Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/736

 

 

 

 

 

 

 

 

 

      2022           6         08                                          2022/ШЦТ/

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч, хохирогч Т.Л, А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л, Ариунбат нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0900 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эко пак монгол” ХХК-нд цавуучин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт

/,

 

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт

/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Л, А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нийслэл” пабын гадна 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хоорондоо маргалдан харилцан зодолдож, хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 659 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Т.Л, А.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Т.Л, А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 4 дүгээр сарын 09-ний орой Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нийслэл” пабын гадна хоорондоо маргалдан харилцан зодолдож үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь Т.Лгийн хохирогчоор мэдүүлсэн “...Тэгээд Нийслэл пабын үүдэнд би Ариунбатын цээжин тус газар баруун гараараа 1 удаа цохисон чинь намайг барьж аваад толгойгоороо мөргөсөн юм. Тэгээд би хөлөөрөө өшиглөх гэсэн чинь миний хөлийг барьж аваад би газар унаад миний цээжин дээр гараад суучихсан юм. Тэгээд миний нүүрэн тус газар олон удаа цохисон. Ам хэсэг рүү 1 удаа цохичхоод дахиж цохих гээд гараа далайгаад байхаар нь би үснээс нь зулгаасан. Нүүр, ам, хүзүү хэсгийг нь өөрийгөө хамгаалаад маажчихсан юм. Тэгээд босоод ирсэн чинь хамраас цус гарчихсан байсан ба би цагдаа дуудаад Ариунбат, Баярмагнай хоёр таксинд суугаад явсан юм. ...Миний биед учирсан гэмтлийг Ариунбат нь миний дээр дарж суугаад нүүрэн тус газар болон ам хэсэг рүү гараараа цохиж учруулсан гэмтэл байна. Харин Ариунбатад учирсан гэмтлүүд нь бид хоёр хоорондоо харилцан зодолдож, ноцолдсон, барьцалдсан үед үүссэн гэмтлүүд байна, миний дээр гараад суучихаар нь би өөрийгөө хамгаалж нүүр ам, хүзүү хэсгийг нь маажиж үснээс нь зулгаасан юм..” гэсэн мэдүүлэг /хх7-9/,

            Аын хохирогчоор мэдүүлсэн “...Л бид хоёр маргалдаад байж байсан чинь Л миний элэг рүү гараараа 1 удаа цохисон чинь би газар унасан чинь миний дээр гараад нүүрэн тус газар гараараа цохиод байсан юм. Тэгээд би дээрээсээ түлхэж холдуулаад өөрөө дээр нь гарч байгаад хамар хэсэг рүү нь 2 удаа цохисон ба бид хоёр нэг нэгэнтэйгээ их ноцолдож зууралдсан юм..” гэсэн мэдүүлэг /хх12-13/,

            - гэрч Бн “...Тэгээд пабны үүдэнд бид 4 байж байхад Л нь Ариунбатын цээжин тус газар цохиход Ариунбат өвдгөөрөө сөхрөөд уначихсан чинь Л дээр нь гараад нүүрэн тус газар нь гараараа 3-4 удаа цохисон. Тэр хоёр хоорондоо ноцолдоод, зууралдаад байсан. Тэгтэл Ариунбат нэг мушгиад Лгийн дээр нь гараад нүүрэн тус газар нь 3-4 удаа цохисон ба Л нь өөрийгөө хамгаалаад хоорондоо ноцолдоод байсан юм. Тэгээд тэр хоёрыг Батдорж бид хоёр салгасан чинь Лгийн хамраас нь цус гарсан байсан, Ариунбатын нүүр ам, хүзүү нь маажуулаад урагдчихсан, нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. ...Тухайн үед Батдорж бид хоёр хажуу талд нь харж байгаад салгасан. Ариунбат, Л хоёр хоорондоо харилцан зодолдсон юм...” гэсэн мэдүүлэг /хх22/,

            - гэрч Ц.Батдоржийн “...үүдэнд нь тэр хоёр дахиж маргалдаж байгаад Л нь түрүүлээд Ариунбатыг цохисон /яг хаана цохисныг мэдэхгүй байна/ чинь Ариунбат газар унаад дээр нь Л гараад нүүр лүү нь 2-3 удаа цохисон ба нэг нэгэнтэйгээ зууралдаад, ноцолдоод байсан. Тэгээд нэг мэдсэн чинь Ариунбат нь Лгийн дээр нь гарчихсан нүүрэн тус газар нь цохиод байсан. Л нь нүүр, ам, хүзүүг нь маажчихсан байсан. Тэгээд тэр хоёрыг Баярмагнай бид хоёр салгаж босгоод харсан чинь Лгийн хамраас цус гарчихсан, Ариунбатын нүүр ам нь маажуулаад улайчихсан, нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. Тэгээд тэндээсээ тэр хоёр салаад явцгаасан юм...” гэсэн  мэдүүлэг /хх24/,

            - 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5565 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Т.Лгийн биед дээд уруулын дотор салстад шарх, баруун дээд 1-р шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх28/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5550 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Аын биед баруун долоовор хуруунд няцарсан шарх, зүүн дээд зовхи, баруун бугалга, баруун тохойд цус хуралт, баруун доод зовхи, хүзүү, зүүн чихний гэдэс, баруун тохой, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх32/,

4. Шүүгдэгч Т.Л, А нарын биед учирсан дээрх хөнгөн хохирол нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хоорондоо харилцан зодолдсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Л, А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Шүүгдэгч нь нар нь хэн хэнээсээ эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лд 500 нэгж, шүүгдэгч Аад 450 нэгжээр торгох  ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

8. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Т.Л, А нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

10. Иймд шүүгдэгч Т.Л, А нарыг гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л, А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л, А нар тус тус 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР