| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 101/2018/01726/и |
| Дугаар | 01548 |
| Огноо | 2018-05-10 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 01548
2018 оны 05 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2018/01548 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, Нарны зам барилга дүгээр давхарт байрлах, “М.Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Гранд плаза”-гийн тоотод байрлах, “Е.Ш” ХХК-д холбогдох даатгалын хураамжийн үлдэгдэл төлбөр 254694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянав.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч “М.Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Е.Ш” ХХК манай компанитай Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай, 1400010728 дугаартай “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г байгуулан, даатгуулагч 295000 төгрөгийн даатгалын хураамжийг даатгагчид төлөхөөр тохиролцсон.
Гэтэл 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 40306 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 254694 төгрөгийг төлөөгүй тул Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт заасны дагуу гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан “Даатгалын гэрээ”-г үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа нь М.Д ХХК, “Е.Ш” ХХК нарын хооронд гэрээ байгуулсан гэх үндэслэлгүй, “Е.Ш” ХХК-ийн тамга тэмдэггүй, компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд гэрээ байгуулсан гэдэг нь нотлогдохгүй, даатгуулагчийн гарын үсэг зурагдаагүй, манай байгууллага хариуцагчаар оролцох этгээд биш тул нэхэмжлэлийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч М.Д ХХК, хариуцагч “Е.Ш” ХХК-д холбогдуулан даатгалын хураамжийн үлдэгдэл төлбөр 254694 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Оюунсайхан “шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай компанийн тамга тэмдэг дарагдаагүй, эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хавтас хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.Д ХХК, 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1400010728 дугаартай “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г даатгагчийг төлөөлж Г.Должинсүрэн, даатгуулагчийг төлөөлж н.Жамъяншарав нар гарын үсгээ зурж, “Toyota prius-30” маркийн УБҮ 95-63 улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн суудлын автомашинын даатгалын хураамжид 295000 төгрөг даатгагчид төлөхөөр харилцан тохиролцож, гэрээг байгуулсан нь тогтоогдож байна.
2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагчийн төлөөлөгч “ тус гэрээнд “Е.Ш” ХХК-ийн тамга дарагдаагүй, компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдаагүй, хэн ч танихгүй н.Жамъяншарав гэдэг хүний гарын үсэгтэй, бидэнд мэдэгдэхгүйгээр гэрээ байгуулсан” гэх тайлбарыг гаргасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, “Е.Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Минжбадгар овогтой Гантулга болох нь Улсын бүртгэлийн 0000122674 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож, гэрээнд гарын үсэг зурсан н.Жамъяншарав компанийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх нь баримтаар тогтоогдохгүй, гэрээний ар талын хуудасны “гэрээ байгуулсан” хэсэгт даатгагч, даатгуулагчийн гарын үсэг зурагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчийг 40306 төгрөгийг төлсөн гэж дурдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар дээрх урьдчилгаа төлбөрийг хариуцагч төлсөн талаар нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8290 төгрөг 80 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсгүүдэд зааснаар М.Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Е.Ш” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8290 төгрөг 80 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА