| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2018/01273/и |
| Дугаар | 01536 |
| Огноо | 2018-05-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 01536
2018 оны 05 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2018/01536 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, байрны тоотод оршин суух, Б овогт Б.Б
Хариуцагч Баянгол дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, Амарсанаагийн гудамжны байрны тоотод оршин суух, Ж боржигон овогт Г.Ө
Хариуцагч Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, Намьяанжугийн гудамж, байрны тоотод оршин суух Ш/хар овогт Х.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянав.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Б.Бнэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Г.Ө-г миний танил, хамт ажиллаж байсан Х.Б танилцуулсан.
Дараа нь Г.Ө Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн барилга барихад шаардлагатай хөрөнгө оруулалт босгох ажлаар банкны зээл хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй болоод байна, чи надад мөнгө зээлдүүлээч, би банкны зээлээ бүтээгээд, мөнгийг чинь хүүгийн хамт буцааж төлнө” гээд Нийслэлийн орон сууцны дахин төлөвлөлттэй холбоотой монгол, англи хэл дээр гаргаж батлуулсан барилгын зураг, дахин төлөвлөлтийн бичиг баримтыг үзүүлэхэд би итгэж, 5.000.000 төгрөгийг, барьцаа хөрөнгөгүйгээр, сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, “Зээлийн гэрээ” байгуулж, бэлнээр өгсөн.
Гэтэл 2017 онд 1.500.000 төгрөг өгснөөс хойш нэг ч төгрөг төлөхгүй, утсаар залгахад утсаа авахгүй, эргэж залгахгүй байна.
Иймд хариуцагчаас үндсэн зээл 5.000.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг, нийт 7.500.000 төгрөгийг гаргуулан өгнө үү.
Хариуцагч Х.Бгаас энэ хэрэгт хамааралгүй тул татгалзаж байна, гэжээ.
Хариуцагч Г.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-аас 5.000.000 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн. Хөөцөлдсөн ажил минь бүтэхгүй, хойшлоод, мөнгө өгч чадаагүй. Үндсэн зээлнээс хасуулахаар 1.500.000 төгрөг өгснийг тооцоод, 5.250.000 төгрөг төлөх хүсэлтэй байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.Ө, Х.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г.Ө бэлнээр 1.500.000 төгрөг өгсөн, үүнийгээ үндсэн зээлээс хасуулаад, 5.250.000 төгрөгийг төлнө гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.Ө нар 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр, 5.000.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, барьцаа хөрөнгөгүйгээр “Зээлийн гэрээ” байгуулсан нь зохигчдын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн, хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч, нэхэмжлэгчээс 5.000.000 төгрөгийг бэлнээр авсан талаараа маргаагүй учраас зээлийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу алданги нэхэмжлэх эрхтэй.
Тэрээр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч “хариуцагчаас 1.500.000 төгрөгийг авсан. Гэрээний дагуу 6 сарын хүү төлөх ёстой. Энэ мөнгөнөөс өөр мөнгө өгөөгүй тул хүүдээ тооцоод, үлдсэн хүүг нэхэхгүйгээр, үндсэн мөнгөө, алдангитай хамт нэхэмжилж байгаа” гэх тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хариуцагч гэрээний дагуу нэхэмжлэгчид үндсэн зээл 5.000.000 төгрөг, 5.000.000х8 хувь= 400.000 төгрөг /нэг сарын хүү/, 400.000х6/сар/= 2.400.000 төгрөг /хүү/, 5.000.000 төгрөг /үндсэн зээл/+2.400.000 төгрөг /хүү/= 7.400.000 төгрөгийг төлөхөөр байгаа боловч гэрээний дагуух үүргээ биелүүлээгүй гэж үзэн, хариуцагчаас 7.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч Х.Бгаас татгалзсаныг дурдах нь зүйтэй.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 134950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ж боржигон овогт Г.Ө-аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б овогт Б.Б-д олгосугай.
2. Хариуцагч Х.Б-гаас татгалзсаныг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 134950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА