ”-ээр зүүн өвдгөө харуулсан “...урд чагтан холбоос бага зэрэг нимгэрсэн, бүтэц жигд бус, арын чагтан холбоос бага зэрэг сунасан, үений шингэний хэмжээ бага зэрэг ихэссэн...” дүгнэлтийг шүүхэд гаргаж өгсөн, мөн тэрээр мөргүүлснээс хойш хөл өвддөг болсон, цаашид эмчилгээ  шаардлагатай талаар мэдүүлсэн зэргээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй нөхцөл тогтоогдож байна.

12. Хохирогч Э.С нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй танилцсан, тухайн дүгнэлтийг зөвшөөрч байгаа гэж тайлбарласан тул түүний “Соронзон резонанст томографийн шинжилгээ” хийлгэсэнтэй холбоотой асуудлыг гэмт хэргийн хор уршигт хамааруулан үзэх боломжтой гэж дүгнэлээ.

13. Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хортой холбоотой холбогдох эмчилгээг хийлгүүлэн, тухайн эмчилгээнд гарсан зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

14. Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

15. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг, хохирогчид хохирол төлсөн, шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан хэрэг тус бүрд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

16. Хохирогч шүүгдэгчийг өөртэй нь уулзахыг хязгаарлах ял оногдуулах хүсэлт гаргасан.

17. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Д.У нь хохирогчид учруулсан хохирлыг баримтын хэмжээнд төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

18. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд бага насны хүүхдүүдтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

19. Иймд шүүгдэгч Д.Уийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 1.300.000 төгрөгөөр тогтоов.

 

20. Шүүгдэгч Д.У нь хохирогч Э.Сүх-Эрдэнийн төрсөн ахын эхнэр ба хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хохирогчид нөлөөлсөн, дарамталсан, мөн хохирогчид аюул учруулж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоогүй тул хохирогчтой харилцахыг хориглох шаардлагагүй гэж дүгнэсэн болно. 

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

21. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Д.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

            Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ут оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн торгох ялын хэмжээг 1.300.000 /нэг сая, гурван зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 7 /долоон/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийг арилгахад гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР