| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2018/02594/и |
| Дугаар | 01511 |
| Огноо | 2018-05-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 01511
2018 оны 05 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2018/01511 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, хороо, Баруун үйлдвэрийн гудамж, өөрийн байранд байрлах “Х.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, хороо, өөрийн байранд байрлах “Г” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 701.780.980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянав.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоо, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баасандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Х.М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Гацуурт” ХХК-тай “Улаан буудай худалдах, худалдан авах” ӨХШ14/092-5 дугаартай гэрээг байгуулсан.
Тус компани гэрээнд тохиролцсоноор нийлүүлэх байсан 6210 тонн улаан буудайнаас өөрийн охин компани “Баяндулаан-Уул” ХХК-ийн нэрээр 5627 тонн буудайг нийлүүлсэн бөгөөд буудайн төлбөрийг “Г” ХХК-д төлсөн.
Буудайг хүлээн авахад нийт буудайн ихэнх хувь чанарын шаардлага хангахгүй, шинжилгээг галт тэрэг тус бүрээр хийхэд, буудайн чанарын гол үзүүлэлт цавуулгийн хэмжээ 16-18 хувьтай 3533.2 тонн, 19 хувиас дээш цавуулгатай 2094.1 тонн, нийт 5627.3 тонн буудай байсан.
Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартаар хүнсний гурил үйлдвэрлэлийн хэрэгцээнд 3 дугаар ангиллын улаан буудай хэрэглэддэг ба энэ ангиллын буудайн цавуулаг 23 хувиас доошгүй байх ёстой ба 23 хувиас доош цавуулагтай буудайгаар хийсэн гурил нь талх, нарийн боов, гоймонгийн үйлдвэрт тэнцэхгүй, хүнсний бүтээгдэхүүн хийхэд хөөлтгүй, ус даахгүй, урсаж нялцайн чанарын шаардлага хангахгүй тул хүнсний хэрэгцээнд нийлүүлэх боломжгүй.
Гэтэл 2014 оны 10, 11 дүгээр саруудад “Г” ХХК-иас нийлүүлэгдсэн 5627.3 тонн буудайны 3533 тонн буудай цавуулагийн хэмжээгээр 19 хувиас доош буюу 16-18 хувийн цавуулагтай байсан нь хоёр байгууллагын дунд маргаан үүсэх шалтгаан болсон.
Бид 5627.3 тонн буудайнаас 19 хувиас дээш цавуулагтай 2094 тонн буудайнд эрсдэл үүрч, бүтээгдэхүүнийхээ нэр хүндийг унаган байж хэрэглэж дуусгасан.
23 хувиас доош цавуулагтай буудайгаар хүнсний зориулалтаар гурил үйлдвэрлэж болохгүй тул нэгэнт хүлээн авсан буудайг дуусгахаар ажилласан.
Тухайн үед “Г” ХХК нийлүүлсэн буудайныхаа дагалдах чанарын шинжилгээг ирүүлээгүй, тус бичгийг бараатайгаа хамт ирүүлсэн бол маргаан үүсэхгүй, үүссэн ч газар дээрээ зохицуулагдах байсан.
Буудайн чанарын талаар “Г” ХХК-ийн захирал Л.Чинбатад утсаар хэлэхэд “дараагийн ачигдах буудайнууд сайн буудай очно, буулгаад аваач, учир нь олдох байлгүй” гэсэн хариуг өгөхөөр, намрын ажлын ачааллын дундуур Улаанбаатар хотоос ачаатай галт тэргийг буцаахад үргүй зардал, чирэгдэл гарахыг мэддэгийн хувьд харилцагч хамтрагчаа хүндэтгэн хэлсэн үгэнд нь итгэн, чанаргүй буудайг тусад нь сав гарган хүлээн авч, галт тэргийг буцаагаад, ачигдаж ирсэн буудай болгоныг Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораторын шинжилгээнд хамруулах техник, санхүүгийн боломж байхгүй, нэг удаагийн авсан шинжилгээний хариу 5-7 хоногт гардаг, хариу иртэл галт тэрэгнээс ачааг буулгахгүй 5-7 хоноход өндөр төлбөр төлөх шаардлагатай тул ирсэн галт тэрэг бүрийг өөрийн лабораторын шинжилгээнд бүрэн хамруулан, шинжилгээгээр буудай чанаргүй нь тогтоогдсон учраас Мэргэжлийн хяналтын байцаагчийг дуудан, галт тэргээр ирсэн буудайнаас дээж авч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораторт явуулснаар шинжилгээ батлагдсан.
Дээрх буудайг хүлээн авсны дараа “Г” ХХК-ийн захирал Л.Ч, нягтлан бодогч Д.Н нартай биечлэн уулзаж, “бид ашиглах талаас нь хичээж байна, яаж ч болохгүй 3533 тонн буудай байна, буулгах үед та бүхэн дараа учрыг олж болно гэсэн тул” уг буудайгаар гурил хийх боломжгүй нь ойлгомжтой учраас спиртийн үйлдвэрт худалдаж мөнгөө авах эсвэл гадаадаас өндөр үнэтэй нэмэлт цавуулаг худалдан авч чанаржуулах эсвэл нэг тонн буудайн үнийг 400.000 төгрөг болгооч гэсэн хүсэлтийг гаргахад “Г” ХХК-ийн захирал Л.Чинбат татгалзсан хариу өгсөн тул 18 хувиас доош цавуулагтай 3533 тонн буудайгаа буцаан авахыг санал болгоход буцааж аваагүй.
Иймээс чанаргүй 3533 тонн улаан буудайнаас шалтгаалан, манай компанид 2014-2017 онуудад үлэмж хэмжээний хохирол учирч, хохирсон тул хохирлоо “Г” ХХК-иас нэхэмжилж байна. Үүнд:
1.Чанаргүй 3533 тонн буудайны 247 тонн буудайгаар туршилтын журмаар гурил үйлдвэрлэхэд түүхий эдээсээ хамааран, чанаргүй гарч худалдан авсан хэрэглэгчдийг бухимдуулж, гомдол, шаардлагууд ирсэн учраас зах зээлээс татан авч, үнийг 50-60 хувь болгон хямдруулж, дуусгасан. Үүнээс байгууллагад учирсан хохирол 60.000.000 төгрөг
2.Чанарын шаардлага хангаагүй буудайнд холихоор ХБНГУ-аас оруулж ирсэн цавуулагийн бодисын үнэ 191.900.000 төгрөг
3.Цавуулагийн бодисуудыг гурилын үйлдвэрийн шугамд холиход шаардлагатай 2 төрлийн төхөөрөмжийн үнэ 6130 ам.доллар буюу 11.543.587 төгрөг
4.Үлдсэн 2086 тонн буудайг ашиглах боломжгүй тул спиртийн үйлдвэрүүд болох “Жем интернешнл” ХХК-д 1012 тонн, 493.3 тонныг 2017 оны 3-4 сардуудад нэг тонныг 500.000 төгрөгөөр, “МТС-Агро” ХХК, “Орхон тариа” ХХК-иудаар дамжуулан “АПУ” ХК-д, 580.7 тонныг 2017 оны 4 дүгээр сард "Жем Интернэшнл” ХХК-д нэг тонныг 520.000 төгрөгөөр тус тус худалдаж, чанаргүй буудайнуудаа борлуулж дууссаны хохирол
5.Манай компани 1 хоногт 1 тонн буудайг 100 төгрөгөөр хадгалуулж, орлого олох бизнес хийдэг бөгөөд чанаргүй буудай хөдөлгөөнгүй олон сараар хадгалагдаж, орлого олох боломжгүй болгосны хохирол 181.500.000 төгрөг
6.2086 тонн улаан буудай манай гурилын үйлдвэрийн хувьд 1 ээлжээр ажилласан тохиолдолд 2 сарын турш үйлдвэрлэл эрхлэхэд шаардагдах буудай бөгөөд 1460 тонн гурил үйлдвэрлэхэд 1 тэрбум 451 сая төгрөгийн орлого олох боломжоо алдсан. Үүнээс 20 хувийн ашиг тооцоход 290.200.000 төгрөг
7.Чанаргүй буудайг нийлүүлснээс шалтгаалж гурилын үйлдвэрийн үндсэн нэр бүхий 30 ажилчид бүгд 2 сар ажилгүй сул зогссон бөгөөд 1 хүнд сул зогсолтын сарын цалинд дундажаар 400.000 төгрөг олгож, нийт 2 сар 23.72 сая төгрөгийг ажилгүйдлийн зардалд, нийгмийн даатгалын шимтгэлд 2.8 сая төгрөг, нийт 26.6 сая төгрөг
Энэ үйлдлээс улбаатай бүх зардлыг тухай бүрд "Г” ХХК-д төлж байсан нь хэрэгт хавсаргасан баримтуудаар нотлогдож байгаа тул “Г” ХХК-иас 701.780.980 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж оролцоно. Эвлэрэх боломжгүй.
Талууд 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 6210 тонн “Улаан буудай худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан. Бодит байдал дээр 5627 тонн буудайг хүлээн авсан талаарх баримт хэрэгт авагдсан. “Г” ХХК-ийн нийлүүлсэн 90 вагон буудайг хүлээн аваад, манай компани шинжилгээ авахад Монгол улсад мөрдөгдөж байгаа стандратын шаардлага хангахгүй, 16-18 хувийн цавуулгатай буудайг нийлүүлсэн нь шинжилгээний дүнгээр тогтоогдсон. Энэ тухай тус компанийн захирал Л.Чинбатад утсаар мэдэгдэхэд” учир нь олдоно,буулгаж аваач” гэсэн хариуг өгөхөд бизнесийн хамтрагчаа хүндэтгээд буулган авсан. Өөр нэг шалтгаан бол хэрвээ буулган аваагүй тохиолдолд төмөр замд зогсолтын хөлс гээд маш их хэмжээний төлбөр төлөх болдог. Үүнийг мэдэх тул намрын ачаалал их байсан ч хүлээн авсан. Дараа дахин ярихад “болно байх” гэсэн үгийг хэлээд чимээгүй болсон. Ингээд би компани дээр нь очоод, захирал Л.Чинбат, нягтлан Д.Нэргүй нартай уулзаад, улаан буудайгаа ав эсвэл үнээ буулгаач гэсэн саналыг тавихад зөвшөөрөөгүй. Бид их хүлээцтэй хандсан ч өөрчлөлт гараагүй тул арга буюу цавуулагийн бодис түүнийг холих төхөөрөмжийг худалдан аваад үлдэгдэл буудайг спиртийн үйлдвэрт өгөөд мөнгийг нь “Г” ХХК-ийн нягтлан Д.Нэргүй шууд компаниудаас шилжүүлж авсан. Эдгээрийг нотолсон баримтууд хавтас хэрэгт авагдсан. Хөдөө аж ахуй яаманд өгсөн “Тодорхойлолт”-ыг манайх тендэрт орох гэж байна бичээд өгөөч гээд гуйхаар нь хийж өгсөн. Энэ талаар эднийхээс ирсэн захидал хэрэгт авагдсан. 2012-2013 онд хамтарч ажиллаж байхад сайн буудай ирсэн. Хоёр тал асуудалгүй, өр зээлгүй, доголдолгүй ажилласан. 2014 онд ирсэн буудай үнэхээр шаардлага хангаагүй.
Тиймээс гэрээнээс үүдсэн хохирол болох чанарын шаардлага хангаагүй 3533.2 тонн улаан буудайны үнэ, ажилчдын сул зогсолт, цавуулагын бодис, тоног төхөөрөмж худалдан авсан үнэ зэрэг 701.780.980 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч “Г” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Үндэслэлгүйгээр “Г” ХХК-иас 701.780.980.00 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч буудайг хүлээн авч, гурил үйллдвэрлэн, зах зээлд борлуулан их хэмжээний ашиг олсноосоо хойш 3 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани гэрээний дагуу улаан буудайгаа нийлүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү,гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч “Х.М” ХХК, хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 701.780.980 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч чанартай буудай нийлүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Х.М” ХХК, хариуцагч “Г” ХХК-иудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ӨХШ14/092-5 дугаартай, 6210 тонн буудайг 1 тонныг 550.000 төгрөгөөр худалдахаар, төлбөр төлөх нөхцлөө тохирч, 2014 оны 9 дүгээр сарын 02-наас 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийлүүлэхээр “Улаан буудай худалдах, худалдан авах тухай гэрээ”-г талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсгээ зурж, баталгаажуулснаар гэрээ байгуулагдсан нь нотлогдож байна.
Нэхэмжлэгч 6210 тонн буудай авахаар гэрээ байгуулсан ч бодит байдал дээр 5627 тонн буудайг хүлээн авч, үнийг бүрэн төлж барагдуулсан талаар хариуцагч маргаагүй болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “ худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч, нэхэмжлэгчид эрхийн доголдолтой хөрөнгө нийлүүлсэн нь 2014 оны 9,10 дугаар сард “Г” ХХК-ийн нэр дээрх галт тэргээр ачигдаж ирсэн улаан буудай чанарын шаардлага хангахгүй, дагалдах шинжилгээний баримт бичиггүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр чанар, стандартын шаардлага хангахгүй улаан буудай болох нь тогтоогдсон тул гэрээний дагуу нэхэмжилсэн хохирлыг төлөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь “худалдагчийн нийлүүлэх буудай чанар,стандартын шаардлагад бүрэн нийцсэн чийг 16 хувиас доош байна”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх “гэрээг зөрчсөн тал нөгөө талдаа олох байсан орлогыг оролцуулан бүх дагалдан гарах дагавар, хохирлыг хуулийн дагуу төлнө”, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь “талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд хэвийн журмаар асуудлыг шийдвэрлэх бөгөөд харилцан тохирч шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ” гэснээр худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлахаар шаардлага гаргах эрхтэй.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн өмгөөлөгч “ 2015 оны 01 дүгээр сарын 2-ний өдрийн 17 дугаартай мөн оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай, Хүнс хөдөө аж ахуйн яаманд “Тодорхойлолт хүргүүлэх тухай” албан бичгээр чанартай буудай нийлүүлсэн нь нотлогдож байгаа тул зөвшөөрөхгүй” гэж тайлбарладаг боловч тайлбарыг нотолсон баримтгүй, тухайн бичигт 2014 оны 9-10 саруудад нийлүүлсэн буудайн чанарын талаар дурдагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу 16-18 хувийн цавуулгатай 3533.2 тонн чанартай улаан буудай нийлүүлсэн талаарх татгалзалаа нотлох баримтаар нотлож чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хариуцагч үүргээ биелүүлээгүй буруутай байх тул 701.780.980 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Тэрээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд доголдлыг арилгахтай холбогдон гарсан зардлыг худалдан авагч, худалдагчаас шаардахаас, доголдлыг арилгах хугацааг тогтоож өгнө гэсэн зохицуулалт байхгүй, доголдлыг арилгахгүй бол гарсан зардлыг төлнө гэдгээ худалдагч мэдсэн байх ёстой тул мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэснээр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзлээ.
Хавтас хэргийн 72-73,84,101,130-131,220,236-246,104-105,113-115 хуудсанд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй учраас үнэлээгүй, бусад бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 3.666.855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 3.666.855 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 235 дугаар зүйлийн 235.1, 253,2, 254 дүгээр зүйлийн 254.1, 258 дугаар зүйлийн 258.3, 261 дүгээр зүйлийн 261.1 хэсгүүдэд зааснаар хариуцагч “Г” ХХК-иас 701.780.980 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х.М” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.666.855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3.666.855 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА