Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/737

 

 

 

 

 

 

 

 

 

      2022           6         08                                          2022/ШЦТ/737

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 03095 0677 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хот хоорондын тээврийн ажил эрхэлдэг, ам бүл 1, , урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

\/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 39-151 тоотод хэрүүл маргаан үүсгэн Б.Эыг үснээс нь зулгааж газарт унагааж өшиглөсөн, мөн модон сандал шидсэний улмаас баруун гарыг нь онож хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 618 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Г.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 39-151 тоотод байрлах хүргэн Ц.Гонгоржавын гэрт очиж төрсөн дүү А.Сг өмөөрөн хэрүүл маргаан үүсгэсэн. Улмаар маргааны дундуур орсон Б.Эыг үснээс нь зулгааж газарт унагааж, өшиглөн зодож, мөн модон сандал шидэж гарыг нь цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Б.Эын “...2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гэртээ 20 цагийн орчим иртэл авга ах Гонгоржав, бэр эгч С нар хоорондоо маргалдсан байдалтай, аяга таваг хагарчихсан гэр эмх замбараагүй, тэр хоёр нэг нэгэнтэйгээ юу ч ярихгүй байсан юм. Тэгээд би гэр орноо янзалж цэгцлээд байж байтал гаднаас Сгийн төрсөн ах Г, төрсөн эгч Л нар орж ирсэн ба Г нь шууд үгийн зөрүүгүй орон дээр хэвтэж байсан ах Гонгоржав дээр очоод хувцаснаас нь заамдаж аваад “Чи манай дүүг дээрэлхэж чадна гэж бодож байна уу" гээд цээж орчим нь гараараа 1 удаа цохих шиг болохоор нь би салгах гээд дундуур нь ороод хоёр тийш нь болгох гэтэл дийлээгүй юм. Би тухайн үед үсээ толгойныхоо хоёр талд нь сүлжчихсэн байсан ба Л гэдэг эмэгтэй нь миний толгойны баруун орой хэсэг орчим сүлжигдээгүй байсан үснээс татаж чангаахаар нь би “Эгчээ та болиоч ээ” гэж хэлтэл Г нь миний толгойны баруун талд сүлжчихсэн байсан үснээс нэмж татаад газар унагаачихсан юм. Тэгтэл Г гэдэг хүн нь миний баруун мөр, толгой руу гуталтай хөлөөрөө 2 билүү 3 удаа дэвссэн ба бэр эгч С хүрч ирээд салгаад Гийг хаалгаар аваад гарсан юм. Тэгээд би босоод Гонгоржав ахыг налаад тэврээд зогсож байсан ба Г нь “Ах нь энийг зодохгүй ш дээ” гэж хэлээд буцаад орж ирэнгүүтээ түшлэггүй модон сандлыг бид хоёр луу авч шидэхээр нь би өөрийгөө хамгаалаад баруун гараараа толгойгоо хамгаалах гээд өргөсөн чинь миний баруун гарыг оноод шуу орчим гэмтчихсэн юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх17-18/,

            - гэрч А.Сгийн “...Би тухайн үед Этай хэрэлдэж байгаад төрсөн ах Г, эгч Л нарыг гар утсаар “Намайг Э загнаад байна” гэж хэлтэл “За одоо очлоо” гэж хэлээд нээх удалгүй хүрч ирсэн. ...ах Г орж Эын үснээс зулгааж унагаагаад гар дээр нь санаандгүй гишгэчихсэн, тэгээд үүдэнд байсан модон сандлыг Гонгоржав руу авч шидэх үед Э баруун гараараа хамгаалж зогсоосон юм...” гэсэн мэдүүлэг /хх26-27/,

            - гэрч А.Лгийн “...2021 оны 11 сарын 28-ны орой болчихсон байхад С залгаад “Та хоёр хүрээд ирээч, энэ дүү охиныг явуулмаар байна намайг хэл амаар доромжлоод байна” гэж хэлэхээр нь би дүү Гийн хамт гэрт нь яваад очсон, тэгээд Г шууд Э дээр явж очоод үснээс нь бариад авсан чинь газар уначихсан юм. Тэгтэл Э босож ирээд “Миний гар өвдөөд байна, гар болохоо байчихлаа” гээд байсан. Тэгээд би Гонгоржавд “Наад дүүгээ явуулаа, насанд хүрчихсэн хүн байхад, та хоёрын амьдрал юм чинь өөрсдөө амьдралаа зохицуул, ах дүү нараа битгий оролцуул” гэж хэлэхэд “Ямар гай болж байгаа биш" гээд сандал дээр суугаад л байсан юм. Тэгээд Г уурлаад “Эхнэр чинь төрөх болчихсон байхад манай гэр лүү явуулаад 2 хонож байхад чи залгаж яаж байгаа талаар асуугаагүй” гээд уурлаад модон сандал гартаа бариад Гонгоржав руу шидсэн боловч оноогүй юм...” гэсэн  мэдүүлэг /хх29-30/,

- 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх9/, гэрч Ц.Гонгоржавын мэдүүлэг /хх20-21/,

- шүүгдэгч Гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Би хийсэн хэргээ хүлээж байна. Би одоогоор хохирол барагдуулаагүй байгаа. Харин хохирогч баримттай эмнэлгийн зардал нэхэмжлэх юм бол би богино хугацаанд бүрэн барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх44/ зэргээр нотлогдож байна. 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11934 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Б.Эын биед зулайн хуйх, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн /хх33/ байх ба дүгнэлттэй холбоотой шинжээч Ц.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ “..зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь үснээс зулгаах үед үүсэх боломжтой, зулайн баруун дээд хэсэг хавьцаа 1х2 см хүрэн улаан өнгийн цус хуралттай байна. Баруун шууны доод хэсэг овойж хавдсан, 1х5 см хөх ягаан өнгийн цус хуралттай ба сандал шидэн оногдох үед үүсэх боломжтой...” гэжээ. /хх37/

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг үснээс нь татаж унагаан өшиглөсөн, мөн сандлаар цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч Б.Э нь толгойн компьютер томографи хийлгэсэн 130.000 төгрөгийн хохирлын баримт хэрэгт гаргаж өгсөн байх ба шүүгдэгч нь хохирол төлөөгүй байна.   

7. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах талаар заасан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

8. Иймд хохирогчоос шинжилгээ хийлгэхэд гарсан зардал болох 130.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, мөн хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд гэр бүлийн маргаантай асуудлаас болсон, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

12. Иймд шүүгдэгч Г.Гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгох оногдуулах боломжтой гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гийг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гоос 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.Эд олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорыг арилгахад гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР