| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0735/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/723 |
| Огноо | 2022-06-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/723
2022 6 06 2022/ШЦТ/723
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Ж.Сувданчимэг,
хохирогч Н.О,
шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Сувданчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дамбын Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 03067 0527 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт
Э /РД: /
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 4-4 тоот гэртээ байхдаа бэр эгч Н.Оын эзэмшлийн “Самсунг А2” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 383 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Д.Э:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Э нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 4-4 тоот гэртээ байхдаа бэр эгч Н.Оын эзэмшлийн “Самсунг А2” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 350.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Н.Оын “...Би 2021 оны 11 дүгээр сарын 16-ны 17 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд манай нөхөр Эрдэнэбилэгийн төрсөн дүү Эийнд том охин болох Номинг авах гээд гэрт нь очтол Э нь хоол цай хийж өгөөд бид 2 юм яриад сууж байсан чинь манай охин Номин гар утсаа өгч байгаач гээд манай нөхрийн шинээр авч өгсөн гар утсыг аваад тоглоод байж байсан. Тэгээд Э нь шартаж үхлээ чамд мөнгө байна уу гээд надаас асуусан. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай нөхөр Эрдэнэбилэгийн хамаатан Зоригоо нь хөдөөгөөс ирээд бид нар уучихсан байсан. Миний бие тавгүй, шартаад байсан учир Э бид 2 дэлгүүрээс 2 ширхэг Сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво аваад Эийн гэрт орж уусан. ... 18 цаг өнгөрч байхад манай төрсөн эгч Мөнхцацрал залгаад Номин гэртээ ирэхгүй гэж байвал хүрээд ир, хоёулаа юманд явъя гэхээр нь гарах гээд хувцсаа өмсөөд миний охин ээжийнхээ гар утсыг аваад ирээч гэсэн чинь би Чимгээ эгчийн орон дээр тавьсан, та очоод авчих гэхээр нь Чимгээгийн орон дээр очиж үзтэл миний гар утас байгаагүй. Хаана байгаа юм бэ гэж дахиж асуутал би хамгийн сүүлд Чимгээ эгчийн орон дээр тавьсан гэж хэлсэн. Тэр үед Чимэгээ би гялс хүнтэй уулзчихаад ирье гээд шууд гараад явсан. Чимэгээ тухайн өдөр гэртээ орж ирээгүй гадуур хоносон. Би Чимэгээгийнд гар утсаа хайгаад олохгүй байхаар нь Чимэгээгийнд манай нөхөр Эрдэнэбилэг, манай охин Номин болон Чимэгээгийн охин Энхсаран бид 5 цуг хоносон. Маргааш өдөр нь 13 цаг өнгөрч байхад Чимэгээ согтуу орж ирсэн. Би миний утас байхгүй байна гэсэн чинь юу яриад байгаа юм бэ гээд байхаар нь би гэрээс нь гараад явсан. ...Би Д.Эээс 100.000 төгрөг авсан... надад хохирлын мөнгөө 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр цалингаа буухаар өгнө гэж ярьж тохиролцсон. Тиймээс цаашид надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх15-22/,
- гэрч Д.Эрдэнэбилэгийн “...Нэг сэрсэн манай эхнэр гар утас алга болчихлоо гээд хайгаад байж байсан чинь манай дүү Э би гялс гарчхаад ороод ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд Э нь тухайн өдөр гэртээ ирээгүй гадуур хоносон. Эхнэр бид хоёр Эийн гэрт нь хоносон. Маргааш нь 12 цаг өнгөрч байхад Э нь согтуу орж ирээд хэвтээд өгсөн. Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ариана компьютер” гэсэн газраас 449.900 төгрөгөөр зээлээр авч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх30/,
- гэрч Э.Эрдэнэцогтын “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э гэх хүн “Самсунг” А2 маркийн гар утас барьцаанд тавиад 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1 цаг 18 минутад буцааж авсан. Тухайн иргэнтэй хийсэн зээлийн гэрээ нь байгаа. Гэрээний дугаар нь 312” гэсэн мэдүүлэг /28/, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
3. Мөн шүүгдэгч Д.Эийн яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би тэр хоёртой цуг сууж байгаад өөрийн унтдаг орон дээр Самсунг галакси А2 маркийн гар утас байхаар нь авч гараад ломбардад тавиад буудалд хоносон... Би тухайн үед мөнгөгүй байсан болохоор утсыг нь аваад ломбардад тавьж архи авах гэж байсан. Би бусдад учруулсан хохирлоо барагдуулж байгаа, одоогийн байдлаар 100.000 төгрөгийг нь өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь би барагдуулна. Одоогоор ажил хийгээгүй. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орох болохоор цалингаа буусан үедээ бүрэн барагдуулж өгнө...” гэсэн /хх95-97/ мөн шүүх хуралдаанд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авснаа хүлээн зөвшөөрч байна гэсэн ба түүний мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд харилцан зөрүүгүй, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн гэж үзэхээр байна.
4. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг зөвшөөрөлгүй авч, барьцаалан зээлдүүлэх газарт тавьж, мөнгө авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх ба уг үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 350.000 төгрөгийн хохирол учирсан байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Хохирогч Н.О нь хохиролд 200.000 төгрөг хүлээн авсан, үлдэгдэл 150.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа гэснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн болно.
7. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эээс 150.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Од олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорих үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.
9. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй. Улмаар шүүгдэгч Д.Эийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын байдал бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.
12. Шүүгдэгч Д.Э нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, бага насны хүүхэдтэй, блокны үйлдвэрт ажилладаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
13. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Эт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
15. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
16. Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
17. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дамбын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эээс 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Од олгуулсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР